| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2018/2062/и |
| Дугаар | 2242 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2242
Ц.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02062 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Б-д холбогдох
Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын Хово маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Алтангэрэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Будтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн автомашиныг 35 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 14 000 000 төгрөг өгнө гэсэн боловч тухайн өдөр 8 500 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө 08 дугаар сарын 15-ны дотор барагдуулна гэсэн боловч өгөөгүй, залгахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгөлгүй явсаар, бүтэн жилийн хугацаа өнгөрсөн. Үлдэгдэл мөнгөндөө 29-13 УНЯ улсын дугаартай ачааны самосвол машиныг миний нэр дээр шилжүүлж, барьцаанд үлдээнэ гэсэн боловч 2 машиныг бичиг баримт шилжүүлэхэд шаардлагатай мөнгийг надаар төлүүлээд үлдэгдэл тооцоон дээрээ Т.Б нь нэмж өгөхөөр тохирсон тул 8 500 000 төгрөг авсан гэж тооцоод хасаж, үлдэгдэл 26 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 26-93 УБН улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг Ц.Б аас худалдан авахаар унаж үзэхэд машин их дуу чимээтэй, мост нь ажиллахгүй байсан. Би энэ машин эвдрэлтэй байна, мөд маш их дуу чимээтэй байна гэхэд Ц.Б “Зүгээр ээ жоохон сул юм дуугарч байгаа, эвдэрчихвэл би сэлбэгийг нь аваад засаад өгнө” гэсэн тул 2017 оны 07 дугаар сарын 21-нд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед надад урьдчилгаа 14 000 000 төгрөг бэлэн байсан боловч шалгаж үзсэний дараа худалдан авах эсэхээ шийдье, хэрвээ эвдрэл байвал Ц.Б засаж өгнө гэсэн болзолтойгоор 9 000 000 төгрөг Ц.Б т бэлнээр өгч, машиныг хүлээн авсан. Хэнтийд наадам үзэхээр уг машиныг унаж явахад замдаа эвдэрснээр машин явахаа больсон тул өөр машинаар чирж Улаанбаатарт ирсэн бөгөөд Ц.Б т машин эвдэрсэн, засаж өг гэхэд за засаж өгье гэчихээд засаж өгөөгүй. Би уг машиныг 2 сар засварын газар засуулж, АНУ-аас редукторыг захиалж авчруулж хийлгэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний бие Ц.Б-ын өмчлөлийн 26-93 УБН улсын дугаартай автомашиныг засварын газар үзүүлэхэд урд хойд редуктор, амортизатор, хойд нум, кардон гол, рүлийн аппарат, босоо тэнцүүлэгч, өндгөн тулгуур зэрэг нь эвдэрсэн өөр бусад олон гэмтэл байна гэсэн тул 2 сар засварын газар засуулж АНУ-аас редукторыг захиалж авчруулан хийлгэсэн. Мөн засварын газар 2 сар зогсоосон зогсоолын мөнгө болох 900 000 төгрөгийг төлсөн. Нийтдээ уг машины засвар болон зогсоолын төлбөрт 13 310 000 төгрөг төлсөн. Иймд би засварын мөнгө 13 310 000 төгрөг, бэлэн өгсөн 900 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 12 690 000 төгрөгийг төлнө. Автомашин худалдах, худалдан авах гэрээ хийхдээ тур зуур Ц.Б-ын эзэмшилд шилжүүлсэн байсан 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн миний өмчлөлийн машин нь уг хэрэгт хамааралгүй тул дээрхи машины эзэмшлийг өмчлөгч Ц.Буд миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Дээрх эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээг байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэсэн заалт байгаа бөгөөд эдгээр хүмүүс машиныг унаж үзэн, шалгаж худалдан авсан. Хэнтийд наадамд явсан нь үнэн байх, түүнээс хойш сарын дараа намайг мөнгө нэхэмжлэх хүртэл холбогдоогүй. Мөнгө нэхээд ирэхээр элдэв эвдрэл гарсан гэж шалтаг хэлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хариуцагч машиныг шалгаж авсан, удаан хугацаа өнгөрсний дараа эвдрэлиийн талаар хэлсэн тул өөрсдөөс нь шалтгаалсан гэж үзэж байгаа. Надтай төлбөр тооцооны талаар нэг ч удаа холбогдоогүй. Надаас мөнгө нэхэмжилсэн гэдэг нь худал. Би өөрөө холбогдох гээд чадахгүй бүтэн жил тойрч хойноос нь олон мессеж бичсэн байдалтай байгаа. Уг 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн машиныг миний дээр шилжүүлсэн боловч Ц.Буд нь өөрөө унаж ашиглаж байгаа тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Будаас 26 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б т олгож, илүү нэхэмжилсэн 500 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Т.Будын 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг, хариуцагч Т.Будаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Будаас улсын тэмдэгийн хураамжид 287 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангэрэл давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлээс 500 000 төгрөг хасч үлдэх 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн худалдсан автомашин нь биет байдлын доголдолтой байсан нь сүүлд мэдэгдсэн. Уг доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгчээс тухайн үед удаа дараа шаардсан боловч арилгаж өгөөгүй учир хариуцагч Т.Б аргагүйн эрхэнд өөрөөсөө 13 000 000 төгрөг гаргаж доголдлыг арилгасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой, хэрэв тухайн худалдсан эд хөрөнгө доголдолтой тохиолдолд мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч уг доголдлыг арилгах, эсхүл өөр ижил төрлийн эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Иймээс худалдсан автомашины доголдлыг арилгаж хэвийн байдалд оруулах үүргийг худалдагч хүлээх ёстой байтал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч аргагүй эрхэнд түүний өмнөөс 13 000 000 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж заасан тул хариуцагчаас гарсан 13 000 000 төгрөгийн зардлыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 26 000 000 төгрөгөөс хасаж тооцолгүй шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 26 500 000 төгрөг болгон шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Б-ын эзэмшилд шилжүүлсэн 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Зохигчидын хооронд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Ц.Б-ын өмчлөлийн 26-93 УБН улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг 35 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 14 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах, нэхэмжлэгч нь 26-93 УБН улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг бичиг баримтын хамт Т.Б-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан байна. Иймд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан, хариуцагч нь уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөөс 9 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрт барьцаа болгож өөрийн өмчлөлийн 29-13 УНЯ улсын дугаартай SINOTRUK өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины бичиг баримтыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн талаар зохигчдын хэн алин нь маргаагүй байна.
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...худалдан авсан 26-93 УБН улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашин нь доголдолтой байсан, энэ талаар Ц.Б т хэлж байсан тул гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухай төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.
Автомашин худалдах, худалдан авах гэрээний 3.4-т “...автомашиныг үзэж шалгаж авсан болно” гэж заасан байхын зэрэгцээ, уг автомашиныг хүлээлцэх үед доголдолтой байсан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч Ц.Буд нь 26-93 УБН улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг хүлээн авснаас хойш тухайн эд зүйлийн доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч нь уг автомашины эвдрэл гэмтэл болон тэр доголдолтой холбоотой шаардлага гаргаж байсан зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт байхгүй тул уг автомашины доголдолтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээний үнийг бууруулах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Ц.Б-ын эзэмшилд шилжүүлсэн 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулахаар шаардсан байх тул өмчлөлийн асуудал хамааралгүй болно.
Дээрх 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашин нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлснээр барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болох тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин шүүх автомашины худалдах, худалдан авах гэрээний барьцааны зүйл буюу 29-13 УНЯ улсын дугаартай SINOTRUK өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины бичгийн эзэмшигчийн нэрийг буцаан шилжүүлэхтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
Шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдаанд хариуцагч Т.Б оролцож, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагчид мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Будаас 26 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б т олгож, нэхэмжэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.Будын 29-13 УНЯ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын хово маркийн автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Будаас төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН