| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00104/И |
| Дугаар | 138/ШШ2021/00678 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2021/00678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Оюунпүрэвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт *******ын Баяр-Эрдэнэд холбогдох
Гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Халхгол сумын 2 дугаар багт байрлах “ ” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой “” ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх “” ХХК-ийн менежер Ганбаатарын санал болгосноор Баяр-Эрдэнэтэй танилцаж, бид амаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сар бүр 700 000 төгрөгийн цалин өгөхөөр болж машиныг маань барьсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. Баяр-Эрдэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Дорнод аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа Матад сумын нутаг Мэнэнгийн отрядын хойно онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрч засварлах боломжгүй болсон. Би Баяр-Эрдэнэд машинаа бариулахаас өмнө хэд хэдэн жолоочид машинаа бариулж байсан. Тэр үед машинтай холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй. Миний хувьд жолооч нартайгаа байнга холбоотой байж, машин хэвийн явж байгаа эсэхийг асууж тодруулдаг байсан. Үүний дагуу Баяр-Эрдэнийг 21 дүгээр талбайгаас ирж, буцах болгонд нь машинд засаж, янзлах зүйл байна уу, яаж байна гэж байнга асуудаг байсан. Тэгэхэд Баяр-Эрдэнэ машинтай холбоотой юу ч хэлдэггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу осол гарсан өдөр надтай уулзахдаа машинд хийх юм байхгүй, арын гэрлийг солих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлийн үнийг өөрөөс нь асуугаад 20 000 төгрөг өгсөн. Тэр өдрөө Баяр-Эрдэнэ машиныхаа арын гэрлийг солиод “” компанийн захирлын эхнэртэй уулзаж авч явах хүнсээ ачаад, бензин хийлгүүлээд 21 дүгээр талбай руу явсан. Явах үед нь тус компанийн захирлын эхнэр машин нь зүгээр үү гэж асуухад Баяр-Эрдэнэ “зүгээрээ сая Оюунпүрэв эгчтэй уулзаад машиныхаа арын гэрлийг солиулсан” гэж хэлсэн байсан. Баяр-Эрдэнэ жолоочоор ажиллаж байх үедээ машинтай холбоотой эвдрэл, гэмтэл огт ярьж байгаагүй. Баяр-Эрдэнийг жолоодож байх үед миний машин хэвийн ажиллагаатай, техник, эд анги нь бүрэн бүтэн байсан. Баяр-Эрдэнэ ослын дараа Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө машины хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан учраас би замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн байсан. Гэтэл одоо яагаад машин техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй байсан учраас осол гарсан гэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Баяр-Эрдэнийн цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн хариу тайлбар хоёр хоорондоо зөрөөд байна. Баяр-Эрдэнэ ослын дараа надтай уулзахдаа хүртэл өөрийнхөө буруутай үйлдлээс болж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр машин орж ирэхээр цалингүй ч хамаагүй ажиллаад хохирлоо төлж барагдуулна гэж хэлж байсан. Осол болсноос хойш машин маань дахин ашиглагдах боломжгүй болсон учраас аргагүйн эрхэнд 2018 оны 09 дүгээр сард 8 500 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Хөрөнгийн үнэлгээний газар машины эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ машиныг анх 2017 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх эвлэрэл байхгүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Халхгол сумын 2 дугаар багт байрлах “ ” ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг “” ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл жолоочоор ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашиныг хүлээн авсан. Намайг анх энэ машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Хойд хөндлөн татуурганы түльк нь дууссанаас машин бөгсөө шиддэг, тэнцвэргүй байдал үүсгэдэг байсан. Үүнийг би “” ХХК-ийн менежер Ганбаатар болон Оюунпүрэв эгчид хэлж байсан. Тэгэхэд Оюунпүрэв эгч “би машинтай холбоотой эвдрэл гэмтлийг нарийн сайн мэдэхгүй, чиний яриад байгааг ойлгохгүй байна, чи “” компанийн захирал Отгонхүүд хэл” гэдэг байсан. Тэгээд Отгонхүү захиралд хэлэхээр удахгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь явуулна, тэр болтол барьж бай гэдэг байсан. Сүүлд машины кодын аппарат эвдрэхээр нь Санато-2 автомашины кодын аппаратыг орлуулж, гагнаж тавьсан. Дараа нь машины дугуйг солих шаардлагатай болоод Отгонхүү захиралд хэлсэн чинь өөр машины хуучин 4 дугуйг уг машинд тавьж өгсөн. Осол болох үед салоны болон рулийн дэр хоёр огт задраагүй. Тийм учраас би энэ машиныг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй машин байсан гэж үзэж байна. Энэ осол зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй машин хүлээлгэж өгснөөс болж гарсан. Мөн Оюунпүрэв эгч надтай ямар ч гэрээ байгуулаагүй. Би ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй. ...Ослын дараа миний биед ямар нэгэн зовуур илрээгүй. Гэтэл тодорхой хугацааны дараа миний нуруу өвдөж улмаар ослын хор уршиг илэрч эхэлсэн. Үүнийг би Шинь Шинь ХХК-д ажиллаж байхдаа хэд хэдэн удаа ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэх үед мэдсэн. Түүнээс өмнө өөрийгөө эрүүл гэж бодож байсан. Ингээд 2020 онд эмчийн хяналтанд орсон. Тухайн үед эмч нуруу мурийлттай, нуруунд яс ургалттай байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч би бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадаагүй 1 сар эмнэлэгт хэвтээд гарсан. Учир нь би нуруу, нугасны гэмтлээсээ болоод ажил хийх боломжгүй болсон. Одоо эмчилгээ хийлгэх байтугай 3 хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байна. Би эрүүл мэндээрээ хохирчихоод давхар 12 555 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч энэ машиныг техникийн хувьд асуудалгүй, хэвийн ажиллагаатай байсан, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр техникийн үзлэгт орсон гэж тайлбарлаж байгаа боловч уг машин техникийн үзлэгт ороогүй. Оюунпүрэв эгчийн таньдаг хүн дээр очиж жолооны гэрчилгээн дээр техникийн үзлэгт хамрагдсан гэж автоматаар тамга даруулсан. Түүнээс биш техникийн үзлэгт хамрагдаагүй. Мөн Оюунпүрэв эгч энэ машиныг 2017 оны 07 дугаар сард худалдаж авсан гэж ярьж байна. Би энэ машиныг Оюунпүрэв эгчээс 2018 оны 04 сард хүлээж авсан. Энэ хугацаанд уг машин 6 жолооч дамжсан. Олон жолооч дамжиж байгаа нь асуудалтай байсан гэдгийг харуулж байна. Энэ машиныг хамгийн дээд тал нь би 3 сар барьсан. Бусад нь 1 сар хүрэхгүй бариад буцаачихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, надад энэ их мөнгийг төлөх боломж байхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж маргадаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* миний өмчлөлийн машиныг жолоодож яваад осол гаргасан учир хохирлыг хариуцах ёстой, ...үнэлгээний газар машины эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн учир уг хохирлыг нэхэмжилж байна, ...Б.Баяр-Эрдэнийг жолоодож байх үед миний машин хэвийн ажиллагаатай, техник эд анги нь бүрэн бүтэн байсан...” гэж тайлбарладаг.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...******* нь анхнаасаа техникийн бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, түүнийг засварлах талаар удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүйгээс энэ осол гарсан учир хохирлыг төлөхгүй...” гэж маргадаг.
Хариуцагч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг Мэнэнгийн отрядын хойд талын зам дээр Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0033916 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч *******тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан учир хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.
Хариуцагчийн жолоодож явсан Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй амаар харилцан ярилцаж түүний өмчлөлийн автомашиныг жолоодон сарын 700 000 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцсон байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан болох нь талуудын тайлбар, “” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолт, цалин өгч байсан гэх нэхэмжлэгчийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “” ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч дээрх компанид жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, “” ХХК нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн ******* нь техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан гэж тайлбарлаж дээрх байдлаа нотлохоор Ж.Бат-Эрдэнийг шүүхэд гэрчээр асуулгасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох зам тээврийн ослын үед Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн 374112061 дугаартай хуудас зэргээр тухайн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч ******* нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсний дагуу татгалзлаа бүрэн нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайланг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохиролд 12 555 000 төгрөг нэхэмжилснийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч ******* шүүхэд ирүүлээгүй байх тул эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
Г.ЖАРГАЛТУЯА