Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2243

 

 

 

 

 

 

 

 

 

ММСП ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч ДПМ ХХК -д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 11 828 960 төгрөг, хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будагаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Нандинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани “Азура архитекс” ХХК-ийн санал болгосны дагуу ДПМ ХХК -д хандан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/07 дугаартай захиалгын хуудсаар нийт 14 756 200 төгрөгийн будаг захиалсан. Уг захиалгын хуудсаар захиалагч талын төлбөр төлөх график болон нийлүүлэгчийн бараа нийлүүлэх хугацааг тохиролцон тодорхойлсон. Захиалгын хуудсыг үндэслэн ДПМ ХХК -иас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 8 871 720 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ДПМ ХХК -иас 2 957 240 төгрөгийн нэхэмжлэл ирүүлснийг үндэслэн захиалагч талаас банк хоорондын гүйлгээгээр төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Захиалгын хуудсанд зааснаар үлдэх 2 957 240 төгрөгийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэлээ ирүүлээгүй тул шилжүүлэг хийгдээгүй. Түүнчлэн ДПМ ХХК  нь захиалсан будгийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа нийлүүлээгүй, улмаар будгийн мөнгөө буцаан өгөлгүй захиалагчийг хохироож байна. Захиалагч болох ММСП ХХК-ийн  нь зочид буудлын барилга захиалан бариулж байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж улмаар урьдчилсан захиалга аван ажиллах байсан боловч нийлүүлэгч талын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас төлөвлөсөн хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй. Барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөт хугацаа маш бага үлдсэн, түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны тов зарлагдсан байсан тул заслын ажилд шаардлагатай дараах бараа бүтээгдэхүүнийг нэмэлтээр авсан. Үүнд: бараа материалд “Зуун найман суварга” ХХК-иас будаг 971 250 төгрөг, обой Япон улсаас захиалан 285 876 иен буюу 6 289 272 төгрөг, туслах материал 245 450 төгрөг, нийт 7 505 972 төгрөг болсон. Ажлын хөлс болон тээврийн зардалд Япон улсаас Монгол улсад 3 995 300 төгрөг, “Эрдэнэт орчлон” ХХК-иар обой наалгах ажлын өртөг 405 м.кв талбайд 1 м.кв талбайд ажил гүйцэтгэх зардал 6 000 төгрөгөөр тооцон 2 430 000 төгрөг болсон. Будгийн ажлын хөлс “Монгол микрон констракшн” ХХК-д 1 640 000 төгрөг, нийт 8 065 300 төгрөг болсон. Үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч нь дээр дурдсан бараа материал болон ажил гүйцэтгэлийн хөлс зэрэгт нийт 15 571 272 төгрөгийн төлөвлөөгүй зардал гаргаж цаг хугацааны болон санхүүгийн бодит хохирол учирсан. Энэхүү хохирлыг ДПМ ХХК  хариуцан барагдуулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн төлөвлөсөн цаг хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүйн улмаас зочид буудлын болон рестораны урьдчилсан захиалгуудаа цуцалсан бөгөөд зочид буудлаас 45 000 000 төгрөгийн, рестораны хүлээн авалтын захиалгаар 77 000 000 төгрөгийн орлого олох боломжуудаа тус тус алдан хохирсон. ДПМ ХХК -ийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч талд тодорхой хохирол учирсан тул ДПМ ХХК -иас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн нийт 11 828 960 төгрөгийг буцаан гаргуулах, хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйн улмаас ММСП ХХК -д учирсан бодит хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДПМ ХХК  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ДПМ ХХК -ийн зүгээс ММСП ХХК -ийг ирж будагаа авч, үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад будагаа аваагүй. Эдгээр будаг нь ММСП ХХК -д зориулагдсан буюу өрөө тасалгааны хэмжээгээр захиалагдсан, тусгай кодтой учраас өөр этгээдэд худалдах боломжгүй. Захиалагч будагнуудаа авахаас үндэслэлгүйгээр татгалзсанаар манай компанид хохирол учруулсан. Уг будагнууд одоо хэр нь манай компани дээр хадгалагдаж байна. Нэхэмжлэгч эдгээр будагаа авч, төлбөрөө төлөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангаагүй, юу нотлох гэж байгаа нь ойлгомжгүй баримтуудыг үндэслэн хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДПМ ХХК  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ММСП ХХК -д 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр будаг хүргэгдсэн, гаалийн мэдүүлэг хийх хэрэгтэй байгаа учраас будгийн үлдэгдэл төлбөр болох 2 957 240 төгрөгөө төл, мөн будагаа ирж ав хэмээн мэдэгдэхэд үлдэгдэл мөнгөө төлөөгүй ба будагаа ирж авахгүй байсаар байна. Худалдагч болох ДПМ ХХК  хуульд заасны дагуу будгийг хадгалсаар өнөөдрийг хүрлээ. Эдгээр будаг нь Итали улсаас оруулж ирсэн, ММСП ХХК-ийн  IBIS SYLES зочид буудлын 517 м.кв талбайд тусгайлан дотор засал, интерьерт зориулагдсан тусгай кодтой юм. Хэдийгээр ММСП ХХК-ийн  нь худалдагчийг будгаа нийлүүлээгүй мэтээр нэхэмжлэл гаргасан боловч үнэн хэрэгтээ 14 786 200 төгрөг төлж манай компаниар Итали улсаас будаг захьж авах тохиролцооноосоо татгалзаж, өөр газраас хямд үнээр буюу 971 250 төгрөгөөр будаг худалдан авахын илүүд үзсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 27, 2018 оны 4 дүгээр сарын 28, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш будгийн үлдэгдэл төлбөрөө төл, будгаа ирж ав гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг гэрчлэх гэрч бий.  ММСП ХХК-ийн   манай компанитай тохиролцсоноос хямд үнээр өөр газраас будаг авахын тулд л захиалсан будгуудаа авахгүй байгаа. ММСП ХХК-ийн  шүүхэд гаргаж өгсөн бараа материал худалдан авсан гэх баримтуудын огноо 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж байна. Харин манай компани будгуудаа 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулаад ирчихсэн, ММСП ХХК -д мэдэгдсэн байдаг. Тийм учраас ММСП ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 2 957 940 төгрөг гаргуулж, захиалсан будагаа хүлээн авахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 957 240 төгрөг төлүүлэх нэхэмжлэлээ ирүүлээгүй учир бид уг төлбөрийг төлөөгүй. Мөн хариуцагч нь Итали улсаас будаг ирсэн талаар манайд мэдэгдээгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн. Бид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.7-д тус тус зааснаар хохирлоо нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ДПМ ХХК -иас 27 400 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММСП ХХК 2 957 240 төгрөг гаргуулан хариуцагч ДПМ ХХК -д олгож, хариуцагч ДПМ ХХК -иас захиалсан будгаа хүлээн авахыг нэхэмжлэгч ММСП ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294 951 төгрөг, хариуцагчийн төлсөн 132 466 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49 төгрөгийг нэхэмжлэгчид, 4 төгрөгийг хариуцагчид тус тус буцаан олгож, нэхэмжлэгч нэхэмжлэгч ММСП ХХК 132 466 төгрөг гаргуулан хариуцагч Данило Пейнтинг Монгол” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах давж заалдах гомдолдоо: Шүүхээс талуудын хооронд байгуулсан “захиалгын хуудас” нэртэй баримтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдах авах гэрээ”-г байгуулсан, улмаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу “үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх” зарчмыг зөрчсөн, иймээс мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж тус тус дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулсан захиалгын хуудасны дагуу хариуцагч нь бараа нийлүүлэх хугацаа 2017 оны 04 дүгээх сарын 29-ний өдөр боловч тухайн өдөр нийлүүлээгүй, улмаар захиалагч нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бараа нийлүүлэхийг хүлээсэн боловч барааг нийлүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байхад гагцхүү хариуцагч талын гэрч буюу байгууллагын ажилтан шүүх хуралдааны явцад утсаар ярьсан гэсэн ганцхан мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үүрэг гүйцэтгэгчийн илт буруутай, хугацаа хэтрүүлсэн байдлыг шүүх тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 болон 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хуулийн бүрэн боломжтой гэж нэхэмжлэгчийн хувьд үзэн анхан шатны шүүхээс хэрэг маргааныг буруу шийдвэрлэсэн гэж дүгнэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас үндсэн төлбөрөөс гадна, цаг хугацааны алдагдал хүлээж, улмаар нэмэлт зардал гарган үйл ажиллагаагаа эхлүүлсэн байхад илтэд буруу шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

             

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  нь хариуцагч ДПМ ХХК -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлсөн 11 828 960 төгрөг, хохирол 15 571 272 төгрөг, нийт 27 400 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будгаа хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/17 тоот захиалгын хуудас нэртэй бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, захиалагч ММСП ХХК-ийн  нь IBIS зочид буудлын 1, 6 дугаар давхарт нийт 517 м.кв талбайд хэрэглэх Encanto silver, bianco, oro, ottocento нэр төрлийн будгийг нэг м.кв талбайд 26 000 төгрөгөөр тооцон нийт 14 786 200 төгрөгөөр захиалах, хариуцагч ДПМ ХХК  нь уг будгийг Итали улсаас захиалж тээвэрлэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 6/

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 11 828 960 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Зохигчдын хооронд захиалгын хуудас нэртэй бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч ММСП ХХК хариуцагч ДПМ ХХК -д тодорхой нэр төрлийн бараануудыг захиалан авчруулахаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар ын тохиролцож гэрээ байгуулсан байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан захилгын хуудас гэх баримтад нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлбөрийн 60 хувь болох 8 871 720 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 хувь болох 2 957 240 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20 хувь болох 2 957 240 төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиалга баталгаажуулах , 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Италиас бараа бэлэн болгох, 2017 оны 04 дүгээр сарын 05-аас 28-ны өдрийн хугацаанд Италиас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр захиалсан бараануудыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хүлээн авсан бараагаар 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ажлыг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8 871 720 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 957 240 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх 7-10/

Талуудын хоорондын захиалгын хуудас гэх баримтад зааснаар барааг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгөх үүргийг худалдагч хүлээсэн байгаагаас гадна уг баримтад нэхэмжлэгч байгууллага буюу худалдан авагч авсан бараагаараа цаашид ажил гүйцэтгэх эцсийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгаа талаар тухайлан заасан байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан будгийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, Итали улсаас будаг импортолсон болох нь гадаад шилжүүлгийн даалгавар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 142-144/

Энэ тохиолдолд хариуцагч ДПМ ХХК -ийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд барааг нийлүүлээгүй байсан, захиалсан будгаа хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй байх тул бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчил гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэхэд худалдан авагч захиалсан барааг ашиглан өөр газар ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан буюу гэрээгээр тогтоосон хугацааны ач холбогдлыг хариуцагч байгууллага мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг захиалсан будгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  гэрээнээс татгалзаж, гуравдагч этгээдээс будаг худалдан авч, ажлыг гүйцэтгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч ДПМ ХХК  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа захиалсан будгийг хүлээн авахыг даалгуулахаар шаардлага гаргасан байна. Нэг талд гэрээнээс татгалзах эрх үүссэн байхад уг гэрээний үүргийг биелүүлэхийг нөгөө тал шаардах боломжгүй.

Нэхэмжлэгч нь захиалсан будаг хэзээ ирснийг хариуцагч тал мэдэгдээгүй гэж маргадаг бөгөөд хариуцагч байгууллагад ажилладаг байсан нягтлан бодогч Э.Ануугийн “будаг ирсэн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал Н.Ариунаад захиалсан будгаа хүлээж авахыг утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлгийг үндэслэн гэрээний нөгөө талыг захиалсан бараа буюу будгийг хүлээж авах талаар зохих ёсоор мэдэгдсэн, худалдагчийн барааг хүлээн авах үүргээ биелүүлэхгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 11 828 960 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДПМ ХХК -иас буцаан шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ММСП ХХК-ийн  нь гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа урьдчилан мэдэгдэх, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох зэрэг хуулиар тогтоосон үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 15 571 272 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүсээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДПМ ХХК -иас 11 828 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ММСП ХХК -д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15 571 272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ММСП ХХК үлдэгдэл төлбөр 2 957 240 төгрөг гаргуулах, захиалсан будагаа хүлээн авахыг нэхэмжлэгч ММСП ХХК -д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч ММСП ХХК 132 466 төгрөг гаргуулан хариуцагч ДПМ ХХК -д олгосугай” гэснийг “хариуцагч ДПМ ХХК -иас 204 213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММСП ХХК -д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММСП ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН