Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2022/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, .. сумын .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Б овогт Г-н А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, .. сумын .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Е овогт Н-н Н-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Мягмар,

                                Нэхэмжлэгч Г.А /онлайнаар/,

                                Хариуцагч Н.Н /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Н-тай 2006 онд танилцан дотносож, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Бид богино хугацаанд хамт амьдарч байгаад хоорондын таарч тохирохгүй байдлаас шалтгаалж тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдраад 13 жилийн хугацаа өнгөрч байна. Бидний хамтын амьдралтай байхад 2008 оны 07 сарын 02-ны өдөр охин Н.Х маань төрж байсан. Гэвч Н.Н-н төрсөн охин биш тул энэхүү асуудлаас бид тусдаа амьдрах болсон. Харин албан ёсоор гэрлэлтийн баталгаатай байсан учир охиноо Н.Н-р овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан юм. Цаашид охин Н.Х-аа өөрийн нэрээр овоглож, овгийг нь солиулах болно. Миний хувьд одоо тогтсон амьдралтай болж 4 хүүхдийн ээж болсон. Иймд бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй учир гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид тогтоож өгнө үү. Бидний дунд үр хүүхдийн болон эд хөрөнгийн мөн бусад маргаан байхгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авах шаардлага байхгүй, нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А-н нэхэмжлэлд дурдагдсан бүхэн үнэн болохыг баталж байна. Бидний дунд үр хүүхдийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Х-г ээж нь өөрөөрөө овоглоход болон ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь тус шүүхэд хариуцагч Н.Н-т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)

Гэрлэгчид нь 2006 онд танилцан, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор бүртгүүлжээ. (хх 7 тал)

Нэхэмжлэгч Г.А нь 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Н.Х-г төрүүлсэн байх бөгөөд охиныг төрөх үед хариуцагч Н.Н-тай гэрлэлтийн баталгаатай байсан учир тэд охин Н.Х-г Н.Н-р овоглон төрсний гэрчилгээг авсан болох нь талуудын тайлбар, .. дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 1-2, 8, 16 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2008 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч, 3 хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 9 тал)

Нэхэмжлэгч Г.А нь 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Н.Х-г өөрийн асрамжид үлдээх санал гаргасныг хариуцагч Н.Н хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин Н.Х-г эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Н-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.А-д тус тус даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Е овогт Н-н Н, Б овогт Г-н А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Н.Х-ыг эх Г.А-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Н.Н-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА