Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2211

 

 

 

 

 

 

 

 

 

А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02208 дугаар шийдвэртэй

 

НэхэмжлэгчА ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Г гийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг,

Хариуцагч: Д.Г ,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Минжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

            НэхэмжлэгчА ББСБ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арвин бураат ББСБ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Г тай зээлийн гэрээ байгуулсан, Д.Г  нь зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан. Иймд үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хуримтлагдсан хүү 5 675 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 122 000 төгрөг, нийт 9 700 000 төгрөг болж байгаа. Д.Г  нь “Арвин бураат ББСБ” ХХК-иас зээл аваагүй, Д.Бат гэдэг хүнээс зээл авсан гэж тайлбарлаж байгаа боловч Д.Бат ньА ББСБ ХХК -ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч буюу захирлын ажил албан тушаал эрхэлдэг. Тухайн үед төгрөгийн зээлийг бэлэн бусаар олгодог байсан. Д.Г д материалаа бүрдүүлээд ирсний дагуу зээлийн хорооны шийдвэр гарсан. Д.Бат нь хөдөө томилолтоор явж байсан болохоор иргэнд зээлийн хорооны шийдвэр гарсны дагуу хувиасаа иргэн Д.Г гийн данс руу шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний 4.2.1-д заасны дагуу зориулалтын дагуу шилжүүлэх үүрэг нь банк бус санхүүгийн байгууллагад байгаа. Иймээс хариуцагчаас 9 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний биеА ББСБ ХХК -тай 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй тул уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь тус байгууллагын захирал Д.Бат гэдэг хүн тухайн үедээ би хувиасаа мөнгө зээлдүүлчихье гээд миний данс руу шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г гаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ зээлийн гэрээний үүрэгт 9 700 000 төгрөгийг гаргууланА ББСБ ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г гаас 170 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчА ББСБ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г  давж заалдах гомдолдоо: “...Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3, 21.4 дэх хэсэгт заасны дагууА ББСБ ХХК  зээлийг олгохоор байхадА ББСБ ХХК  нь өөрийн хөрөнгөөс зээлийг гаргасан гэх баримт байхгүй. Н.Бат гэдэг хүнээс зээлийг авсан. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний компанийн ажилтан Д.Батын хувиасаа зээлчихье гээд зээлүүлсэн мөнгийгА ББСБ ХХК  өгсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасантай нийцээгүй болно. ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчА ББСБ ХХК  нь хариуцагч Д.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 20-15031901 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээрА ББСБ ХХК  нь иргэн Д.Г д 3 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээА ББСБ ХХК -иас мөнгө зээлээгүй, харин иргэн Д.Батаас хувь хүнийх нь хувьд зээл авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хариуцагч ба нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар харилцан гарын үсэг зурж байгуулсан бичгийн гэрээгээр няцаагдаж байна.

 

Харин нэхэмжлэгч байгууллагын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээл олгох үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдсон, нэхэмжлэгч тал зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан бичгээр гэрээ байгуулах шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Баярцэнгэл гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэгт заасан төлөөлөх эрх бүхий этгээд мөн байна. Иймд шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Д.Г гийн хувьд мөнгийг хүлээж авсан, уг мөнгөн хөрөнгийг Н.Бат гэх хүний дансаар шилжүүлсэн, Н.Бат нь уг компанийн эрх бүхий албан тушаалтан байна. Түүнчлэн хариуцагч нь уг Н.Бат гэх этгээдийг аливаа мөнгөн төлбөрийн үүргийн харилцаанд орсон гэх баримтгүй зээлийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ Н.Батаар дамжуулан гүйцэтгэсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. Уг заалтыг хэрэгжүүлэх илүү нарийвчилсан зохицуулалт бүхий Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

 

Түүнчлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгож байгаа тохиолдолд нэхэмжлэгчА ББСБ ХХК  нь байнгын дээрх үйлчилгээг үзүүлдэг байгууллага тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. Стандарт нөхцөл бүхий гэрээний зүйл заалтад байгаа агуулга ойлгомжгүй, тодорхой бус байгаа тохиолдолд тухайн зүйл, заалтыг хүлээж авсан тал буюу нөгөө талд ашигтайгаар тайлбарладаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 3 сар байхаар заасан. Тус гэрээний дагуу 3 сарын хугацаанд, 1 сарын 5 хувийн хүү төлнө гэж тодорхой заасан байна. Энэ хугацаанд 5 хувийн хүү төлөх үүрэг хариуцагч Д.Г д үүссэн бөгөөд гэрээний 2.1.8-д “Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасан. Гэрээний 2.1.9-д “Зээлийн гэрээний хавсралтад тохирсон хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэнд тооцогдох бөгөөд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж зааснаас үзвэл нэмэгдүүлсэн хүү нь 5 хувийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцүү байхаар тодорхойлсон байна. Тодруулбал, гэрээний хугацаанд төлөх зээлийн хүү 150 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү сарын 30 000 төгрөг буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Харин хэтэрсэн хугацааны хүү ямар байх талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээнд тодорхой заагаагүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн зээлийн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд заах талаар зээлдүүлэгчийн үүргийг нарийвчлан заажээ. Өөрөөр хэлбэл, хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээг гэрээндээ тодорхой тусган заах үүргийг зээлдүүлэгч хүлээх бөгөөд зохигчдын харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байхыг нарийвчлан тогтоож заагаагүй байна.

 

Талууд гэрээнд зээлийн гэрээний 2.1.8-д зээлийг төлж дуусах хүртэл хүү тооцохоор заасан болохоос биш, уг хүү ямар хэмжээтэй байх талаар тодорхой заагаагүй байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний нөхцөл тодорхой бус байгаа тохиолдолд уг стандарт нөхцөлийг хүлээж авсан талд ашигтайгаар тайлбарлах учиртай. Энэ тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй, гэрээндээ заагаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 34 сар 15 хоногийн хугацаанд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 450 000 /3 000 000 х 5% = 150 000 х 3 сар/ төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1 035 000 төгрөг, нийт 4 485 000 төгрөгийг төлөхөөс хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн 97 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн нийт үүрэг 4 388 000 төгрөг болно. Иймд хариуцагч Д.Г гаас зээлийн гэрээний үүрэгт 4 388 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчА ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 312 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...9 700 000 төгрөг” гэснийг “4 388 000 төгрөг” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч Д.Г гаас 170 150 төгрөг...” гэснийг “хариуцагч Д.Г с 85 158 төгрөг” тус тус гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Г гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 150 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН