Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00035

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00035

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, ... дугаар баг, Э хаягт оршин суух, Б овогт Мийн О.... /РД:....../,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. Миний бие М овогтой О нь эрэн сурвалжлах үндэслэлээр З ө овогт Бийн Б /РД:......../-г 92...., 88...., 88.... утасны дугаартайг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна. Шүүхэд тэтгэлэг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Б.Б нь өөр хүнтэй нийлээд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж зайлсхийж байна. Одоог хүртэл сураггүй болсон тул эрэн сурвалжилж хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 224401000158 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 14-ний ........дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч М.О нь Б.Бг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахад түүний байгаа хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.О нь Б.Бтай хамтын амьдралтай байх хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.Т төрсөн. (хавтаст хэргийн 3 дахь тал) Мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.О нь хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ........дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. (хавтаст хэргийн 10-11 дахь тал)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч М.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Бг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар З ө овогт Бийн Б /РД:......../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Бг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ