| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2023/04562/И |
| Дугаар | 001/ХТ2025/00096 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2025/00096
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05411 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00275 дугаар магадлалтай,
Г.Г-ийн нэхэмжлэлтэй
С.Б-д холбогдох
Түрээсийн төлбөрт 20,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С.Б-д холбогдуулан түрээсийн төлбөрт 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05411 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч С.Б-ас 20,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00275 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05411 дугаар шийдвэрийг 1 дэх заалтыг “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Миний бие Г.Г-тэй ямар ч гэрээ байгуулаагүй, нотариат орж хийсэн зүйл юу ч байхгүй. Г.Г гэх хүнийг ч танихгүй. Өөрөө түрээслэгч талтай ярьж тохирон намайг зөвхөн хүргэж өгөх үүрэгтэйг мэдэж байсан. Мөн би ямар ч гар бичмэл, түрээсийн гэрээ хийгээгүй бөгөөд тэрхүү гар бичмэл нь хуурамчаар үйлдэж миний утасны дугаарыг өөрсдөө бичсэн болно.
Г.Г нь хуурамчаар ББСБ дээр байсан ковшийг өөрийн эзэмшиж буй ковш гэж АТҮТ-с бичиг гаргуулж нотолгоо болгон шүүхэд гаргаж өгсөн. Мөн ковш нь 3 сараар биш 1 сараар явсан бөгөөд тухайн түрээслэгч, геологич ах бичиг цаасны улмаас ажил хийгээгүй, огт хөдлөөгүй 1 сар болоод Г.Г нь буцаад аваад явсан байдаг. 7 дугаар сард түрээслэгч хүн болох н.Д гуайтай уулзуулж газар дээр нь учраа олоорой гэхэд Г.Г нь за яахав сул зогсолтын мөнгө үлдэгдэл болох 3,5 саяыг өгчхөөрэй гээд өөр газар түрээсэнд аваад явсан. Үүнээс хойш гэнэт 5, 6 жилийн дараа яагаад намайг шүүхэд өгч мөнгө нэхэн гарч ирсэн бэ гэвэл түрээслэгч болох н.Д нас барсан учраас надаас нэхэж эхэлсэн юм билээ.
4.1.Анх Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь миний талд гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдсэн байдаг. Г.Г нь дахин давж заалдах шүүхэд гомдол гаргасан бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэр Г.Г-ийн талд гарсанд гомдолтой байна. Танил талаараа явсан гэж хардаж байна. Иймээс тэрхүү гар бичмэл болон 50 ковш, миний утасны дугаарыг хуурамчаар үйлдсэн тул шинжээч томилж өгнө үү. Мөн давж заалдах шүүх нь ямар ч нотолгоо баримт авахгүй хуралд шууд оруулсан болно. Г.Г нь надаас 3 сарын түрээс нэхэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Амаар хуурамч нотолгоо гаргаж шүүхийн шийдвэр Г.Г-ийн талд гарсанд үнэхээр гомдолтой байна.
Ковш нь 1 сар огт ажил хийгээгүй, 1 цаг ч ажил хийж хөдлөөгүй байж Г.Г-өөс түрээсийн гэрээ хийсэн гэж гүжирдүүлж байна. Ажилгүй, таксинд явдаг би яаж уул уурхай ажиллуулж цалин тавих билээ, мөн яаж түрээсээр 3, 4 техник түрээсэлж авах юм бэ. Миний өөрийн дансаар шалгадаг бол шалгаад, одоо ч битүүмжилсэн байгаа хоосон 2 дансаа ашиглаж чадахгүй 1 жил болж байна. Энэ бүгдийн буруутан би боллоо гэхэд яагаад 1 сар зүгээр зогсоож байгаад дараагийн түрээсэнд аваад явсан 50 ковшийн түрээс 3 сараар төлбөр нэхэмжилж байгааг огт ойлгохгүй, үнэхээр шударга бус байгаад гомдолтой байна эрхэм шүүгчээ.
Өөрөөр хэлбэл 1 сарын дараа нэхэмжлэгч Г.Г нь 50 маркийн ковшоо өөрөө аваад явсан. Гэтэл 3 сарын мөнгө нэхэж авах нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Мөн тэрхүү урьдчилгаа мөнгийг н.Д гуай шилжүүлчих гэж өгсөн. Ганц нэхэмжлэгч Г.Г ч биш ковш, экскаватор, хово гэх 3 техникт урьдчилгаа өгсөн. Миний бие нь одоо банкны хуулга авч чадахгүй дансаа хаалгасан бөгөөд бие сэтгэл санаагаар хохирч такси үйлчилгээнд ч явж чадахгүй байна. Таксинд бэлэн мөнгө өгдөг хүн байхгүй хохирч байна. Тиймээс Г.Г-тэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч С.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.24-ний өдрийн 001/ШХТ2025/00436 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч С.Б-д холбогдуулан түрээсийн төлбөрт 20,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...С.Б-тай 2019.08.03-ны өдөр 50 маркийн ковшийг 1 сарын 8,000,000 төгрөгөөр 2019.08.08-ны өдрөөс 2019.11.08-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сард ковшийг авч яваад 1 сарын хугацаанд огт түрээсийн мөнгө хийгээгүй, гэрээ хийнэ гэж явсаар өнөөдрийг хүрсэн. С.Б нь түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 20,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад Г.Г гэх залуу гэнэт 2022 онд утсаар залгаж ковшийн эзэн байна 5,000,000, 10,000,000 төгрөг өг гэж мөнгө нэхэн гарч ирсэн. Ингээд хэсэг хугацаа өнгөрч 2023 оны хавар Чингэлтэй дүүргийн цагдаад намайг өгсөн байсан. Би хариу тайлбар үнэн учраа хэлж хэрэгсэхгүй болсон. Гэтэл дахиад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ямар учраас надаас мөнгө нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дээрх 3 техникээс ганц ковшийн эзэн гэх Г.Г нь хаанаас хэн анх ярьж холбож өгсөн, хэн түрээсээр явсныг өөрөө 100 хувь мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хэргийн үйл баримтаар техникийг ашигласан, эсхүл ашиглаагүй гэх байдал аль аль нь хангалттай тогтоогдоогүй боловч уул уурхайн хүнд машин механизмын хувьд Улаанбаатар хотоос Д аймаг руу техникүүдийг хүргэж, тодорхой хугацаанд хариуцагчийн мэдэлд байсан тул тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах нь хөлслөгчийн үүрэг тул хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч С.Б-ас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн эзэмшлийн ковшийг аж ахуйн үйл ажиллагаанд зориулж ашиглуулахаар шилжүүлсэн, хариуцагч С.Б нь төлбөр төлөх үүргийг хүлээснийг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч С.Б-ас “Ковш түрээс” нэртэй бичмэл баримтыг нэхэмжлэгч Г.Г-д өгсөн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасан хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн тал болох С.Б-ын хүсэл зоригийг илэрхийлсэн бичмэл баримтыг нөгөө тал болох Г.Г хүлээн авсан тул тэдгээрийн хооронд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч С.Б нь түрээсийн гэрээний зүйл болох экскаваторыг ашиглаагүй нь түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн агуулгаар дүгнэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаар зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж адил дүгнэлт хийсэн боловч гэрээний төрлийг зөрүүтэй тодорхойлжээ. Тухайлбал, анхан шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэснийг давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээ гэж өөрчилсөн бөгөөд хариуцагчийн “... анхнаасаа нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирч гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй, хэргийн хариуцагч биш..., хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасан” гэх гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ба анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
13.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээ байгуулагдсан гэж үзэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулгыг тодорхойлоход ач холбогдолтой нөхцөл болдог.
Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь сарын 8,000,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэх тухай хариуцагчийн саналыг хүлээн авч өөрийн эзэмшлийн 50 маркийн ковшийг аж ахуйн үйл ажиллагаанд зориулж ашиглуулахаар, хариуцагч ашигласан хугацаанд төлбөр төлөхөөр тохиролцсон буюу зохигчийн хэн алины хүсэл зориг нэгдэж гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.
Тухайлбал, хариуцагч нь “Ковш түрээс” гарчигтай “8 сарын 08-наас 11 сарын 8 хүртэл түрээс өгөх болно. Нийт түрээс 24 сая төгрөг” гэсэн гарын үсэг, утасны дугаар бүхий бичгийг үйлдсэн байх бөгөөд мөн тэрээр нэхэмжлэгч Г.Г-ийн Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн данснаас 2019.08.03-ны өдөр 3,500,000 төгрөгийг “****” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан, энэ мөнгө нь түрээсийн төлбөрийн урьдчилгаа болохыг зохигч маргаагүй байна. Мөн хариуцагч С.Б нь гэрээний зүйл болох ковшийг нэхэмжлэгчээс хүлээн авч Д аймгийн Г суманд аваачсан үйл баримт тогтоогдсон.
14.Эдгээр баримтаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, тухайн хүсэл зориг нэгдсэн буюу гэрээний агуулга, гол нөхцөлийг тодорхой тохиролцсон гэж үзнэ.
Иймд зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээгээр зохигч хэн аль нь үүрэг хүлээж, нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил, ашиглалтад ковш шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч хариу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлдээ, “... н.Д-ийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзсан, мөнгө шилжүүлсэн, ковшийг хүргэхэд тусалсан..., гэрээ байгуулсан хүн нь Д” гэх боловч түүний тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
15.Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжтэй гэсэн нь оновчтой бус болсныг давж заалдах шатны шүүх залруулсан нь хуульд нийцжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Харин Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, уг ажиллагаанаас гарсан үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглах эрхтэй буюу хөлслөгчийн хэрэгцээг хангах зорилготой байдаг. Тодруулбал, хэрэв тухайн эд хөрөнгийг тодорхой зориулалтаар шилжүүлсэн бол түүнээс гарах үр шимийг түрээслэгч олж авах эрхтэй, тийм учраас түрээсийн зүйлийн зориулалт эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай.
16.Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь тухайн ковшийг аж ахуйн үйл ажиллагаанд, Д аймгийн Г суманд байрлах жоншны уурхайд ашиглах, улмаар түүний үр шимийг нь олж авах зорилгоор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх бөгөөд тус харилцаа нь түрээсийн гэрээний үндсэн шинжийг хангасан гэж үзэх тул давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.
Хариуцагчийн нэхэмжлэгчид гаргасан бичгийн баталгаанд түрээсийн зүйл, түүнийг ашиглах хугацаа, төлөх төлбөрийн хэмжээ тодорхой тусгагдсан ба үүнийг үндэслэн түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг буруутгахгүй.
17.Түрээсийн гэрээний зүйл болох ковш хариуцагчийн эзэмшилд тодорхой хугацаанд байсан, нэхэмжлэгч өөрөө очиж буцааж авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд харин эд хөрөнгийг ашиглаагүй нь түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй болохгүй юм.
18.Хариуцагчийн “...Г.Г гэх хүнийг танихгүй, би ямар ч гар бичмэл, түрээсийн гэрээ хийгээгүй, тэрхүү гар бичмэл нь хуурамчаар үйлдэж миний утасны дугаарыг өөрсдөө бичсэн, Г.Г нь хуурамчаар ББСБ дээр байсан ковшийг өөрийн эзэмшиж буй ковш гэж АТҮТ-с бичиг гаргуулж нотолгоо болгон шүүхэд гаргаж өгсөн, бичиг цаасны улмаас ажил хийгээгүй, огт хөдлөөгүй 1 сар болоод буцаагаад аваад явсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Тодруулбал, хэрэгт **** улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэсэн, “Lishide” маркийн CL955А загварын, шар өнгийн тээврийн хэрэгсэл нь /ковш/ *** ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх боловч өмнөх өмчлөгчдийн мэдээллээр /2018.03.09-2023.04.13/ нэхэмжлэгч Г.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байсан талаар Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа баримт хэрэгт авагдсан байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилуулах, хэрэгт авагдсан баримтыг хуурамч гэж үзэж буй тохиолдолд нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтүүдийг гаргах боломжтой байдаг.
Гэвч хариуцагч нь татгалзалтай холбоотой нотлох баримт болон холбогдох хүсэлтийг гаргаагүй байх бөгөөд хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
19.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Б-ын 2025.03.25-ны өдөр төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД