| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/266 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* харгана овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000100 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дорнод аймгийн ******* сумын ******* баг Сургуулийн байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1******* сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* харгана овогт ******* ******* /РД: /
Шүүгдэгч ******* харгана овогт ******* ******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* сум 6-р баг хороолол тоотод оршин суух иргэн ******* эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтэрч, нэг хайрцаг коньяк, хоёр хайрцаг зайрмагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн ******* 150,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух иргэн өмчлөлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж Нокиа маркийн цэнхэр өнгийн гар утас, 30 ширхэг 00-ын цаас, 18 литрийн боллонтой ус, 16 кг ямааны гулууз мах, хар өнгийн Эс-3 маркийн эвдэрхий гар утас, А-90 маркийн хөх цэнхэр өнгийн дэлгэц нь хагарсан гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 366,000 /Гурван зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сум 6 дугаар баг хороолол тоотод хүүхдүүдийн хамт амьдардаг. Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн өнгөрч байхад би гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад орой 18 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон юм. Гэртээ очоод хашааныхаа хаалгаар орсон чинь манай хашааны гадна талд нэг танихгүй залуу хоёр шуудайтай зүйл тавьчихсан зогсож байсан. ... шуудайтай зүйлийг нь гэрэлд харахад дотор нь зайрмаг харагдсан. Тэгэхээр нь танихгүй залуугаас наадах чинь юу юм бэ гэсэн чинь өө эгчээ дүү нь эгчийнхээрээ ороод жаахан юм аваад явж байна, одоо хөдөө гарлаа дүү нь ядраад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи миний дүү хаашаа явах юм эгч нь таксинд суулгаад өгье түр хүлээж байгаарай гэж хэлээд гэр лүгээ ороод харахад манай гэрийн хаалгыг цүү мушгичихсан байсан. ... энэ танихгүй залуу яг манай гэр рүү орж хулгай хийсэн байна гэж мэдээд дүү дуудаад хүлээж байх хоорондоо манай хашааны үүдэнд байсан танихгүй залуу руу очоод хоёр шуудайтай зүйлийнх нь нэгийг нь өөрийнхөө машинд хийж байхад тухайн танихгүй залуу та одоо яагаад байгаа юм бэ хүний юм аваад байх юм гэж хэлээд манай хашааны үүдэнд байсан тоосгыг аваад намайг цохих гээд над руу дөхөөд далайгаад байсан. Улмаар би тухайн залууг түлхэж унагаагаад дахин нэг шуудайтай зүйлийг нь хийх гэсэн чинь тэр танихгүй залуу цаашаа урд зүг рүү зугтчихсан. ... тухайн хоёр шуудайтай зүйлийг нь гэр лүгээ оруулсан чинь манай гэрт байсан зарж байгаа бараануудын цаасан хайрцагийг бүгдийг нь задлаад, манай хашаан дотор байсан хоёр шуудайтай модыг асгаад шуудайг нь аваад дотор нь зайрмаг, коньяк зэргийг хийж авч гарч байгаад надад баригдсан. Тэгээд тухайн хоёр шуудайтай зайрмаг, коньяк зэргийг гаргаад буцаагаад байшиндаа оруулаад зайрмагуудыг нь хөргөгчдөө хийчихсэн. Энэ хооронд манай дүү ирсэн бөгөөд тэгээд дүүтэйгээ хамт тухайн залууг 24 дүгээр байрны гадуур хайж явахад 24 дүгээр байрны эмийн сангийн зүүн талд явж байхад нь олж аваад цагдаа дээр дагуулаад ирсэн. Манайх хашаан дотроо байшин болон монгол гэр байдаг юм. Монгол гэр дотроо дэлгүүрүүдээр зардаг бараануудаа хадгалдаг юм. Харин байшин дотроо өөрсдөө амьдардаг. Бараа байсан гэррүүгээ ороход гэрийн тооноор дамжиж орсон юм шиг байна лээ. 5-аас 6 унь ойччихсон, тоонон дээр байсан пилонкыг нь дээшээ сөхчихсөн байсан. ... Хулгайлаад авч гарч байсан эд зүйлүүдээ бүгдийг нь буцаагаад авчихсан болохоор хохирол байхгүй...” гэжээ. /хх-ийн 19, 21 тал/
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 02 сарын 25-ны орой гадуур явж байхад эгч 18 цагийн орчимд байх залгасан. ... манай гэрт хулгай орсон байна чи хүрээд ир гэхээр нь би ******* сум 6 дугаар баг хорооллын тоот гэрт нь очсон. Тэгэхэд эгч энэ хоёр шуудайтай зүйлийг аваад гарч байхаар нь барьж авсан нөгөө хулгайч нь зугтчихлаа гэж хэлсэн бөгөөд хоёр шуудайтай зүйл нь зайрмаг байгаа харагдсан. ... бид хоёр юмыг оруулахад хаалганы цоожийг нь эвдээд гарсан унинууд нь унасан гэр доторх эд зүйлс нь эмх замбараагүй болсон байдалтай байсан бөгөөд тооноор орсон пилонкон уут нь урагдсан байсан. Ингээд бид хоёр юмаа тавьчхаад 24 дүгээр байрны зүүн талын Хас банктай ногоон байрны урд талаар төв зам руу ороод хойшоо эргээд явж байхад тухайн хулгай хийсэн хүнийг эгч явж байна гэж таниад би очиж барьж авсан. Ингээд цагдаа дуудсан. Би тухайн хулгай хийсэн хүнийг танихгүй харж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 23 тал/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Дорнод аймгийн ******* сумын ******* багийн хойд хэсгийн тоотод ам бүлийн хамт оршин суудаг. ... 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай аав болох надад хэлэхдээ “танай гэрийн хаалга үдийг эвдэж ороод эд зүйлс аваад явсан байна цагдаа гэрийн чинь гадаа ирсэн байна” гэж хэлсэн. Ингээд манай гэрт хулгай орсон талаар мэдсэн. Хүүхдийн хувцаснууд, нөхрийн дээл, цамц, савалгаатай ус, 30 ширхэг нойлын цаас, ямааны гулууз мах, даллаганд байсан 17,000 төгрөг, Самсунг Эс-5 загварын гар утас, нокиа загварын гар утас зэрэг эд зүйл алдагдсан. ... Манай гэрийн хаалга нугас нь тасарсан, цоож нь эвдэрсэн байсан ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 72-73, 75 талууд/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн охин гэрээс нь болох ******* сумын 0******* багийн тоотоос авч ажил дээр нь буулгачихаад буцаж ирээд галд нь нүүрс хийчихээд гэрийн хаалгыг цоожлоод гарсан. Гэтэл 16 цагийн орчимд манай охин болох гэрийн хашаанд хар өнгийн машин байсан. ...Тэгээд охины гэрийг хартал үүдний хаалганы цоож эвдэрсэн, доод талын нугас эвдэрсэн, хаалганы мод нь бага зэргийн эмтэрсэн байсан. ...Би тэр даруй охин руугаа гар утсаар холбогдож байгаа байдлын талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 80-81 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь андройд маркийн гар утас, мөн цэнхэр өнгийн нокиа маркийн гар утастай явж байсан...хэнийх гэдгийг мэдэхгүй. ..Би *******тэй хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 83 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай гэрт тус өдөр хулгай орж эд зүйл алдагдсан талаар эхнэр утсаар залгаж хэлсэн. ...Эхнэр хэлэхдээ нокиа гар утас, 30 ширхэг нойлын цаас, 18 литрийн ус, ямааны гулууз, А-90 маркийн болон S3 эвдэрхий гар утас алдсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 85 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 02 сарын 14-ний өдөр ахлагч хөдөлгөөнт эргүүлийн машинаар ******* сум ******* баг “Саяг” дэлгүүрт дуудлагын дагуу очоод буцаж явахад нэг залуу шуудайтай зүйл үүрээд явж байхаар нь шалгахад ******* гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд “юун эд зүйл авч яваа болох хаанаас авсан юм” гэхэд айлын гаднаас авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн айлыг заалгахад ******* сум ******* баг хойд хэсгийн тоотод задгай хашаатай эсгий гэрийн гадаа очсон. Ингээд айл руу ороход хаалга нь онгорхой байсан бөгөөд ******* хаалгыг нь эвдэж орсон гэж хэлсэн юм. Тэгсэн машинтай хүн ирэхээр нь уулзахад “энэ манай охин гэр байгаа юм, машин байхаар нь хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би “охин чинь хаана байгаа” талаар асуухад “барилга дээр ажиллаж байгаа” гэсэн тул тус *******ийн авч явсан гэх эд зүйлсийг таниулахад охины гэрт байдаг эд зүйлс мөн гэсэн тул хүлээлгэн өгсөн болно...” гэжээ. /хх-ийн 87 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12, 62 тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-65 тал/
- Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-68 тал/
- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Моотон харгана овогт ******* ******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* сум 6-р баг хороолол тоотод оршин суух иргэн ******* эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтэрч, нэг хайрцаг коньяк, хоёр хайрцаг зайрмагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч иргэн ******* 150,000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан, мөн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух иргэн өмчлөлийн Монгол гэрийн хаалгыг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж Нокиа маркийн цэнхэр өнгийн гар утас, 30 ширхэг 00-ын цаас, 18 литрийн боллонтой ус, 16 кг ямааны гулууз мах, хар өнгийн Эс-3 маркийн эвдэрхий гар утас, А-90 маркийн хөх цэнхэр өнгийн дэлгэц нь хагарсан гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 366,000 /гурван зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно”, “Бан Хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ******* 150,000 төгрөгийн, хохирогч 366,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал байхгүй, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* харгана овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ