Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

2024         09            09                                   2024/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Г*******т холбогдох эрүүгийн 2415001930175 дугаартай, 163/2024/0186/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Б******* Г*******, Завхан аймгийн ******* суманд ,,,, оны ,,8 дугаар сарын ,,, өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, ам бүл 2, хүүхдийн хамт аймгийн Баян-Өндөр сумын ,,,,,,,,,,,,,,,тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь:

-Нийслэлийн шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ,,,,,,,,, дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:*******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Г******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Э******* маргалдан түүний бие эрх чөлөөнд нь халдаж улмаар зүүн шуунд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт Д.Э******* хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдаж түүний зүүн гарын шууг хутгаар зүсэх, зүүн нүдэнд тус газар цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

              -Хохирогч Д.Э******* "...найз болох Г*******тай мөнгөнөөс болж маргалдсан ба Г******* нь намайг зардалгүй миний машинд сууж явсан гээд хэрүүл өдөөд байсан тэгээд тасраад Г*******тай барьцалдаж аваад зодолдсон ба Г******* нь миний зүүн талын нүдийг цохисон байсан мөн миний зүүн талын гарын шуу хэсгийг хутгаар зүссэн байсан мөн миний толгойны зүүн талын хуйх хэсэг бага зэрэг газарт ярагдсан байсан тухайн үед Г*******тай ноцолдож байхад л гэмтээсэн юм шиг байна лээ. Би Г*******тай найз нөхөд учир ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

              -Иргэний нэхэмжлэгч Б.А: “...гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 101,878.16 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас Д.Эод зарцуулагдсан 101,878.16 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

              -Гэрч Г.Болдсайханы "...Э******* зүүн талын нүд нь хөхөрсөн, зүүн талын гарын бугуй хэсэг нь зүсэгдсэн, толгой хэсэг нь зүсэгдсэн, толгой хэсэг нь хагарч цус гарсан байдалтай Г*******ын зүүн нүд нь хөхөрч, чихнээс цус гарсан байдалтай байхаар нь Хишиг-Өндөр сумын цагдаад дуудлага өгөөд эмнэлэгт нь очиж тусламж үзүүлээд тухайн шөнөдөө Эрдэнэт рүү явж үзүүл гэж хэлээд Э******* энхэр лүү нь залгаад явуулсан юм..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

              -Гэрч Д.О "...Г******* нь машинаа бариад Э******* хүргэн гэх айлд очсон ба тухайн айлын хүмүүс унтаж байсан тэгээд тухайн айлаас хөдлөөд зүүн тийш нь яваад хонхорт ороод Г******* нь эхнэртэйгээ хэрэлдээд машинаас эхнэр ээ ална гээд хутга аваад буусан тухайн үед Э нь арын суудал дээр унтаж байтал хаалга онгойлгож Э******* нүүр лүү нэг удаа цохисон чинь Э нь яаж байна гэсэн чинь Г******* нь уг хутгаараа Э******* гарыг нэг удаа зүсэхээр нь би буугаад хутгыг булааж авсан чинь Г*******, Э хоёр хоорондоо зодолдоод салж өгөхгүй болохоор нь арай гэж салгаад Эыг хүргэж өгөөд байж байгаад замын машин явахаар нь тухайн хүмүүсийг үлдээгээд ажил дээрээ ирсэн юм өөрөөр надад мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

              -Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн:

              1.Д.Э******* биед зүүн шуунд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтлийн зүүн шууны шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн зүсэгдэх, хатгагдах үйлчлэлээр зүүн нүдний алимын цус хуралт нь цохигдох механизмаар үүснэ.

              3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын “ХӨНГӨН” зэрэг тогтоогдлоо.

              4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

              5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

              -Яллагдагч Б.Г*******ын: “...замдаа Э******* мөнгөнөөс болж маргалдсан бөгөөд хоорондоо зодолдсон тухайн үед Э******* нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Түүний дараа би өөрт байсан хутгаар Э******* шуу хэсэгт зүссэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65 дахь тал/,

              -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******ын өгсөн: “...Э******* мөнгөнөөс болж маргаан үүссэн. Тэгээд Э******* зодолдсон...” мэдүүлэг.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Г******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Э******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж түүний зүүн гарын шуун тус газар хутгаар зүсэх, зүүн нүдэнд тус газар гараараа цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн гарын  шуунд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч нь хор уршгийг арилгуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Булган аймгийн эрүүл мэндийн Даатгалын сангаас иргэний нэхэмжлэгчээр Ариунболд оролцсон. Шүүгдэгч Г*******аас 101,876 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжилсэн тул уг төлбөрийг гаргуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “..Байхгүй..” гэв.

Шүүгдэгч Б.Г*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн нүүр лүү цохих, гарыг хутгаар зүсэх зэргээр биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Г*******ын хохирогч Д.Э******* нүүр лүү гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан биед зүүн шуунд шарх, зүүн нүдний алиман дахь цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Даваажаргалын “...Д.Э******* биед учирсан гэмтэл нь цохигдох механизмаар үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Г*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Д.Э******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Г*******ыг хохирогч Д.Эод төлөх төлбөргүйд тооцлоо.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Э******* эмчилгээнд 101,878,16 төгрөг зарцуулжээ.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн дарга Б.Ариунболд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 101,878,16 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Г*******аас 101,878,16 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

   Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Г*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тус ажил хийлгэж, уг ажлыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйлгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/, аймгийн Баян-Өндөр сумын багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 72 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 73-76 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн,,,,,, дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85-90 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Г*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г*******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тус ялыг биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г*******т сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус  даалгаж, шүүгдэгч Б.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Б******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г*******т сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Г*******аас 101,878,16 /нэг зуун нэг мянга, найман зуун далан найман төгрөг, арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг  тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ