Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2017/0608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З анги

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот захирамжийн Х Т Т ХХК” ХХк-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Зэвсэгт хүчиний .. дугаар ангийн дарга С.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э л, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ангишүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Х Т Т ХХК” ХХК нь шатахуун түгээх станц барих зориулаптаар Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот шийдвэрээр 000314785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байна.

Тус ангийн байрлалын районд 1200-1500 цэргийн алба хаагчид /Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангиуд/ ажилладаг бөгөөд уг шатахуун түгээх станц баригдсан тохиолдолд дээрх ангиудын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, галын аюулгүй байдалд дараах байдлаар сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:

1. Тус ангид Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчний алба хаагчид ээлж солих үеийн угтах, үдэх ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улс цаашлаад Нэгдсэн Үндэсний Байгууллагын цэргийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл гарах;

2. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу улсын хэмжээнд цэрэг халах, татах ажиллагааны төв дамжингийн үйл ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулах ба Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний үүргээ биелүүлж байгаа 3000- 3500 цэргийн алба хаагч 14-20 хоног байрладаг бөгөөд тэдгээрийн аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их хэмжээгээр нэмэгдэх;

3. Улс оронд онц байдал зарласан, цагийн байдлын хүндэрсэн нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний хөдөлгөөнт холбоо, мэдээллийн системийн шуурхай бэлэн байдал алдагдах; /цэргийн тусгай холбооны станц техникүүд цуваагаар хөдөлгөөн үйлдэх хязгаарлагдмал орчин үүсэх/

4. Цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үер ус, салхи, шуурга, галын аюулд өртсөн тохиолдолд тус хоёр ангийн гадагш гарах гарцгүй болох.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот захирамжийн дагуу Х Т Т ХХК” ХХК шатахуун түгээх станц барьснаар тус ангийн байрлалын районы дулааны шугам, сүлжээнд ноцтой хохирол учрах эрсдэлтэй илт хууль зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнд

-2015 оны Нийслэлийн газар зохилон байгуулалтын төлөвлөгөөнд шатахуун түгээх станцийн зориулалтаар тусгагдаагүй.

-Газрын тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот захирамжийн Х Т Т ХХК” ХХк-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...”Х  Т  Т с” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг даргын нэр дээр Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтээ гаргасан байна.

Хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Х Т Т ХХК” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Дээрх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй тул, газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгсөн бөгөөд хүчингүй болгох эсэх асуудлыг зөвхөн дүүргийн Засаг дарга шийдвэрлэх юм.

Тухайн Зэвсэгт хүчний  дугаар цэргийн ангийн удирдлага 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай албан бичгээр тус анги руу орох гарцны баруун хойд талд "Х” ХХК нь 0,15 га газар эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирүүлж байсан нь хувийн хэрэгт хадгалагдаж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын 2015 оны А/415 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Х Т Т ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани нь Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлд заасан тавигдах шаардлагьг бүрэн хангасны үндсэн дээр дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот шийдвэрийн дагуу, нэгж талбарын 18633308477411 дугаар бүхий 1502 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, №000314785 гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон.

Бид өөрийн эзэмшлийн дээрх газарт 2016 оны 04 дүгээр сараас зориулалтын дагуу барилга байгууламж барихаар төлөвлөж, зураг төслөө хийлгэж, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлээд байсан боловч Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн зарим удирдлагаас газар нутгийн давхцалын асуудлыг тодруулах шаардлага тавьсан учир бид 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16/26 тоот албан бичгээр Батлан хамгаалах яаманд, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/28 тоот албан бичгээр Газрын харилцаа, Геодези зураг зүйн газат тус тус хандан лавлагаа авахад Батлан хамгаалах яамны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/1557 тоот албан бичгээр улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон улсын тусгай хэрэгцээний газартай давхцаагүй, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/786 тоот албан бичгээр мөн давхцалгүй болохыг тус тус тогтоож албан бичиг ирүүлсэн.

Түүнчлэн Жанчивын хөшөө гэх нэгж талбарын 18633308444406 дугаар газартай огтхон ч давхцалгүй газар билээ. Хэрэв эдгээр газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалтай байсан бол дүүргийн Засаг дарга бидэнд газар эзэмших эрх олгохгүй байсан.

Гэтэл 013 дугаар ангийн захирагчаас хувийн сонирхолоор манай эзэмшлийн газарт шон хатгаж, барилга байгууламж бариулахгүй хашиж, манай эрх ашгийг зөрчиж байгаа тул манай компани иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж одоогийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа болно.

Бид 2016 оны 04 дүгээр сараас өөрийн газар дээр зориулалтын дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт Монгол Улсын барилгын норм дүрэм, Шатахуун станц, галын аюулгүйн нормыг чанд баримтлан Шатахуун түгээх станц “MNS 4628:2013 стандарт, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм БНбД21-07-14 зэрэг норм дүрмийн стандарт шаардлагыг хангасан, техник ашиглалтын баримт бичиг бүхий тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөж, Зураг төслийн “Э” ХХК-иар ажлын зураг хийлгэж, Онцгой байдлын ерөнхий газраар батлуулаад бэлэн болоод байна.

1. Нэхэмжлэгчээс тус ангид Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчний алба хаагчид ээлж солих үеийн угтах, үдэх ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улс цаашлаад Нэгдсэн Үндэсний Байгууллагын цэргийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл гаргахаар байна гэжээ.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эзэмшлийн талбайд бид ойртоогүй даруй 57 м-ийн зайтай. Өөрийн эзэмшил газарт барилгын норм, дүрмүүдээс гадна, MNS 4628-13 “Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага”, “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм БНбД 21-07-14", зэрэг мэргэжлийн холбогдолтой норм дүрэм, стандартуудыг баримталж барилга байгууламжаа барихаар төлөвлөөд зураг төслөө батлуулж, онцгой байдлын ерөнхий газраар баталгаажуулсан.

Бид Монгол орны цаг уурт тохирсон найдвартай, шатахуунд зориулагдсан, галд тэсвэртэй, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг төлөвлөсөн. Зургийн дагуу галын аюулгүйн бүхий л шаардлагыг хангасан, байгаль орчин, хөрс, агаар мандлыг бохирдуулахгүй, хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөхгүй байх бүх нөхцөлийг хангасан.

2. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу улсын хэмжээнд цэрэг халах, татах ажиллагааны төв дамжингийн үйл ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулах ба Монгол улсын үндсэн хуулиар иргэний үүргээ биелүүлж байгаа 3000-3500 цэргийн алба хаагч 14-20 хоног байрладаг бөгөөд тэдгээрийн аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их хэмжээгээр нэмэгдэх гэжээ.

З ангиөөрийн гэсэн газар нутагтай, хил хязгаарыг тогтоосон хилийн заагтай ба үүнийгээ баталгаажуулж өөрийн эзэмшил нутагт блокон хашаа татаж үйл ажиллагаагаа явуулж ирсээр өдий хүрсэн. Энэхүү эзэмшил газарт болон, орох гарах гарцанд манай Х Т Т ХХК” ХХК-ийн барихаар төлөвлөж буй шатахуун түгээх станц ямар байдлаар эрх ашгийг зөрчиж байгаа талаар тодорхойгүй байна.

Шатахуун түгээх станц Улаанбаатар хот дотор орон сууц, барилга байгууламж дунд олон арваараа байрладаг, Монгол Улсын хэмжээнд тэсэрч дэлбэрсэн нэг ч шатахуун түгээх станц өнөөдрийн байдлаар байхгүй ба шатахуун түгээх станц барихад зам талбайг хүртэл ус орохоос хамгаалж, хур тундасны ус тогтоол үүсгэхгүй, шатахуун сав, худаг, барилга байгууламж, тусгай талбайд орохгүй байхаар төлөвлөдөг бөгөөд манай барихаар төлөвлөөд буй Шатахуун түгээх станцын газар авто зам дагуу Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн газар нутаг, өөрөөр хэлбэл орох, гарах гарцнаас даруй 57 м хол байхад замын хөдөлгөөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал зэрэг нь огт нөлөөлөхгүй.

3. Улс оронд онц байдал зарласан, цагийн байдлын хүндэрсэн нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний хөдөлгөөнт холбоо, мэдээллийн системийн шуурхай бэлэн байдал алдагдах, /цэргийн тусгай холбооны станц техникүүд цуваагаар хөдөлгөөн үйлдэх хязгаарлагдмал орчин үүсэх/ гэжээ.

Ийм нөхцөл байдал үүсэх асуудал магадлалын онолоор 0-тэй ойртох хэмжээний үнэнд нийцэх магадлалтай. Магадгүй улс оронд онц байдал зарлалаа гэж бодоход бид мөн төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, үйл ажиллагаагаа түр зогсоох, эсхүл нөхцөл байдлаас шалтгаалан хэрхэн тусламж үзүүлж болох талаар арга хэмжээг тухай бүрт авч ажиллахад бэлэн байна.

4. Цаг агаар, байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үер ус, салхи, шуурга галын аюулд өртсөн тохиолдолд тус хоёр ангийн гадагш гарах гарцгүй болох гэжээ.

Галын аюулын талаар шаардлагатай арга хэмжээг авч Шатахуун түгээх станцад норм, галын анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын сарай байрлуулахаар тусгасан. Шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэмд заасны дагуу ажиллах, аянга цахилт, түүний нөлөөллөөс хамгаалахын тулд тусдаа орших 2 ширхэг аянга хүлээн авагч газардуулга хийх, мөн Шатахуун түгээх станцын технологийн тоног төхөөрөмжийг статик цэнэгжилтээс хамгаалахын тулд газардуулгын хүрээг хийх, газардуулгын эсэргүүцлийн хэмжээг жилд 2 удаа, хуурай улиралд шалгаж байхаар төлөвлөсөн. Улмаар Шатахуун түгээх станцын галын аюултай бүсэд байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмж, хийц хэсгүүд нь шатдаггүй материалаар хийгдсэн, галын аюулгүй байна. Түгээгүүр нь тээврийн хэрэгсэл мөргөх, шлангаас чирэх зэрэгт эвдэрч гэмтэх, шатахуун асгахаас хамгаалагдсан. Мөн бүх цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан байгууламжууд нь (гэрэлүүлэг, хөдөлгүүр, кабель дамжуулагч, хувилах самбар г.м) галын болон тэсрэлтийн ангилалтай зохицсон “Цахилгаан байгууламжийн дүрэм” (ПУЭ)-ийн шаардлагыг хангасан байна.

Иймд хууль ёсоор дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 тоот шийдвэрийн дагуу, нэгж талбарын 18633308477411 дугаар бүхий 1502 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, №000314785 гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон газрыг минь хэвээр үлдээж нэхэмжлэгч 013 дугаар ангийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг  шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг төлөөлж тус анийн захирагч, хурандаа С.П тус шүүхэд хандаж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Х Т Т ХХК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжийн Х Т Т ХХК” ХХК-д холбогдох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэж өөрчилсөн.

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн болон Эрчим хүчний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн..Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдох ёстой газар байхад дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээдээс бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Х Т Т ХХК” ХХК-ийн захирал Д.Сэндмаагаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Өмч Газрын харилцааны газрын даргад хандаж “...шинэ ажлын байр колонк байгуулах, хөрөнгө оруулалтын ажил хийх...тул газар эзэмших эрх олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хүргүүлснээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/415 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.1., 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус үндэслэн ...Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж газар эзэмших хүсэлт гаргасан 113 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсний дотор Х Т Т ХХК” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, 013 дугаар ангийн зүүн талд байршуулан үйлчилгээний зориулалтаар 1500 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн улмаар 000314785 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

            Дээрхи захирамжаар Х Т Т ХХК”  ХХК-д олгогдсон газар нь нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эзэмшиж буй улсын тусгай хэрэгцээний газартай солбицлын хувьд давхцалгүй байх ба энэ талаар талууд маргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай хэрэгцээний газрын хил нь тус ангийн хашаагаар хязгаарлагдсан, уг маргаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилийн гадна байрлаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон болно. 

            Харин Х Т Т ХХК” ХХК-д олгогдсон 1502 м2 газрын төв талбай дундуур 1 метр өргөн, 1 сувагт байрласан, 2Ф200 мм голчтой дулааны шугам тавигдсан байх ба уг шугам нь №0132 дугаар бүхий аж ахуйн гэрээтэй, 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталгаажсан заагийн зурагтай, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эзэмшил-Дулаан дамжуулах төвийн гадна дулааны шугам болох нь  уг хэрэгт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас томилогдсон шинжээч Д.Б  дүгнэлт, түүний өгсөн гэрчийн мэдүүлэг болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/146 дугаар бүхий “Төрийн өмчийн үзлэг, тооллого явуулах тухай”  тогтоолын дагуу явуулсан барилга байгууламжийн тооллогын 2015 оны бүртгэлийн 32-т бүртгэснээр тус тус  тогтоогдов.

            Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч,  эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга шугам, сүлжээ хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна” гэж, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т “сум дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно” “дулааны шугам сүлжээ 400 мм хүртэл голчтой бол газар доор байрласан шугамаас 2 тийшээ 3 м байна” гэж тус тус заажээ.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эзэмшиж буй дулааны шугам сүлжээний орчинд хамгаалалтын зурвас тогтоогдсон байхад уг хамгаалалтын зурваст давхцуулан газар эзэмшүүлсэн нь дээрхи хуулийн заалттай нийцэхгүй байх тул  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дүгээр захирамжийн Х Т Т ХХК” ХХК-д холбогдох хэсгийн шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурваст давхцалтай хэсэг нь тухайн шугам сүлжээний эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч уг захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, “...улсын хэмжээний цэрэг татлага зохион байгуулдаг тул ангийн үйл ажиллагаанд болон ангийн алба хаагч иргэдийн эрхэд хохирол учруулах эрсдэлтэй...” гэж тайлбарлаж байх хэдий ч  тухайн захиргааны актаар гуравдагч этгээд Х Т Т ХХК” ХХК-д олгогдсон газрын бусад хэсэг болох шугам сүлжээний газартай давхцаагүй хэсэг нь нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дүгээр захирамжийн Х Т Т ХХК” ХХК-д холбогдох хэсгийн шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурваст давхцалтай газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газрын бусад хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дүгээр захирамжийн Х Т Т ХХК” ХХК-д холбогдох 1502 м2 газрын шугам сүлжээний орчны газрын хамгаалалтын зурваст давхцалтай газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газрын бусад хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 30100 /гучин мянга нэг зуун/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д