Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 448

 

Х.Н-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан хийж, Х.Н-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2017/0043 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0583 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр Х.Н-ыг томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 3.830.539 /гурван сая найман зуун гучин мянга таван зуун гучин есөн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0583 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Х.Н-ы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэн зөв үнэлээгүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эс зөвшөөрч байгаа үндэслэл:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба татан буугдсан нь Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот тогтоол, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А\488 дугаар захирамжаар тогтоогдсон. Дээр дурдсан үйл баримтууд нь Баян- Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны албанд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс бараа худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон боловч түүний ажиллаж байсан байгууллага татан буугдсан учраас ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг тус тус үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас өгснийг тэрээр хүлээн авч танилцан гарын үсэг зурсан, улмаар Х.Н-ыг аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн.

Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Н-ыг үүрэгт ажлаас орон тооны цомхотголоос чөлөөлөх үед нэг удаа олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй орхисон тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нь тушаалаар Х.Н-д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон юм. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н-аас намайг үүрэгт ажлаас чөлөөлж, аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн гэх ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаал нь эргэлзээтэй нотлох баримт болох нь ажил олгогчийн Х.Б, Х.Г нарыг ажлаас чөлөөлсөн тушаалууд, гэрч Х.Саулешийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус няцаагдаж байна. Иймд, нэхэмжлэгч Х.Н-ыг Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бараа худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр чөлөөлсөн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо нь хасагдан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор урьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх үйл ажиллагаа явуулж байсан Орон нутгийн өмчийн албыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлснээр аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А\502 дугаар захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А\605 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг шинээр эмхлэн зохион байгуулсан. Шинэ бүтэц, орон тоо зохион байгуулалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг 10 орон тоотой ажиллуулахаар тогтоон үүнээс 2 орон тоонд өмнө худалдан авах ажиллагааны албаны 2 орон тоог шинээр нэмж бий болгон албаны дарга 1, мэргэжилтэн 1, нийт 2 орон тоог хассан байна.

 Шинээр бий болсон 2 орон тоонд анх аймгийн Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсан үеэс эхлэн тасралтгүй ажиллаж байсан мэргэжилтэн А.Багдат, 3 ой хүрээгүй хөхүүл хүүхэдтэй байсан мэргэжилтэн Х.Гулбану нарыг авч ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэж байна. Иймд, одоогийн байдлаар урьд аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр А.Б, Х.Г нар ажиллаж байгаа асуудлаар ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй. Харин Х.Г нь өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тус газрын нягтлан бодогчоор түр томилогдоод одоо жирэмсний болон амаржсаны амралт эдэлж байгаа ба эргээд мэргэжилтний ажилд үргэлжлэн ажиллахаар болсон нь түүний оронд Х.Н-ыг томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

Х.Н нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мэргэжилтний ажилд томилогдон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба тэр хугацаанд нэг ч тендерийн ажилд оролцоогүй сул цалин авч байсан, түүний ажлын байрны тодорхойлолт олдоогүй зэрэг нөхцөл байдлууд түүнийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байдалд хүргэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өмнө аймгийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр ажиллаж байсан А.Б, Х.Г нарын ажлын байрны тодорхойлолт авагдсан, харин Х.Н-ы ажлын байрны тодорхойлолт байхгүй байгаа нь ажил олгогчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.

Иймд, шийдвэр, магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, Х.Н-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан байх ба Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагаар Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/-ыг ажиллуулахаар тогтоожээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/488 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэд Орон нутгийн өмчийн газрыг байгуулан, үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, тус албаны чиг үүрэг болон албан хаагчдын орон тоо, цалингийн санг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн байна.

Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/502, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/605 дугаар захирамжуудаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог баталж, уг бүтцэд Худалдан авах ажиллагааны алба багтахаар, мөн албанд “орон нутгийн өмчийн бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн”, “орон нутгийн өмчийн ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 орон тоог баталсан буюу өмнөх Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний 3 орон тоог 1-ээр цөөрүүлж шийдвэрлэжээ.

Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулсантай холбогдуулан өмнөх Худалдан авах ажиллагааны албыг татан буулгасан боловч бодит байдал дээр тухайн албаны ажил, албан тушаалын орон тоо бүрмөсөн байхгүй болж татан буугдаагүй, харин бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж, тус албаны чиг үүрэг шинээр зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна. 

Тухайлбал, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн А.Багдат, ажил худалдан авалт, санхүү хариуцсан мэргэжилтэн Х.Г, цахим худалдан авалт, бараа хариуцсан мэргэжилтэн Х.Н нар нь худалдан авах ажиллагааны асуудлаар ижил төрлийн чиг үүрэг бүхий ажлыг гүйцэтгэж байсан, энэ нь шинээр батлагдсан, худалдан авах ажиллагааны ажил албан тушаалын чиг үүрэгтэй ижил болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.  

Ийнхүү нэхэмжлэгч Х.Н-ы ажил, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүний ажлын байрыг цөөрсөн гэх үндэслэлээр эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Гэтэл хариуцагч нь шинээр зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчийн бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон орон нутгийн өмчийн худалдан авалт хариуцсан мэргэжилтний орон тоонд хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг дээрх мэргэжилтнүүдийн хэн нь хамгийн ихээр хангаж байгааг харгалзан үзэхгүйгээр иргэн А.Б, Х.Г нарыг томилсон нь хууль бус, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

Мөн түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Х.Г нь өөрийн хүсэлтээр өөр ажил буюу тус газрын нягтлан бодогчийн албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс томилогдсон, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу тухайн албанд тушаалд нэхэмжлэгч Х.Н-ыг томилж ажиллуулах байтал тус албанд ажиллаж байгаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэн Д.Ан-ыг томилж хууль зөрчсөн байна.

Иймээс хариуцагчийн “шинээр бий болсон 2 орон тоонд анх аймгийн Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсан үеэс эхлэн тасралтгүй ажилласан А.Багдат, 3 ой хүрээгүй хөхүүл хүүхэдтэй байсан Х.Г нарыг авч ажиллуулсан, ...энэ асуудлаар ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй, ...Х.Г нь өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тус газрын нягтлан бодогчоор түр томилогдсон, одоо жирэмсний болон амаржсаны амралт эдэлж байгаа, эргээд мэргэжилтний ажилд үргэлжлүүлэн ажиллахаар болсон...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2017/0043 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0583 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ 

                         ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА