| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
2024 02 06 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн
улсын яллагч С.Бичинхүү
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, нууцалсан холбооны техникч мэргэжилтэй, ***р аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлэл, технологийн ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ***р аймаг, Сүмбэр сум, Гашууны 1 дүгээр гудамж, 1 В тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, *** овогт ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний 04:00 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” шөнийн цэнгээний газрын гадна “найзыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч Ц***ын цээж, хэвлий, хөл, толгой, хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж түүний эрүүл мэндэд “зүүн 10, 11-р хавирганы хугарал, хэвлий, зүүн бугалга, шуу, тохой, зүүн шагай, нуруу, баруун дал, бугалганд зулгаралт, зүүн гуя, зүүн тавхайд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Хийсэн үйлдлээ би өөрөө мэдэж байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлөх болно. Хохирогч ***ыг зодсон гэдэг дээр маргахгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***ийн *** “... тухайн өдөр би “***” нэртэй бааранд найз ***, хуурай дүү ***нартай хамт орсон. Хэсэг сууж байгаад 03 цаг өнгөрөөгөөд дүү ***бид 2 баарнаас гарсан. Гэтэл баарны гадаа үүдэнд хэсэг залуучууд хоорондоо юм яриад тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид 2 хажууханд нь бас тамхи татаад зогсож байтал манай дүүг нэг үл таних залуу хөөе бандиа гэж дуудахаар нь ***эргээд хартал шууд 2-3 залуу ирээд нэг залуу нь намайг өшиглөөд, нөгөө залуу нь Цэрэнбатыг цохиод эхэлсэн. Тэгээд бид 2 зодуулаад, би зугтаад цагаан өнгийн автомашин доогуур ортол намайг нэг хар өнгийн саравчтай малгайтай хүн чирч гаргаж ирээд зодсон, би больё гээд орилоод байсан боловч тэр залуу огт болихгүй байсан. Тэгээд би цагаан өнгийн машины хажууд малгайтай залууд зодуулж байгаад босох гэтэл бас нэг цагаан өнгийн подволктой залуу ирээд миний хүзүү рүү өшиглөөд би буцаад газарт унасан. Тэгээд би тэр даруй босоод зугтаад гүйсэн. Би хашааны хаалга хайгаад хашааны захаар модон дундуур гүйсэн. Гэтэл гарах хаалга олдохгүй байсан ба нэг траншейны нүх байхаар нь би тухайн нүхэнд ороод нуугдсан. Би нүхэн дотор нуугдаад байж байх үед хэсэг хугацааны дараа манай дүү ***араас ороод ирсэн. Тэгээд бид 2 хоёулаа траншейны нүхэнд нуугдсан. ***намайг зугтаж гуйж байхыг хараад араас траншейны нүхэнд орж ирсэн байх. Зодуулж байх үед миний нэг гутал байхгүй болсон байсан. Бид 2 траншейны нүхэнд нуугдаж байх үед цагдаагийн машины гэрэл анивчаад цагдаа ирэхээр нь бид 2 нүхнээс гараад би цагдаагийн машинд суугаад явсан. Манай дүү ***бас тухайн залуучуудад зөндөө зодуулсан. Гэхдээ ***шүүх эмнэлэгт үзүүлээгүй хөдөө амьдардаг учир цагдаагаар явж чадахгүй гээд хөдөө яваад өгсөн. Бид 2-ыг траншейны нүхэнд нуугдаж байх үед гадаа зодоон болоод байгаа бололтой чимээ гараад олон хүмүүс орилолдоод байсан. Өөр хүмүүс бас хоорондоо зодоон хийсэн байх. Зодуулж байх үед миний өмдний халаасанд байсан гар утас маань хаягдсан байсан учир би гар утсаа төлүүлмээр байна” /хх-н 18-20/ гэж,
гэрч ***ын ***“... 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагийн үед би ах ***, *** нарын хамт “***” бааранд ороод Нороохоожамц ах бид 2 баарны гадаа тамхи татаад зогсож байтал гэнэт 2-3 залуу ирээд *** ахыг цохиод дараа нь намайг миний нүүр хэсэгт цохисон. Нэг мэдэхэд бид 2 зодуулж байсан, тэгээд нэг харсан чинь *** ах зогсоол дээрх автомашин руу гүйж байгаа харагдсан. Би 2-3 залууд зодуулж байгаад зогсоолын зүг хартал *** ах мод руу гүйж байгаа харагдсан. Тэгэхээр нь би араас нь мод руу гүйсэн. Модон дунд нэг траншейны нүх байхаар нь би нүх рүү ороод нуугдсан. Гэтэл *** ах тэр траншейны нүхэнд бас нуугдаад байж байсан. Бид 2 нүхэнд нуугдаад байж байтал цагдаа ирэхээр нь би траншейны нүхнээс *** ахыг сугадаж гаргасан. Бие нь их зовиуртай байх шиг байсан. Би одоо болсон үйл явдлыг бүрэн санахгүй байна” /хх-н 40-41/ гэж,
гэрч ***ын ***“... тухайн өдөр найзуудын хамт “***” баарнаас гарах гээд зарим нь гадаа гараад бусдыгаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд гадаа *** дүүтэйгээ утсаар яриад ганц өдөр ханилаад явчихгүй дандаа ийм байгаарай пизда гэж жоохон чанга чанга яриад байсан. Гэтэл 50 орчим метрийн цаана зогсож байсан гарандаа гипстэй нэг залуу бид нарыг “төмөр зам, 25 гэж мэдэх үү, нэг гараараа зодож үзүүлье” гээд нэг гараа нурууныхаа ар талд аваад бид нарыг чиглээд яваад байсан. Гипстэй гартай залуу болон *** 2 өөд өөдөөсөө харж зогсоод хэрэлдээд зогсож байсан. Энэ үед баарнаас *** гуйваж гарч ирээд тэр 2-ыг салгах гээд дундуур нь ортол гипстэй залуугийн найз нь ***ийг эхлээд цохиод тэгээд зодоон эхэлсэн. Бид хоорондоо зууралдаж байтал нэг мэдсэн чинь гипстэй залуу аймар олуулаа болчихсон байсан. Бид нарыг гарах гэтэл хашааны хаалганы тэнд баарны хар подволктой ажилчид бид нарыг гаргахгүй мөн зодоон болсон” /хх-н 44-45/ гэж,
гэрч ***ийн *** “... 2023 оны 7-р сарын 29-ний шөнө 01:00 цагийн орчимд би найзуудтайгаа нийт 9-үүлээ “***” бааранд орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа *** бид 2 гадаа гараад *** утсаар яриад, утсаар нэг хүнтэй маргалдсан. Гэтэл хажуу талаас нэг ах өөрийг нь хэлж байна гэж бодоод тэр ах юу гээд байна аа гэсэн тэгэхээр нь би ахаа танд хэлээгүй гээд хэлтэл тэр ах намайг цохиод тэгээд зодоон эхэлсэн. Тэгээд араас манай найзууд гарч ирсэн. Үүний дараа юу болсныг би санахгүй байна, ямар ч байсан нэг эмэгтэй найз болох *** нь газар унасан байсан ба өөрийг нь нэг залуу цохисон гэж ярьсан. Хамгаалагч гарч ирээд бид нарыг боль гээд дайраад байсан. *** цагдаа дуудсан. Би өөр зүйл сайн санахгүй байна” /хх-н 50-51/ гэж,
гэрч ***ын *** “... тухайн өдөр найзуудаараа 10-уулаа хамт “***” нэртай бааранд орсон. Ороод бид нар пиво авч уугаад бүжиглээд байж байсан. Шөнийн 03 цаг өнгөрөөгөөд бид баарнаас гарахаар болж бүгд цуваад баарнаас гарцгаасан. Би хамгийн сүүлд гарсан. Гэтэл гадаа зодоон болж байсан. Баарны хамгаалагч бололтой махлаг, шар царайтай, дундаж өндөртэй нэг ах манай нэг эрэгтэй найзыг цохиж байсан. Би тухайн хамгаалагчийн хувцас болон яг хэнийг цохисоныг одоо санахгүй байна. Тэгээд баарнаас хар өнгийн подволктой баарны ажилчид бололтой хэсэг залуучууд мөн энгийн хувцастай олон тооны залуучууд бөөндөө гарч ирээд манай эрэгтэй найзуудтай зодолдсон. Тэр хүмүүсийн нэг нь манай найз ***ийг цохиж байхаар нь би салгах гээд очтол тэр залуу намайг мангасдаж унагаад миний нүүр рүү өшиглөөд би газарт унасан. Намайг өшиглөсөн залуу захтай хар подволктой, намхан, биеийн жин дундаж залуу байсан. Намайг газарт унасан байх үед манай эмэгтэй найз Бэрхшагай цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирэх гээд цагдаагийн машины алаг гэрэл асаж хашаагаар орж ирэхийг харангуутаа бид нартай зодолдсон хар подволктой залуучууд баар руу гаа ороод алга болсон. Ардаа өөр хаалгатай юм шиг байна лээ. Цагдаа ирээд намайг машиндаа суулгасан ба бас нэг өөр үл таних, гар нь боолттой нэг ах ирээд би бас өргөдөл өгнө гээд машинд суугаад хамт 10-р хорооллын цагдаагийн хэсэгт очсон” /хх-н 57-58/ гэж,
гэрч ***гийн *** “... тухайн шөнө би найзуудын хамт “***” бааранд орсон. Би гадаа гараад шатны хажууд хүнтэй чатлаад байж байтал гэнэт чимээ шуугиан болоод байхаар нь эргээд хартал манай найзууд олон залуучуудтай зодолдоод байж байсан. Манай найзуудаас хэн нь билээ нэг нь нэг хар подволктой залуутай муудалцаад зууралдаад зогсож байхаар нь би очоод салгах гэтэл тэр муудалцаад байсан хар подволктой залуу нь миний толгой руу цохиод хүзүүнээс татаад байхаар би дэмий юм байна гэж бодоод тэд нараас холдоод зайтай зогссон. Дээгүүрээ нүцгэн нэг эрэгтэй хүн манай эмэгтэй найзуудыг хэл амаар доромжлоод байсан. Би одоо бусад зүйлсийг санахгүй байна. Найзуудаасаа дараа нь сонсоход эхлээд нэг залуу *** рүү би төмөр замынх гээд орилоод ***ийг цохисон гэж сонссон. Мөн манай найзуудтай зодолдоод байсан олон хүмүүс нь баарны ажилчид байсан гэж ярьцгааж байсан. Тухайн шөнө манай найзууд хүн зодож байхыг би хараагүй, ямар ч байсан олон тооны хүмүүстэй харилцан зодолдож байсан” /хх-н 64-65/ гэж,
гэрч ***ын *** “... 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаад 7 дугаар сарын 29-ний шөнө би найзуудын хамт 10-уулаа “***” бааранд орсон. Бид нар гадаа тамхи татаад, би найзуудаасаа жоохон зайтай зогсоод утасныхаа чанга яригч дээр нь тавиад утсаар яриад байж байсан. Би утсаар ярьж байсан хүнтэйгээ жоохон хараалын үг хэлээд чанга ярьсан. Гэтэл бид нартай ойрхон хажууханд нэг гарандаа гипстэй залуу намайг “чи ингэж ярьдаг юм уу төмөр замд намайг мэдэх үү, төмөр замд намайг барахгүй, нэг гараа ардаа хийж байгаад үзье” гээд над руу дөхөөд ирж байх үед нь *** гарч ирээд тэр гипстэй залууг замд нь тосож болиулах гэтэл ***ийг нэг удаа цохисон. Тэгээд маргаан үүсээд баарны хамгаалагч нар болон түүний найзууд гээд 8-9 эрэгтэй хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би тухайн гипстэй залууг баарны хамгаалагч нарыг таньдаг юм байна гэж бодсон. Тэгээд бид нар баарны хамгаалагчид болох хар подволктой хүмүүстэй зодолдсон. Хар подволктой нэг хамгаалагч нь ***г зодсон байсан. Хэсэг хугацааны дараа зодоон дуусаж цагдаа ирээд байж байтал гэнэт гарандаа гипстэй залуу хаанаас ч юм гэнэт би гомдолтой байна гээд гараад ирсэн” /хх-н 70-71/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... 2023 оны 7 дугаар сарын 29-ний шөнө би найзуудтайгаа “***” бааранд ороод 01 цагийн үед баарнаас гарахаар болоод зарим нь гадаа гараад бусдыгаа хүлээгээд байж байтал *** утсаар хараалын үг хэлээд ярьж байтал ойрхон зогсож байсан залуу “намайг хэлээд байна уу пизда минь” гээд бид нар руу алхсан. ***тухайн залуугийн өөдөөс очоод “чамайг хэлээгүй байна, утсаар ярьж байна” гэж хэлтэл тухайн гипстэй залуу Мөнх-Одын толгойд өөрийнхөө толгойг нийлүүлээд мөргөх маягтай зогсоод “төмөр замд та нар амжихгүй шүү лалрууд минь” гээд байсан. Энэ үед *** баарнаас гарч ирээд юу болсон юм бэ гээд ***болон гипстэй залуу дээр очтол гипстэй тухайн залуу ***тэй маргалдаж байгаад ***ийг эхэлж цохиод зодоон эхэлсэн. Нөгөө гипстэй залуу нэг тийш гүйхээр нь би араас гүйж очоод газарт унагаад зодсон. Намайг манай эхнэр Батцэцэг ирж болиулсан. Уг залуу босоод гүйгээд явсан. *** уг залуугийн араас нь гүйгээд олоогүй, *** сааданд шээнэ гээд үлдсэн. Харин ***бид 2 хашааны хаалгаар гарах гэтэл баарны ажилчид гарч ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэр баарны ажилчид Менх-Од бид 2-ыг цохиж эхлээд хоорондоо харилцан ганц нэг цохилцож байтал *** баарны ажилчдад зодуулчихлаа гээд ирсэн. Манай зарим найзууд хашааны гадаа гарсан байсан харин зарим нь хашаанаас гарах гэтэл баарны ажилчид хааж зогсоод гаргахгүй байсан. Дахиад баарны ажилчидтай зодолдож байтал цагдаа бид нар ирж салцгаасан” /хх-н 131-133/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “… Ц***ын биед 10, 11-р хавирганы хугарал, хэвлий, зүүн бугалга, шуу, тохой, зүүн шагай, нуруу, баруун дал, булгаганд зулгаралт, зүүн гуя, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 9678 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан нь /хх-н 78-79/ түүний гэм буруутайг нотолно.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 91/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 92/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хх-н 93/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-н 94/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 95/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 96/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 97/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.
Тухайлбал уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Ц*** “ ... зодуулж байх үед миний өмдний халаасанд байсан гар утас маань хаягдсан байсан учир би гар утсаа төлүүлмээр байна. Гар утсыг би 2023 оны 4 дүгээр сарын үед Ардын хоршоо дэлгүүрээс лизингээр худалдаж авсан. Дарь пинанс ББСБ-аас лизингээр 4.699.000 төгрөгөөр худалдан авч байсан” /хх-н 18-20/ гэжээ.
Хохирогч Ц***ын гар утсаа алдсан гэх асуудлын талаар хяналтын прокурор С.Бичинхүү шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар хэлэхийн зэрэгцээ энэ талаар яллах дүгнэлтэд мөн тусгасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад хохирогчийн гар утсаа тухайн үед хаяж гээгдүүлсэн, эсхүл бусдад алдсан гэх нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй тул гар утасны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” энэ гэмт хэргээс улбаатай хохирлын зардлын баримтыг хохирогч Ц*** мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгч ***“... Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 209.000 төгрөгийн зардал гарсан. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” /хх-н 23-24/ гэж мэдүүлсэн байх ба энэ төлбөрийг шүүгдэгч *** шүүхийн шатанд төлж барагдуулжээ.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** 650.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
5. Шүүгдэгч *** Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 209.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж,
хохирогч Ц***ын эрүүл мэндийн хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ