Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

           

  

 

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ж.Эрхэмбаяр,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

 Улсын яллагчаар хяналтын прокурор С.Батмөнх-Очир,        

 Хохирогч С.Т,

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд,

 Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

 Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Ц.А нарт холбогдох эрүүгийн 2119002380224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.А,

 Монгол Улсын иргэн, Ц.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.А, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Ноён хутагтын ... тоотод Д.Атэй бүлэглэн иргэн С.Тийг бүлэглэн зодож бие махбодод нь баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

       

   Шүүгдэгч Д.А, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Ноён хутагтын ... тоотод Д.Атэй бүлэглэн иргэн С.Тийг бүлэглэн зодож бие махбодод нь баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

-Шүүгдэгч Д.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр С.Т ах бид 2 манай гэрт архи ууж байсан. Тэгтэл нэлээн архи ууж байтал С.Т ах маань агсан тавьж эхэлсэн. Гэрт шүлсээ шалан дээрээ хаясан, буйдан дээр нулимсан ер нь жоохон доромжлох маягтай дарамт маягтай. Намайг чи Бг хэн болчихсон гэж дарамталж эхэлсэн. Тэгээд учир зүйгээ олоод архиа үргэлжлүүлэн ууж байтал хаалга тогшсон хаалгаа нээтэл гаднаас танил болох С, Ц.А нар орж ирсэн. Тэгээд бид хэд дөрвүүлээ болж дахиад архи ууж эхэлсэн. Тэгтэл нэлээн ууж байтал С.Т ах тавтиргүйтэж эхэлсэн. Нэлээн согтолтын байдалтай байсан. Тэгтэл Ц.А айлд ингэж болохгүй одоо ингээд болио харь гээд хэлтэл өөдөөс мөн тавтиргүйтэж агсан тавьж муудалцаж эхэлсэн. Тэгээд Ц.А С.Т ахыг ариун цэврийн өрөөний тийшээ дагуулаад явсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Төд удалгүй хоорондоо нэгнээсээ уучлалт гуйгаад намайг хүргээд өг гээд Сыг С.Т ах тэгж байсан хэлж байсан. Тэгээд хаалга нээж чадахгүй хаалганы бариул байдаггүй юм. Тэгээд С намайг хаалгаа нээгээд өгөөч гэсэн. Би түлхүүрээр хаалга нээж өгсөн. Хаалга нээж өгөхдөө нүүр хавьцаа руу нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Өмнө нь ууж идэж байхад дарамталж байсан юм хум нь гэнэт бодогдоод согтуу хүний ухаанаар гэнэт тэсрэлт явагдаад тэгээд өөрийн мэдэлгүй уурандаа хөшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ц.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгчихсөн...” гэсэн мэдүүлэг,

-Хохирогч С.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 9 дугаар сарын 27-нд хамгийн эхэнд Н гээд манай найз байдаг юм. Тэр дуудаад шар тайлъя гээд би корона тусчихсан тэгээд ар дээр нь амралттай байж таарсан. Найз дуудаад тэгэхээр нь гэртээ дуудсан. Өглөө бараг 7,8 цагийн үед. Би Аийг танина, бид 2 нь нэг нутаг арын хүүхдүүд.  Д.Атэй явж байна гэхээр нь за гээд гэрт энэ 2-ыг дуудсан. Энэ 2 архитай ирээд ханиндаа ууж байгаад манай эгч гаднаас орж ирээд хөөгөөд явуулсан. Юм гэдэг сонин л юм байна лээ. Би бурхан дээр байсан 50 мянган вон байсан тэрийгээ авч гараад солиулаад 100 хэдэн мянган төгрөгтэй болчхоод Аийнд очиж Д.А, Н бид 3 уусан юм. Бүгдээрээ ууж байгаад өдөр болоод тэнд Д.А бид 2-ын хооронд үл ойлголцол огт байгаагүй. Ах дүү гээд л явж байгаад л хаана байдаг, хөдөө явдаг, эхнэр хүүхэд, эхнэрээсээ сарын өмнө салсан, сар гаран ууж байгаа сураг байсан. Юунаас болов яав гээд амьдрал ярьж байсан юм. Үдээс хойш 3, 4 цагийн үед Н унтчихсан байсан. Бид 2 үлдээд барилдсан. Муудаж ноцолдсон юм огт байхгүй. Д.А өөрөө мэдэж байгаа. Би тэр шүлсээ хаясныг огт санахгүй байна. Тэгээд 16 цагийн үед Ц.А, С хоёр ирсэн. Би нэлээн согтчихсон байсан. С надтай цэцэрлэгийн анги байсан таньж байна уу гээд байсан. Би огт танихгүй байна би согтчихжээ гэсэн тэгсэн чи намайг дээрэлхдэг байсан гэж байсан. Тэгээд С гэдэг гэж нэрээ хэлсэн. Би хоёулаа чинь тэгвэл цэцэрлэгт нэг анги байсан байна гэсэн үс нь учиргүй ургачихсан өндөр бүдүүн болчихсон байсан огт танихгүй байсан. Тэнд жоохон маргалдах шинждээ орчих гээд байсан шүлсээ хаясан дээрээ юм хэлсэн байх. Би ерөнхийдөө санахгүй байна. Д.Атэй огт муудах шалтгаан гараагүй. Ц.А нь болохоороо чи энэ Сын ахыг нь таних уу гэхээр нь би шорон Б юу л гэсэн юм. Манай арын шорон гэдэг хочтой Билгээ гэдэг нөхөр байдаг. Би шорон Б юу гэсэн чинь чи миний найзыг шоронгоор нь дуудлаа гээд би тэгээд өөр юу гэж хэлэх юм бэ гэсэн. Ц.Атай ариун цэврийн өрөө орсон. Энэ гурав гурвуулаа миний эсрэг байгаад байгаа болохоор би дотроо жоохон муу санаалаад пойлдчихож магадгүй гэсэн байдалтай байсан. Ариун цэврийн өрөө руу ороод намайг хэд хэд элэгдсэн. Тэгээд би уучлаарай гээд нүүр гараа угаачхаад буцаж гарч ирээд ер нь эрүүлдээ учраа олъё би согтуу та хэдийг угаасаа барахгүй өөрөө хөл дээрээ олигтой явж чадахгүй байгаа хүн эрүүлдээ учраа олъё гээд би гарах гэж байсан чинь тэднийх бариул байхгүй дотроо тэгээд түлхүүрээ эхлээд нуучхаад өгөхгүй байсан. Ариун цэврийн өрөөн дотор өмнө нь Ц.А намайг хэд хэд цээж рүү цохисон юм. Тэр нь дээр би огт юм яриагүй. Нэг нүдээ алдчихсан хүн 2, 3 сар огт унтаагүй. Тийм байдалтай байхад мэдүүлэг авснаа хугацааг нь уртасгаад байгаа юм. Би явах гэж байхад футболкноос Ц.А татаад элэгдсэн. Тэгээд би эвхэрч унахад Д.А ирж өшиглөсөн. Тэрний дараа нь С түлхүүрээ гэж байгаад түлхүүрийг нь авч нээгээд намайг явуулсан. Намайг явлаа гэхэд явуулчихсан бол ийм асуудал огт байхгүй. Би хүний сайн мууг үзэх гээд байгаа ч юм биш. Та нар нэг нүдээ аньж байгаад үйлдэл хийгээд үзээрэй. Би 3 жил бүтэн нойртой хонож байгаа юм бараг байхгүй. Юм болохгүй болохоор л нүд рүү сэтгэл санаа, ижий аав бүх юмаараа л хохирч байна. Нэг нь гадуур эрүүл саруул яваад байдаг, Нэг нь гадаад руу гараад зугтаачихсан. Би яах юм, хохироод л тийм л үйл явдал болсон. Хаалганы үүдэн дээр намайг хойноос футболкноос татаад элэгдэж унагаасан нь Ц.А унасан хойно нь өшиглөсөн нь Д.А. Өмнөх цээжинд цохиод ариун цэврийн өрөөнд болсон явдлыг бол огт яриагүй. Нүүр гараа угаачхаад сууж байгаад явлаа, би эрүүлдээ та нартай учраа олъё гэсэн. Тэр 3-ын эсрэг би бол угаасаа зодуулах нь гэж бодоод. Би надад зодолдчих боломж байсан. Би айлд байгаа учраас Аийг хутга шөвгөө бариад яачих болов уу гэж бодоод Ц.Агаас уучлалт гуйгаад явсан юм. Согтуу хүн сохор ухаан гэгчээр эд нарыг нийлээд зодчих болов уу гэсэн үүднээс би явлаа гээд хаалган дээр нь очсон. Даанч бариул байдаггүй юм байна лээ. Би энэ хэрэгт маш гомдолтой. Одоо мэдүүлэг авсан цагдаа нь байхгүй, А гэж байсан прокурор нь байхгүй, би  А үсгээр эхэлсэн хүмүүст ер нь ямар гэм хийчихсэн юм гэж олон жил бодож байна. Эр хүний ямар ч шинж байхгүй. Эд нарт ийм байж гадуур дотуур худлаа ярина. Би наадхад чинь 100 сая төгрөг өгсөн. Би байраа зараад мөнгө өгчихсөн. Энэ болгон миний сэтгэл санаанд хэцүү байдаг. Нэгэнт байхгүй болчихсон юм чинь эдгэдэг юм байсан хамаа алга. Би нүдний шилний мөнгөө нэхэх үү, дусаалгаа нэхэх үү, аав хорт хавдар туссан ээж 20 кг турсан эгч бас өвдсөн. Би тэр болгоныг яриад зовлон яриад байх нь надад хэцүү л байдаг юм. Тэр хугацаагаа уртасгаад ямар ч нэмэргүй өөрсдөө мэдэж байгаа. С ч мэдэж байгаа. Аймхайдуулсан хүн хэдэн минут суудаг юм. би эмчээс асууя гэж бодоод байгаа. Би унаагүй бол Д.А өшиглөхгүй. Ц.Атай муудаж байхад Д.А надтай муудсан юм байхгүй. Намайг цохих байсан бол буйдан дээр сууж байхад цохихгүй яасан юм. Хэвтчихсэн хойно ирээд өшиглөсөн. Гуталтай байсан уу, хөл нүцгэн байсан уу гээд сонин юм яриад байгаа юм. Хөл нүцгэн байсан бол тэгж хүчтэй өшиглөж байгаа хүний хөлийнх нь хуруу нь хугарна. Гуталтай байсан. Би хөдөө явахдаа ийм гутал өмсдөг юм гээд надад үзүүлээд, тэр гуталтайн хоёулаа барилдсан. Д.Атэй бол муудсан юм бол огт байгаагүй. Ц.Атай шорон Б гэдэг яриа нь дээрээс нийлэхгүй болоод л тиймэрхүү юм болсон. С бас жоохон үг хаяад байсан юм. С ер нь оролцсон юм байхгүй. Нүдээрээ харж байсан хүн нь С юм. Би Сыг энд орж ирээд юм ярих болов уу гэж бодоод байдаг юм. Гал тогоонд ч байгаагүй. Би Аийн гэрийн бүтцийг нь зааж өгсөн. Тэр А гэдэг прокурор нь очиж огт үзээгүй. Том өрөөнийх нь үүдэнд С байсан. Том өрөөний үүдэнд Д.А, С 2, том өрөө хаалга 2 нь метр зайтай.  Баруун талд нь ариун цэврийн өрөө. Тэгээд коридор гээд 1,2 метр. Урдаас ч биш ардаас. Эр юм байж бас арчаагүй л нөхдүүд 1,1-ээрээ надтай огт муудаагүй. Явах гэж байхад хойноос татаж унагаагаад элэгдсэн тэр нь дээр Д.А ирээд өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг

-Хохирогч С.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-нд ...Аийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм ... 17 цагийн үед гаднаас зүс таних С, танихгүй Ц.А гэх залуу гаднаас Аийн гэрт орж ирсэн. Орж ирээд мөн л архи уусан, бид нар хоорондоо юм ярихаар яриа нийлэхгүй маргалдах шинжтэй болоод байсан. Тэгээд би согтуу байсан учраас хүмүүстэй жоохон маргалдаж байгаад эрүүлдээ учраа олно гэж хэлээд гэр рүүгээ явах гэж босоод үүдэнд очоод хаалганы онгойлгох гэтэл хаалга нь дотроосоо цоожтой байсан. Тэгээд хойш харсан чинь Ц.А гэх залуу нь миний цээж рүү цохисон, би тухайн үед доошоо унаж, тухайн залуугаас уучлалт гуйгаад байж байтал Д.А нь гүйж ирээд миний баруун нүд руу өшиглөсөн, миний нүд юу ч харахаа больж, гэр рүүгээ явсан. Тэгээд л маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-нд үзүүлж, нүдээ сохорсныг мэдсэн юм. Тэгээд л Улаанбаатар хот руу явж, 1 дүгээр эмнэлэгт очиж, хагалгаанд орсон Би дээрх хүмүүст гар хүрээгүй, яах уу хэл амаар маргалдсан Гомдол санал байгаа, мөн нэхэмжлэх зүйл байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 11-12/ болон өмнөх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хамгийн эхлээд маргах болсон шалтгаан бол С орж ирээд надаас “намайг таньж байна уу” гэж асуухаар нь би танихгүй байна гэж хэлсэн. Тэгтэл надтай цэцэрлэгт нэг анги байсан талаар хэлэхээр нь би огт танихгүй байна гэж хэлэхэд хэдэн жилийн өмнө өөрийг нь дээрэлхэж байсан тухай ярьсан. Тэгэхээр нь гайхаад “би хүн дээрэлхдэг хүн биш” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Гэтэл “Сын ахыг нь таних уу” гэж хэлэхээр нь би “шорон Бг хэлж байна уу” гэхэд Ц.А намайг өдөж эхэлсэн. Тэгээд гурвуулаа над руу дайраад намайг зодох гээд байсан болохоор эрүүл болохоороо учраа олъё гэж хэлээд 16 цагийн орчимд явах гээд гарах гэтэл хаалга нь түгжээтэй Ц.А араас татаад цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Ц.А намайг цохиж байгааг С, Д.А хоёр хоёулаа харж байсан. Ц.Агийн үйлдлийн талаар цагдаа нарт хэлсэн боловч мэдүүлэгт огт тусгаагүй. Надаас мэдүүлэг авч байхад “чи уучлаарай гэж хэлсэн юм уу” гэхээр нь би “тиймээ, уучлаарай гэж хэлсэн” гэсэн. Одоо мэдүүлгийг уншаад үзэхээр намайг уучлаарай гэж хэлсэн болохоор миний мэдүүлгийг тийм байдлаар бичсэн байна. Маргааш өглөө нь Д.А лүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Би яаралтай тусламжид үзүүлэхэд цээж хөхөрсөн байсан боловч нүдээ үзүүлэхийн тулд тэрийг анхаараагүй. Ц.А сүүлд миний цээж рүү цохиод доошоо унах үед Д.А ирээд өшиглөсөн. Хөл нүцгэн өшиглөхөд нүд ийм болохгүй. Би яагаад Ц.Аг хэрэгт татаагүй болохыг асуухад чиний цээж хэсэгт гэмтэл гараагүй, нүдэнд гэмтэл гарсан талаар хэлсэн. Тэгээд цохисон үйлдэл хамаагүй болсон. Ц.А намайг элэгдэж унагаагүй бол Д.А намайг өшиглөж чадахгүй байсан. Би сүүлд нь Аийг яагаад Ц.А, С хоёрыг яах гэж дуудсан болох талаар ойлгосон. Нэг нүдээ сохлуулсан болохоор 2 сарын хугацаанд бүтэн нойртой унтаж чадалгүй энэ талаар бодож хэвтсэн. Цагдаа надад ойлгомжтой хэрэг гэж хэлсэн болохоор өмгөөлөгч аваагүй. Би энэ хэргийг бүлэглэж үйлдсэн хэрэг гэж бодсон. Гэтэл бүлэглэж үйлдсэн хэрэг биш болсон. С над руу утсаар яриад “ахаа би танд огт хүрээгүй, цохиогүй шүү” гэж хэлэхээр нь би “Ц.А цохиж унагаагаад, Д.А өшиглөсөн тийм үү” гэж асуухад “тийм, би огт танд хүрээгүй” гэж хэлсэн... Их хэмжээний согтолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байна мэдүүлгийг өгч байхад мөрдөгч надаас уучлалт гуйсан эсэх талаар асуухад нь цээж рүү хэд хэдэн удаа цохиход нь “би ахаа болио гэж уучлалт гуйсан” талаар хэлсэн. Уучлалт гуйсан гэдэг нь болохоор өмнө нь цээж рүү хэд хэдэн удаа цохиход уучлалт гуйсан. Намайг суулд нь аймхайдсан... Хүний нүдийг сохолсон болохоор Ц.А, Д.А хоёрыг ял аваа явна гэж бодоод орхисон. Гэтэл сүүлд нь Ц.Аг яасан талаар нь асуухад нүдэнд нь Д.А гэмтэл учруулсан. Харин Ц.А Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулсан талаар хэлсэн. Тэгэхээр нь Ц.А цохиж унагаагаад А өшиглөсөн. Хэрвээ Ц.А цохиогүй байсан бол Д.А өшиглөж чадахгүй байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 161-163/,

Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... дотогш ороход Д.А, С.Т тэр 2 архи ууцгаачихсан нэлээд согтуу байдалтай дээгүүрээ нүцгэн, хоорондоо ноцолдсон шинжтэй байцгааж байсан. Гэхдээ С.Тийн биеийн байдал гадна талаасаа зүв зүгээр хэвийн байсан ба бид 2 нэмэгдээд ингээд 4-үүлээ архи ууцгаасан. Тэгсэн 18 цагийн үед С.Т согтуурхаад хашхираад, орилоод, энд тэндгүй шүлсээ хаяад давитаргүйтээд байсан болохоор нь Ц.А ах “Чи ингэж болохгүй, айлд ууж байж энэ айлыг хүндэл” гэсэн чинь нөгөөдөх нь тоохгүй өөдөөс нь хэдэрлээд байсан. Тэгсэн Ц.А ах ариун цэврийн өрөөний тэр хавьд С.Тийн гэдэс рүү баруун гараараа 1 удаа цохисон /Элэгдсэн/. Тэгсэн С.Т эвхрээд газарт уначихсан. Удалгүй босож ирээд хаалганы тэр хавьд сууж байхад нь Д.А том өрөөнөөс босож очоод С.Тийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “Хөөе больцгоо” гээд салгаад С.Тийг тэндээс аваад гартал баруун нүд нь улайчихсан байсан. Тэгээд гэр лүү нь дөхүүлж өгчхөөд “Нүдэн дээрээ төмс тавиарай” гэж хэлчхээд буцаад Аийн гэр лүү орсон Ц.А ах анзаарчхаад С.Тт “Ингэж болохгүй, айлыг хүндэл” гэж зөндөө хэлсэн. Тэгсэн нөгөөдөх нь тоохгүй өөдөөс нь агсраад байсан юм. Тэгэнгүүт л Ц.А ах баруун гараараа нэг элэгдсэн. Харин Д.А баруун хөлөөрөө нүүр хэсэг рүү нь 1 өшиглөсөн. Үүнээс өөрөөр бол тэр 2 С.Тт дахиж болон өөрөөр гар хүрээгүй С.Т тэр 2-н өөдөөс огт эсэргүүцээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0320 дугаартай ... С.Тийн биед баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдийг алимыг авсан мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-60-61/,

 Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Э.М, Ц.А нарын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай С.Тийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. С.Тийн сэтгэцэд DS:F43.2 Дасан зохицох эмнэг оношлогдож байна. Дээрх хор уршиг нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэмт хэргээс үүдэлтэй байх боломжтой байна. С.Тийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс үүдэлтэй DS:F43.2 Дасан зохицох эмнэг оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна дугаар хх-н 196-198/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ. .

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

    

Шүүгдэгч Д.А, Ц.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, 3 дахь хэсэгт “…Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно…” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ…” гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохироогүй ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг ба энэ нь гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр юм. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ц.А нь хохирогч С.Ттай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүний элэг хэсэг буюу аюулхай орчимд цохисны улмаас хохирогч нь газарт бохирон унасан үед нь шүүгдэгч Д.А хөлөөрөө хохирогчийн нүүр хэсэгт нь өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтлийг шууд учруулсан байна.

 

    Ингэснээр шүүгдэгч Д.А, Ц.А нар нь хохирогч С.Тийн бие махбодод халдан зодож баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч нарын өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь субьектив шинжийг тус тус хангаж байна.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х “...Миний үйлчлүүлэгч Д.А нь үйлдэл дээрээ маргадаггүй, харин хэргийн зүйлчлэл нь хэрхэн тохирч байгаа эсэх дээр шүүх дүгнэлт хийж өгнө үү” гэсэн саналыг, шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч С.Ш “...миний үйлчлүүлэгч Ц.Агийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө” үү гэсэн саналыг тус тус гаргаж байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.А, Ц.А нарыг согтуугаар хохирогч С.Ттай маргалдаж, шүүгдэгч Ц.Агийн хувьд хохирогчийн элэг хэсэг буюу аюулхай орчимд цохиж доош суулгасан, энэ үед нь шүүгдэгч Д.А хохирогчийн нүүр рүү өшиглөж гэмтэл  учруулсан үйлдлийг “хохирогч руу шууд чиглэсэн идэвхтэй үйлдлээрээ нэгдэж тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэсэн болно.

 

 Тиймээс шүүгдэгч нарыг хохирогч Ц.С.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах талаар урьдчилан үгсэн тохироогүй хэдий ч үйлдэл, сэдэлт, зорилгоороо санаатай нэгдэн хохирогчийн халдашгүй байдалд халдан түүнд хүнд хохирол, хор уршиг учруулсан гэж үзэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.  

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Э нь “...Хоёулаа буруутай гэж үзэж байна...” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.А, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ /хэтрүүлэн хэрэглэсэн/, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хүний ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Д.А, Ц.А нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс шүүхийн шатанд нэхэмжилсэн эмчилгээний зардлыг өмнөх шүүх хуралдаанд нөхөн төлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заажээ. 

 

Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Тийн биед баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирч баруун нүдний алим авахуулах мэс засалд орж, хиймэл протек суулгасан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон.

 

2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн хүнд зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж олгох”-оор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн хүнд гэмтэл учруулсны нөхөн төлбөрт 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /420.000 төгрөг/ 112 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 420.000х112=47.040.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.А, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч Д.А, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.А, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт тус тус 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү гэх…” саналыг, шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 3 жил, 05 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно…” мөн зүйлийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Аийн тухайд хохирогчид хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буй хэдий ч бүлэглэн үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй, шүүгдэгч Ц.Агийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, мөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.А, Ц.А нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, улсын яллагч, хохирогч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А, Ц.А нарыг тус бүрийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт Д.А, Т овогт Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А, шүүгдэгч Ц.А нарыг тус бүрийг 6 /зургаа/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ц.А нарт оногдуулсан тус бүрийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аэс 23.520.000 төгрөг, Ц.Агаас 23.520.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Дорноговь аймаг Сайншанд сум ... тоотод оршин суух, С овогт С.Т /РД.../-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОДБАЯР

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН