Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 48

 

Ц.Т-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/,

Шүүгдэгч Ц.Т

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Т-д холбогдох 2029000020036 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 1, оршин суух, урьд Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60000 төгрөгийн торгох ял, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 2 сарын хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд газарт байсан иргэн Г.М-ын эзэмшлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ц.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.Т-г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах тодорхой ажил хөдөлмөр эрхлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, албадан сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5000000 төгрөг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ц.Т нь нийт 5 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлснээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 2 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хуулийн тэгшитгэлээр тэнсэн харгалзах ялгүй болмогц дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялыг тэнссэн.

Гэтэл тэрээр уг 4 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх сүүлийн үйлдэлд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогчтой хохирлоо төлөхөөр эвлэрсэн үндэслэлээр дахин тэнсэх шийдвэр гаргасан.

Мөн шүүх шийтгэх тогтоолынхоо ТОГТООХ хэсгийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан

Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч ялыг биечлэн эдлүүлэхээр заагаагүй нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэнтэй зөрчилдсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-д хэт хөнгөн буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хорих ялыг тэнссэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны дотор хохирогч Г.М-т учруулсан 5000000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлөхөөр илэрхийлж эвлэрсэн амлалтдаа хүрч хохирлоо төлөөгүй, учирсан хохирлыг арилгах арга хэмжээ аваагүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, мөн өмнөх үйлдэлд нь ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тухайн үйлдэлд нь 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байдаг. Тухайн заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг ба нэгэнт өмнөх шийтгэх тогтоол хүчингүй болсон тул өмнөх үйлдэлд нь ямар ял оногдуулах нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж шийдвэрлэх эсэх нь мөн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай, харин мөн хуулийн 6.7 дугаар зүйл нь оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэж үүрэг хүлээлгэх тухай ялгаатай зохицуулалт юм. Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулж, тухайн ялыг дээрх хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтэй нийцэж байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг нь заавал хорих ялыг биечлэн эдлүүлнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм.

Тиймээс прокурорын эсэргүүцэлдээ дурдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэдэг нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй шүү гэж ялыг нь тэнсэж байгаа зүйл заалтыг зөрчөөд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол түүнд ял оногдуулна гэж заасан заалт юм. Эрүүгийн хуульд заасан тэнсэх гэдэг нь өөрөө ял биш болж байна. Тэгэхээр ял оногдуулах гэдэг зүйл заалтыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах журмын дагуу ял оногдуулна.

Хүний эд зүйлийг болгоомжгүй хулгайлна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хулгайлах гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах тухай хуульд заасан. Энэ заалтыг зөрчөөд тэнсэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Энэ бүхний цаана Эрүүгийн хуулийн зарчим, хохирогчийн эрх ашиг гэсэн маш олон зүйл зөрчигдөж байгаа ийм шийдвэрийг шүүх гаргаж болохгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Б.Т-ийн өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу 4 жилийн хорих ял оногдуулсан. Сүүлийнх нь гэмт хэрэг дээр 6 сарын хорих л оногдуулаад нийт эдлэх ялыг 4 жил 6 сараар тогтоосон байдаг. Тухайн ялаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулна” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс тухайн шийдвэрийг хүчингүй болгоод дахин ял оногдуулаад тэнсэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хорих ялыг заавал биечлэн эдлүүлнэ гэсэн ойлголт биш гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:        

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Ц.Т-г Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэж байсан /хх-68-70/ боловч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг” мөрдөн байцаалтын явцад нотолно гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтыг шүүгч бичихдээ “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4  жилийн хорих ял дээр” гэж бичсэнийг хавтас хэргийн 68-70 дугаар хуудсанд авагдсан 76 дугаартай шийтгэх тогтоолтой харьцуулан үзэхэд дээрх шийтгэх тогтоолд “хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж” гэж бичсэнтэй тохирохгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “хорих ялыг 4 жилийн хугацаагаар тэнсэж” гэж зааснаа шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж, Иргэний хуулийн гэм хорын хохирлыг арилгуулах талаарх холбогдох заалтуудыг баримтлан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна”, “эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан”, “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэсэн /хх-144/ дүгнэлтүүд нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн байна.

Иймд хяналтын прокурорын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй учир хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Т-д холбогдох 2029000020036 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Т-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ