Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 80

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0244/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                       Г.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Золзаяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Э-т холбогдох, 2018000000232 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч ерөнхий Б.Манлайбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2008 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар.,

- 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн. ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ын Э-.

Шүүгдэгч Г.Э- нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, нийтийн байрны гадна иргэн С.Г-ийн цээж, хэвлийн тус газар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, 10 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, бүдүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадалт, хэвлийд баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 8 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т  зааснаар шүүгдэгч Г.Э-ын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч Г.Э-аас 2,793,730 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Мангирт ** дүгээр хэсэг, ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хохирогч Б- овогт С-гийн Г-т  /РД:**********, утас-********, ********/ олгох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8., 1.9.д  зааснаар хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т  зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5.т зааснаар шүүгдэгч Г.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдолдоо:

Миний бие энэ  хэрэгт анх удаагаа холбогдож байгаа бөгөөд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би хохирогчийг яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн бөгөөд хохирогч бид хоёр багын найзууд болохоор өс хонзон санасан зүйлгүй, хохирогчийн амь насанд нь хохирол учруулъя гэж бодоогүй.

Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан бөгөөд ам бүл дөрвүүлээ байр түрээсэлж амьдардаг, ээж тэтгэвэрт ажилгүй, хамтран амьдрагч маань 5 сартай жирэмсэн ажилгүй, охин О.Ялгуунсаран 6 настай, би л ажил хийж гэр бүлээ тэжээдэг.

Иймд надад оногдуулсан хорих ялыг багасгаж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Г.Э-ын ар гэрийн амьдралын нөхцөл байдал болох өндөр настай ээж, жирэмсэн эхнэр, бага насны 1 хүүхэдтэй, ар гэрээ тэжээдэг байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Шүүх хуралдаан болсноос хойш хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн. Түүний ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлээс боломжит хугацаагаар хасаж дэглэмийг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа,  шийтгэх  тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Г.Э- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, нийтийн байрны гадна иргэн С.Г-ийн цээж, хэвлийн тус газар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн арын гялтангийн цоорсон шарх, 10 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, бүдүүн гэдэс, ходоодны зүсэгдсэн шарх, сэмж гадагшилсан байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хурц цус алдалтын дараах хурц цус багадалт, хэвлийд баас сул гарснаас шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч С.Г-, гэрч Ц.О-,  Х.Б- О.Г-,/ х.хийн 25-27., 29-30., 31-32., 36-37., хуудас / хохирогчид мэс ажилбар хийсэн эмч Б.Б- / х.хийн 33-р хуудас/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаарх Дархан-Уул аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020-05-07-ны өдрийн  376 дугаар дүгнэлт, /х.хийн 33-р хуудас / хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл,  мэдүүлгийг газар дээр нь  шалгасан тухай  тэмдэглэл,  / х.хийн  2-10.,  20-22-р хуудас / гэрэл зургийн үзүүлэлт,  мөн шүүгдэгчийг таньж олуулсан тухай тэмдэглэл  болон  тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогджээ.  

Үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан  хор уршиг, хохирлыг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдал,  хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгч  Г.Э-ын  гэм бурууд тохирчээ.

Мөн хэргийн  мөрдөн шалгах  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу   хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлж цуглуулсан,  хохирогчийн биед хийсэн  дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан ... ар гэрийн амьдралын нөхцөл байдал болох өндөр настай ээж, жирэмсэн эхнэр, бага насны 1 хүүхэдтэй, зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү.... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.                         

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ТУЯА

                                                                   ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР