| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0319/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/329 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 1838007510389 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.С,
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийн” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүй мод, бэлтгэж тээвэрлэн, экологи эдийн засагт 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.С нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийн” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүй 2.2м3 шинэс мод бэлтгэж тээвэрлэн, экологи эдийн засагт 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Идэвхтэн байгаль хамгаалагч намайг саатуулаад бичиг баримт хурааж авах ямар ч эрх байхгүй. Тийм байхад намайг зогсоогоод саатуулаад цагдаад өгсөнд гомдолтой. Мөрөнгийн архан талд нэг уулын аманд суучихаад хулгайн мод илрүүллээ гэж ярьж байгаад нь инээд хүрч байна. Би янз бүрийн юм бодолгүйгээр гэнэдээд ороод ирсэн л асуудал боллоо. Тэрнээс биш би бичиг баримтаа авах л байсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сум орон нутагт учруулсан хохирлоо төлөөд өгчихвөл надад болон манай байгууллагад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны оройн 18 цаг 07 минутад үерийн амны далангийн цаадах буюу хөх толгойн замаар /хулгайн зам/ хөх Серес маркийн тээврийн хэрэгсэл шалгалт хийж байгаа постоос өөр замаар явж зугтаахад нь би идэвхтэн Ц.Ц-н хамтаар 71-24 УБГ тээврийн хэрэгслээр араас нь хөөж саатуулаад бичиг баримт тээврийн хэрэгслийн гэрчилгээ буюу холбогдох бичиг баримтыг шалгахад С.Н нь 3-4м3 орчим хуурай түлээ тээвэрлэж явсан. Тухайн үед Н аав болох Д.С гэдэг хүн мотоциклтой ирээд ирээд надад хандан “модоо авч явна” гэж хэлсэн. Тэр үед би хариуд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлэхэд хариуд нь “тэр хамаагүй би модоо авч явна гээд уурлаад хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би шалгалтын тэмдэглэл бичиж байхад С болон Н нар нь 9 дүгээр хорооны зам руу машинаа унаад зугтаасан. Тухайн үед би араас нь хөөгөөгүй. Жолооны №..... дугаартай үнэмлэх, .... ХӨА тээврийн хэрэгслийн гэрчилгээ татварын гэрчилгээг орхиж явсан... гэх мэдүүлэг /ххийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 09:00 цагт идэвхтэн байгаль хамгаалагч О-н хамт “Үерийн ам”-ны постод гарсан. Орой 18:00 цагийн үед Түнэл талаас хөх өнгийн мод ачсан Серес маркийн тээврийн хэрэгсэл өөр замаар орж ирэхээр нь бид хоёр замыг тосож шалгасан. Тухайн машинд жолооч нь ганцаараа явсан.Тэр хүн өөрийгөө Нямдорж гэж байсан. Шалгахад модны бичиг баримт байхгүй байсан. Тэр модныхоо бичиг баримтын талаар юу ч яриагүй. Тэгтэл аав нь гээд нэг хүн мотоцикльтой ирсэн. Тэр аав гэх хүн хэлэхдээ “идэвхтэн байгаль хамгаалагч байна. Би түлээ оруулах эрхтэй” гэж уурлаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-нд манай аав С Мөрөнгөөс Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг “ Ар нарийн” гэдэг газарт буюу манайд өөрийнхөө эзэмшлийн Серес маркийн, ....-ХӨА улсын дугаартай машинтай ирсэн ...Ламын зураа гэдэг газраас түлээ ачсан. Би аавтай хамт ачихад нь явсан ... Тухайн үед аавыг гоожингоо авсан л юм гэж бодсон. Тэгээд аав өөрөө ойн идэвхтэн болохоор бичиг баримт нь асуудалгүй юм бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26- 27 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-15 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн авсан тэмдэглэл /9-12 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлт: 1. Иргэн Д.С-н бэлтгэсэн мод нь Мөрөн сумын 14.38.20 тоот хашаанд байсан. Уг модонд хэмжилт хийхэд 2.2м3 хэмжээтэй хуурай түлээний шинэс мод байна. Модонд хэмжилт хийж зургийг хавсаргав. 2011 онд Монгол Улсын стандартчилал үндэсний төвөөс төвөөс түлшний модны стандартыг тогтоосон. Үүнд хэрэглээний модны стандарт нь 2.20 см-ээс дээш урттай бадаг тул уг мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн мод байна. 2. Иргэн Д.С нь мод бэлтгэж тээвэрлэхдээ Ойн тухай хуул зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. 3. Иргэн Д.С нь мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тул БОХАСайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр хавсралтын 6.6 дахь хэсэгт заасан заалтыг, зөрчиж мод тээвэрлэсэн байна. 4. Д.С-н тээвэрлэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 204.000...” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/, Д.С-н тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-р хуудас/, Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54-р хуудас/, Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Идэвхтэн байгаль хамгаалагч нь Ойн тухай хууль, бусад хууль тогтоомжоор мод бэлтгэх, эрхийн бичигггүй буюу зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэх тусгайлсан эрх байхгүй” албан бичиг /хх-ийн 56-р хуудас/, Идэвхтэн байгаль хамгаалагч үнэмлэхийн хуулбар /хх-ийн 58-р хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар нарийн” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүй 2.2м3 шинэс мод бэлтгэж тээвэрлэн, экологи эдийн засагт 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Д.С-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 62 настай, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хөвсгөл аймгийн Түнэл сумын “ТүнэлЭг” сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Экологи-эдийн засгийн хохирол 204.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-с гаргуулж, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэв. Эрүүгийн 1838007510389 дугаартай хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолооор биүүмжлэгдсэн 2.2м3 шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг, мөн хэрэгт шүүгдэгч Д.С-н өмчлөлийн Серес маркийн .... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.С-г хууль бусаар модбэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Д.С-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 2.2м3 шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.С-н өмчлөлийн Серес маркийн .... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэгт битүүмжлэгдсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч Д.С-с 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
6. Эрүүгийн 1838007510389 дугаартай хэрэгт, эд мөрийн баримтаархураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давжзаалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 138.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР