Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

 

 

 

 

 

2024           09           09                                    2024/ШЦТ/183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э*******т холбогдох эрүүгийн 2415000000172 дугаартай, 163/2024/0185/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Д******* Э*******, ******* аймгийн ******* суманд ...оны ...дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн ............тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сайхан хулж” ХХК-д экскаваторын операторчин ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э******* нь урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны.............. дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн цусан дахь спиртийн агууламж 1.8 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах Зоон даваа гэх газарт 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* улсын дугаартай “Хюндай портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Зоон даваа” гэх газарт ******* ******* улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

          -Гэрч Ч.Т******* ”... Би 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Зоон давааны постод томилгоот үүрэг гүйцэтгээд "Шугаман эргүүл хар хэсэг" арга хэмжээний хүрээнд замын хяналт шалгалт хийгээд байж байхад Булган аймгийн чиглэлээс ******* ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Д.Э******* болон тээврийн хэрэгсэл дотроос архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан болохоор нь тухайн жолоочийн регистрийн дугаарыг бэлэн бус торгуулийн төхөөрөмжид хийж шалгахад эрх хасагдсан төлөвт байсан. Ингээд замын хяналтын постоос цагдаагийн газарт ирж согтуурал шалгах багажаар Д.Э*******ыг үлээлгэж шалгахад 0,71 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж тухайн өдрийн томилгоот жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

          -Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны ........... дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Долгор Э******* гэж хаягласан цуснаас 1.8 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

         -Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны №21 дугаартай “...******* ******* улсын дугаартай Хюндай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э******* /РД:Д386041518/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

          - Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....................... дугаартай “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Долгор овогтой Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

          -Яллагдагч Д.Э*******ын “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э******* “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Э******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай дүгнэлтээр Д.Э*******ын цусанд 1.8 хувь спиртийн агууламж илэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.

Д.Э*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/303 дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.

Д.Э*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Э*******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул Д.Э*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “..Байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 30 дахь тал/, Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................шийтгэвэр /хавтаст хэргийн 34-37 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 46-53 дахь тал/, зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Эрэнэбаярын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Э******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Д.Э*******т сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно гэж” заасан тул  шүүгдэгч Д.Э*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудал:

Шүүгдэгч Д.Э******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Э*******ын “B,M” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Д******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э*******т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Э*******ын “B,M” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.Э*******т нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ