Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2022/00047/И |
Дугаар | 136/шш2022/00036 |
Огноо | 2022-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 136/шш2022/00036
2022 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 136/ШШ2022/00036 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, .. дугаар баг, Ш зны гудамж, ... дүгээр байрны ..1 тоотод оршин суух, Г овогт Ц Өний М/РД:........./,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.Миний бие Ц-өний М 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д аймгийн Хт Дын театрт бүжигчнээр орж 1993 оныг дуустал ажилласан. Тухайн үед боловсон хүчний хүн нь чөлөө аваад явсан байсан тул хөдөлмөрийн дэвтрээ авч чадалгүй явсан. Сүүлд хөдөлмөрийн дэвтрээ очиж авахад халагдсан тухай тэмдэглэл хийгдээгүй, халагдсан тухай тушаалаа хайгаад олж чадаагүй. Аймгийн архивын газраас миний халагдсан тухай тушаал мөн олдоогүй. Би 1990 оноос хойш ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул одоо 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Ц.М миний Д аймгийн Хт дын театрт 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/68.. дугаартай Д аймгийн С сумын .. дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, Ц.Мгийн 04.... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2021 оны 07 дугар сарын 21-ний өдрийн 249 дугаартай Д аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, Д аймгийн хт дын театрын даргын 1981 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаартай Дагалдан жүжигчид авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1983 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1984 ооны 10 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай Тэтгэмж чөлөөл олгох тухай тушаалын хуулбар, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1987 оны 09 дүгээр 06-ны өдрийн 68 дугаартай Жүжигчдийн цалин шинэчлэн тогтоож олгох тухай тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай Уран бүтээлчид, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Ц.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч О.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрч Ц.Ц, Б.О нарыг гэрчээр асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.М нь Д аймгийн Хт Дын театрт 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн байдлаар тодорхойлсон болно.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.М нь Д аймгийн Хт Дын театрт 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дагалдан бүжигчнээр ажилд орж, түүнд хөдөлмөрийн дэвтэр нээсэн байна. (хавтаст хэргийн 5, 7 дугаар тал) Тэрээр бүжигчнээр 1990 он гартал тасралтгүй ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Д аймгийн Хт дын театрын даргын ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 8-20 дугаар тал)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Мг Д аймгийн Хт Дын театрт 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г овогт Ц-Өний М /РД:......./-г Д аймгийн Хт Дын театрт 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ