Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2021/00454

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д овогт Ч-ийн Б /рд: /,

Хариуцагч:  У овогт Н-ийн Э /рд: /,

Зээлийн гэрээний үүрэгт 15,979,302.50 төгрөг гаргуулах тухай 132/2021/00378/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч  Ч.Б, Н.Э  нар нь *******ны Булган салбарын Хутаг-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1216600195148  тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийн жилийн 20.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд зээлээ төлөлгүй 148 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1, 6.3 дахь заалтад дурьдсан нөхцөл байдал үүссэн, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. *******ны зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3,3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна.

Иймд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч  Ч.Б, Н.Э нараас үндсэн зээл 14,498,300 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,358,040.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,962.23 төгрөг, нийт 15,979,302.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...”*******” ХХК-иас авсан цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж авсан. Нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлж барагдуулна. Төлбөрийг төлөхдөө  Ч.Бөөс гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэлэг гаргуулж, уг мөнгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч  Ч.Б, Н.Э нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,979,302.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зээлдэгч  Ч.Б, Н.Э нар нь  “*******” ХХК-тай 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдөр 121600195148 тоот зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээнд нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч нар нь дээрх зээлээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,501,600.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,475,121.33 төгрөг, нийт 7,975,721.62 төгрөгийг төлсөн байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байна.

Зээлдэгч  Ч.Б, Н.Э нар нь *******ны Хутаг-Өндөр салбараас  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөгийн зээлийг авахдаа өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээнд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран зээлдэгч нарын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна.

Хариуцагч Н.Э нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн ба  Ч.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч  хуульд заасан хугацаанд тайлбарыг шүүхэд хүргүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хариуцагч  Ч.Б, Н.Э нараас үндсэн зээл 14,498,300 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,358,040.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,962.23 төгрөг, нийт 15,979,302.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч  Ч.Б /рд: /, Н.Э /рд: / нараас  15,979,302.50 /арван таван сая есөн зуун далан есөн мянга гурван зуун хоёр төгрөг, тавь мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК /РД: 5341469/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,847  /хоёр зуун гучин долоон мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  Ч.Б, Н.Э нараас 237,847  /хоёр зуун гучин долоон мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ