Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2025/00071

 

 

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00277 дугаар магадлалтай                                                                                                                                    

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А ” ХХК-д холбогдох

676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч “А ” ХХК-д холбогдуулан 676,003,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэрээр: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “А” ХХК-аас нийт 676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.537.965,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00277 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3” гэснийг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00277 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Даатгал анх үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт, дээрэм тонуул зэрэг бүх нийгмийн тогтолцооны цаг үед байсан гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж ирсэн юм. Аливаа эрсдэлийн гэнэтийн магадлалт шинжийн хажуугаар эдгээрийн тохиох тоо нь уг тохиолдлуудаас эмээдэг этгээдүүдийн тооноос ямагт бага байдгийг хүмүүс эрт дээр үеэс анзаарсан байдаг. Үүний сацуу хохирлыг нөхөх харилцаанд оролцогчдын тоо олон байх тусам тэдгээрийн тус бүрийн оруулах хөрөнгийн хувь хэмжээ нь төдий чинээ бага байх болно гэдгийг ч ойлгоцгоож байв. Иймд хүмүүс ижил хэмжээний хөрөнгө нийлүүлэн түүгээрээ хохирол амсагч нэгнийгээ хохиролгүй болгох санааг олж авснаар даатгал үүссэн түүхтэй байсаар байтал нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг орхигдуулж, шүүхийн практикт буруу жишиг тогтож байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхны шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна6

Нэг. Гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай 2019.12.11-ний өдрийн ... , ... дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 26, 48 дахь хэсэгт заасан Саравч үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм буюу Саравчийг унагаж аюулгүй болгосны дараа ажиллах дүрмийг зөрчсөнөөс ... улсын дугаартай Доосан маркийн Ди Икс800 маркийн экскаваторт гэмтэл учирсан болох нь Ш-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шийн 2023.03.09-ний өдрийн тайлбар авах хуудсаар тогтоогдож байна” гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд:

4.1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019.12.11-ний өдрийн ... , ... дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн талаар Улсын байцаагчийн дүгнэлт гараагүй, шүүх нь гэрч буюу шинжээч бус этгээдийн мэдүүлэгт үндэслэн шууд дүрмийг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, дээрх саравч үүссэн эсэх нь нарийн мэргэжлийн физик, хими, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээр тогтоогдох бөгөөд шүүх өөрөө тогтоох, үнэлэх боломжгүй юм. Мөн гэрч нь мөн адил шинжээч, нарийн мэргэжлийн этгээд биш болно. Дээрх саравч үүссэн эсэхийг мэргэжлийн маркшейдер хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн шинжээч дүгнэх боломжтой юм.

4.2.Тус тушаалын хавсралтаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тохиолдолд Геологи, уул уурхайн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргахаар заасан байна. Дээрх байдлаар саравч үүссэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй байна. Шүүгч нь саравч үүссэн эсэхийг гэрчийн эсхүл зургаар хараад нүдээр шууд дүгнэх боломжгүй болно.

4.3. Шүүх нь хариуцагч нь даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчин Экспертийн дүгнэлт гаргуулсан бөгөөд хариуцагчийн гаргуулсан ослын дүгнэлтийг үнэлэхгүй гэж заасан атлаа гэрчийн мэдүүлгээр саравч үүссэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгчээс газар хөдлөлтийн баримтыг гаргаж өгсөөр атал газар хөдлөлтийн магнитуд бага байх тул газар хөдлөлтийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Шүүгч яг ямар мэдлэг, нарийн мэргэжилтэй болоод газар хөдлөлтийн талаарх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Шүүгч газар хөдлөлтийн талаар, байгалийн шинжлэх ухааны талаар тусгайлсан мэдлэгтэй гэж үзэхгүй бөгөөд дээрх дүгнэлт нь тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн зарчимд нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох нэхэмжлэгчийн үндэслэл болох ослын акт (Ил уурхайн дүрмийн 38 дугаар зүйл) бусад баримтуудыг үнэлээгүй, бусад хамааралтай нотлох баримтууд болох хариуцагчийн татгалзал буюу ил уурхайн дүрмийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай бөгөөд хариуцлага хүлээлгэсэн аливаа баримт байхгүй атал саравч үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд газар хөдлөлт байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн талаарх баримт, бусад баримтуудаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэх үндэслэлгүй юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн дугаар 181/ШШ2024/04222 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00277 дугаартай магадлалыг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01592 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 676,003,150 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ “...Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд гэрээний үндсэн дээр олборлолтын үйл ажиллагааг өөрийн техникээр гүйцэтгэдэг бөгөөд 2023.02.09-ний өдөр ... улсын дугаартай Доосан-800 маркийн экскаватор нь уурхайн 2,065 түвшинд хөрс хуулалт хийж байх явцдаа гэнэтийн хөрсний нуралтад дарагдаж их хэмжээний хохирол учирсан. Манай компани 2022.06.30-ны өдөр “А” ХХК-тай гэрээг байгуулж, уг эксковатор болон бусад техникүүдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулж, даатгалын хураамжаа зохих хугацаанд нь бүрэн төлсөн. Гэрээнд заасан мөргөлдөх, мөргүүлэх, гэнэтийн физик үйлчлэлд өртсөн даатгалын тохиолдол бий болсон тул  өөрөө хариуцах хэсэг 10% болох 50,000,350 төгрөгийг хасаж даатгалын нөхөн төлбөрт 450,003,150 төгрөг гаргуулах, хохирлын үнэлгээний хөлсний зардалд 1,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 225,000,000 төгрөг, нийт 676,003,150 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Гэрээний хугацаанд 2023.02.09-ний өдөр осол болсон байдаг. Холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд ослын  мэдээллүүдийг өөрчилсөн байсан тул зарим баримтууд нь манайх өөрсдөө бүрдүүлсэн учраас даатгуулагчийг хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тул даатгалын гэрээний 2.1.11-т зааснаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн эксперт, зөвлөх инженер М, Б нараар дүгнэлт гаргуулахад ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийг зөрчсөн тохиолдлууд гарсан болох нь тогтоогдсон. Ийм учраас даатгалын гэрээний 2.1.3, Даатгалын тухай хуулийн 8.5.1-т зааснаар даатгуулагч өөрөө даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагч эдэлдэг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй“ гэж маргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...осол болох үед экскаваторын оператораар ажиллаж байсан Шийн шүүх хуралдаанд өгсөн “... жоохон үл мэдэх л юм байсан ...” гэх гэрчийн мэдүүлэг, мөн 2023.02.09-ний өдөр Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Г-д өгсөн “... ханандаа саравчилсан байсан, саравчийг унагах гээд суурь засаад татаад дийлээгүй, дийлдэхгүй болохоор нь орхиод урагшаа ахиж ачихаар ачилт хийж байсан” гэх тайлбараар осол болсон мөргөцөгт Саравч үүссэн байсан болох нь тогтоогдож байна. Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 26, 48 дахь хэсэгт Саравч үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэмд Саравчийг унагаж, уг аюулыг арилгасны дараа ажиллах тухай заажээ. Нэхэмжлэгч нь Саравч үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм буюу Саравчийг унагаж аюулгүй болгосны дараа ажиллах дүрмийг зөрчсөнөөс ... улсын дугаартай Доосан маркийн ДиИкс-800 маркийн экскаваторт гэмтэл учирсан болох нь Шийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг болон 2023.02.09-ний өдрийн тайлбар авах хуудсаар тогтоогдож байна. Иймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад заасан Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж дүгнэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сум дахь хөшөөтийн нүүрсний уурхайд 2023.02.09-ний өдөр 23 цаг 00 минутын орчим осол гарч, экскаватор чулуунд дарагдсан талаар хариуцагчид мэдэгдэж, ослын талаарх холбогдох баримтуудыг гарган өгсөн байх тул нэхэмжлэгчийг худал мэдээлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь газар хөдлөлтийн талаарх баримт гаргаж өгсөн байх боловч газар хөдлөлтийн магнитуд бага байх тул газрын хөдлөлтийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.             

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “...уг осол нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019.12.11-ний өдрийн ... , ...дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 26, 48 дахь хэсэгт заасан саравч үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм буюу саравчийг унагаж аюулгүй болгосны дараа ажиллах хэм хэмжээг нэхэмжлэгч зөрчсөнөөс үүдэн гарсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтын хуваарилалтад нийцсэн. Даатгуулагчийн үйл ажиллагааны улмаас ил уурхайд осол гарсан нь даатгалын гэрээнд заасан мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, гэнэтийн физик үйлчлэлд өртөх эрсдэлд хамаарахгүй тул даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т нийцжээ. Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн гаргасан 676,003,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

10. Зохигчийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын зүйл, даатгалын хураамж төлөгдсөн тухай болон гэрээний хүчин төгөлдөр байдал, түүнчлэн нэхэмжлэгчийн даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн үйл баримт нь гэрээ үйлчлэх хугацаанд бий болсон талаар талууд маргаагүй байна.  

Харин даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон буюу гэнэтийн физик үйлчлэлийн улмаас экскаваторт хохирол учирсан гэж нэхэмжлэгч, хариуцагч нь нэхэмжлэгч худал мэдээлсэн, даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж маргасан буюу нэг талаас даатгалын нөхөн төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх, нөгөө талаас нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

11. Ховд аймгийн Дарви сум дахь хөшөөтийн нүүрсний уурхайд 2023.02.09-ний өдөр 23.00 цагийн орчим осол гарч, нэхэмжлэгчийн ... улсын дугаартай Доосан маркийн Ди Икс-800 маркийн экскаваторын баруун тал чулуунд дарагдсан болох нь Шийн 2023.02.09-ний өдрийн Тайлбар авах хуудас, О-гийн 2023.02.09-ний өдрийн Тайлбар авах хуудас, 2023.02.10-ны өдрийн Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа, экскаваторт учирсан эвдрэлийн фото зургууд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гийн хуулбараар тогтоогдож байна.

12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах” тухай 2019.12.11-ний өдрийн ... , ...дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 26, 48 дахь хэсэгт “Саравч” үүссэн үед ажиллах аюулгүй ажиллагааны дүрэмд “Саравч”-ийг унагаж, уг аюулыг арилгасны дараа ажиллах тухай заасан байх бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэл нь даатгуулагчийг уг дүрмийг зөрчсөн, даатгалын тохиолдол биш гэж маргасан.

13. Маргааны гол агуулга нь “саравч” үүссэн, нурах эрсдэл бий болсон байхад нэхэмжлэгч талын ажилтны илтэд буруутай үйл ажиллагаа буюу ажлаа зогсоолгүйгээр цааш үргэлжлүүлснээр “даатгуулагч” өөрөө өөртөө хохирол учруулсан эсэх асуудал байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Саравч”-ийн талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа зэргээс үзэхэд “саравч” үүссэн буюу “нурах эрсдэл” бий болсон эсэх нь бүрэн тогтоогдоогүй, энэ тухайд талууд өөр өөрийн ялгаатай тайлбар гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх даатгуулагч буюу нэхэмжлэгчийг буруутгасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хэрэглэгддэг “саравч”-ийн талаарх тодорхой баримт хэрэгт авагдаагүй, саравчийн хэмжээг хэн, хэрхэн тогтоож хэмждэг, энэ маргааны тохиолдолд саравч үүссэн байсан эсэх, нуралт “саравч”-аас үүсэлтэй эсхүл баруун хананаас чулуулаг нурж экскаватор чулуунд дарагдсан эсэх үйл баримт тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж,  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн осолд өртсөн Доосан-800 маркийн экскаваторын шанага нь эргэлтийн хувьд урвуу хутгууртай тул саравч үүсгэх боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарын талаар гэрчүүд өөр өөр мэдүүлэг өгсөн байх бөгөөд энэ талаар үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, хоёр шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй учраас энэ тухайд дүгнэлт хийхгүй гэсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

14. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд заасан “физик үйлчлэл”-ийн улмаас хөрсний гулгалт үүсч, даатгалын тохиолдол бий болсон гэж шаардах эрхээ тодорхойлсон байна. “Физик үйлчлэл” гэдэг нь биетүүдийн хооронд шууд эсвэл шууд бус байдлаар гарч буй хүчний нөлөөллийг хэлэх бөгөөд хэд хэдэн үндсэн төрлүүдтэй байдаг байна.

Хэрвээ “саравч” үүсээгүй, эсхүл осол үүнтэй хамааралгүй байх тохиолдолд тухайн осол бий болоход өөр бусад гадны хүчин зүйл нөлөөлсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байх бөгөөд хэрэгт тухайн өдөрт газар хөдөлсөн, мөн уурхайд тэсэлгээ хийсэн тухай баримтууд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүчин зүйлээс хамааралтайгаар хөрсний гулгалт үүссэн эсэхийг анхаарах байсан.

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/04222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00277 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 03 сарын 06-ны өдөр төлсөн 3,540,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ                                            

                                                                    Н.БАЯРМАА                              

                                                                    П.ЗОЛЗАЯА                                                   

                                                                    Д.ЦОЛМОН