Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан, тэдний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:

-Бугалдрага овогт Шагдарсүрэнгийн Түвшинсүрэн, Баатуд овогт Баярмаагийн Баясгалан нарт холбогдох эрүүгийн 2016 2601 2349 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бугалдрага овгийн Шагдарсүрэнгийн Түвшинсүрэн Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 5-р гудамжны 6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:ОС94061412).

 

2. Баатуд овгийн Баярмаагийн Баясгалан Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Эко Алт” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 6, эх, 2 ах, 2 дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намаг 1-р гудамж, 30-а тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1а-71 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:УШ97040455).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далангийн замын орчим иргэн Ш.Батболдыг хөлнөөс зуураад тавихгүй байна гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ш.Батболдын нүүр хэсэгт Ш.Түвшинсүрэн гараараа цохиж хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, дух чамархай, чихний омог уруулын орчим цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, Б.Баясгалан нь хохирогчийн цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхий орчим зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж тус тус догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нараас мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Мөн эрүүгийн 2016 2601 2349 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

1.Хохирогч Ш.Батболдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “... 2016 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 дүгээр хороололд байх найз Борынд ирж бид хоёр уулзаад нэг шил архи хувааж уучихаад гадаа харанхуй болчихсон байсан чинь манай дүү Батцэнгэл над руу залгаад дүү нь таныг очоод авъя, та доошоо арын зам гараад ир гэхээр нь би “миний утасны цэнэг дууслаа шүү”  гэж хэлсэн. Гараад зам дагуу алхаж байтал араас 3 залуу ирээд татаж унагаагаад замын хажууд байх жалга руу ороод намайг зодож эхэлсэн. Тухайн үед нэг залуу нь надтай хамт замын хажуу руу унасан. Араас нэг залуу орж ирээд миний цээжин тус газар нэг удаа өшиглөөд гар хөл рүү тэр хоёр нийлээд цохиод дээшээ зам дагуу гараад зугтаахаар нь би араас нь босож гүйгээд хөөж байгаад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байр руу гүйгээд орчихоор нь орсон газрыг нь хараад цагдаа дуудаж тухайн этгээдийг саатуулсан. ...2 залуу нь намайг зодсон. Нэг залуу нь хараад байж байсан. Тухайн маргалдаан болох үед миний утас, халаасанд 10,000 төгрөг байсан. Утсаа төлүүлээд, эмчилгээний зардал 200,000 төгрөг нэхэмжилж байна. ...нэг залуу нь намайг араас тэврээд замд унагаасан. Тэгээд нүүр болон гар хөл рүү хэд хэд цохисон. Тухайн хоёр залуу хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Танихгүй. Намайг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож танхайрсан. ...” гэх мэдүүлэг [1],

-2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “... Миний гар утас, хаан банкны виза карт алдагдсан. Хэн авсан талаар мэдэхгүй. Доошоо зууралдаад нилээн юм болсоны дараагаар алга болчихсон байсан. Зууралдах үед халааснаас унасан байж болох байх. ...Сүүлд бодоод байхад унах үед алга болсон байх боломжтой юм. ...” гэх мэдүүлэг [2],

-2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “... Борынхоос 23 цаг 50 минутын үед гараад засмал замаар уруудаад Сонгинохайрхан дүүргийн арын 4-р хорооны нутаг дэвсгэрт далангийн шинэ зам дээр зодуулсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн үед зодуулсан. Би иргэний үнэмлэхээ 60,000 төгрөгөөр гаргуулж авсан. Хаан банкны виза картаа 3,500 төгрөгөөр гаргуулж авсан. Мөн бэлнээр 10,000 төгрөг алга болсон. Самсунг гранд галакси маркийн гар утсаа 270,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний байгууллага 190,000 төгрөгөөр үнэлсэн байна лээ. Одоо 263,500 төгрөгний хохирол нэхэмжилнэ. ...Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Намайг зүгээр явж байхад нэг нь хүрч ирээд урдаас тэврээд жалга оруулсан. Тэгээд миний толгой руу өшиглөж зодсон. Би зодуулж байх үед гар утас, виза карт, 10,000 төгрөг зэрэг зүйлс алга болсон. Түүнээс биш мөнгө, гар утсаа өгөх гэх мэтээр юмаа өг гэж дарамтлаж зодоогүй. Хэн нь миний гар утас, 10,000 төгрөг авсныг мэдээгүй. Зодуулаад нүүрээ таглаад хэвтсэн. Би тэр хүмүүсийг танихгүй. Би ч бас архи уучихсан, халамцуу явсан. Ямар ч байсан хоёроос доошгүй залуу зодсон. Тэр зодсон хүмүүс үнэнгээ хэлнэ биз дээ...” гэх мэдүүлэг [3]

 

2.Гэрч Ш.Батцэнгэлийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

 “... Тухайн өдөр халтуур хийгээд хороололд явж байхад манай ах Батболд над руу залгаад би Азукагийн зам дээр байж байя, чи намайг ирээд аваадах гэхээр нь за удахгүй очлоо гээд утсаа тасалсан юм. Тэгээд ахын байсан газар ирэхэд ахын утас холбогдохгүй байсан. Тэгээд бүүр олдохгүй байхаар нь хойно байдаг эгч Батчимэгийнд очоод байж байтал цагдаагаас ах чинь хүнд зодуулчихсан байна гэхээр нь би эгчтэй хамт цагдаа дээр ирсэн юм. Ирээд харахад цустайгаа холилдсон, хүнд зодуулсан байна даа гэмээр байсан. ...” гэх мэдүүлэг [4] ,

-2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ “... Ах над руу ярихад бол 23 цаг өнгөрч байсан. Ахын байж байя гэсэн газар очиход ах маань байхгүй байсан, тухайн үед цаг 00 цаг өнгөрч байсан байх. ...” гэх мэдүүлэг [5]

 

3.Гэрч Г.Гантүвшингийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

 “... Тухайн өдөр тоглолтын хамгаалалтад зогсож байгаад тараад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр харих гээд явж байтал 40-45 орчим насны эрэгтэй хүрч ирээд тухайн үед тэр залуугийн нүүр нь цус болчихсон, намайг хүмүүс дээрэмдчихлээ, би тэр хүмүүсээ зааж өгье гээд надад хандахаар нь зөвшөөрч, би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нийтийн байрны хашааны гадаа очтол 2-3 залуучууд хэрэлдэж байсан.  Тухайн эрэгтэй хүн намайг зодсон хүмүүс энд байхгүй байна, дотор байгаа байх гэхээр нь асууж байгаад нийтийн байрны 2 давхрын мухрын өрөөнд ороход 3 залуу, 3 эмэгтэй согтуу амрах гээд байж байсан. Тэгээд хамгийн сүүлд ирсэн залууг нь гаргаж ирж, дээрэмдүүлсэн гэх хүнд харуултал мөн байна гэхээр нь хохирогч болон тухайн хэрэг хийсэн хүний хамт нийтийн байр руу ороод хохирогчид харуулахад эргэлзээд байхаар нь Сонгинохайрхан дүүргийн жижүүрийн удирдлагад мэдэгдэж, машин дуудаж хүлээлгэж өгөөд эрүүлжүүлэх байранд хийсэн юм. Хохирогч нүүр нь цус болсон, нилээн согтуу над дээр ирсэн. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

4. Гэрч С.Лхагважавын 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

 “... Нэр Лхагважав, харин хоч маань Ээдэм байгаа юм. Тухайн өдөр гэртээ байж байхад Баясгалан манай гэрийн гадаа надтай тааралдаад бид хоёр доошоо явж байгаад манай гэрийн доор байх худгийн ойролцоо нэг, нэг пиво авч уучихаад РС тоглохоор дүүргийн хойд талын замаар уруудаад явж байгаад Баясаа танил гээд Монхоо гэдэг залуутай уулзсан. Тэгээд бид гурав доошоо хамт явж байсан чинь Монхоо зам дээр явж байсан нэг ахтай маргалдаад замын жалга руу зууралдаад уначихсан. Тэгтэл Монхоо Баясгаланг дуудаад салгаарай гээд байх шиг байсан. Баясгалан араас нь жалга руу орсон. Тэр үед нь би зам дээр байсан. Удалгүй Монхоо Баясаа хоёр жалганаас гараад ирсэн чинь нөгөө ах орилоод араас гүйгээд ирсэн. Тэгэхээр нь бид гурав зугтаасан. Би чигээрээ гүүрний харалдаа гүйсэн. Баясаа, Монхоо хоёр Сонгинохайрхан дүүрэг рүү салаад гүйгээд явчихсан. 00 цаг өнгөрч байсан байх. Нэг ахтай Монхоо маргалдаад байсан. Би жоохон түрүүлээд урд нь явж байсан. Хойно л гэнэт маргаад байсан. Тэр ах урдаас ирэхдээ нилээн гуйваад явж байсан. Хажуугаар өнгөрөхөд архи үнэртэж байсан. Явж байхдаа чанга чанга юм яриад байсан. Би зам дээр байж байсан. Тэр доор юу болсон талаар бол мэдэхгүй ...” гэх мэдүүлэг [7] ,

 

5. Б.Баясгалангийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“... Найз Ээдэмтэй уулзаад нэг нэг лааз пиво уучихаад доошоо бөөний төв нэртэй дэлгүүр орох гээд уруудаад зам дагуу алхаж байгаад замаасаа Монхоо гээд зүс таних залуутай тааралдсан. Монхоо доошоо түрээсийн байр руу хамт яваад өгөөч, хэдэн залуучууд томроод байна, та хоёр зүгээр хамт байгаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд хамт замаар нилээн алхаж байгаад дүүрэг рүү эргэдгийн дээхэн талд нэг жалга руу Монхоо нэг залуутай зууралдаад уначихсан. Тэгээд Монхоо намайг дуудаад салгаарай хөгшөөн гээд байхаар нь би араас нь очоод тэр хоёрыг салгаж, гаргаж ирсэн чинь Монхоо, Ээдэм хоёр доошоо зам дагаад гүйгээд явчихсан. Тэгсэн нөгөө залуу жалгаас гарч ирээд араас хөөхөөр нь би дүүрэг рүү эргээд зугтаагаад 21 дүгээр хорооллоос такси бариад гэртээ харьсан. Монхоотой маргалдсан гэх хүнийг мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээж хэсэгт нь ганц хоёр удаа цохисон асуудал байгаа. Ээдэм зодоонд оролцоогүй. ...” гэх мэдүүлэг [8] ,

-2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

 “...Тухайн өдөр гэртээ байж байгаад орой нь найз танил Ээдэмтэй уулзсан. Бид хоёр уулзаад нэг, нэг лааз пиво уучихаад доошоо бөөний төв нэртэй дэлгүүр орох гээд уруудаад зам дагуу алхаад явж байтал өөдөөс Монхоо гээд зүс таних залуутай тааралдаад байж байсан. Монхоо доошоо түрээсийн байр руу хамт яваад өгөөч гэхээр нь Ээдэм бид хоёр зөвшөөрөөд хамт замаар алхаж байгаад дүүрэг рүү эргэдгийн дээхэн талд явж байсан. Тухайн үед би нөгөө хоёроос жаахан түрүүлээд явж байтал ард Монхоог нэг залуу зуураад байж байсан. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад замын хажуу талын жалга руу уначихсан. Монхоо намайг дуудаад салгаарай хөгшөөн гээд байхаар нь би араас нь хөлөөрөө өшиглөөд цээж хэсэгт нь ганц хоёр удаа гараараа цохиж салгасан. Монхоо бид хоёр жалгаас гараад зогсож байтал араас нөгөө ах гарч ирээд хөөхөөр нь бид нар зугтаагаад би дүүрэг рүү эргэж гүйгээд 21 дүгээр хорооллоос такси бариад гэртээ очоод амарсан. Ээдэм, Монхоо хоёр хаашаа явсныг мэдэхгүй. Монхоотой маргалдсан гэх хүнийг мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээж хэсэгт нь хоёр удаа цохисон асуудал байгаа. Монхоо хаашаа цохисныг нь мэдэхгүй. ...Монхоо нэг залуутай маргалдаад жалга руу унаад орчихсон. Ээдэм бол зодоонд оролцоогүй. ... гэх мэдүүлэг [9]

 

6.Ш.Түвшинсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“... Би орой 23 цаг 50 минутын орчим шинэ замаар дээшээ гэр рүүгээ алхаж яваад Баясаа гээд таньдаг залуутай тааралдаад буцаад нийтийн байр руу явсан. Буцаад явж байтал зам дээр нэг ах тонгойгоод сууж байсан. Бид хэд хажуугаар нь өнгөрөөд явахад тэр ах миний хөлнөөс зуурч аваад тавихгүй болохоор нь би гар руу нь нэг удаа нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгсэн тэр ах намайг зуурсан чигтээ замын хажуу болох жалга руу бид хоёр унасан. Тэр ах тавихгүй болохоор нь би Баясааг дуудаад туслаарай, энэ залууг салгаад өг гэж хэлтэл Баясаа доошоо бууж ирээд тэр ахын цээж хэсэгт нэг удаа өшиглөөд салгасан. Тэгээд шууд бид хэд зам руу гараад байж байтал нөгөө ах араас хүрч ирээд байхаар нь би доошоо дүүрэг рүү зугтаасан. Харин Баясаа хаашаа гүйсэн талаар мэдэх юм алга. Тэгээд би нийтийн байран дээр ирчихээд байж байтал нэг цагдаа ирээд намайг бариад авсан. Ээдэм бол гар хүрээгүй. Зүгээр хажууд байж байсан. ...Зүгээр явж байхад хөлнөөс зуурч аваад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь зүгээр бай гээд салгах гээд хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [10] ,

-2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

 “... Би хоёр том пиво уучихаад гэртээ харих  гээд гарч яваад Сонгинохайрхан дүүргийн хойд зам дээр дээшээ гэр рүүгээ ганцаараа алхаж байтал миний танил Баясгалан болон Ээдэм гэх залуутай тааралдаад зам дээр юм ярьж байгаад буцаад нийтийн байр явахаар болоод зам дагуу уруудаж байтал зам дээр нэг ах доошоо хараад суучихсан байдалтай байсан. Бид нар хажуугаар нь зөрж байтал миний хөлнөөс зууралдаад унасан. Нөгөө ах намайг тавихгүй байхаар нь би Баясааг дуудаад салгаад өгөөч гэж хэлэхэд Баясаа бууж ирээд нөгөө ахын цээж хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөөд салгасан. Тэгээд бид хоёр буцаад зам руу гараад байж байтал араас нөгөө ах хөөгөөд ирэхээр нь бид нар доошоо зугтаасан. Би нийтийн байр руу явсан. Баясаа Ээдэм хоёр хаашаа явсаныг мэдэхгүй байна. ...Намайг хөлнөөс зуураад байхаар нь цохисон. Шанаа руу нь 2 удаа гараараа цохисон”... гэх мэдүүлэг [11] ,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12617 дугаартай актын:

1.Батболдын биед тархи доргилт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дух, чамархай, чихний омог, хүзүү, бүсэлхий, уруулны орчим зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт [12] ,

8. Шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, тэдний иргэний үнэмлэхийн лавлагаа [13],  болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Далангийн замын орчим иргэн Ш.Батболдыг нь “хөлнөөс зуураад тавихгүй байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ш.Батболдын нүүр хэсэгт Ш.Түвшинсүрэн нь гараараа цохиж хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, дух чамархай, чихний омог уруулын орчим цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, Б.Баясгалан нь хохирогчийн цээж хэсэгт хөлөөрөө өшиглөж цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхий орчим зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Ш.Батболдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...зам дагуу алхаж байтал араас 3 залуу ирээд татаж унагаагаад замын хажууд байх жалга руу ороод намайг зодож эхэлсэн. Тухайн үед нэг залуу нь надтай хамт замын хажуу руу унасан. Араас нэг залуу орж ирээд миний цээжин тус газар нэг удаа өшиглөөд гар хөл рүү тэр хоёр нийлээд цохиод дээшээ зам дагуу гараад зугтаасан. ...2 залуу нь намайг зодсон. Нэг залуу нь хараад байж байсан. ...Намайг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож танхайрсан. ...” гэх мэдүүлэг [14] ,

-2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн үед зодуулсан. ...Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Намайг зүгээр явж байхад нэг нь хүрч ирээд урдаас тэврээд жалга оруулсан. Тэгээд миний толгой руу өшиглөж зодсон  ...” гэх мэдүүлэг [15] ,

-гэрч Ш.Батцэнгэлийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...манай ах Батболд над руу залгаад би Азукагийн зам дээр байж байя, чи намайг ирээд аваадах гэхээр нь за удахгүй очлоо гээд утсаа тасалсан. Тэгээд ахын байсан газар ирэхэд ахын утас холбогдохгүй байсан. ...цагдаагаас ах чинь хүнд зодуулчихсан байна гэхээр нь би эгчтэй хамт цагдаа дээр ирсэн юм. Ирээд харахад цустайгаа холилдсон, хүнд зодуулсан байна даа гэмээр байсан. ...” гэх мэдүүлэг [16]  ,

-гэрч Г.Гантүвшингийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...автобусны буудал дээр харих  гээд явж байтал 40-45 орчим насны эрэгтэй хүрч ирээд тухайн үед тэр залуугийн нүүр нь цус болчихсон, намайг хүмүүс дээрэмдчихлээ, би тэр хүмүүсээ зааж өгье гээд надад хандсан. ...би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нийтийн байрны хашааны гадаа очтол 2-3 залуучууд хэрэлдэж байсан.  Тухайн эрэгтэй хүн намайг зодсон хүмүүс энд байхгүй байна, дотор байгаа байх гэхээр нь нийтийн байрны 2 давхрын мухрын өрөөнд ороод ...хамгийн сүүлд ирсэн залууг нь гаргаж ирж, дээрэмдүүлсэн гэх хүнд харуултал мөн байна гэсэн. ...Хохирогч нүүр нь цус болсон, нилээн согтуу над дээр ирсэн. ...” гэх мэдүүлэг [17]  ,

-Гэрч С.Лхагважавын 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Монхоо зам дээр явж байсан нэг ахтай маргалдаад замын жалга руу зууралдаад уначихсан. Тэгтэл Монхоо Баясгаланг дуудаад салгаарай гээд байх шиг байсан. Баясгалан араас нь жалга руу орсон. ...Удалгүй Монхоо Баясаа хоёр жалганаас гараад ирсэн чинь нөгөө ах орилоод араас гүйгээд ирсэн. ...Хойно л гэнэт маргаад байсан. ...” гэх мэдүүлэг [18],

-Б.Баясгалангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Монхоо нэг залуутай зууралдаад уначихсан. Тэгээд Монхоо намайг дуудаад салгаарай хөгшөөн гээд байхаар нь би араас нь очоод ...хөлөөрөө өшиглөөд цээж хэсэгт нь ганц хоёр удаа гараараа цохиж салгасан. ...Монхоотой маргалдсан гэх хүнийг мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [19] ,

-Ш.Түвшинсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...зам дээр нэг ах тонгойгоод сууж байсан. Бид хэд хажуугаар нь өнгөрөөд явахад тэр ах миний хөлнөөс зуурч аваад тавихгүй болохоор нь би гар руу нь нэг удаа, нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгсэн тэр ах намайг зуурсан чигтээ замын хажуу болох жалга руу бид хоёр унасан. Тэр ах тавихгүй болохоор нь би Баясааг дуудаад туслаарай, энэ залууг салгаад өг гэж хэлтэл Баясаа доошоо бууж ирээд тэр ахын цээж хэсэгт нэг удаа өшиглөөд салгасан. [20] , ...Намайг хөлнөөс зуураад байхаар нь цохисон. Шанаа руу нь 2 удаа гараараа цохисон. ... гэх мэдүүлэг [21] , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12617 дугаартай акт, дүгнэлт [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Харин хохирогч Ш.Батболд нь анх мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “...намайг зодсон тул дээрэмдсэн байна гэж бодоод өргөдөл өгсөн гэж мэдүүлсэн ба дараа нь дахин мэдүүлэхдээ “...Сүүлд бодоод байхад доошоо унах үед гар утас, халаасанд байсан бэлэн 10,000 төгрөг, банкны карт зэрэг унаж алга болсон байх, хэн авсаныг мэдэхгүй ...” гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед хохирогчийн биед байсан гэх гар утас, бэлэн мөнгө, банкны карт зэрэг нь хэргийн газар байсан эсэх, авсан эсэх талаар шүүгдэгч нараас шүүх хуралдаанд тодруулан асуухад тийм зүйл байсан эсэх талаар мэдэхгүй. Хохирогч өөрөө согтуу байсан, зам дээр явж байхад хөлнөөс зуурч тавихгүй байсан болохоор гарыг нь тавиулах гэж түүнийг цохиж зодсон гэж мэдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч эд зүйлээ хэрхэн алга болсон эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд харин шүүгдэгч нар нь гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогчийг өшиглөх, цохих зэргээр биед нь гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тогтоогдсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын гараас шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, тэднийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Батболдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтад хохирогч нь 263,500 төгрөг нэхэмжилсэн ба, шүүгдэгч нар нь хохирлын төлбөрт 400,000 төгрөг төлсөн талаарх тодорхойлолтыг [23] 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ш.Батболдоос хэрэгт ирүүлж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай дурджээ.

Иймд шүүгдэгч нарыг хохирогч Ш.Батболдод төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, шүүгдэгч Б.Баясгалан нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай 2016 оны 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 22-ны өдрийн тус тус лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

 Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

Шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүхэд шилжүүлсэн иргэний бичиг баримтгүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бугалдрага овогт Шагдарсүрэнгийн Түвшинсүрэн, Баатуд овогт Баярмаагийн Баясгалан нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шагдарсүрэнгийн Түвшинсүрэнг 3 (гурав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баярмаагийн Баясгаланг 3 (гурав) жил 10 (арав) хоногийн  хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч, Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Батболдод төлөх төлбөргүй, шүүхэд шилжүүлж ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт тус бүр оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) хоногийн  хорих ялыг тус бүр тэнсэж, тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ш.Түвшинсүрэн, Б.Баясгалан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

               

 

[7] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 53-54, 57, 61, дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 27 дугар тал.

[18] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 104 дүгээр тал.