| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/04785/И |
| Дугаар | 001/ХТ2025/00088 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2025/00088
Г ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05764 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00294 дүгээр магадлалтай,
“Х ” ХХК-д холбогдох
Хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулж хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05764 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х " ХХК-ийн хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэгч Г т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00294 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х ” ХХК-д холбогдох, хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэгч Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн “М” XXК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум-Ханги боомт хүртэл хүнд даацын нүүрсний 478 км авто замын нэгдүгээр багц болох 78 км авто замыг хийж байсан. Миний бие Хялгант тосгонд байрлуулсан өөрийн бутлуурыг угсарч дуусаад 2022 оны 10 сараас “М” ХХК-ийн Өмнөговийн төсөлд мөн бутлуур аваачиж угсран ажилласан.
“М” XXК нь иргэн Г ийн бутлуур гэдгийг мэдээгүй гэдэг нь худал юм. “М” XXК нь мэдээгүй байсан бол надтай “Хайрга дайрга нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ” байгуулахгүй байх байсан. Үүнээс харахад “Х ” ХХК-ийн удирдлага, талбай дээр ажиллаж байсан инженер, “М” ХХК-ийн удирдлага, талбай дээр ажиллаж байсан инженерүүд иргэн Г ийн бутлуур гэдгийг мэдээгүй гэдэг нь худал юм. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс баталгаа гэх бичгийн дагуу “Х” ХХК-ийн талд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд “Х” ХХК, “М” ХХК, гуравдагч этгээд болох “Т“ ХХК аль нь ч баталгаа гэх бичиг дээр заасан чулууг буталсан эсэх талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Уг бичгийн агуулга нь чулуу буталж чадахгүй бол бутлуурыг өгнө гэх утгатай бичиг юм. “Х” ХХК нь үнэхээр шударга эзэмшигч юм бол чулууг буталж чадаагүй талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй. “М” ХХК болон “Т” ХХК нотлох баримт гаргаж өгөөгүй. Миний ойлгож байгаагаар та нар гэрээний дагуу чулуу буталж чадсангүй үүнээс болж манай компани ийм хохирол амссан учир тооцоо нийлж танай буталсан чулуу хэдэн төгрөг болж, иймд хэдэн төгрөгөөр бодож бутлуурыг чинь авлаа гэж бичиг үйлдэх ёстой. Уг хүмүүс маань иргэн биш компани юм.
Мөн “Х” ХХК нь өөртөө гэрээ байгуулаагүй, өөрийн туслан гүйцэтгэгч “М” ХХК-тай гэрээтэй компаниас бутлуурыг нь авч байгаа дээрэм юм. “Х” ХХК нь үнэхээр буталсан чулуунаас болж хохирол амссан бол шүүхэд нэхэмжлэл гарган өөрийн туслан гүйцэтгэгч “М” ХХК-аар хохирлоо төлүүлэх боломжтой байхад туслангийн туслан гүйцэтгэгчийн хөрөнгийг дээрэмдэн авч өөрсдийн хоорондох өглөг авлагаа шийдэж байгаа нь шударга бус юм.
Үүнээс харахад “Х” ХХК болон “М” ХХК нь Г ийн бутлуур гэдгийг мэдсээр байж “Т” ХХК-тай баталгаа гэх бичиг үйлдэн Монгол Улсын жирийн иргэний эд хөрөнгийг нийлж дээрэмдэн авч байна. “Х” ХХК нь баталгааны бичгийн дагуу чулуу буталж чадаагүй талаарх ямар нэгэн бичиг баримт, дансны хуулга, тооцоо нийлсэн акт зэрэг байхгүй анхан шатны шүүхэд огт яригдаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хариуцагчийн талд шийдвэр гаргаж байгаа нь шударга бус байна. Миний бие шударга шүүхээр маргаанаа шийдүүлэх зорилгоор гомдол гаргаж байгаа тул шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025.02.07-ны өдрийн 210/МА2025/00294 дүгээр магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтад бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж, эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт. Магадлалын хянавал хэсэгт ”...Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ" маргаан бүхий бутлуурыг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул хариуцагч “Х ” ХХК-ийг барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх буюу Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээд “Х” ХХК-ийн хувьд хөрөнгө эзэмшигч “Т” ХХК нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох юм” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Х ” ХХК маргаан бүхий бутлуур хэний өмчлөлийнх болохыг баттай мэдэж байсан нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:
А. “И” ХХК-ийн захирал нь Г бөгөөд тус компани нь “М” ХХК-тай 2022.05.20-ны өдөр “Хайрга дайрга нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байдаг буюу энэхүү гэрээний дагуу “И” ХХК-ийн захирал Г нь өөрийн өмчлөлийн ком бутлуураа ашиглан “Хурдын зам” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажлын талбарт буюу Эрдэнэ-Хялгант чиглэлийн гүүр хүртэлх замд хайрга дайрга нийлүүлж байсныг “М” ХХК нь гэрээ байгуулсан тул мэдэж байсан, мөн “М” ХХК нь “Х ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2022.05.20-ны өдрийн 22/17, 22/18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул “Х ” ХХК-ийн инженерүүд өдөр бүр хяналт тавьж байсан тул “Х” ХХК нь ч дээрх ком бутлуурыг иргэн Г ийн өмчлөлийн бутлуур гэдгийг мэдэж байсан нь тогтоогдоно.
Б. “Х" ХХК нь 2024.06.06-ны өдрийн 04/144 дугаартай шүүхэд өгсөн хариу тайлбартаа “М” ХХК болон “И” ХХК нарын хооронд “Хайрга, дайрга нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан талаар дурдсан байдаг тул дээрх ажил дээр ашиглаж байсан ком бутлуур хэний өмчлөлийн бутлуур болохыг мэдэж байсныг давхар нотолно.
В. Баталгаа гэх нэртэй 2022.10.25-ны өдрийн гэрээний дагуу “Х” ХХК нь “Т” ХХК-д 50,000,000 төгрөг шилжүүлсэн гэх бичгийн баримт хэрэгт байхгүй, хэрэгт өөрсдөө 50,000.000 төгрөг гэсэн хүснэгт бүхий шивэлттэй зүгээр нэг эксел дээрх юм хэвлээд өгсөн байдаг буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байдаг, 50,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолдоггүй, түүнчлэн үнэхээр “Т” ХХК нь Баталгаа гэх бичгийн дагуу 1000 м.куб буталсан чулуу бэлтгэж чадаагүй гэдгийг нотолсон тооцоо нийлсэн акт хэрэгт байхгүй, баталгаа гаргасныхаа дагуу ажиллаж буталсан чулуу бэлдэж чадаагүй гэдгийг “Х ” ХХК нь нотолж чадаагүй, нотлох ямар ч бичгийн баримт хэрэгт байхгүй атал зүгээр л “Т” ХХК нь баталгааны дагуу чулуугаа бутлаагүй, хийж чадаагүй учраас Баталгаа гэх гэрээний дагуу авсан гэсэн амаар шүүх хурал дээр хийсэн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүх өөрөө хэрэгт авагдаагүй баримтын хүрээнд шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Г. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалтад гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэсэн байгаа нь хөдлөх хөрөнгийн хувьд эзэмшилдээ байлгаж байгаа өмчлөгч тухайн тохиолдолд эрх ашгаа хамгаалах, шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгч болохоо нотлох шаардлагагүй байхаар, эсхүл эзэмшиж байсан өмчлөгч биш этгээд өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд түүний өмнөөс эзэмшигч шаардах эрх хэрэгжүүлэх зэрэг агуулгаар хэрэглэгдэх юм. Өөрөөр хэлбэл, өмчлөгч бус эзэмшигч нь эд зүйлийг захиран зарцуулах, барьцаалах зэрэгт гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогдох ойлголт биш юм. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар Барьцаалагч нь мэдэх боломжгүй байсан гэдэг нь тогтоогдохгүй, түүнчлэн Баталгаа гэх гэрээний дагуу авсан гэх ч “Баталгаа”-ны гэрээг дүгнэсэн ямар нэгэн акт хэрэгт байхгүй, баталгааны дагуу “Т” ХХК-ийг ажлаа хийгээгүй гэдгийг нотлоогүй атлаа бусдын өмчлөлийн бутлуурыг авсан нь үндэслэлгүй байна. Иймд барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.
Хоёрдугаарт. Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч нь барьцааны үндсэн дээр нэхэмжлэгчийн бутлуурын тоног төхөөрөмжийг эзэмшилдээ шилжүүлэн авсан эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэдий хөдлөх эд хөрөнгийн хувьд, ялангуяа ком бутлуурын хувьд эзэмшигч нь хууль ёсны өмчлөгч мөн гэдгийг тогтоох боломжгүй мэт боловч бодит байдал дээр “Х ” ХХК-ийн ажлын талбарт буюу тэдний гүйцэтгэж буй ажил дээр “М” ХХК, “И” ХХК буюу иргэн Г нар нэгэн зэрэг ажил хамт гүйцэтгэж байсны хувьд, нөгөөтээгүүр хоорондоо гэрээ байгуулан хамтран ажиллаж байсны хувьд ком бутлуурыг хэний өмчлөлийнх болохыг мэдэх боломжтой, мэдэж байсан нь тодорхой байдаг. “И” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийг ч “Х” ХХК нь мэддэгийн хувьд, “И” ХХК-ийн гүйцэтгэж буй ажилд “Х ” ХХК-ийн инженерүүд хяналт тавьж байсны хувьд ч маргаан бүхий бутлуурыг хэний өмчлөл болохыг мэдэж байсан нь тодорхой байдаг. Мөн дээрх Нэгдүгээрт хариулсан тодорхой хариултаас үзэхэд хариуцагчийн ком бутлуурыг өөрийн эзэмшилдээ авсныг хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00391 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч Г нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан гаргасан чулуу бутлуурын тоног төхөөрөмжийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “... “И” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан хайрга дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээгээр Булган аймгийн Хангал сумаас Хялгант гүүр хүртэлх замын ажилд хэрэглэх хайрга дайргын буталгааны ажилд ашиглах зорилгоор чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүдийг 2022 онд худалдан авсан юм. Уг тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 05 сард Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Хялгант тосгонд хайрга дайргын бутлуурын ажилд ашиглахаар зөөж тээвэрлэн суурилуулсан. ...Ажил дууссан тэр даруй зөөгөөд аваад явахад бэрхшээлтэй тул ажлын талбайд үлдээгээд, харуулдаа захиад явсан. Тоног төхөөрөмжөө буцааж авахаар 2024.04.20-ны өдөр ирэхэд “Х ” ХХК-ийн эзэмшилд байсан ба эд зүйлээ авъя гэхэд өгөөгүй, ... хууль бус эзэмшлээс гаргуулна” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...манай “Х ” ХХК нь Хангал сумын төвөөс Хялганатын төмөр бетон гүүр хүртэлх 16 км авто замын ажлыг гүйцэтгэх гэрээний хүрээнд “М” ХХК-тай 2022.05.20-ны өдөр №22/17, №22/18 тоот гэрээг тус тус байгуулан ажилласан. Харин “М” ХХК нь “И” ХХК-тай Хайрга дайрга нийлүүлэх, худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. ...Г тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Манай компанийн туслан гүйцэтгэгч “М” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Т” ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул дээрх тоног төхөөрөмжийг манайд барьцаалсан. Энэ нь уг компаниас гаргасан баталгааны баримтаар тогтоогдоно. Тоног төхөөрөмжийг барьцаалах үед “Т” ХХК-ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэх боломжгүй байсан. Г нь тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлохгүй байна” гэсэн тайлбар гаргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж, “...“Т” ХХК нь тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгө гэж бидэнд ойлгуулсан. Ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул уг тоног төхөөрөмжийг манай ерөнхий гүйцэтгэгч “Х ” ХХК нь барьцаалсан. “Т” ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ тоног төхөөрөмжид 50,000,000 төгрөгийн засвар оруулах зардлыг өгвөл ажлыг бүрэн гүйцэтгэнэ гэж манай компаниас 50,000,000 төгрөгийг авсан” гэсэн бол,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж, “...уг тоног төхөөрөмжүүд нь Г ийн өмчлөлийн хөрөнгө. Анх ажил гүйцэтгэх үед Г нь “М” ХХК-ийн зааснаар талбайд авчирч суурилуулж байсан. “Х ” ХХК-д гаргасан баталгааны баримтад манай захирлыг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан” гэж тус тус тайлбарлаж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Г нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь тогтоогдож байх тул хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч “Х” ХХК нь тоног төхөөрөмжийг хуульд зааснаар эзэмшилдээ олж авсан, “Т” ХХК-ийг ажлаа бүрэн гүйцэтгэвэл уг компанид буцаан хүлээлгэн өгнө гэсэн тайлбар гаргасан ба маргааны зүйлийг хуульд заасан аргаар олж авсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч нь “Т” ХХК-аас 2022.10.25-ны өдөр “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал С-д өгсөн баталгаа гэх баримтыг үндэслэн барьцааны гэрээ байгуулах замаар тоног төхөөрөмжийг эзэмшилдээ авсан гэж маргах боловч ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд хэний өмчлөлийн, ямар эд хөрөнгийг барьцаалсан болох нь тодорхойгүй буюу уг баримтад талуудын маргааны зүйл болох ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг тодорхой нэрлэн заагаагүй байна. Хариуцагч “Х” ХХК нь хэний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө буюу тоног төхөөрөмжийн эзэмших эрх хэнд байгаа талаарх үйл баримтыг тодруулалгүй маргааны зүйл болох эд хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээдээс эзэмшилдээ авсан байх тул шударга эзэмшигч гэж үзэхгүй. Түүнчлэн “Т” ХХК нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг бусдад барьцаалах эрхийг Г өөс олгоогүй болохыг тайлбарласан. “Х” ХХК нь Г ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг “Т” ХХК-аас шилжүүлж авахдаа хуульд заасан арга, хэлбэрээр аваагүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийхийн зэрэгцээ хариуцагч “Х” ХХК нь буруутай этгээдээс гүйцэтгэвэл зохих үүрэг болон учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, ажлын талбайд байрлуулснаас гадна энэ талбайд “И” ХХК, “Т” ХХК-ууд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй, ...маргаж буй бутлуурын тоног төхөөрөмж нь арлын дугааргүйгээс гадна ямар нэг бүртгэлгүй эд хөрөнгө байна. Анхан шатны шүүх хариуцагчийг бутлуурын тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй. Учир нь, “Т” ХХК-ийн захирлаас “Х ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С-д гаргасан баталгаа гэх баримтад “...2022.10.30-ны байдлаар үндсэн хүчин чадлаар бүрэн ажиллаж байгаа нотлох, хэрэв энэ хугацаанд хүчин чадлыг бүрэн хэмжээгээрээ ажиллуулж харуулж чадахгүй бол угсарч байрлуулсан бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх болно” гэжээ. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэжээ. Тухайн маргаан бүхий бутлуурын тоног төхөөрөмжийг барьцаалуулсан, барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул хариуцагч “Х” ХХК-ийг барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Хариуцагч нь маргаан бүхий тоног төхөөрөмжид арлын дугаар бүхий бүртгэлийн баримт бичиггүй учир нэхэмжлэгчийн өмч болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээд “Х” ХХК-ийн хувьд хөрөнгө эзэмшигч “Т” ХХК нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох юм. Хариуцагч нь барьцааны үндсэн дээр нэхэмжлэгчийн бутлуурын тоног төхөөрөмжийг эзэмшилдээ шилжүүлэн авсан эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана” гэжээ.
10. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч Г нь “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017.01.26-ны өдөр бүртгэгдсэн ба тэрээр маргааны зүйл болох чулуу бутлуурын тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаа бөгөөд талууд өмчлөгч хэн болох тухайд биш харин хариуцагчийн эзэмшил хууль ёсных мөн эсэх талаар маргасан байна.
12. “Х” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2022.05.20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч “М” ХХК нь захиалагч “Х” ХХК-д Хангал сумын төвөөс Хялганатын төмөр бетон гүүр хүртэлх 23.6 км замын ажлын төмөр бетон гүүрний ажлыг хийж гүйцэтгэн 2023.08.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон./I-хх-68-69/ “М” ХХК нь “И” ХХК-тай байгуулсан 2022.05.20-ны өдөр “Хайрга-дайрга нийлүүлэх, худалдах-худалдан авах гэрээ”-гээр “И” ХХК нь чанарын шаардлага хангасан 100,000 м.куб хайрга-дайрга нийлүүлэлтийг Булган аймаг, Хангал сумын нутаг дэвсгэр Хангал сумаас Хялганат гүүр хүртэл ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК, туслан гүйцэтгэгч “М” ХХК-д 2022.05.20-ны өдрөөс 2022.08.20-ны өдрийг хүртэл хугацаагаар нийлүүлэхээр харилцан тохиролцсон. /I-хх-6-11/ Харин “М” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2022.09.20-ны өдөр “Хайрга-дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан ба “Т” ХХК нь чанарын шаардлага хангасан 75,000 м.куб хайрга дайрга нийлүүлэлтийг Орхон аймаг, Эрдэнэт-Хялганат чиглэлийн 23.6 км авто замын өргөтгөл засвар шинэтгэлийн ажилд 2022.09.28-ны өдрөөс 2022.12.20-ны өдрийг хүртэл хугацаагаар нийлүүлэхээр харилцан тохиролцсон. /I-хх-71-75/ Тодруулбал, “Х” ХХК нь “М” ХХК-аар 23.6 м.кв замын ажлын төмөр бетон гүүрний ажлыг гүйцэтгүүлэх, уг ажлыг гүйцэтгэхдээ “М" ХХК нь “И” ХХК болон “Т” ХХК-уудаар хайрга, дайргыг нийлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр тус тус тохирсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн гэрээ, талуудын хэн алины тайлбараар тус тус тогтоогдсон.
13. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г нь маргааны зүйл болж буй тоног төхөөрөмжийг 2022 оны 5 сард “М” ХХК-ийн заасан талбайд ажил гүйцэтгэхэд зориулж байрлуулж ажиллуулсан, улмаар уг төхөөрөмжийг “М” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2022.09.20-ны өдөр байгуулагдсан “Хайрга-дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 2022.09.28-ны өдрөөс “Т” ХХК ашиглаж эхэлсэн, ажлын энэ талбайд нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжөөс өөр төхөөрөмж суурилагдан ашиглагдаагүй үйл баримт тогтоогдож байна.
14. “Т” ХХК-аас 2022.10.25-ны өдөр “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал С-д “Хийж буй ажилд баталгаа гаргах” нь гэсэн баримтыг үйлдэж, хамтран ажиллагч “М” ХХК, “Х ” ХХК-ийн захирлууд гарын үсгээ зурсан байна. Уг баримтад “...Миний бие Эрдэнэт-Хялганат чиглэлийн 23.63 км авто замын буталсан чулуу, асфальт бетон, бетон зуурмагийн ажилд шаардлагатай 75,000 м.куб буталсан чулууг буталж дуусгахаар “М” ХХК-ийн З-тай тохиролцож өөрийн бутлуурыг угсарч ажиллаж байна. Үндсэн хүчин чадлаар өдөрт 1000 м.куб буталсан чулуу гаргах хэмжээнд хүргэх үүрэгтэй. Одоогийн байдлаар өдөрт 150 м.куб буталсан чулуу бэлтгэж нийт 600 м.куб буталсан чулууг бэлдсэн байна. Иймээс тооцоот хүчин чадлаар ажиллахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч цаашид хийгдэх ажилдаа баталгаа гаргаж өгч байна. Одоо байгаа бутлуурыг сайжруулахад шаардлагатай байгаа зардалд 50,000,000 төгрөг урьдчилгаа болгон авах. 2022.10.30-ны байдлаар үндсэн хүчин чадлаар бүрэн ажиллаж байгаа нотлох. Хэрэв энэ хугацаанд хүчин чадлыг бүрэн хэмжээгээрээ ажиллуулж харуулж чадахгүй бол угсарч байрлуулсан бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх болно” гэсэн байх бөгөөд энэ баримт нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болжээ.
15. Нэхэмжлэгч Г нь “... тоног төхөөрөмжөө ажлын талбайд үлдээгээд явсан. Ажил дууссан тэр даруй зөөгөөд аваад явахад бэрхшээлтэй байдаг тул харуулдаа захиад явсан” гэсэн тайлбарыг хэрэгт авагдсан гэрээнүүдийн огноотой харьцуулан үзэхэд “И” ХХК нь 2022 оны 5 сараас 8 сарыг дуустал тухайн ажлын талбай дээр бутлуурын тоног төхөөрөмжийг ажиллуулсан ба харин “Т” ХХК нь 2022.09.28-ны өдрөөс ашиглаж эхэлсэн байх тул хариуцагч “Х” ХХК-ийг “... хэний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө буюу тоног төхөөрөмжийн эзэмших эрх хэнд байгаа талаарх үйл баримтыг тодруулалгүй маргааны зүйл болох эд хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээдээс эзэмшилдээ авсан байх тул шударга эзэмшигч гэж үзэхгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэснийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
16. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...барьцаалах үед “Т” ХХК-ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэх боломжгүй байсан. Г нь тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлохгүй байна” гэж тайлбарласан ба давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий бутлуурын тоног төхөөрөмжийг барьцаалуулсан, барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул хариуцагч “Х” ХХК-ийг барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Тодруулбал, дээрх баталгааны баримтад “Т” ХХК нь бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бичгээр баталгаа гаргасан. Нөгөөтээгүүр, хариуцагч нь маргаан бүхий тоног төхөөрөмжид арлын дугаар бүхий бүртгэлийн баримт бичиггүй учир нэхэмжлэгчийн өмч болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь гуравдагч этгээд “Х ” ХХК-ийн хувьд хөрөнгө эзэмшигч “Т” ХХК нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК нь туслан гүйцэтгэгчээр “И” ХХК-ийн дараа оролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж ажлын талбай дээр ашиглагдаж байсан гэдгийг мэдэхгүй байсан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, магадлалыг хүчингүй болгоно.
17. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00294 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 03 сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД