Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч У.Солонго,

хохирогч П.Бямбадорж,

шүүгдэгч М.Очирбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0261/,

шинжээч Б.Ганзориг /ажлын үнэмлэхийн дугаар 112/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Очирбатад холбогдох эрүүгийн 2017 2601 0398 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Мөнхжаргалын Очирбат Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Долоон болдог” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, 05 насны хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжны 530Б тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, НМ90041114 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Очирбат нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баганарангийн 19-74 тоотод оршин суух иргэн П.Бямбадоржийн гэрт архи ууж байхдаа П.Бямбадоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Пүрэвсүрэнтэй хэрэлдэн зууралдлаа гэж хацран тус газар нь гараараа цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Очирбатаас:

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Бямбадорж мэдүүлэхдээ:

Эхнэр Сэлэнгэ Очирбат, Пүрэвсүрэн бид манайд архи уусан. Манайд Пүрэвсүрэнгийн найз охин нь ирж Пүрэвсүрэнтэй уулзаад явсан юм. Тэгээд би Пүрэвсүрэнд “чиний найз охин чамд хань болохооргүй хүн байна” гэж хэлснээс болж Пүрэвсүрэн бид хоёр маргалдаж, барьцалдаж авсан. Тэгтэл Очирбат, манай эхнэр хоёр биднийг боль гэсэн. Тэр үгийг нь хайхраагүй, бид маргалдсан. Тэгээд бид хоёрыг эхнэр Сэлэнгэ салгаад сууж байтал Очирбат намайг зүүн шанаанд нэг удаа цохисон. Тэгээд миний зүүн талын шанаа яс цөмөрч түргэн дуудсан. Очирбат цагдаа дуудсан. Очирбат надад зүүн шанааны цөмрөл гэмтлийг эмчлүүлж өгнө гэсэн, Очирбатын  гэрийнхэн ч ирсэн. 103 дуудаад ирэхгүй болохоор нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт очиж компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн. Дараа нь 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь очиж үзүүлэхэд хагалгаанд орно, эмнэлэгт хэвт гэсэн. 3 хоногийн дараа хагалгаанд орсон. Хагалгаанд орсоны дараа гарч ирэхэд чих рүү орсон ус амаар гарч ирээд байхаар нь үзүүлэхэд зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байсан. Хагалгаа хийсэн эмч хэлэхдээ зүүн талын чихний ойролцоо мэс ажилбар хийсэн болохоор хэнгэрэг цоорсон байж магадгүй гэсэн. Зүүн талын чихний хэнгэрэг яагаад цоорсныг мэдэхгүй байна. Хоёр сарын хугацаанд нөхөгдөхгүй бол хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Миний биед учирсан баруун дал, сарвуу, шилбэ, цээжний цус хуралт гэмтэл Очирбатын үйлдлээс учраагүй. Энэ гэмтлийг урьд өдөр нь ажлынхаа хүнтэй барилдаж байгаад авсан юм. Хохиролд нийт 3,135,000 төгрөгийг хүлээн авсан. Үүнд нэг сарын цалин хөлс 700,000 төгрөг, эмчилгээний зардал 507,960 төгрөг, шатахууны зардал, дахин хагалгаанд орж хадаасаа авахуулах, эмнэлгийн төлбөр зэргийг урьдчилан авсан. Чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгааны төлбөрийг нэхэмжлэхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ганзориг мэдүүлэхдээ:

Хохирогч П.Бямбадоржийг үзэж дүгнэлт гаргасан. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байсан. 24 цагийн хугацаанд үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэнэ. Хохирогчийн биед учирсан баруун дал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь хамтдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн талын хоншоор яс болон нүдний ухархайн доод гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Нүүрэнд, зүүн шанаа, хоншоор ясанд цохиж, хүч үйлчлэхэд чихний хэнгэрэг цоорч гэмтэхгүй. Чихний хэнгэрэг цоорох үйл явц нь архаг үрэвсэл явагдаж байгаад цоорч болно, эсхүл гэмтлийн шалтгаантай цоорч болно. Чихний архаг үрэвсэл нь биед зовиур өгч болно, зовиургүй ч байж болно. Гэмтлийн улмаас хэнгэрэг цоорох нь чихэнд хүч үйлчилсэний улмаас цоорч болно. Харин нүүрэнд цохисон үед чихний  хэнгэрэг цоорохгүй учраас хохирогчийн зүүн талын чихний хэнгэрэг цоорсон нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл гэж үзэх боломжгүй. Хохирогчийн чихний хэнгэрэг хэзээ цоорсон гэх цаг хугацааг тогтоох боломжгүй гэв.  

 

Эрүүгийн 2017 2601 0398 дугаартай хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

 

4.Хохирогч П.Бямбадоржийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найз Пүрэвсүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-74 тоотод байх гэртээ архи уусан. Манай гэрт миний эхнэр Сэлэнгэ хамт байсан. Тэгээд найз Очирбатыг дуудсан. Тэр 17-18 цагийн үед манайд ирсэн болов уу, цагийг нь сайн мэдэхгүй байна. Гурвуулаа архи уусан. Орой 23 цагийн орчим Пүрэвсүрэн бид хоёр найз охиноос нь болж маргалдсан. Биднийг ууж байхад Пүрэвсүрэнгийн найз охин нь ирчихээд явсан. Би түүнийг харчихаад “чамд хань болохооргүй хүн байна” гээд хэлчихсэн чинь Пүрэвсүрэн миний үгэнд уурлаад бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгэхэд Очирбат Пүрэвсүрэн бид хоёрын дундуур орж салгаад, болиоч гэж зөндөө хэлсэн. Пүрэвсүрэн бид хоёр үгэнд нь орохгүй байхад Очирбат Пүрэвсүрэнг цааш нь салгаж түлхээд нэг удаа цохиод буцаж эргэж ирээд намайг сандал дээр сууж байхад нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхэд хамраас цус гараад тогтохгүй байсан. Түргэн дуудаад ирэхгүй удаад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд тархины зураг авхуулахад хацар яс хугарсан байна гээд нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс засал руу явуулсан. Очирбат намайг нэг удаа цохисон. Үүнээс болж гэмтэл учирсан. Надад одоогоор эмчилгээтэй холбоотой 2,295,510 төгрөгийн зардал шаардлагатай байна. Үүнээс 776,160 төгрөгийг Очирбат төлж барагдуулсан. Одоо нэн даруй 1,519,350 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зарим эмчилгээг өөрөө хийлгээд явж байгаа. Би 2017 оны 05 дугаар сард дахин графикийн хагалгаа хийлгэх шаардлагатай. Энэ хагалгаанд 1,575,860 төгрөг шаардлагатай тооцоо гарч байгаа. Үүнийгээ нэмж нэгтгээд 3,095,210 төгрөгийг Очирбатаас нэхэмжилж байна. Миний хувьд нэхэмжлэлээ барагдуулж авбал Очирбатад гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг [1],

 

-түүний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, санал, хүсэлт байхгүй. Би чихний хэнгэрэгээ хэдийд нь гэмтээснээ бодоод олохгүй байна. Очирбатад цохиулж гэмтэх үедээ хэнгэрэг гэмтсэн болов уу гэж чих хамар хоолойн эмчийн хэлсний дагуу энэ гэмтлээс үүссэн байх гэж бодсон. Очирбатын цохисоноос үүсээгүй болохыг ойлгож мэдлээ. Би нэхэмжилж байсан 3,095,210 төгрөгнөөс чихний хэнгэрэг нөхөх хагалгаа эмчилгээний зардал болох 460,000 төгрөгийг хасаж, 2,635,210 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнийг мөн хасаж 2,135,210 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг [2],

 

5.Гэрч Б.Сэлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-74 тоотод байх манай гэрт нөхөр Бямбадорж, найз Пүрэвсүрэн, Очирбат нарын хамт архи уусан. Тэгээд 23 цагийн орчим болов уу Пүрэвсүрэнтэй манай нөхөр маргалдаад хоорондоо хэрэлдээд, зодолдох гээд байхад нь Очирбат дундуур нь орж салгасан. Би ч бас дундуур нь орж салгасан. Очирбат тэр хоёрыг “боль” гэхэд үгэнд нь орохгүй байхаар нь хоёуланг нь нэг, нэг удаа цохисон.  Ингэж цохисоноос Бямбадоржийн нүүрний яс гэмтсэн байсан. Тэр өдөр Пүрэвсүрэнгийн найз охин нь манайхаар ороод гарсан. Тэр эмэгтэй манай нөхөрт таалагдаагүй юм уу, Пүрэвсүрэнд “чамд хань болохоор хүүхэн биш байна” гэж хэлэхэд Пүрэвсүрэн хүлээж авахгүй уурлаад тэр хоёр муудалцсан. Очирбатын хувьд тэр хоёрын маргааныг салгах гээд сүүлдээ үгэнд нь орохгүй болохоор уурлаад нэг, нэг удаа цохисон. Очирбат Пүрэвсүрэнг салгаад нэг удаа цохичихоод Бямбадоржийг би салгаад сууж байхад хүрч ирээд нэг удаа нүүр рүү нь цохисон. Түүнийг цохиход Бямбадоржийн зүүн хацар нь цаашаа хонхойгоод орчихсон. Тэгээд хамраас нь цус гараад түргэн дуудахад удаад байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Очирбат өөрөө цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг [3],

 

6.Гэрч Т.Пүрэвсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 10-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зээлийн гудамжинд байх Батмөнхийнд очсон. Батмөнх өмнөх өдөр нь буузны мах татна хүрээд ирээрэй гэсэн болохоор очсон. Тэгэхэд тэднийд Бямбадорж, Сэлэнгэ хоёр урд өдөр нь ирж хоноод архи цугтаа ууцгаасан гээд байж байсан. Тэгээд тэднийд юм хийлцэж байхад 12 цагийн үед миний утсаар Бямбадорж Очирбат руу ярьсан. Тэгэхэд Очирбат эхнэр эмчилгээнд явчихаад байна, ирэхээр нь яръя гэсэн. Дараа нь 13 цаг өнгөрөөгөөд Бямбадорж дахин залгаж Очирбаттай ярихад эхнэр нь ирээгүй байна, ирэхээр нь яръя гэсэн. Тэгсээр бид нар 15 цагийн үед Батмөнхийн буузны махыг татаж дуусгаад гарч Бямбадоржийнх руу бид гурав явсан. Замдаа Бямбадорж Очирбат руу залгаадах гэхээр нь би залгахад Очирбат “эхнэрийгээ ирээгүй байна, ирэхээр нь залгая” гэсэн. Тэгээд Бямбадоржийнд очоод дэлгүүр орж нэг шил архи авчирсан. Тэрийгээ уугаад сууж байтал 17 цагийн үед Очирбат хүрээд ирсэн. Ингээд гурвуулаа дахин архи авч уусан. Тэднийд байж байхад манай найз охин над руу залгахаар нь Бямбадоржийнд байна гэхэд хүрээд ирсэн. 21 цаг өнгөрч байхад ирсэн болов уу, 22 цаг өнгөрч байхад гараад явсан байсан. Тэгээд найз охиноо гаргаж өгчихөөд буцаж орж ирэхэд 23 цагийн үед болов уу Бямбадорж “танай янхан чинь явчихсан уу” гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод Бямбадорж бид хоёр муудалцаад барьцалдаж авсан. Гэхдээ бие биенээ цохиогүй, зууралдаад байхад Очирбат салгасан. Согтуу улсууд боль гэхийг нь сонсохгүй хоёр талаасаа орилоод байсан. Очирбат тэгэхэд болиулж байгаад намайг түлхэж салгаад шанаа руу нэг цохиод, буцаж хараад Бямбадоржийг нэг удаа цохисон. Тэгтэл эхнэр нь орилоод явчихсан. Би харахад зүүн хацар нь хонхойгоод цааш орчихсон байдалтай байсан. Очирбат миний утсыг авч түргэн дуудсан. Энэ үед Бямбадоржийн эхнэр Сэлэнгэ намайг хөөж гаргасан. Би буцаж орж ирээд утсаа цэнэглэгчтэйгээ аваад гарч гэр рүүгээ харьсан. Очирбат намайг нэг удаа цохисноос ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг [4],

 

7.М.Очирбатын 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим гэртээ байж байхад над руу Бямбадорж утсаар залгаад Пүрэвсүрэн бид хоёр манайд ууж байна, хүрээд ир гэж дуудсан. Би гэртээ жаахан ажилтай байсан тул гэрийнхээ ажлыг амжуулаад нэг хэсэг болсон. Тэгэхэд байн, байн дуудаад байсан. Би гэрийнхээ ажлыг амжуулаад 17 цаг өнгөрч байхад Бямбадоржийнд явж очиход Бямбадорж, түүний эхнэр Сэлэнгэ, найз Пүрэвсүрэн нар байж байсан. Бид гурав дахин архи авч уусан. Орой 23 цаг болж байх үед Бямбадорж, Пүрэвсүрэн нар хоорондоо хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би голоор нь орж салгасан. Пүрэвсүрэнгийн найз охин орж ирээд гарсан. Тэгэхэд Бямбадорж “чамд хань болохгүй эмэгтэй байна” гэж дүгнэж хэлсэнээс Пүрэвсүрэн уурлаад тэр хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгээд би “боль” гэж зөндөө хэлж салгасан боловч миний үгэнд орохгүй байхаар нь Пүрэвсүрэнг нэг цохиод, Бямбадоржийг нэг удаа цохисон. Пүрэвсүрэнд ямар нэгэн гэмтэл учраагүй. Бямбадоржийг нүүр рүү нь нэг удаа цохисоноос болж түүнд гэмтэл учирсан. Миний хувьд хоёр найзыгаа хоорондоо муудалцаж хэрэлдэж, зодолдох гээд байхад нь  салгах гээд үгэнд орохгүй болохоор нь уурандаа хоёуланг нь нэг, нэг удаа цохисон. Бямбадоржид гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Түүний эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулах болно. Миний хувьд түүнд ийм хэмжээний гэмтэл учруулчихна гэж бодоогүй, цохилт эвгүй таарсанаас болж гэмтсэн болов уу гэж бодож байна. Харин баруун мөр, зүүн дал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учирсан гэсэн нь миний учруулсан гэмтэл биш байх. Учир нь би Бямбадоржид нэг л удаа гар хүрсэн, өөр цохиж зодсон асуудал болоогүй ...” гэх мэдүүлэг [5],

 

-түүний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Бямбадорж намайг гэртээ хүрээд ир гээд өдрөөс хойш дуудаад 17 цаг өнгөрч байхад тэдний гэрт очсон. Би багын найз Бямбадоржийг Пүрэвсүрэнтэй маргалдаад салгах үед үгэнд орохгүй хоорондоо зодолдох гээд байхад нь тэр хоёрыг нэг нэг удаа цохисон. Тэгээд Бямбадоржийг цохих үед цохилуур таараад эвгүй гэмтэл учруулчихсан. Тэр үедээ хацар нь хонхойгоод илт гэмтэл авсан нь мэдэгдээд би түргэн дуудсан. Би 80878693 дугаарын утсаар цагдаад дуудлага өгч байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бямбадоржийн гэр нь зай багатай, би Пүрэвсүрэнг салгаж нэг удаа цохичихоод эргээд Бямбадоржийг орон дээр сууж байхад нь цохичихсон. Учир нь Бямбадорж салгаад байхад үгэнд орохгүй дайрч давшилсан байдалтай, эхнэр нь хажуунаас нь барьчихсан байх үед нь цохисон...” гэх мэдүүлэг [6],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2663 тоот актын:

“...1.П.Бямбадоржийн биед зүүн талд хоншоор яс болон нүдний ухархайн  доод хана, гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн дал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүдийн зүүн талд хоншоор яс болон нүдний ухархайн доод хана, гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал гэмтлүүд нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. /шинжээч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт [7],

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 402 тоот актын:

“...1.2.П.Бямбадоржийн зүүн чихний хэнгэрэг цооролттой байх ба гэмтлийн шалтгаантай цоорсон эсэх болон хэзээ цоорсон цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

3.П.Бямбадоржийн зүүн талд хоншоор яс болон нүдний ухархайн  доод хана, гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүдийг нүүрэнд нэг удаа цохиход үүсэх боломжтой. Уг гэмтлүүд болон чихний хэнгэрэг цоорсон нь цуг нэг цаг хугацаанд нүүр рүү нэг удаагийн цохилтоос үүссэн байх боломжгүй байна.

4.П.Бямбадоржид учирсан зүүн талд хоншоор яс болон нүдний ухархайн  доод хана, гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн дал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт [8],

 

10.Хохирогч П.Бямбадоржийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар [9], Хохиролын баримтууд [10],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

11.Гэрч М.Шинэтуяагийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...М.Очирбат нь 1990 оны 04 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, айлын 2 дахь хүү, 65 дугаар сургуулийг 9 дүгээр анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, одоогоор “Долоон болдог” ХХК-д жолооч ажилтай, эхнэр Энхзул, 5 настай хүү Ананд нарын хамт амьдардаг. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжны 530Б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 5 шард байр түрээслэж амьдарч байгаа. Зан байдлын хувьд гаж буруу зангүй, яриа хөөрөө сайтай, илүү дутуу зангүй, төлөв даруу зантай, нэг их гадуур тэнээд байдаггүй, архийг хааяа найз нөхөдтэйгээ уудаг. Хохирогч Бямбадорж, Очирбат нар найз нөхдийн харилцаатай, багаасаа найзалсан 10 жилийн нэг ангийн найзууд байгаа юм. Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг [11],

 

12.Гэрч В.Оюунчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

 “...Манайх 1 хүү, 3 охинтой ба, М.Очирбат нь 1990 оны 04 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, айлын 2 дахь хүү, 65 дугаар сургуулийг 9 дүгээр анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, одоогоор “Долоон болдог” ХХК-д жолооч ажилтай, эхнэр Энхзул, 5 настай хүү Ананд нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжны 530Б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор эхнэр, хүүхдийн хамт 5 шард байр түрээслэж амьдардаг. Манай хүү архи ууж, тамхи татдаггүй, үгнээс гардаггүй, томоотой, гэрээс гардаггүй хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд гаж буруу зангүй, яриа хөөрөө сайтай, илүү дутуу зангүй, төлөв даруу зантай, нэг их гадуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Бямбадорж, Пүрэвсүрэн нар нэгдүгээр ангиасаа цуг явсан нэг ангийн багын найзууд байгаа юм. Энэ хоёр хүүхэд багаасаа манайхаар орж гараад тоглож өссөн. Би хүүгээ Бямбадоржийг гэмтээнэ гэж санаж цохиогүй байх, тухайн үедээ найз нөхдийн ёсоор үгэнд орохгүй болохоор нь нэг цохиход гай таарч гэмтэл авсан юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг [12]

 

13.Шүүгдэгч М.Очирбатын иргэний үнэмлэхийн лавлагаа [13],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [14], Цагдаагийн Ерөнхий газрын гомдол, захиргааны зөрчил, тоо бүртгэл, эрэн сурвалжлалт, судалгааны хяналтын лавлагааны М.Очирбаттай холбоотой хэсэг [15] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.Шүүгдэгч М.Очирбат нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Баганарангийн 19-74 тоотод оршин суух иргэн П.Бямбадоржийн гэрт архи ууж байхдаа П.Бямбадоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Пүрэвсүрэнтэй хэрэлдэн зууралдлаа гэж хацран тус газар нь гараараа цохиж “...зүүн талд хоншоор яс болон нүдний ухархайн  доод хана, гадна хана хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

мөрдөн байцаалтад:

-хохирогч П.Бямбадоржийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Орой 23 цагийн орчим Пүрэвсүрэн бид хоёр найз охиноос нь болж маргалдсан. Биднийг ууж байхад Пүрэвсүрэнгийн найз охин нь ирчихээд явсан. Би түүнийг харчихаад “чамд хань болохооргүй хүн байна” гээд хэлчихсэн чинь Пүрэвсүрэн миний үгэнд уурлаад бид хоёр хэрэлдэж маргалдсан. Очирбат Пүрэвсүрэн бид хоёрын дундуур орж салгаад, болиоч гэж зөндөө хэлсэн. ...Пүрэвсүрэн бид хоёр үгэнд нь орохгүй байхад Очирбат Пүрэвсүрэнг цааш нь салгаж түлхээд нэг удаа цохиод, буцаж эргэж ирээд намайг сандал дээр сууж байхад нүүр рүү нэг удаа цохисон. ...Үүнээс болж гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг [16], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Б.Сэлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Тэр өдөр Пүрэвсүрэнгийн найз охин нь манайхаар ороод гарсан. Тэр эмэгтэй манай нөхөрт таалагдаагүй юм уу, Пүрэвсүрэнд чамд хань болохоор хүүхэн биш байна гэж хэлэхэд Пүрэвсүрэн хүлээж авахгүй уурлаад тэр хоёр муудалцсан. Очирбат тэр хоёрын маргааныг салгах гээд сүүлдээ үгэнд нь орохгүй болохоор уурлаад нэг, нэг удаа цохисон. Очирбат Пүрэвсүрэнг салгаад нэг удаа цохичихоод Бямбадоржийг би салгаад сууж байхад хүрч ирээд нэг удаа нүүр рүү нь цохисон. ...Түүнийг цохиход Бямбадоржийн зүүн хацар нь цаашаа хонхойгоод орчихсон...” гэх мэдүүлэг [17],

-гэрч Т.Пүрэвсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...манай найз охин над руу залгахаар нь Бямбадоржийнд байна гэхэд хүрээд ирсэн. 21 цаг өнгөрч байхад ирсэн болов уу, 22 цаг өнгөрч байхад гараад явсан байсан. Тэгээд найз охиноо гаргаж өгчихөөд буцаж орж ирэхэд 23 цагийн үед болов уу Бямбадорж “танай янхан чинь явчихсан уу” гэсэн. Тэрнээсээ болоод Бямбадорж бид муудалцаад барьцалдаж авсан, ...зууралдаад байхад Очирбат салгасан. Согтуу улсууд боль гэхийг нь сонсохгүй хоёр талаасаа орилоод байсан. Очирбат тэгэхэд болиулж байгаад намайг түлхэж салгаад шанаа руу нэг цохиод, буцаж хараад Бямбадоржийг нэг удаа цохисон. Тэгтэл эхнэр нь орилоод явчихсан. Би харахад зүүн хацар нь хонхойгоод цааш орчихсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [18],

-шүүгдэгч М.Очирбатын 2017 оны 03 дугаар сарын 12, 22-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...орой 23 цаг болж байх үед Бямбадорж, Пүрэвсүрэн нар хоорондоо хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би голоор нь орж салгасан. Пүрэвсүрэнгийн найз охин орж ирээд гарсан. Тэгэхэд Бямбадорж “чамд хань болохгүй эмэгтэй байна” гэж хэлсэнээс Пүрэвсүрэн уурлаад тэр хоёр маргалдаж хэрэлдсэн. Би боль гэж зөндөө хэлж салгасан боловч миний үгэнд орохгүй байхаар нь Пүрэвсүрэнг нэг цохиод, Бямбадоржийг нэг удаа цохисон. ...Миний хувьд хоёр найзыгаа хоорондоо муудалцаж хэрэлдэж, зодолдох гээд байхад нь салгах гээд үгэнд орохгүй болохоор нь уурандаа хоёуланг нь нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг [19], [20] ,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2663 тоот акт, дүгнэлт [21], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн нэмэлт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 402 тоот акт, дүгнэлт [22], хохирогч П.Бямбадоржийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар [23] зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Очирбат нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тухайн хэрэг маргаан хохирогч П.Бямбадорж нь хамт архи уусан иргэн  Т.Пүрэвсүрэнгийн найз эмэгтэйг “чамд хань болох хүүхэн биш байна” гэж хэлснээс хэрүүл маргаан үүсгэж, Т.Пүрэвсүрэнтэй маргалдсан байх ба тус асуудлыг таслан зогсоох, болиулах талаар шүүгдэгч М.Очирбат нь хохирогч П.Бямбадоржид шаардлага тавихад хүлээж аваагүй, улмаар барьцалдаж авахад нь тэднийг салгаж хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас түүнийг цохиж, П.Бямбадоржийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас гарсан байх тул хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч М.Очирбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2663 тоот акт, дүгнэлт [24], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн нэмэлт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 402 тоот акт, дүгнэлт [25]-ээр тогтоогдсон хохирогч П.Бямбадоржийн биед учирсан бусад гэмтэл болох баруун мөр, зүүн дал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг хохирогч П.Бямбадоржоос хэрэг болохын өмнөх өдөр ажлынхаа хүнтэй барилдаж байгаад биедээ авсан талаар мэдүүлж, үүнийг шүүгдэгч М.Очирбат учруулаагүй гэж, мөн зүүн чихний хэнгэрэг цоорсон нь хэзээ үүссэн болохыг мэдэхгүй, үүнийг М.Очирбатын үйлдлээс болсон гэж үзэхгүй байна гэж мэдүүлсэн.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Ганзоригоос хохирогчийн биед учирсан зүүн чихний хэнгэрэг цооролт нь архаг үрэвсэл эсхүл гэмтлийн алинаас болсон эсэхийг тогтоох боломжгүй, нөгөө талаар нүүрэнд цохиход чихний хэнгэрэг цоорохгүй, харин чихэнд хүч үйлчилсэн тохиолдолд чихний хэнгэрэг цоорох боломжтой гэж эмнэл зүйн шинж талаас нь тайлбарласан.

Хэргийн үйл явцаас үзэхэд шүүгдэгч М.Очирбат нь хохирогч П.Бямбадоржийн зүүн шанаанд нэг удаа цохисон байдаг бөгөөд үүний улмаас чихний хэнгэрэг цоорохгүй гэж тусгай мэдлэг бүхий шинжээчээс мэдүүлсэн.

Иймд хохирогч П.Бямбадоржийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч М.Очирбатын үйлдлээс учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Хохирогч П.Бямбадорж нь Пи Ди Ай Си гоо сайханы мэс засал, имплант, шүд эрүү нүүрний төв эмнэлэгт үзүүлсэн төлбөр 40,000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн төлбөр 507,960 төгрөг, эм тарианы төлбөр 65,790 төгрөг, бензин шатахууны төлбөр 72,600 төгрөг, уушигны рентген зураг авхуулсан 20,000 төгрөг, Экспресс оношлогооны төвд үзүүлсэн төлбөр 99,500 төгрөг гэж бичсэн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба эдгээрийн үнийн дүн нь 805,850 төгрөг болж байна.

Үүнээс шүүгдэгч М.Очирбат нь хохирогч П.Бямбадоржийн эмчилгээний зардалд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Мөн мөрдөн байцаалтад хохирогч П.Бямбадорж нь орон сууц нийтийн аж ахуйн “Ганбиж” ХХК-нд цахилгаанчнаар ажилладаг бөгөөд сарын 700,000 төгрөгийн цалинтай, нэг сарын цалин хөлсийг нэхэмжилнэ гэсэн байх бөгөөд энэ талаарх нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Харин шүүх хуралдаанд хохирогч П.Бямбадоржоос гэм хорын хохирлын төлбөрт буюу эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтсэн төлбөр, нэг сарын цалин хөлс, шатахууны зардал болон цаашид гарах зардал болох мэс ажилбар дахин хийлгэж хадаас авахуулах, эмнэлэгт хэвтэх төлбөр зэрэгт нийт 3,135,000 төгрөгийг шүүгдэгч М.Очирбатаас хүлээн авсан талаар мэдүүлж, нэмж нэхэмжлэх зүйлгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж тайлбарлаж, энэ талаар 2017 оны 5 дугаар сарын сарын 1-ний өдрөөр огноолж нотариатаар гэрчлүүлсэн нэг хуудас баримтыг хэрэгт шинээр нотлох баримтаар гаргасан.

Иймд шүүгдэгч М.Очирбат нь хохирогч П.Бямбадоржийн баримтаар нэхэмжилсэн гэм хорын зардлыг болон цаашид гарах зардлыг нь нөхөн төлсөн гэж үзэж, хохирогч П.Бямбадоржид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч М.Очирбатын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Очирбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч П.Бямбадоржид учирсан гэм хорын хохирлын зардлыг нөхөн  төлсөн зэргийг  хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Очирбат цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Очирбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхжаргалын Очирбатыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Очирбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй шүүгдэгч М.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй, хохирогч П.Бямбадоржид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч М.Очирбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Очирбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Очирбатад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 10-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 52-56 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 62-64 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 10-12 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 52-56 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.