Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэнданзан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Э.Батбаатар,

шүүгдэгч С.Мөнгөнтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1987/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сүхбаатарын Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн 2017 2601 0106 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Сүхбаатарын Мөнгөнтуяа нь Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний эх нарын хамт амьдардаг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4-р баг, Тээлд оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 2-27 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй. (РД:УШ 92061963).

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод иргэн Э.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжний зүүн хажуу хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Мөнгөнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хамбын 2-27 тоотод хамтран амьдрагч Э.Индэрт, түүний эх Т.Жамбаа нарын хамт байхад Э.Индэртийн найз Цагаанаа манайд нэг шил архитай ирсэн. Цагаанаагийн авчирсан архинаас би 3 хундага уусан. Тэгээд архиа гаргах санаатай  унтсан. Орой 18-19 цагийн үед босоод хоолоо хийгээд байж байтал Т.Азжаргал эгч хохирогч Э.Батбаатарын эхнэрийн хамт нэг шил архи бариад манайд орж ирсэн. Араас нь хохирогч Э.Батбаатар манайд орж ирээд “эхнэрээ явъя” гээд, эхнэртэйгээ маргалдаад манайд чанга, чанга яриад байхаар нь би түүнд “болиоч, манай байр нийтийн байр шүү дээ, чимээгүй бай” гэж хэлсэн. Тэгэхэд Э.Батбаатар намайг “чи хэзээ ийм болчихсон юм, янхан минь” гэж хэлсэн. Тэгтэл Э.Индэртийн ээж босож ирээд Э.Батбаатарыг “чи хүн доромжилдог хэн бэ, зайл” гэж хэлэхэд Э.Батбаатар манай хадам ээж Т.Жамбааг цохиод авсан. Тэр үед Э.Индэрт гаднаас орж ирээд ээжийгээ өмөөрч Э.Батбаатартай муудалцахад Э.Батбаатар Э.Индэртийн хагалгаа хийлгээд боолттой байсан хацар руу нь цохисон чинь цус гарсан. Тэгэхээр нь би мах хэрчиж байсан хутгаараа Э.Батбаатарыг цохих гэж байгаад хутгалсан. Э.Батбаатарын биед нэг удаа хутгалсан. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Э.Батбаатараас хүлцэл өчье. Э.Батбаатарыг 4-5 жилийн өмнөөс таньдаг болсон. Хувийн өш хонзон байхгүй. Э.Батбаатарт учирсан хохирлыг нь төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Хохирогч Э.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь болсон асуудлын талаар худал ярьж байна. Тухайн үед болсон зүйлийг би бүгдийг нь санаж байгаа. Энэ хэрэг нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр болсон юм. Энэ өдөр С.Мөнгөнтуяа бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Тухайн өдөр би С.Мөнгөнтуяагийн гэрийн гадна машин дотор сууж байсан. Харин Т.Азжаргал эгч, манай эхнэр хоёр С.Мөнгөнтуяагийн гэр рүү хамт орсон. Тэгээд Т.Азжаргал эгч, эхнэр хоёр гарч ирэхгүй удаад байхаар нь дуудах санаатай С.Мөнгөнтуяагийн гэрт ороод Т.Азжаргал эгчийг явъя гэхэд Т.Жамбаа гэх авгай босож ирээд намайг шууд алгадсан. Тэгэхээр нь би “та яаж байна” гэж хэлээд Т.Жамбаа гэх авгайг цээж рүү нь түлхээд суулгасан. Гэтэл С.Мөнгөнтуяа босож ирээд манай ээжийг яаж байнаа “алнаа” гээд байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс “наадахаа ал” гээд бүгд босоод ирсэн. Гэтэл С.Мөнгөнтуяагийн хадам ээж болох Т.Жамбаа нь миний нүүрийг маажсан. С.Мөнгөнтуяа нь миний далан дээр 2 удаа хутгалсан. Тэгэхээр нь би гараад зугтах гэсэн чинь Т.Жамбаа гэх авгай миний куртикнаас зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд зууралдаж байхад С.Мөнгөнтуяа миний бөөр рүү нэг удаа хутгалсан. Тэгээд зугтаж коридорт гараад шатан дээр зогсож байсан чинь надаас Т.Жамбаа гэдэг хүн салахгүй байсан. Би Т.Жамбаа гэдэг хүнд “би хутгалуулсан байна, намайг тавиач” гэж хэлсэн. Би арай гэж зугтаж гарсан. Тухайн үед С.Мөнгөнтуяатай хэрүүл маргаан хийх зав байхгүй байсан. Тэгээд би хутгалуулчихаад гараад ирсэн чинь байрны жижүүр нь цагдаа дуудсан байсан. Одоо биеийн эрүүл мэндийн хувьд зүүн бөөр хөндүүр өвчтэй, хүнд юм өргөж чадахгүй байгаа. Энэ хэргийн улмаас эмчилгээний зардал их гарсан. Эмчилгээ хийлгэх үедээ зарцуулсан эм тарианыхаа зардлын баримтыг цуглуулдаг гэдгээ мэдээгүй. Хагалгаа хийлгэсэн. Хагалгааны зардалд 330,000 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжилж байна. Гадуур хийлгэсэн эмчилгээний зардал 300,000 төгрөг болсон. Эдгээрийг нэхэмжилнэ. Би С.Мөнгөнтуяаг хэл амаар доромжлоогүй гэв.  

 

Эрүүгийн 2017 2601 0106 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч Э.Батбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 1 дүгээр сарын 11-ний орой Ууганбаатар ах, бэргэн Азжаргал хоёр гэртээ байсан. Тэр орой тэднийд хонож маргааш нь буюу 12-ны өглөө хоёр том савтай пивийг Азжаргал эгч бид хоёр уусан. Манай эхнэр пивоноос нэг их уугаагүй. ...Тэгээд өдөр хоол идээд оройхон 16-17 цагийн орчимд бүтэн нэрийг нь мэдэхгүй Нараа гэх хүн 0,33 литрийн Хараа архи авч орж ирсэн. Би түүнээс нь нэг татсан байх. Оройхон 18 цагийн орчимд Азжаргал эгч Мөнгөнтуяагийнх руу очъё гээд Азжаргал эгч, Ариунаа, бид гурав Цамбагаравын ар талд гэр хороололд 2 давхар тоосгон байшинтай хашааны гадна очсон. Азжаргал эгч ороод ирье гээд гэртээ задлаад дээрээс нь нэг нэг хундага татсан Улаанбаатар нэртэй, 0,75 граммын архиа бариад машинаас буусан. Ариунаа бид хоёр арын суудал дээр суугаад үлдсэн. Тэгээд нилээн удаад гарч ирэхгүй болохоор нь дуудахаар орсон. Хаалгаар ороод тоосгон байшингийн 2 давхар руу өгсөж явахад өөдөөс бүтэн нэрийг нь мэдэхгүй Цагаанаа гэх Эрдэнэтийн ах бууж ирсэн. Түүнтэй мэндлээд гар бариад дээшээ гарсан. Мөнгөнтуяагийнд ороход биеийн тамирын хувцастай эмэгтэй цонх налаад зогсож байсан. Хацартаа боолттой залуу уг эмэгтэйн баруун гар талд зогсож, цамцтай эмэгтэй буйдан юмуу нэг юман дээр сууж, Азжаргал эгч үүдэн талд нь сууж байсан. Мөнгөнтуяа гал тогооны шүүрний ойролцоо юм хийж байгаа бололтой зогсож байсан. Би ороод Азаа эгч явъя гэж хэлсэн. Тэгтэл настай авгай босч ирэнгүүтээ намайг шууд алгадсан. Тэгэхээр нь та яаж байгаа юм гээд уг эмэгтэйг түлхсэн чинь Мөнгөнтуяа миний ээжийг яаж байгаа юм гээд дайрсан. Мөнгөнтуяа намайг ал ал гээд орилоод байсан. Тэгтэл Мөнгөнтуяа гал тогооны дээрээс хөх иштэй хутга шүүрээд авахаар нь би зугтаах гэтэл настай авгайн хүү нь намайг зуураад барьчихсан байсан учраас би зугтааж чадаагүй. Ямар ч байсан миний зүүн тал руу нэг хатгаж авсан. Тэднийхээс гараад коридорт цамцтай эмэгтэй намайг зуурчихаад тавихгүй шатанд тулсан. Тэгтэл миний зүүн бөөрний дээр хүйт оргиод байхаар нь гараа явуулаад тэмтэрч үзсэн чинь фудволк маань цус болсон байсан. Тэгээд гараад Ариунааг “энийг хардаа” гэсэн чинь “хутгалсан байна” гэж хэлээд түргэнд дуудлага өгсөн. Түргэний эмч үзээд намайг шууд БХХСАХНЭ-д хүргэж ирсэн. Дотуур цус алдалттай байна гээд тэр оройдоо хагалгаанд орсон. Одоо биеийн байдал гайгүй болж байна. Хагалгааны зардал 330,000 төгрөгийг эмнэлэг нэхээд байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг [1],

-түүний дахин 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

“...Бэр эгч Азжаргалын хамт 3 ширхэг 2 литрийн “Сэнгүр” нэртэй пивийг хувааж уусан. 17 цагийн үед Азжаргал эгч манай хуурай дүү Мөнгөнтуяагийнд очьё гээд эхнэр бид хоёрыг дагуулаад явах замдаа дэлгүүр орж 0,75-грийн Улаанбаатар нэртэй архи худалдаж авсан. Машин дотор эгч бид хоёр 50-ын аяганд нэг хийж уучихаад үлдэгдэл архийг нь Мөнгөнтуяагийн байгаа айл руу авч орсон. Би хамт ороогүй машиндаа үлдсэн. Тэгээд нилээд удаад байхаар би араас нь дуудах санаатай орсон чинь Азжаргал эгч нилээд согтчихсон орон дээр нь сууж байсан. Харин манай эхнэр үүдэнд нь зогсож байсан. Би тухайн үед тэр айл руу ороод “Азаа эгчээ явах уу” гэсэн чинь тэр айлын эзэн гэх авгай босож ирээд юу ч ярихгүй шууд хацар руу алгадаад авахаар нь “та яаж байгаа юм” гээд түлхсэн чинь нөгөө эгч орон дээрээ суучихсан. Тэгтэл Мөнгөнтуяа “чи манай ээжийг яаж байгаа юм” гээд над руу дайрсан. Тэр үед Жамбаа гэх авгай куртикнээс зуураад байтал Мөнгөнтуяа буцаж тавиур дээр байсан хутга аваад над руу дайраад ирэхээр нь буцаад зугтсан чинь араас бөөр рүү хутгалсан байсан. Би тухайн үед мэдээгүй гараад иртэл манай эхнэр “чамайг хутгалчихсан, би харсан” гэж байсан. Миний хувьд тухайн үед согтуу биш нилээд халамцуу тэнд болж байгаа үйл явдлыг бүрэн мэдэж байсан.  Би тухайн үед Мөнгөнтуяад юу ч хэлээгүй, тийм ч боломж байгаагүй, тэд бүгд согтуу байсан. Би тэд нартай зодолдож цохисон зүйл байхгүй. Тэгээд намайг эмнэлэгт байхад Мөнгөнтуяа над руу утсаар ярихад “чи юу гэж худлаа яриад байгаа юм бэ, би чамайг болон танай найз залууг цохиж зодсон зүйл байхгүй биз дээ” гэсэн чинь Мөнгөнтуяа “уучлаарай би айгаад худлаа ярьчихсан юм” гэж байсан, өөрөө мэдэж байгаа. Би Мөнгөнтуяаг зүс танина. 2005 оны үед манай найзын ах Төрөө гэх залуутай Эрдэнэт хотод хамт амьдарч байгаад салсан. Түүнээс хойш огт уулзаж байгаагүй. Тухайн үед намайг хутгаар хатгах үед манай эхнэр харсан байсан. Би Мөнгөнтуяаг тавиур дээрээс хутга авч байхыг харсан. Азжаргал эгч согтсон юу болж байгааг мэдээгүй байх. Тэр айлын Жамбаа гэх авгай надтай зууралдаад, бас хүү нь салгах гээд зууралдсан байдалтай байхад Мөнгөнтуяа араас хутгаар хатгасан тул тэр хүмүүс хараагүй байх. Тухайн үед манай эхнэр болон тэр айлын эзэн гэх Жамбаа, түүний хүү гэх залуу, Мөнгөнтуяа, Азжаргал эгч бас нэг танихгүй хүүхэн байсан. ...Эмчилгээний зардал болох 330.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

2.Гэрч Х.Ариунсэтгэлийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...Э.Батбаатар нь миний нөхөр байгаа юм. ...2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой нөхөр Батбаатарын ах Ууганбаатарынд Нарангийн голд байх гэрт нь очсон. Гэрт нь Ууганбаатар ах, эхнэр Азжаргал эгч нар байсан. Тэднийд тэр орой хоносон. Маргааш өглөө нь ...Азжаргал эгч, Батбаатар бид гурав үлдэж 2 литрийн том савтай пиво уусан. Нараа гэх Азжаргал эгчийн танил эмэгтэй 0,33 гр Хараа архи авчирсан байсан, түүнээс нь би уугаагүй. Батбаатар уг архийг уусан. Азжаргал эгч 1 шил 0,75 гр Улаанбаатар архи авсан. Түүнээсээ нэг нэг хийж ууцгаасан. 18 цагийн орчим Азжаргал эгч бүтэн нэрийг нь мэдэхгүй Мөөгийгийнд 34-н гүүрний хойд талын нийтийн байранд байх гэрт нь очсон. Батбаатарыг машинд үлдээгээд Азжаргал эгч бид хоёр гэрт нь ороход Мөнгөнтуяа, түүний нөхөр, нөхрийнх нь ээж, өөр нэг залуу, хүүхэн зэрэг хүмүүс байсан. Азжаргал эгч ороод Мөнгөнтуяаг үнсээд юм яриад байсан. Батбаатарыг гадаа үлдээчихсэн болохоороо би гарч яваад Батбаатарыг аваад эргэж орж ирсэн. Тэгтэл ээж нь гээд байсан хүн босч ирэнгүүтээ Батбаатарыг алгадаад авсан. Тэгтэл Батбаатар тэр эгчийн дух руу гараараа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс манай нөхөр рүү дайрсан. Мөнгөнтуяа ээжийн дух руу наадах чинь цохичихлоо шүү дээ гээд байсан. Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад Батбаатарыг хүмүүстэй зууралдаж байхад араас нь хутгалсан. Тэгэхээр нь нөхрийг маань хутгалчихлаа, болиоч дээ гэж хэлсэн чинь больсон. Тэгээд би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Батбаатарын зүүн бөөр орчимд нэг, зүүн дал орчимд нэг хутгалсан байсан. Түргэний эмч ирж үзээд шууд БХХСАХНЭ-д хүргэж ирсэн. Хэвлий рүү нэвтэрсэн цус алдалт байгаа учраас хагалгаанд шууд оруулсан. ...Миний хувьд Мөнгөнтуяаг танихгүй. ...Мөнгөнтуяа архи уусан байсан...”  гэх мэдүүлэг [3] ,

 

- 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрчээр мэдүүлсэн: “...манай нөхөр рүү тэнд байсан нэг хөгшин эгч дайраад барилцаад зууралдаж байсан чинь Мөнгөнтуяа гэх согтуу эмэгтэй манай нөхрийг хутга аваад араас нь нэг удаа хэвлий бөөр хэсэгт нь хатгаж байсныг нь би харсан. Тэгээд манай нөхөр зугтаагаад гадагшаа гарахад би араас нь очиж “чамайг энэ согтуу эмэгтэй араас чинь хутгалсан” гэж хэлсэн. Би тухайн үед хэвлий бөөр хэсэг рүү нь нэг удаа хатгаж байхыг нь харсан. ...Тэр эмэгтэй хутгатай гараараа манай нөхрийн цээж хэсгийн хувцаснаас нь бариад авсан болохоор нь дал орчим нь дахиад хутгаараа хатгачихлаа гэж бодсон учраас тэгж мэдүүлсэн. Тухайн үед манай нөхөр хагалгаанд ороод босож чадахгүй хөдөлгөж болохгүй гэж эмч хэлсэн байсан болохоор зүүн дал хэсгийг нь хараагүй байж байгаад дараа нь нөхрийнхөө дал орчмыг үзэхэд ямар нэгэн хутгаар хатгасан сорви шарх байгаагүй учраас нэг удаа зүүн бөөр, хэвлий хэсэг рүү нь хатгасан юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг [4]

 

3. Гэрч Э.Ууганбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

 “...Намайг Эрдэнэтэд байж байхад Азжаргал надад Батбаатарыг Мөнгөнтуяа хутгалсан тухай хэлсэн. ...” гэх мэдүүлэг [5],

 

4. Гэрч Т.Жамбаагийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Мөнгөнтуяа манай хүү Индэртийн найз охин. 2016 оны 11 дүгээр сараас хойш бид хамт амьдарч байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед би хүү Индэрт түүний найз охин  Мөнгөнтуяа нарын хамт түрээслэж амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 2-27 тоотод байж байтал хүүгийн найз ...Цагаанаа ирсэн. 17 цагийн орчимд Цагаанаагийн найз хүүхэн болох Оюунаа гэх эмэгтэй ирсэн. Би өглөө эрт гарч яваад 15 цагийн орчим гэртээ ирсэн. Ингээд зурагт үзээд Мөнгөнтуяа банштай хоол хийх гээд сууж байсан. Тэгтэл 19 цагийн орчим хаалга нүдсэн. Хаалгаа нээтэл Мөнгөнтуяагийн салсан нөхрийнх нь эгч, нөхрийнхөө дүү болох Батбаатар түүний эхнэр нэрийг нь мэдэхгүй шар хүүхэн согтуу байдалтай нэг шил 0,75 гр “Улаанбаатар” нэртэй архи бариад орж ирсэн. ...Азаа гэгч хүүхэн сайн уу миний дүү, чамайг их санасан шүү хайртай шүү, танайхыг хайсаар байгаад арай гэж олж ирлээ гэж хэлж байсан. Тэгтэл Мөнгөнтуяа яах гэж ирж байгаа юм бэ, ийм балай балай юм дагуулж ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би айлд орж ирсэн юм байна, цай уугаад гар, ийшээ суу суу гэж хар цай чанасан байсан түүнийгээ сүлж цай хийж өгсөн. Мөнгөнтуяа хоолоо хутгаад сууж байсан чинь Батбаатар гэгч Мөнгөнтуяагийн толгой руу хуруугаараа тоншиж “чи муу хэзээ ийм сүрхий болчихсон юм бэ янхаан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, яагаад чи хүүхэд доромжлоод байгаа юм, зайл чи, гарцгаа” гэж хэлсэн чинь “чи муу авгай юу юм бэ” гээд миний дух руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь самардсан. Тэгээд байж байтал манай хүү Индэрт бие засаад гаднаас орж ирээд намайг өмөөрч Батбаатар гэх залуугийн нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгтэл Батбаатар Индэртийн зүүн талын хацар руу гараараа цохьсон. Индэрт зүүн хацарт мэс засал хийлгэсэн боолттой байсан. ...нэг мэдсэн чинь цагдаа орж ирчихсэн байсан. ...Би Батбаатарыг Индэртийн хацар руу цохиод авахаар нь хүүхдээ өмөөрөөд Батбаатартай зууралдаж наашаа цаашаа болж байхад цагдаа ороод ирсэн. ...Хөх бариултай хутга манай хутга мөн байна. Мөнгөнтуяа эрхэлсэн тодорхой ажилгүй, Саппора дээр биеэ үнэлдэг гэдгийг нь мэднэ. Манай хүү Индэртийн найз охин гээд бидний түрээслэж амьдарч байгаа байранд 11 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа. ...Мөнгөнтуяа жаахан уучихсан байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг [6] ,

5. Гэрч Т.Азжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Мөнгөнтуяа бид хоёр Эрдэнэтийнх, бие биенээ таньдаг хуурай эгч дүүс юм. ...2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчимд нөхрийн дүү Батбаатар түүний эхнэр Ариунаа бид гурав очиж Батбаатар машинд үлдээд, Нарангийн голын эцсийн дэлгүүрээс худалдаж авсан 0,75 гр Улаанбаатар архи нэг шилийг авсан байсан. Түүнийгээ аваад Ариунаа бид хоёр түрүүлж гэрт нь орсон. Батбаатар, Ариунаа бид гурав манай гэрт 0,75 гр Улаанбаатар архи хоёрыг, пиво зэргийг уусан, нилээн согтуу байсан. Мөнгөнтуяагийнд явж ороход Жамбаа эгч, Мөнгөнтуяа, түүний найз залуу нар байсан. Цай хийж өгөхөөр нь авч орсон архиа задлаад уусан. Би нилээн согтуу байсан учраас авч орсон архинаасаа ямар хэмжээтэйг ууснаа санахгүй байна. Тэгээд Батбаатар бидний араас орж ирээд “намайг явья” гэж байсан. Нэг мэдсэн чинь Жамбаа эгч Батбаатарыг алгадсан. Тэгтэл Индэрт ээжийгээ өмөөрсөн байх, нэг мэдсэн чинь Батбаатар хутгалуулчихлаа гээд түргэн, цагдаа болчихсон байсан. ...Би нилээн их согтуу учраас Мөнгөнтуяаг Батбаатарын хаана нь хутгалсаныг ч мэдээгүй. Харин сая л эмнэлэг дээр нь очиж харахад зүүн бөөрнийх нь дээр хутгалсан байсан. Батбаатар дотуур цус алдсан гээд хагалгаанд ороод гарсан байна. ...Мөнгөнтуяа, Батбаатар хоёр бие биенээ танина. Тэр хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй жирийн танилуудын хэмжээнд л харьцдаг. Мөнгөнтуяа урьд Саппаро дээр биеэ үнэлдэг байсан. ...Батбаатар Ууганбаатарын төрсөн дүү. ...” гэх мэдүүлэг [7],

 

6. Гэрч Э.Индэртийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчим хөлсөлж амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 2-27 тоотод ээж Жамбаа, Мөнгөнтуяа, манай найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Цагаанаа, Оюун-Эрдэнэ нарын хамт хоол хийж идэх гээд байж байтал хаалга тогшсон. Тэгтэл бүдүүн Азжаргал, танихгүй эмэгтэйн хамт 0,75 гр улаан шошготой дээрээс нь бага зэрэг уусан бололтой архи бариад орж ирсэн. Мөнгөнтуяа яаж гэр мэдсэн юм бэ гэсэн чинь хайсаар байгаад олоод ирлээ гэж Азжаргал хэлсэн. Аниадаа архинаас аяганд хийгээд өг гээд ширээн дээр архиа тавьсан. Тэгэхээр нь би аяганд жаахан архи хийж өгсөн. Азжаргал нилээн согтуу, хамт яваа хүүхэн нь ч согтуу байсан. Мөнгөнтуяа Азжаргалд та ирвэл ганцаараа ирэхгүй яах гэж энэ хүн дагуулж ирсэн юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би бие засахаар гарахад согтуу залуу коридорт зөрөөд өнгөрсөн. Тэр үед манайх руу орж байна гэж мэдээгүй. Тэгээд бие засчихаад эргээд гэртээ ороод ирсэн чинь Мөнгөнтуяа хоолоо хутгаад сууж байсан чинь надтай зөрөөд орсон залуу манайд ороод ирчихсэн Мөнгөнтуяагийн ард нь халаасандаа гараа хийчихсэн зогсож байснаа нэг гараа гаргаж Мөнгөнтуяагийн толгой руу цохиж “чи муу хэзээ ийм болчихсон юм бэ, янхан минь” гэж хэлсэн. Тэгтэл манай ээж Жамбаа “чи яахаараа хүний охиныг цохьдог юм бэ” гээд босоод ирсэн чинь ээжийн дух руу гараараа цохьсон. Тэгэхээр нь пизда минь чи яахаараа миний ээжийг цохьдог юм бэ гэсэн чинь эргэж хараад миний зүүн оёдолтой хацар руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний энгэрээс заамдаж барьчихаад мөргөх гээд дайраад байхаар нь хөөе наад оёдол гээд би өөрийгөө хамгаалж түүний куртикнээс нь барьж аваад гар чи гээд чирээд хаалгаар гарсан. Тэгтэл коридорт ээжийг үсдэж аваад дарсан. Тэгэхээр нь би түүнийг салгаж авсан. Тэгтэл тэр гараад явсан. Тэгсэн чинь Азжаргал манай машиныг битгий яваарай байж бай гээд хэлчих гэхээр нь би хэлэх гээд гарсан чинь хашаан дотор Батбаатар куртикээ зүүн бөөрнийхөө орчмоор сөхөөд намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь Азжаргалтай хамт орж ирсэн хүүхэн Батбаатарын эхнэр юм билээ, хажууд нь Мөнгөнтуяаг хутгалсан гээд зогсож байсан. Би яг хаана хутгалсаныг нь мэдээгүй. Намайг Батбаатарыг чирээд гаргаж байхад л араас нь хутгалсан юм шиг байсан. Батбаатарын куртикийг сөхөж харахад фудволк нь цус болчихсон гараараа дараад байсан Тэгээд удаагүй байтал цагдаа, эмнэлэг хоёр цуг ирсэн. Цагдаа ирэхээс өмнө бужигнаж байхад Цагаанаа, эхнэртэйгээ явчихсан байсан. ...Цагаанаа, Оюун-Эрдэнэ, Мөнгөнтуяа гурав 0,5 литрийн Ерөөл архи нэгийг уусан байсан. ...Хөх бариултай хутга манай хоол хүнсэндээ хэрэглэдэг манай гэрийн хутга юм. 2016 оны 06 сард Мөнгөнтуяатай анх танилцсан. Засаж аваад хамт Хөдөө очиж амьдаръя гэж боддог ...” гэх мэдүүлэг [8] ,

 

7. Гэрч Л.Оюун-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхошуунд байж байхад бүтэн нэрийг нь мэдэхгүй Цагаанаа Индэртийн ээжийн утсаар над руу залгаж Индэртийнд байна хүрээд ирээч гэж 2-3 удаа ярьсан. ...Би 17 цагийн орчим 34-ийн гүүрнээс хойш гэр хороололд байх нийтийн байранд Индэртийнд явж очиход гэрт нь Мөнгөнтуяа, Индэрт, Цагаанаа, Индэртийн ээж Жамбаа эгч нар байж байсан. Мөнгөнтуяа Индэрттэй хамт амьдардаг. Тэд архи уусан бололтой Индэрт эрүүл, Мөнгөнтуяа, Цагаанаа хоёр нилээн согтуу байсан. Намайг очсоноос хойш архи уугаагүй. Мөнгөнтуяа хоол хийх гээд сууж байсан. Тэгтэл Азжаргал эгч танихгүй хүүхэнтэй хамт гаднаас орж ирсэн. Гартаа дээрээс нь уусан бололтой 0,75 литрийн Улаанбаатар архи нэг шилийг барьж орж ирсэн. Азжаргал эгч их согтуу байсан. Жамбаа эгчтэй Азжаргал эгч цай уугаад юм яриад сууж байсан. Азжаргал эгчтэй хамт орж ирсэн хүүхэн Цагаанааг таньдаг юм билээ. Тэд хоорондоо юм яриад байсан. Цагаанаад танай найз чинь гадаа машин дотор байгаа шүү дээ гэж хэлж Цагаанаа тэр хүүхэн хоёр гараад явсан. Удалгүй гаднаас Цагаанаа нөгөө хүүхэн, түүний нөхөр бололтой залуу гурав орж ирсэн. Цагаанаа миний хажууд ирээд суусан. Нөгөө хүүхэн Азжаргал эгчийн хажууд суусан. Нөхрийгөө ийшээ суугаач гэж хэлж байсан. Тэгэхэд нөхөр нь суугаагүй. Тэр залуу нилээн согтуу, эхнэрийнхээ үгэнд орж суухгүй байхаар нь Мөнгөнтуяа “чи одоо болиоч дээ, наадах чинь нийтийн байр шүү дээ” гэж хэлж байсан. Мөнгөнтуяа тэр залууг таньдаг юм билээ, нэрийг нь тухайн үед хэлж байсан. Тэгтэл тэр залуу Мөнгөнтуяаг “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд толгойг нь түлхээд байсан. Тэгэхэд Мөнгөнтуяа Азжаргал эгчид “та наадахдаа хэлээч дээ, дуугай бол” гэж хэлж байсан. Тэр залуу их согтолттой байсан чанга, чангаар ер нь далчигнаад байсан. Тэгтэл Жамбаа эгч “согтуу чи айлд орж ирээд яагаад байгаа юм бэ” гээд сууж байснаа босоод ирсэн. Индэртийн ээж гэж мэдээгүй байх. Тэгтэл тэр залуу Жамбаа эгчийн цээж рүү түлхсэн. Нэг харсан чинь Жамбаа эгчийг үсдээд доош нь дарсан байсан. Тэгтэл Индэрт, Мөнгөнтуяа хоёр уурлаж чи муу миний ээжийг ингэдэг хэн бэ гээд дайрсан. Тэгтэл Индэртийн зүүн хацар боолттой байсан түүн рүү нь гараараа цохьсон. Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад тэр залуугийн нуруу руу нэг удаа хатгасан. Ойролцоо газар л хатгах шиг болсон. Ямар ч байсан зүүн бөөр орчим нь харагдсан. Тэгтэл Индэрт Мөнгөнтуяаг хараад “яаж байгаа юм бэ чи” гээд хутгыг нь булааж аваад цааш нь хураасан. Тэгж байхад байрны эзэн настай ах орж ирээд биднийг хөөж гаргасан. Тэгэхэд нөгөө залуу коридорт Жамбаа эгчийг үсдчихсэн зогсож байсан. Тэгээд гарсан чинь нөгөө залуугийн эхнэр цагдаа дуудмаар байна хаягийг нь хэлээд өг гээд орилоод зогсож байсан. Тэгээд л Цагаанаа бид хоёр гараад явсан. Маргааш өглөө нь Индэрт руу утсаар залгаж юу болсон талаар асуухад Мөнгөнтуяаг цагдаа аваад явсан, хорино гэсэн гэж хэлсэн. ...Мөнгөнтуяа Цагаанаа, Жамбаа эгч хоёрыг бодвол арай илүү согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг [9] ,

 

8. Гэрч С.Гал-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны 09 цагаас 13-ны өдрийн 09 цаг хүртэл цагдаа жолооч, ахлах ахлагч Ганбаатарын хамт “Бүргэд 112” чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчим “Бүргэд 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийг өгсөн. Уг хаяган дээр явж очиход хутгалуулсан залуу нь эхнэрийнхээ хамт уг тоотын хашааны гадна машин дотор сууж байсан. Хутгалуулсан залууг Батбаатар гэж байсан. Өөрийгөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 10-09 тоотод оршин суух хаягтай, бэр эгч Азжаргал, эхнэр Ариунаа нарынхаа хамт Мөнгөнтуяагийн гэрт ирсэн. Тэд архи уусан, Мөнгөнтуяатай маргалдсанаас Мөнгөнтуяа намайг хутгалсан гэж ярьж байсан. Батбаатар, Ариунаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд Мөнгөнтуяагийнд ороход гэрт нь Азжаргал, Индэрт, Жамбаа, Мөнгөнтуяа гэх хүмүүс байсан. Азжаргал, Жамбаа нар архи уугаад сууж байсан. Индэрт хоол хийж байсан. Мөнгөнтуяа хаалга онгойлгож өгөөд зогсож байсан. Мөнгөнтуяагаас яагаад иргэн Батбаатарыг хутгалж байгаа юм бэ гэж асуухад би хутгалаагүй, манайд хутгалсан хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хутгалсан хутга чинь хаана байна гэхэд хутга байхгүй гэж хариулсан. Гэр дотор хутга байж болох газруудыг харахад гал тогооны тавиур дээр саван дотор хөх бариултай хутга ил харагдсан. Ингээд гэрт байсан хүмүүсийг аваад гэрийг нь түгжүүлээд “Бүргэд-10” дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэднийхээс гарч ирэхэд 103 ирсэн байсан. Батбаатарыг эмч үзээд эхнэртэй нь хамт аваад явсан. Батбаатар хутгалуулсан гээд машинд сууж байхад нь “хаана чинь хутгалсан юм” гэж асуухад зүүн бөөрний дээхнэ хутгалуулсан шарх цус гарсан байдалтай байсныг хувцсаа сөхөж харуулсан. Тухайн үед би нэг л газар хутгалсан юм байна гэж ойлгосон. Тэдний гэрт ороход цэвэр цус нөж болсон зодоон нүдээн болсон гэх шинж тэмдэг байгаагүй. Гэрт нь Индэрт, Азжаргал, Мөнгөнтуяа, Жамбаа нараас өөр хүн байгаагүй. Харин тэд хэлэхдээ тэднээс гадна 2 хүн байж байгаад явчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг [10],

 

9. Гэрч А.Туулын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Мөнгөнтуяагийн эх нь байгаа юм. Мөнгөнтуяа эцэг эхээс хоёулаа, айлын том охин, доороо нэг дүүтэй. ...Мөнгөнтуяа нь эмээ, өвөөтэйгээ амьдарч байгаад хоёр хөгшин өнгөрсөнөөс хойш гадуур явдаг болсон. Уг нь цайлган сэтгэлтэй өглөгч, тусархуу зантай, зүрхээр нь хатгадаг, татаж унадаг бие муутай. Сэтгэл санаа тогтворгүй хүний үгээр л хүн байгаа юм. Өөрийн гэсэн орон гэр байхгүй, ажил төрөл хийж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [11],

 

10. Гэрч А.Ганчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Мөнгөнтуяагийн ээж Туулын төрсөн эгч нь юм. ...Мөнгөнтуяаг багаас нь манай ээж бид хоёр өсгөсөн. Ээж маань өнгөрөөд 3 жил болж байна. ...Эмээ, өвөө хоёр нь нас барсанаас хойш л наашаа гэх хүнгүй болчихоод байгаа юм. ...Эд хөрөнгийн талаар түүнд орох орон гэр, эд хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг [12],

 

11. С.Мөнгөнтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим хаалга тогшихоор нь онгойлгоход миний танил эгч болох Азжаргал бэр Ариунаагийн хамт орж ирсэн. Тэд 0,5 гр Улаанбаатар архи 1 шилийг барьж орж ирсэн. Нэг нэг татаж амжаагүй байхад Батбаатар гаднаас орж ирсэн. Батбаатар намайг хоол хийгээд сууж байсан чинь миний толгой руу  тогшиж чи хэзээ ийм болчихсон юм бэ янхан гэх зэргээр хэлсэн. Тэгтэл Индэртийн ээж Жамбаа чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Батбаатар Жамбаа эгчийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь Жамбаа эгч өөдөөс нь алгадсан. Индэрт хөөе чи болиоч гэтэл Батбаатар Индэртийн зүүн хацар руу гараараа цохиод авсан. Тэгээд би нэг мэдсэн чинь уурандаа хоолны шүүгээн дотроос хутга авч Батбаатарыг хутгалсан байсан. Хоолны хөх бариултай хутгаар хутгалсан ...” гэх мэдүүлэг [13] ,

12. С.Мөнгөнтуяагийн яллагдагчаар 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн: “...Гаднаас Батбаатар нилээн согтуу орж ирээд “чи хэзээ ийм болчихсон юм, чамайг мэднэ шүү дээ янхан минь” гээд дайраад байсан чинь Жамбаа эгч цаанаас босож ирээд “чи юу гээд хүн доромжлоод байгаа юм, гэрээс гар” гээд түлхсэн. Батбаатар Жамбаа эгчийн нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл бас Батбаатар Индэртийг цохиод авахаар нь би мах хөшиглөж байсан цэнхэр иштэй хутгаараа Батбаатарын ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хатгасан. ...Батбаатарыг 7-8 жилийн өмнөөс таньдаг. ...Тухайн үед Батбаатар намайг хэл амаар доромжлоод хоол хийгээд цаашаа хараад зогсож байхад толгойны араас мангасдаад байсан. ...” гэх мэдүүлэг [14] ,

 

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1786 дугаартай актын:

Хэсэг газрын үзлэгт:  Хэвлийн урд хэсэгт цэвэр боолттой. Хэвлийн баруун урд хэсгээс тунгалаг саарал өнгийн гуурс гаргаж цэвэр боолт хийсэн байдалтай. Цээжний зүүн хажуу дунд хэсэгт 2 см урт мэс заслын оёдол бүхий шархтай. Нурууны зүүн дунд хэсэгт 1,5х0,8 см нугалам дагуу баруун дунд хэсэгт 2,5 смх 0,4 см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

-БХХСАХНЭ-Н 000647 тоот өвчтний түүхээс “... хэвлийн хөндийг нээв. Шалгахад хэвлийн зүүн тал аарцгийн хөндийд цустай байсныг соруулан авахад 200,0 мл орчим байв. Цааш шалгахад дэлүүний ар доод хэсэгт хэвлий рүү нэвтэрсэн гялтангийн 1,5 см орчим шархтай байсанд оёдол тавьж битүүлэв.

-Онош: Хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт.

Дүгнэлт:

1.Э.Батбаатарын биед хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /шинжээч Б.Долгормаа/ [15] ,

 

14. Шүүхийн шинжилгээни үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 588 дугаартай дүгнэлтийн :

“... Хутган дээрээс бэхжүүлсэн гэх 4, 5 ,6 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN0053100017848 MN003010002540, MN000210019073, MN 003010000570 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Сүхбаатар овогтой Мөнгөнтуяагийн баруун гарын дунд, ядам, чигчий хурууны хээтэй, …тохирч байна...” гэсэн хэсэг [16] ,

 

15.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [17] , хохирогч Э.Батбаатар өмсөж явах гэх хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл [18] , 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн илтгэх хуудас [19],

 

16. ”Хөх бариултай” хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл [20]

 

17. Хохирогч Э.Батбаатарын 2017 оны 1 дүгээр сарын 12-ноос 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [21] ,

 

18.Шүүгдэгч С.Мөнгөнтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа [22] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Мөнгөнтуяад  холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод иргэн Э.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжний зүүн хажуу хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Мөрдөн байцаалтад:

-хохирогч Э.Батбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Мөнгөнтуяа гал тогооны дээрээс хөх иштэй хутга шүүрээд авахаар нь би зугтаах гэтэл настай авгайн хүү нь намайг зуураад барьчихсан байсан учраас би зугтааж чадаагүй. Ямар ч байсан миний зүүн тал руу нэг хатгаж авсан. ...миний зүүн бөөрний дээр хүйт оргиод байхаар нь гараа явуулаад тэмтэрч үзсэн чинь фудволк маань цус болсон байсан. Тэгээд гараад Ариунааг “энийг хардаа” гэсэн чинь “хутгалсан байна” гэж хэлээд түргэнд дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [23],

  - 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлсэн “...Мөнгөнтуяа “чи манай ээжийг яаж байгаа юм” гээд над руу дайрсан. Тэр үед Жамбаа гэх авгай куртикнээс зуураад байтал Мөнгөнтуяа буцаж тавиур дээр байсан хутга аваад над руу дайраад ирэхээр нь буцаад зугтсан чинь араас бөөр рүү хутгалсан байсан. Би тухайн үед мэдээгүй гараад иртэл манай эхнэр “чамайг хутгалчихсан, би харсан” гэж байсан. ...” гэх мэдүүлэг [24], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Л.Оюун-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Мөнгөнтуяа хоол хийх гээд сууж байсан. Тэгтэл Азжаргал эгч танихгүй хүүхэнтэй хамт гаднаас орж ирсэн. Удалгүй ...Цагаанаа тэр хүүхэн хоёр гараад явсан. Удалгүй гаднаас Цагаанаа нөгөө хүүхэн, түүний нөхөр бололтой залуу гурав орж ирсэн. Цагаанаа миний хажууд ирээд суусан. Нөгөө хүүхэн Азжаргал эгчийн хажууд суусан. Нөхрийгөө ийшээ суугаач гэж хэлж байсан. Тэгэхэд нөхөр нь суугаагүй. Тэр залуу нилээн согтуу, эхнэрийнхээ үгэнд орж суухгүй байхаар нь Мөнгөнтуяа “чи одоо болиоч дээ, наадах чинь нийтийн байр шүү дээ” гэж хэлж байсан. ...Тэгтэл тэр залуу Мөнгөнтуяаг “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд толгойг нь түлхээд байсан. Тэгэхэд Мөнгөнтуяа Азжаргал эгчид “та наадахдаа хэлээч дээ, дуугай бол” гэж хэлж байсан. Тэр залуу их согтолттой байсан чанга, чангаар ер нь далчигнаад байсан. Тэгтэл Жамбаа эгч “согтуу чи айлд орж ирээд яагаад байгаа юм бэ” гээд сууж байснаа босоод ирсэн. ...Тэр залуу Жамбаа эгчийн цээж рүү түлхсэн. Нэг харсан чинь Жамбаа эгчийг үсдээд доош нь дарсан байсан. Тэгтэл Индэрт, Мөнгөнтуяа хоёр уурлаж “чи муу миний ээжийг ингэдэг хэн бэ” гээд дайрсан. Тэгтэл Индэртийн зүүн хацар боолттой байсан түүн рүү нь гараараа цохьсон. Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад тэр залуугийн нуруу руу нэг удаа хатгасан. Ойролцоо газар л хатгах шиг болсон. Ямар ч байсан зүүн бөөр орчим нь харагдсан. Тэгтэл Индэрт Мөнгөнтуяаг хараад “яаж байгаа юм бэ чи“ гээд хутгыг нь булааж аваад цааш нь хураасан. ...Мөнгөнтуяа Цагаанаа, Жамбаа эгч хоёрыг бодвол арай илүү согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг [25] ,

-гэрч Т.Жамбаагийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Мөнгөнтуяа банштай хоол хийх гээд сууж байсан. Тэгтэл 19 цагийн орчим хаалга нүдсэн. Хаалгаа нээтэл Мөнгөнтуяагийн салсан нөхрийнх нь эгч, нөхрийнхөө дүү болох Батбаатар түүний эхнэр нэрийг нь мэдэхгүй шар хүүхэн согтуу байдалтай нэг шил 0,75 гр “Улаанбаатар” нэртэй архи бариад орж ирсэн. ...Мөнгөнтуяа яах гэж ирж байгаа юм бэ, ийм балай балай юм дагуулж ирлээ гэж хэлсэн. ...Мөнгөнтуяа хоолоо хутгаад сууж байсан чинь Батбаатар гэгч Мөнгөнтуяагийн толгой руу хуруугаараа тоншиж “чи муу хэзээ ийм сүрхий болчихсон юм бэ янхаан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, яагаад чи хүүхэд доромжлоод байгаа юм, зайл чи, гарцгаа” гэж хэлсэн чинь “чи муу авгай юу юм бэ” гээд миний дух руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь самардсан. ...манай хүү Индэрт бие засаад гаднаас орж ирээд намайг өмөөрч Батбаатар гэх залуугийн нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгтэл Батбаатар Индэртийн зүүн талын хацар руу гараараа цохьсон. ...Мөнгөнтуяа жаахан уучихсан байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг [26] ,

-Гэрч Э.Индэртийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Мөнгөнтуяа хоолоо хутгаад сууж байсан чинь надтай зөрөөд орсон залуу манайд ороод ирчихсэн Мөнгөнтуяагийн ард нь халаасандаа гараа хийчихсэн зогсож байснаа нэг гараа гаргаж Мөнгөнтуяагийн толгой руу цохиж “чи муу хэзээ ийм болчихсон юм бэ, янхан минь” гэж хэлсэн. Тэгтэл манай ээж Жамбаа “чи яахаараа хүний охиныг цохьдог юм бэ” гээд босоод ирсэн чинь ээжийн дух руу гараараа цохьсон. ...чи яахаараа миний ээжийг цохьдог юм бэ гэсэн чинь эргэж хараад миний зүүн оёдолтой хацар руу гараараа нэг удаа цохьсон. ...коридорт ээжийг үсдэж аваад дарсан. Тэгэхээр нь би түүнийг салгаж авсан. ...хашаан дотор Батбаатар куртикээ зүүн бөөрнийхөө орчмоор сөхөөд намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь Азжаргалтай хамт орж ирсэн хүүхэн Батбаатарын эхнэр юм билээ, хажууд нь Мөнгөнтуяаг хутгалсан гээд зогсож байсан. ...Намайг Батбаатарыг чирээд гаргаж байхад л араас нь хутгалсан юм шиг байсан. Батбаатарын куртикийг сөхөж харахад фудволк нь цус болчихсон гараараа дараад байсан ...” гэх мэдүүлэг [27] ,

-гэрч Х.Ариунсэтгэлийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Э.Батбаатар нь миний нөхөр байгаа юм. ...Мөнгөнтуяа ээжийн дух руу наадах чинь цохичихлоо шүү дээ гээд байсан. Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад Батбаатарыг хүмүүстэй зууралдаж байхад араас нь хутгалсан. Тэгэхээр нь нөхрийг маань хутгалчихлаа, болиоч дээ гэж хэлсэн чинь больсон. ...”  гэх мэдүүлэг [28] ,

- 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрчээр мэдүүлсэн: “...манай нөхөр рүү тэнд байсан нэг хөгшин эгч дайраад барилцаад зууралдаж байсан чинь Мөнгөнтуяа гэх согтуу эмэгтэй манай нөхрийг хутга аваад араас нь нэг удаа хэвлий бөөр хэсэгт нь хатгаж байсныг нь би харсан. Тэгээд манай нөхөр зугтаагаад гадагшаа гарахад би араас нь очиж “чамайг энэ согтуу эмэгтэй араас чинь хутгалсан” гэж хэлсэн. Би тухайн үед хэвлий бөөр хэсэг рүү нь нэг удаа хатгаж байхыг нь харсан. ...” гэх мэдүүлэг [29]

-Гэрч С.Гал-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчим “Бүргэд 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийг өгсөн. Уг хаяган дээр явж очиход хутгалуулсан залуу нь эхнэрийнхээ хамт уг тоотын хашааны гадна машин дотор сууж байсан. Хутгалуулсан залууг Батбаатар гэж байсан. ...Мөнгөнтуяатай маргалдсанаас Мөнгөнтуяа намайг хутгалсан гэж ярьж байсан. ...“хаана чинь хутгалсан юм” гэж асуухад зүүн бөөрний дээхнэ хутгалуулсан шарх цус гарсан байдалтай байсныг хувцсаа сөхөж харуулсан. Тухайн үед би нэг л газар хутгалсан юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг [30],

-С.Мөнгөнтуяагийн сэжигтэн яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1786 дугаартай акт, дүгнэлт, Шүүхийн шинжилгээни үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 588 дугаартай дүгнэлтийн “... Хутган дээрээс бэхжүүлсэн гэх 4, 5 ,6 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN0053100017848 MN003010002540, MN000210019073, MN 003010000570 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Сүхбаатар овогтой Мөнгөнтуяагийн баруун гарын дунд, ядам, чигчий хурууны хээтэй, …тохирч байна...” гэсэн хэсэг [31] , хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [32] , хохирогч Э.Батбаатар өмсөж явах гэх хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл [33] , 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн илтгэх хуудас [34],  ”хөх бариултай” хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл [35], хохирогч Э.Батбаатарын 2017 оны 1 дүгээр сарын 12-ноос 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [36] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь гэм буруугийн талаар маргаагүй.

            Харин хохирогч Э.Батбаатар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “С.Мөнгөнтуяатай огт маргаагүй, намайг настай авгай босч ирээд шууд алгадсан, түүнийг түлхэхэд С.Мөнгөнтуяа наадхаа ал, гээд хутгалсан, С.Мөнгөнтуяаг би доромжлоогүй гэж мэдүүлсэн.

            Шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ “...Батбаатар намайг хоол хийгээд сууж байсан чинь миний толгой руу  тогшиж чи хэзээ ийм болчихсон юм бэ янхан гэх зэргээр хэлсэн. Тэгтэл Индэртийн ээж Жамбаа чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд Индэртийн ээжийг түлхсэн .. дараа нь хутга авч хохирогчийг хутгалсан талаар мэдүүлсэн.

            Шүүгдэгч, хохирогч нарын дээрх мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх ба, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзэхэд “хохирогч Э.Батбаатар нь С.Мөнгөнтуяагийн амьдарч байсан байранд очиж, С.Мөнгөнтуяаг “чи хэзээ ийм болчихсон юм, янхан минь” гэх зэргээр доромжилж толгой руу нь цохих зэргээр хэрүүл маргаан үүсгэхэд С.Мөнгөнтуяагийн хамтран амьдрагч Э.Индэртийн эх Т.Жамбаа нь С.Мөнгөнтуяаг өмөөрч, “чи яагаад С.Мөнгөнтуяаг доромжлоод байгаа юм, манай гэрээс яв” гэхэд түүнийг мөн түлхэх, цохих зэрэг үйлдэл хийж, тэнд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийснээс  С.Мөнгөнтуяа нь мах хэрчиж байсан хутгаараа хохирогч Э.Батбаатарыг хутгалсан нөхцөл байдал болсон нь тухайн үед хэргийн газар байсан гэрч Л.Оюун-Эрдэнэ, Т.Жамбаа, Э.Индэрт нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Иймд хохирогч Э.Батбаатар нь шүүгдэгчийн гэрт согтуу очиж, тухайн үед хувийн таарамжгүй харьцаа үүсгэн С.Мөнгөнтуяатай хэрүүл маргаан хийсэн, улмаар үг хэлээр  доромжилсон зэрэг үйлдэл нь тус гэмт хэрэг маргаан гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мөнгөнтуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, С.Мөнгөнтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Батбаатарын биед хүнд гэмтэл учирсан байх ба улмаар хагалгаанд орсон байна. Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Батбаатар нь хагалгааны төлбөрт төлсөн 330,000 төгрөг, мөн эм тарианы зардал 300,000 төгрөг, нийт 630,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар хэрэгт ирүүлсэн баримтгүй байна. Иймд хохирогч Э.Батбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мөнгөнтуяагаас гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Мөнгөнтуяад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханаас “шүүгдэгч С.Мөнгөнтуяад Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55 1 дэх заалтыг хэрэглэж, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох тухай заасан бөгөөд шүүгдэгч С.Мөнгөнтуяа нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй буюу хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мөнгөнтуяагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, түүний 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн бариултай, бариул дээрээ 3 хадаастай, 27,4 см урттай, ажлын хэсэг нь 16,3 см урттай, бариул нь 11,1 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Мөнгөнтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Мөнгөнтуяад 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнгөнтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнгөнтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон  95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мөнгөнтуяагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Батбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мөнгөнтуяагаас нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн бариултай, бариул дээрээ 3 хадаастай, 27,4 см урттай, ажлын хэсэг нь 16,3 см урттай, бариул нь 11,1 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Мөнгөнтуяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Мөнгөнтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

                           ШҮҮГЧИД                                                       И.ГАНБАТ

                                                                            

Л.БААТАР

 


[1] Хавтаст хэргийн 25-27 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[3] хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 3-8 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 9-13 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 98-108 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 25-27 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[28] хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 3-8 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 9-13 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 98-108 дугаар тал.