Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         02          20                                     2024/ШЦТ/128        

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр зам ашиглалт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байр, 36 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*** регистрийн дугаартай, *** овогт ***ын ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ***-г Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 105 дугаар байрны 168 тоот гэртээ байхад нь Дорноговь аймгийн Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө рүү нүүрс тээвэр хийх воган олж өгч чадах мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, түүнээс 15.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны *** тоот дансанд шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нэмж ярих зүйлгүй, прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй. Хохирлыг нөхөн төлсөн. Өмнө нь нүүрсний вагон тээврийн талаар хүмүүстэй ярьж байсан удаатай, гэхдээ ямар нэгэн нотлох баримт надад алга байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... миний бие “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрс борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн борлуулдаг нүүрсний тээврийн асуудлыг *** гэх монгол эмэгтэй хариуцан ажилладаг бөгөөд 2022 онд 7 сарын сүүлчээр манай компани нь Дорноговь аймгийн Чойр өртөөнөөс БНХАУ-н Эрээн өртөө рүү зөөвөрлүүлэх ажил байсан тул *** нь өөрийн танил ***, *** гэх хоёр хүнийг нүүрс тээвэр хийж чадна гэж надад амаараа хэлсэн тул би ***тэй урьд өмнө нь хамтарч ажиллаж байсны хувьд түүнд итгэж, ***, *** гэх хоёр хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 28-ны *** нь нүүрс тээвэр хийх вагоны урьдчилгаа мөнгө шилжүүлж гэж байна гэж надад хэлэхээр нь би ***ийн надад өгсөн ХААН банкны *** дугаарын данс руу 15.000.000 төгрөгийг өөрийнхөө интернэт банкийг ашиглан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэртээ байж байхдаа шилжүүлсэн боловч одоог хүртэл ***, *** нар нь миний нүүрс тээврийн хийж өгөөгүй. Мөн *** гэх хүнд өгсөн 15.000.000 төгрөгийг маань хүртэл эргүүлж өгөлгүй өдийг хүрч, намайг залилсан тул цагдаад хандах болсон” /хх-н 10/ гэж,

гэрч ***ын *** “... миний ойлгосноор *** гэх Хятад улсын иргэн нь Монгол улсаас Хятад улс руу нүүрс тээвэр хийлгэхээр ***д хандахад *** нь ***д хандаж нүүрс тээвэр хийх эсэх талаар асуухад *** тухайн нүүрсийг нь тээвэрлэх вагон олж өгнө гэсэн тул *** гэх хүн нь ***д нүүрс тээвэр хийлгэх ажлын урьдчилгаа хөлс гэж 15.000.000 төгрөгийг ***д өгсөн юм билээ. Гэтэл *** болон *** нарын дунд маргаан үүсэж *** гэх хүн нь мөнгөө эргүүлж авъя гээд байгаа юм шиг байна лээ. Миний хувьд өөр ямар нэгэн мэдэж байгаа зүйл байхгүй” /хх-н 14/ гэж,

гэрч ***н *** “... Хятад улсын иргэн *** нь Монгол улсаас Хятад улс руу ачаа тээвэрлүүлэхээр миний ажиллуулдаг Глобал ложистик тээвэр зуучлалын компаниар гаалийн бүрдүүлэлт хийлгэх зэрэг ажил хэргийн шугамаар бид хоёр нэгнийгээ одоогоос 2 жилийн өмнөөс таньж, мэддэг болсон юм. 2022 оны хавар болж байсан шиг санагдаж байна *** манай ажил дээр ирж, надтай уулзаад “Чойроос Эрээн рүү нүүрс тээвэрлүүлэх гэсэн юм, зөөх вагон байна уу?” гэхээр нь би тухайн үед нүүрс ачих вагон байхгүй байсан учир түүнд байхгүй гэдгээ хэлээд өнгөрч байсан. Тэгтэл хэд хоногийн дараа манай ажилтан Цэнгэлийн нөхөр Азаа болон Азаагийн найз *** хоёр манай ажил дээр эхнэртэйгээ уулзахаар ирээд, надтай юм ярьж байснаа *** нь манай найз түрээсийн вагон буюу ачаа ачих вагон байгаа шүү гэж хэлэхээр нь хэд хоногийн өмнө ***гийн хэлж байсан нүүрс ачуулах вагон байгаа юу гэж асуусан нь санаанд ороод ***т хандаж манай нэг үйлчлүүлэгч нүүрс ачуулах ажил байгаа гэж хэлсэн чинь *** тэр хүнээ надтай холбоод өгчих гэхээр нь би ***д вагоноор ачаа ачих хүн олчихлоо гэж хэлээд ***, ***, Азаа гурав уулзсан бөгөөд тэр гурав хоорондоо ямар зүйлийн талаар ярилцсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэрнээс хойш уг асуудалд би огт оролцоогүй бөгөөд хэсэг хугацааны дараа *** нь ***ээр дамжуулан нүүрс ачуулахаар бусдад 15.000.000 төгрөг өгөөд, нөгөө хүн нь ачааг нь тээвэрлэлгүй залилсан гэсэн” гэж /хх-н 16/ тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ***ын *** “... 2022 оны 7 дугаар сард манай найз *** надтай холбогдож “миний нэг танилд вагон хэрэгтэй байна. Чи вагон зуучилж өгч чадах уу?” гэхээр нь би “Зуучилж өгч чадна зуучилж өгсний хөлс нь 15.000.000 төгрөг болно” гэж хэлтэл, тухайн өдрөөс 1-2 хоногийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр *** надтай дахин холбогдож, намайг дансаа өгчих, вагон хэрэг болсон хүн нь зөвшөөрч байна гэхээр нь би ***т өөрийнхөө нэр дээрх ХААН банкны *** дугаарын дансыг өгөөд, удалгүй 30 минутын дотор миний данс руу 15,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд би тухайн өдрийн маргааш нь надаар вагон зуучлуулах гэж байгаа гэх эрэгтэй хүнтэй 8803 дугаарын утсаар холбогдоход Хятад улсын иргэн бололтой хүн байсан бөгөөд тэрхүү эрэгтэйг би өнөөдрийн дотор уулзаад, вагон түрээслэх хүмүүстэй уулзуулж, гэрээг нь хийж өгье гэхэд тухайн хүн нь би хөдөө орон нутагт явж байна, одоо очиж чадахгүй гэдэг хариултыг надад өгсөн. Тухайн өдрийн маргааш нь би дахиад нөгөө Хятад улсын иргэн эрэгтэйтэй холбогдож өчигдөр надтай уулзсан бол вагон түрээслэх хүмүүс бэлэн байсан, одоо надад бэлэн вагон түрээс зуучлах компани байхгүй шүү, ямартай ч би ойрын хугацаанд өөрт чинь вагон түрээслэх компани олж өгнө гэж хэлээд 7 хоногийн дараа хятад эрэгтэй рүү 4 ширхэг вагон түрээсийн компанийн утасны дугаар бусад холбогдох мэдээллүүдийг явуулаад, эдгээр хүмүүстэй миний нэрийг хэлж холбогдоод, гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн чинь за гэж хэлээд тэр чигээрээ таг болсон бөгөөд тэрнээс хойш ямар ч холбоо барилгүй таг чиг байж байгаад сая 2023 оны 04 дүгээр сард намайг залилсан гэж цагдаад өгсөн байсан” /хх-н 31/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 5/, ***гийн дансны хуулга /хх-н 34-35/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалын гэм хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан “торгох” ял оногдуулах, уг торгох ялын хэмжээг хэт ихэсгэж оногдуулах шаардлагагүй үзлээ.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40, 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, эрүүл мэндийн даатгалын лавлагаа /хх-н 43/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 47/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** “... Хохирлын 15.000.000 төгрөгийг бэлэн авсан. Гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 49/ гэсэн байна.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

 

                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ