Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00151

 

 

 

 

 

 

2022 01 04

101/ШШ2022/00151

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 26 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух, Цоодол овогт Батмөнхийн ******* /РД:ЙС80071038/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 23 дугаар гудамж, 1506б тоот хаягт оршин суух Халх овогт Тогоогийн******* /РД:ЗЖ77050617/-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4,060,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7,957,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат, гэрч Б.Баасанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Т.Буянхишигтэй 2020 оны 8 сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 7 дугаар гудамж 2927 тоот буюу одоогийн шинэчлэгдсэн хаяг болох 23 дугаар гудамж, 1506б тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2204033589 дугаартай 641 мкв газар, Г-2204014080 дугаартай хувийн сууцыг 30 сая төгрөгөөр үнэлэн төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс 2020 оны 9 сард дээрх хашаа байшинд гэр бүлийн хамт нүүж орсон. Гэвч хариуцагчтай 2020 оны 9 сарын 20-нд гэрээний нөхцөл болон төлбөрийн хуваарийг тохирч чадаагүй тул худалдахаа больж өөр хүнд зарахаар болсон. Үүнээс хойш хагас жил гаруй хугацаанд хариуцагчаас миний өмчлөлийн хашаа байшинг суллаж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөөгүй. Сүүлдээ хэл амаар доромжлон хөөх болсон тул Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 23 гудамж, 1506б тоотод байрлах хашаа, үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж, 1506б тоот хаягт байрлах 641 мкв үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байшингаас нүүгээд явцгаасан. Одоо хашаанд нэг гэрээ бариастай үлдээчихсэн байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 4,060,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Тооцооллын хувьд алдаа гарч 4,300,000 төгрөг гэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Т.Буянхишигтэй 2020 оны 8 сард Баянзүрх дүүрэг, 21 хороо, дунд дарь эх гудамж, 23 дугаар гудамж, 1506б тоот хаягт байрлах 641 мкв газар, 28 мкв хувийн орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Анх тохиролцсоны дагуу дагуу урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл зээлийг банкны зээлээр гаргуулж өгөх боломжтой гэж хэлж байсан нь үнэн. Учир нь нэхэмжлэгч нь банкинд ажиллаж байсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж банкны зээлийг нь бүтээж өгөх боломжтой гэх саналыг тавьсан. Ингээд хариуцагч тухайн хашаа, байшинд ах дүү нараа авчиран амьдарч эхэлсэн. Мөн тухайн хашаанд хоёр монгол гэр нүүлгэж ирээд барьсан. 2020 оны 9-р сарын 20-ны үед хариуцагчийн хугацаа хэтэрсэн зээлүүдийн улмаас нэхэмжлэгч зээл гаргаж өгөх боломжгүй болсон талаар хариуцагчид хэлэхэд хариуцагч талаас өвлийн хүйтэнд нүүх боломжгүй, хөгшин настай хүмүүсийг нүүлгээд ирсэн. Гэхдээ худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгоё та нар зараа шинчлээд тавиарай бид ирсэн хүмүүст чинь газар болон хашаа, байшинг үзүүлээд байж байя. Бид сар бүр амьдарсан хугацаагаараа сарын түрээсээ төлөөд дулаан ортол амьдаръя гэж хэлсэн.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус хашаанд нэг монгол гэр нь байгаа. Нэг гэрээ 2021 оны 6 сарын сүүлчээр авч явсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хашааг чөлөөлж өгөхийг шаардсан боловч бид урьдчилгаанд мөнгө төлсөн төлбөрөө бүтнээр нь авна гэдэг зүйлийг ярьж хашааг чөлөөлж өгдөггүй. Иймд хашааг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

Тухайн үед хашаа, байшингаа сарын 500,000 төгрөгөөр түрээслэх талаар яригдаж байсан байна лээ. Талуудын дунд худалдах, худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээг бичгээр хийсэн зүйл байхгүй. Амаар хэлэлцэж тохирсон. Иймд шүүхэд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан учир хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгож, тухайн хашаанд нэг гэр буулгахад сарын түрээс нь 60,000 төгрөг, байшинг түрээслэхэд сарын 250,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд хоёр гэр, нэг байшин нийлээд 370,000 төгрөг болж байгаа юм. Ингээд 2020 оны 8-р сарын 28-ны өдрөөс 2021 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд байшинг ашигласан 2,500,000 төгрөг, 2020 оны 8-р сарын 28-ны өдрөөс 2021 оны 6-р сарын 10-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд хоёр гэрийг хашаанд байлгасан үүний 1,200,000 төгрөг, үүнээс гадна 2021 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд нэг гэрийг хашаанд байлгаж байгаа энэ хугацааны төлбөр 360,000 төгрөг нийт 4,060,000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс худал тайлбарыг хэлж байна. Нөхөр Т.Буянхишиг бид хоёр 2020 оны 8 сард фэйсбүүк зар дээрээс банкны зээлийг бид гаргана гэсэн зарын дагуу энэ хашаа байшинг очиж сонирхсон. Нэхэмжлэгч хашаа байшингаа 30,000,000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа 30 хувь өгөөд үлдэгдэл төлбөрийг нь өөрсдөө зээлэнд хамруулж өгнө гэсэн. Бидэнд урьдчилгаанд 20 хувийг өгөх боломж байна гэхэд зөвшөөрсөн тул 6,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд үлдсэн төлбөрийг Б.******* банкны зээлээр би гаргаж өгнө ярилцаж тохироод хашаа байшинг авахаар болсон. Бидэнд ямар ч хугацаа хэтэрсэн зээл байгаагүй. Өөрийнх нь Хас банканд тавьсан зээл байсан учир зээл нь гарахгүй болж биднийг нэмээд 5,000,000 төгрөгийг олж өг гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. Гэвч тухайн үед бид тэр мөнгийг нь олж өгөх ямар ч боломж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөөс нь шалтгаалсан банкны зээл нь гараагүй учраас биднээс нэмэлт мөнгө олж өгөхийг шаардсан энэ мөнгийг нь бид олж өгч чадаагүй учраас худалдах, худалдан авах гэрээгээ дуусгавар болгосон. 2020 оны 9 сарын 14-ний өдөр бид нүүж ирж, засвар хийсэн хуучин байшинд эмээгээ оруулсан байсан. Мөн би өөрөө төрөх дөхцөн байхад өвлийн хүйтэн орчихсон байхад хашаа байшинг чөлөөлөхийг шаардсан. Мөн хоёр хөгшин настай хүмүүсийг аваад ирсэн байсан учир та нар зараа өгчих бид хүмүүст үзүүлээд байж байя гэж гуйсан. Ингээд тухайн үед н.Баасанбаяр гэх хүнд хашаа байшинг 15,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад зарсан байсан. Ингээд 2020 оны 12 сарын 14-ний өдөр гүйцэтгэл дутуу байшинд хоёр нялх хүүхэдтэй хүнийг оруулсан. Ингээд тэнд бүгд хамт амьдарсан бөгөөд удаад дараа биднийг нүү гэж дарамталсан. Ингээд бид хавар 2021 оны 4-р сарын 10-ны өдөр нүүсэн байгаа. Ингээд 4-р сарын 10-нд биднийг нүүхэд байшинд эмээ маань хоёр зээтэйгээ үлдсэн. Ингээд эмээгээ 2021 оны 5-р сарын 13-ны өдөр нүүлгэн аваад явсан. Нэг гэрээ хашаанд нь үлдээсэн. Учир нь бидний урьдчилгаанд өгсөн 6 сая төгрөгийг өгөхгүй байсан тул тухайн үед хуулийн зөвлөгөө авсны үндсэн дээр нэг гэрээ үлдээгээд явсан. Хэрэв бидэнд урьдчилгаанд өгсөн мөнгийг маань буцаагаад өгчихвөл бид гэрээ нүүлгээд аваад явчих байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд түрээсийн гэрээний ямар ч тохиролцоо байгаагүй. Өвлийн хүйтэнд нүүх боломжгүй байсан тул бид хэдэн сар хашаа, байшинд нь амьдарсан нь үнэн. Иймд мөнгийг минь өгвөл хоосон гэрээ нүүлгээд аваад явахад татгалзах зүйл байхгүй. Харин түрээсийн төлбөр 4,060,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2020 оны 8 сард Фэйсбүүк дээрээс Банкны зээл гаргаж өгөөд хашаа, башинг зарна гэсэн зарын дагуу ******* гэж хүнтэй холбогдож уулзахад, хашаа байшингийнхаа гэрчилгээг үзэж нотариатаар батлуулъя гэхэд энэ талаар санаа зоволтгүй дараа батлуулаад аваарай, өөр хүмүүс асуугаад байгаа та хоёрт л өгчихмөөр байна. Одоо бидэнд мөнгө хэрэг болоод байна гээд 6,000,000 төгрөгийг авсан. Мөнгөө дансанд хийсний дараа санаа та нар яаралтай очоод буучих, үлдэгдэл мөнгөний зээлийг бид гаргана гэж хэлээд салцгаасан.

Ингээд 2020 оны 9 сарын 13-ны үед 3 удаа нүүдэл хийж, 4х7 хэмжээтэй хуучин байшинд 3,000,000 орчим төгрөгийн засвар хийж 96 настай эмээгээ оруулсан. Засвар ажил хийлгэсэн хөлс нь 800,000 орчим төгрөг, 3 удаа нүүдэл хийхэд гарсан зардал нь 210,000 орчим төгрөг болсон. Бусад мөнгөнд шал, цонх гээд барилгын материал авсан.

Гэтэл 2020 оны 10 сард нь дахин 5,000,000 төгрөг яаралтай өг зээл авах асуудалд чинь хэрэг болоод байна гэсэн. Энэ мөнгийг бид өгч чадахгүй гэж хэлсэн. Ингээд асуудал үүсэж, гэрчилгээ яасан гэхээр банкны зээл гэх мэт зүйлүүд яригдсаар намайг 11 сард төрсний дараа Б.******* нь хүн дагуулж ирээд хашаа, байшин суллаж өг гэдэг шаардлага тавьсан. Нэхэмжлэгчийн буруугаас бид өвлийн хүйтэнд очих газархгүй хүнд байдалд орж өндөр настай хөгшид маань ч нас барсан. Бидний засвар хийсэн байшинд одоо ч хүн амьдарч байгаа. Гэрээний урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөг, засварын зардал 1,957,600 төгрөг нийт 7,957,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаанд төлсөн төлбөр болох 6,000,000 төгрөгөөс өөрсдөө түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Засварын тухайд өөрсдөө дур мэдэн нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр хийсэн байдаг. Энэ нь өөрсдийн тав тухыг хангах үүднээс хийсэн зүйл юм. Хэрэгт авагдсан баримтаар 2,000,000 орчим төгрөгийн засвар орсон болох нь нотлогдохгүй. Нүүж ирэхтэй холбоотой зардлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс №000067206 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000135734 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг, хариуцагчаас зарлагын баримтууд, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, Л.Мөнхтөр гэх хүний иргэний үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.Буянхишигт холбогдуулан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 23 дугаар гудамж, 1506б тоот хаягт байрлах 641 мкв үл хөдлөх хөрөнгө болох хашааг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 4,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд дээр 4,060,000 төгрөг болгож багасгаж, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хашаа чөлөөлүүлэх шаардлагын хувьд маргахгүй, 4,060,000 төгрөг төлөх шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан байшинд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардалд 1,957,600 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага гаргаж, нэхэмжлэгч тал тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байна.

Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх болон түрээсийн гэрээний үүрэгт 4,060,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагын хувьд,

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрийн өмчлөлийн газарт хариуцагчийн нэг гэр байгаа тул тухайн хөрөнгийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх, мөн худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны дараа өөрийн өмчлөлийн хашаа, байшингаа хөлслүүлэх саналыг хариуцагчаас гаргасныг хүлээн зөвшөөрч, нэг сарын хөлсийг 500,000 төгрөг байхаар яригдсан гэж тайлбарлаж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан байх бөгөөд энэ тайланг үндэслэн нэг гэр хашаанд бариулсны хөлс 60,000 төгрөг, байшинг эзэмшиж, ашиглаж байсны хөлс 250,000 төгрөг гэж тус тус тооцож, 2020 оны 8 сарын 28-ны өдрөөс 2021 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 2 гэр хашаанд нь буулгаж амьдарч байсны хөлс /60,000х2 гэр=120,000 төгрөг. 120,000х10 сар/ 1,200,000 төгрөг, 2021 оны 6 сараас 12 сар хүртэл хугацаанд бариастай байсан үлдсэн нэг гэрийн хөлс /6 сар х 60,000 төгрөг/ 360,000 төгрөг, байшинг 10 сарын хугацаанд эзэмшиж байсны хөлс /10сарх250,000 төгрөг/ 2,500,000 төгрөг, нийт 4,060,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 7 дугаар гудамжны 2927 тоот хаягт байршилтай, 641 мкв газар, 28 мкв талбайтай хувийн сууц нь Б.*******гийн өмч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч тус хөрөнгийг хариуцагч Т.Буянхишигт 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож түүнд өмчлөх эрхийг шилжүүлэхээр, хариуцагчаас гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.

Дээрх үйл баримтаас үзэхэд тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн байх эд хөрөнгийг хүлээн авсан тал урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг төлж, өмчлөлдөө шилжүүлэн авах талаар хүсэл зориг илэрхийлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу чөлөөтэйгээр хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гэрээ нь агуулга, зорилгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ...бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, 220.4-т гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Талуудын тайлбараар худалдагч тал буюу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 20 хувийг аваад, үлдсэн төлбөрийг банкны зээлд хамруулж өгнө гэх саналыг гаргасан байх бөгөөд энэ саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэ гэрээг байгуулагдсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь урьдчилгаа төлбөр болох 20 хувиас бусад үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулах үйлдэл хийх үүргийг нэхэмжлэгч тал өөрөө хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч талаас нэмж төлбөр төлөх шаардлага тавихад зөвшөөрөх болон биелүүлэх боломжгүй талаар хүсэл зоригоо илэрхийлснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас газар чөлөөлж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгт 4,060,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны дараа хариуцагч нь үргэлжлүүлэн түрээслэх санал тавьсан бөгөөд тухайн үед нэг сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөг байхаар ярилцаж байсан гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал буцаан төлөөгүй, мөн өвлийн хүйтэнд настай хүмүүстэй, нялх биетэй байсан тул нүүх боломжгүй байсан болохоор хавар хүртэл амьдарсан. Түрээсийн гэрээний тохиролцоо байгаагүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ, эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд тодорхой хөрөнгийг буюу хашаа, байшингаа тодорхой хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж тайлбарлаж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж, 169.1.5-д Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол тус тус гэрээ байгуулсанд тооцно гэж зохицуулсан байна.

Талууд хэн аль нь эсрэг тайлбар гаргаж байгаа тохилдолд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний гол нөхцөл болох хөлсний хэмжээг тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ...нэхэмжлэгч Б.******* хэрэв түрээслүүлвэл хэдэн төгрөгөөр түрээлсэх бол гэж асуухад нь би 500,000 төгрөг орчим байх... гэж хэлж байсан гэж мэдүүлж байх хэдий ч энэ мэдүүлгээр талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон эсхүл нүүр тулан амаар гаргасан саналд нөгөө тал тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Арвижих эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авч, талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. /хх-ийн 58-70 дугаар тал/

Иймд тэдгээрийн хооронд эд хөрөнгө хөлсөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас хашаа, байшин эзэмшиж, ашиглаж байсан хугацааны хөлс 4,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүрэгт төлсан 6,000,000 төгрөг, байшинд засвар үйлчилгээ хийсний зардалд 1,957,600 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг шаардлага гаргаж байна.

Хариуцагчийн 7,957,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэсэн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа цуцлагдаж дуусгавар болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт хүлээн авсан 6,000,000 төгрөгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгийн маягтаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. /хх-ийн 32 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч талын үүргийн зөрчил буюу хашаа байшингийн үнийн үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийг банкны зээлэнд хамруулж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас цуцлагдсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн байшинд хийсэн засвар үйлчилгээний зардал, ажлын хөлсөнд 1,747,600 төгрөг, гурван удаа нүүдэл хийсэн унааны зардалд 210,000 төгрөг, нийт 1,957,600 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

Хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байшинд засвар үйлчилгээнд 977,600 төгрөгийг зарцуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул энэ мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 33-36 дугаар тал/

Харин Л.Мөнхтөр гэх хүний бичиж өгсөн гэх тодорхойлолт болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас 980,000 төгрөгийн ажлын болон нүүлгэлтийн хөлс гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн газар чөлөөлөх буюу гэрээ нүүлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 4,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 7,957,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,977,600 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд иргэн П.Баяртунгалагийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 7 дугаар гудамж, 2927 тоот байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204014080 дугаартай газар буюу үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч Т.Буянхишигт даалгаж, хариуцагчаас 4,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******гоос 6,977,600 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.Буянхишигт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,150 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 142,272 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Буянхишигээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******гоос 126,591 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.Буянхишигт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА