| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/20240160/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 0204-08-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0204 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ө.Бдаргалж, Ерөнхий шүүгч А.Д, шүүгч Х.Тнарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Я.Д,
иргэдийн төлөөлөгч С.И,
гэрч А.Е,
шүүгдэгч Г.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сн, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Х овгийн Гн Ут холбогдох 2313000000336 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш Х овгийн Гын У, регистрийн дугаар ..
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Бийн гэрт насанд хүрээгүй хохирогч Ч.Дтой маргалдах явцдаа зэвсэг, зэсгийн чанартай зүйл болох хутгаар насанд хүрээгүй хохирогч Ч.Дын хэвлий хэсэг рүү нь 1 удаа, гуя хэсэг рүү нь 2 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлий орчимд нэвтэрсэн оёдолтой шарх, баруун гуянд оёдолтой шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ “...Тухайн үед нас барсан хүний ажилд оролцохоор сумын төвд ирсэн. Маргааш нь найзуудтайгаа уулзаж архи уусан. Нэг мэдэхэд Б-Эйн хуримд очсон байсан. Гадаа залуучууд их байсан. Орж гараад байсан. Нэг мэдэхэд ухаанаа алдсан байсан. Нэг хүн надад чи хүн хутгалсан гэхэд би тэгвэл араас нь очно гэж мотоциклээ асах гэхээр асаагүй болохоор нь ухаан алдаж унтсан байсан. Маргааш нь цагдаад болсон явдлыг хэлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан тул ийм зүйл болсон байна...” гэв.
2. 2313000000336 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Д.Бэс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...Цэнгэл сумын 6 дугаар багт хүн хутгалуулж сумын эмнэлэгт ирсэн байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
2.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
2.4. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаартай насанд хүрээгүй хохирогч Х.Дын өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 23-36 дахь тал),
2.5. Насанд хүрээгүй хохирогч Х.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цэнгэл сумын холын хамаатны хуримд орой 22 цагт очсон. Тэгээд хуриманд очоод хоол, цай уугаад найр тарах үеэр ирсэн зочдоос Супи гэх надаас насаар ах хүн согтчихсон хүмүүстэй хэрэлдээд байсан ба манай найз Энхболдтой хэрэлдэхээр нь тэр хоёрыг салгасны дараа тонгорог /дэлгэдэг хутга/ урт нь 15-20 см орчим гаргаж ирээд над руу дайрч миний хэвлий рүү 1 удаа, дараа нь баруун гуяны дээд талд, дахиад баруун гуяны тахимын ард 1 удаа, нийт 3 удаа хутгалсан. Тэр үед манай найзууд тэр хүнийг надаас холдуулж эгч Уртаа нөхрийнхөө хамт өөрсдийн фургон машинаар сумын эмнэлэгт эмчид үзүүлж боолт хийж дусал залгаад аймаг руу явуулсан. ...Миний биед хүнд хохирол учирсан тул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж хутгалуулсан газруудад оёдол тавиулсан. 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн гэмтлийн улмаас хичээлдээ 1 сар явж чадаагүй, хичээлээ 1 сар тасалсан. Г.У нь намайг хутгалах үед миний өмсөж явсан 3 давхар өмд, мөн футболк, цамц, гадуур өмсөж явсан нэхий хүрэм бүгд хутганы цоорхойтой, цусаар бохирлогдсон байсан тул аймгийн төвд эмнэлэгт ирсний дараа аав маань тайлуулж аваад шатаасан байсан. Тийм учраас миний өмсөж явсан нэхий хүрэм 150,000 төгрөг, биеийн тамирын цамц 40,000 төгрөг, футболк 10,000 төгрөг, дотуур өмд 8,000 төгрөг, өмдний гадна талд өмссөн биеийн тамирын өмд, цамц хосоороо 40,000 төгрөг, гадна талдаа өмссөн жинсэн өмд 15,000 төгрөг, гутал 70,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед өмсөж явсан гутал маань бас цус болсон байсан тул аав маань шатаасан байна лээ. Миний тухайн үед өмсөж явсан хувцаснууд нийтдээ 294,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианд 400,000 төгрөгний зардал гарсан. Би эмнэлэгт хэвтэж байхдаа аав маань олон удаа Цэнгэл сум, аймгийн төв хооронд таксигаар явсан. Мөн аймгийн төвд таксигаар явсан гээд 120,000 төгрөгний хохирол учирсан байна. Үүнийг яллагдагч Г.Уаас нэхэмжилнэ. Хохирлын талаар гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Г.У нь надаас уучлалт гуйгаад эхний ээлжинд гээд 400,000 төгрөг төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....У нь миний хүүг хутгалснаас болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, гэдэс тус газарт нь 1, гуянд нь 2 тусдаа газарт оёдол тавьсан. Уг гэмтлийн улмаас нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хичээлдээ явж чадахгүй 1 сар хичээл тасалсан зэрэг хохирлууд учирсан. Яллагдагч Г.У нь миний хүүд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар болсон байгаа, хохирлоо төлж өгөхөө илэрхийлж надаас болон хүүхдээс маань уучлалт гуйсан болно...
...Миний хүүгийн хохиролд Г.У нь 4,000,000 төгрөг төлсөн. Үүнээс 3000000 төгрөгийг бэлнээр 1000000 төгрөгийг манай эхнэр Ц.Дйн Хаан банкны дансанд шилжүүлж хохирлыг барагдуулсан.Би нэхэмжлэх хохирол, гомдол, санал байхгүй талаар бичиг хийж Ут өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44, 166 дахь тал),
2.7. Гэрч Д.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайд ирсэн хүүхдүүд тоглож дуулаад сууж байхад шөний 2 цаг өнгөрсөн байсан. Энэ үед би өөрөө гэрээсээ гараад буцаад орж ирж байхад Д гэх хүүхдийг хоёр талаас нь хоёр хүүхэд сугдаж түшсэн байдалтай гарч ирж байсан ба тэд нар ярихдаа Х.Дыг Г.У хутгалчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед Г.У гэрээс гарчихсан байсан. Хажууд нь бас хүүхдүүд зогсож байгаа харагдсан. Тэгээд би тухайн хүүхдүүдээс юу болсон талаар асуухад Х.Д хэлэхдээ “Г.У надтай маргалдаж сууж байгаад гэдэс тус газарт хутгалчихлаа” гэж ярьж байсан. Би түүнээс “бие чинь яаж байна, өөр газарт чинь хутгалсан зүйл байна уу” гэж асуухад амьсгаадаад нэлээн зовуурьтай байсан. Гуяанд бас хутгалчихлаа гэж ярьж байсан тул би гүйгээд Батмөнх гэх төрсөн ахыгаа дуудаж ирээд Х.Дыг үзүүлж хутгалсан газрын боолгоод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Г.У нь манай гэрт 10 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед ганцаараа мотоцикл жолоодоод нэлээн согтуу ирсэн. Ирээд манай гэрт сууж байсан хүүхдүүд дунд сууж байгаад хүүхдүүд дуулж тоглож байхад тэд нартай маргалдаад зөрөөд байхаар нь би түүнийг дагуулж гараад “согтсон байна өөр айлд ороод унтаад амарчих” гэхэд “за би одоо зүгээр ээ, чиний үгэнд ороод асуудал гаргахгүй сууна” гэж хэлхээр нь буцаад оруулж ирээд суулгасан байсан. Тухайн үед Х.Д хутгалуулчихлаа гээд гарч байхад манай гэрийн эд зүйлс эвдэрч хэмхэрсэн зүйлгүй, тухайн хүүхдүүдийн сууж байсан газарт байсан ширээ л наашаагаа бага зэрэг хөдөлсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
2.8. Гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд шөнийн 02 цагийн орчимд тухайн найранд сууж байсан Г.У гэх залуу гэнэт л босоод хүүхдүүдтэй хэрүүл хийж зогсож байгаад Х.Д гэх хүүхдийг гэдэс тус газарт нь болон гуя тус газарт нь хутгалчихсан тул би түүнийг барьж аваад хаалгаар гаргахад бусад хүмүүс ч гэсэн хүрч ирээд Г.Уыг цаашаа аваад явсан. Тэгээд л найр тараад найранд сууж байсан хүүхдүүд бүгд яваад өгцгөөсөн. Тухайн үед би хутгыг нь аваагүй, шууд түлхээд гэрээс гаргасан. Тэгээд гадаа үйлчилгээ хийгээд явж байсан бусад хүмүүс ч гэсэн хүрч ирээд Г.Уыг гэрээс холдуулсан. Түүний гарт нь байсан хутгыг хэн нэгэн авсан эсэх, Г.У өөрөө нуусан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед миний харснаар бол түүний гарт нь байсан хутга нь бор өнгийн иштэй жижиг тонгорог байсан. Нэг мэдэхэд л Г.У нь хаалганы үүд хэсэгт зогсож байсан ба үүд хэсэгт ойрхон сууж байсан хүүхдүүдтэй хэрүүл маргаан гаргаж байгаад л Дыг хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
2.9. Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шөнийн 02 цагийн үед би гадаа барьсан зууханд цай чанах гээд гал түлэх гээд явж байхад дүү Бат-Эрдэнэ гүйж ирээд “танай дүү хутгалуулчихсан байна, та хурдан хүрээд ирээч” гэхээр нь би гүйгээд очиход манай хадам дүү буюу эхнэрийн дүү Х.Д нь гэдэс тус газраа гараараа барьсан байдалтай уйлаад зогсож байсан. Тэгээд би түүнийг гадаа гаргаад байшин руу оруулаад хувцасыг нь дээшээ сөхөөд үзэхэд хүйсний хавьцаа газраас нь бага зэрэг цус гараад зүсэгдсэн мэт байдалтай байсан тул би өөрөө сандраад түүний гэдсийг нь алчуураар ороож боогоод өөрийн пургон машинд суулгаад сумын эмнэлэгт авч исэн. Тухайн үед Х.Дыг хэн яаж хутгалсан талаар бол хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
2.10. Насанд хүрээгүй гэрч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар найранд очоод цай уугаад сууж байхад миний авга ах Г.У нэлээн сотсон байдалтай орж ирсэн. Тэгээд Г.У ах бид нартай хамт сууж байгаад орж гараад л яваад байсан. Нэг мэдэхэд Г.У ах гэрийн үүд хэсэгт жижиг тонгорог гаргаж ирсэн байдалтай манай ангийн хүүхүүдэд хандаад “би та нарыг хутгална шүү” гэж зогсож байсан тул би түүний гарт нь байсан хутгыг нь авах гэтэл тэр хутга нь тэлээнийхээ баруун талын гогцоонд нь оосорлосон гинжин оосортой байсан ба хутгыг нь би авах гэж оролдоход Г.У хутгаа надад өгөөгүй. Тэр үед хутганых нь оосор нь тасарчих шиг болсон. Тэгээд Г.У нь манай ангийн хүүхэд болох Х.Дын гэдэс тус газарт нь болон гуя тус газарт нь хутгалчихсан. Тэгэд байхад Г.Уыг хэн нэгэн чирээд хаалгаар гаргаад явсан. Г.Уын гарт нь байсан хутгыг нь би булааж авах гээд чадаагүй. Харин Г.У нь Х.Дыг хутгалсны дараа хэн нэгэн хүн татаад гаргаад явсан. Тухайн үед би айж сандарсан байсан тул түүнийг хэн татаж гаргаж явсныг ч анзаараагүй. Гарт нь байсан хутгыг хэн нэгэн булааж авсан эсэхийг ч мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
2.11. Насанд хүрээгүй гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...02 цаг 30 минутын орчимд байх би зуухны хажууд чацаргана хийх гээд зогсож байхад нэг мэдэхэд Г.У нь халааснаасаа нэг тонгорог гаргаж ирээд хүүхдүүд рүү хутгаа харуулаад ална гэж хэлээд зогсож байхад Г.Уын манай ангид байдаг эмэгтэй дүү нь болох Энхмэнд очоод хутгыг нь авах гэтэл хутгыг нь өгөөгүй ба хутгыг тэлээнд зүүсэн байсан оосор нь тасарчихсан. Тэгэхэд Энхболд руу хутгалах гээд далайхад нь Энхболд хойшоо унаад хутганд нь хүрээгүй. Тэгэхэд Энхболдын хажууд нь зогсож байсан Г.Дын гэдэс тус газарт нь хутгаараа 1 удаа бүлээд дараа нь Г.Дын гуя тус газарт нь дахин 2 удаа бүлсэн. Тэгэж байхад О ах орж ирээд Г.Уыг хойшоогоо татаад гэрээс гаргаад явсан. Тэгээд гадаа гарсны дараа Г.У нь “би өнөөдөр хутгалсан бол маргааш буудна шүү” гэж хашгирч байсан. Тэгэхэд баруун гараараа барьсан байсан хутгаа зүүн гарлуугаа шилжүүлж барьж зогсож байгаад Г.Дын гэдэс рүү нь 1 удаа гуя руу нь 2 удаа бүлсэн. Тэгэхэд Х.Д гүнзгий амьсгаа аваад хойшоогоо унахад Х.Дын хутгалуулсан болохыг нь мэдсэн. Гэр дотор байхад бол Г.Уын гарт нь байсан хутгыг хэн нэгэн аваагүй. Гартаа барьсан байдалтай байхад нь Ор гэх ах түүний араас нь татаад гэрээс гаргаад явахад хутгаа гартаа барьсан байдалтай байсан. Гадаа гарсны дараа хутгыг хэн нэгэн авсан эсэхийг бол би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
2.12. Насанд хүрээгүй гэрч Б.Эжийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар тоглож дуулаад сууж байхад шөнийн 02 цаг өнгөрсөн үед бид нартай хамт сууж байсан зүс таних Г.У гэх залуу гэнэт босоод л гартаа нэг хутга барьчихсан хүүхдүүд рүү дайраад байсан. Тухайн үед би өөрөө нэлээн дээгүүр сууж байсан ба Г.У үүд хавьцаа сууж байсан хүүхдүүд рүү хутгаа далайлгаад дайрч байсан. Тухайн үед бүх хүүхдүүд айгаад босчихсон байсан ба нэг мэдэхэд Г.Уыг гэрээс татаж гаргахад А.Д гэх хүүхэд хутгалуулсан байна гэж ярьцгааж шуугиж байсан. Тэгээд л бид нар гэр гэртээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
2.13. Насанд хурээгүй гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...02 цаг өгнөрсөн үед хэсэг хүүхдүүд бид нарт суух сандал авч ирж өгөөч гэхээр нь би сандал авч ирэхээр гарах гэж байхад бид нартай хамт сууж байсан Г.У гэх ах намайг заамдаж барьж аваад “чи яагаад гарах гэж байна, чи битгий гар” гэж хэлэхэд би түүнд хандаад “би энэ хүүхдүүдэд сандал авч ирж өгөх гэж байна” гэхэд “та нар яасан том болцгоосон юм вэ, би чамд битгий гар гээд байгаа юм биш үү” гээд бор өнгөтэй тонгорог /эвхэгддэг хутга/ гаргаж ирээд би “та нарыг ална шүү” гээд над руу далайхаар нь би тухайн газарт сууж байсан хүүхдүүдийн дунд ороод суучихсан. Тэгэхэд түүнийг бусад хүүхдүүд болиулах гэж оролдож байхад манай найз болох Х.Дын гуяа тус газарт нь хоёр удаа, хэвлий тус газарт нь нэг удаа хутгалчихаад дахиад л бусад хүүхдүүд рүү, болон надруу дайрахад ногоон хувцастай ах орж ирээд Г.Уыг араас нь татаад гаргах шиг болсон. Тэгээд бид нар Х.Дыг түшээд гэрээс гаргахад хүргэн ах нь Батмөнх гэх хүн хүрч ирээд Х.Дыг дагуулж байшин руу оруулаад гэдсийг нь ороож байх шиг харагдсан. Тэгээд л хүүхдүүд бүгд тараад явцгаасан. Г.Уын гаргаж ирсэн хутга нь жижиг эвхэгддэг хутга байсан ба хүрэн юм уу, бор өнгийн иштэй хутга байсан. Уг хутгыг Г.У халааснаасаа гаргаад ирэх шиг болсон. Бид нар урьд сууж байхдаа Г.Ут хутга байсан эсэхийг бол хараагүй. Сүүлд нь намайг гадагшаа гаргахгүй гээд л хутга гаргаж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75 дахь тал),
2.14. Гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Х.Дд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийхэд хүйсний дээд хэсэгт хутгалагдсан шархтай, гуян дээр 2 шархтай байсан. Тэгээд яаралтай ЭХО оношилгоо болон хэвлийн хөндийн компьютер томографи хийлгэхэд хэвлий хөндий хурсан шингэн, дотор эрхтний гэмтэл байгаагүй тул эмийн болон боолтын эмчилгээ хийж ажигласан. Х.Дын хүйсний дээд хэсэгт хутгалагдсан шарх нь хэвлий хөндий нэвтэрсэн шарх байсан. Учир нь бид нэвтэрсэн шархыг багажаар шалгаж үзсэн бөгөөд үүний үр дүнд ЭХО оношилгоо болон хэвлийн хөндийн компьютер томографи хийлгэсэн юм. Тэгээд дотор эрхтэнд ямар нэгэн гэмтэл учраагүй тул 2 оёдол тавьсан. “336.71 хэвлийн хөндийн олон эрхтний гэмтэл, хэвлийн хөндийд нэвт” гэдэг нь Х.Дын анх яаралтай тусламжийн төвд ирэх үеийн онош байгаа юм. Энэ оношийг тавихдаа ЭХО оношилгоо болон хэвлийн хөндийн компьютер томографи хийлгэхээс өмнө үеийн онош юм. Тухайн оношийг тогтоохын тулд ЭХО болон хэвлийн хөндийн компьютер томографи хийж, дотор эрхтэн гэмтэлгүй, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэсэн үндсэн оношоо тавьсан. Харин үндсэн онош болох 831.1 Хэвлийн ханын ил шарх гэдэг нь нэвтэрсэн шархыг хэлдэг.Х.Дын гэмтлийн талаар товчхон хэлэхэд анх ирэхдээ хүйсийн дээд хэсэгт хутгалагдсан шархтай ирэхэд яаралтай түргэн тусламжийн эмч 336.71 буюу хэвлийн хөндийн олон эрхтний гэмтэл, хэвлийн хөндийд нэвт гэсэн онош тавьж, нарийн шинжилгээ буюу ЭХО оношилгоо болон хэвлийн хөндийн компьютер томографи хийж, дотор эрхтэнд гэмтэл байхгүй гэж баталгаажуулан үндсэн оношийг эмчилгээ хийж гаргасан байдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 168 дахь тал),
2.15. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 667 дугаартай “...Х.Дын биед хэвлий орчимд нэвтэрсэн оёдолтой шарх, баруун гуянд оёдолтой шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-д зааснаар амь тэнссэн байдал гэмтлийн хүнд зэргийн тогтоох шалгуурын 3.1.11 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85-86 дахь тал),
2.16. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дугаартай “...Г.Уын биенээс авсан гэх шингэн цусанд 1.0 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
2.17. Яллагдагч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ухаанаа алдтал согтсон байсан. Нэг мэдэхэд Б гэх залуугийн хуриманд очсон байсан. Тухайн хуриманд их олон хүүхдүүд очсон байсан. Тэгээд би тухайн хүүхдүүдтэй хамт сууж байснаа мэдэж байгаа, нэг мэдэхэд би гэрийн гадаа байсан ба хүмүүс надад хандаад “чи хүүхэд хутгалчихлаа, хүүхдийг сумын эмнэлэг рүү аваад явж байна” гэж ярьж байсан. Тэр үед би ухаан ороод хүүхэд хутгалсан бол би араас нь явж эмнэлэг орно гээд мотоциклоо асаах гэсэн боловч мотоцикл маань асахгүй байсан. Тэгээд дахиад ухаанаа алдаж тухайн айлын гадаа асгасан үнсний хажууд унтсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал),
2.18. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн хошууч Д.Тогтох, цагдаагийн ахмад Б.Ц нарын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай “1. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ерболын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 667 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Х.Дын биед хэвлийн хэсэгт нэвтэрсэн шарх, баруун гуя хэсгийн шархнууд гэмтэл тогтоогдлоо. Х.Дын биед учирсан хэвлий хэсгийн нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Х.Дын биед учирсан баруун гуя хэсгийн шархнууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 667 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 4. Х.Дын гэх №393 тоот өвчний түүхэнд дурдагдсан онош нь шинжээч эмч Х.Ен 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №667 дугаартай дүгнэлттэй тохирч байна. 5. Х.Дын гэх эмнэлгийн холбогдох баримт бичигт дурдагдсан шарх гэмтлүүд, шинжээч эмч С.Ен гаргасан №667 дугаартай дүгнэлтэд дурдагдсан шарх гэмтэл нь хоорондоо ялгаа байхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 181-185 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодит, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Г.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Бийн гэрт насанд хүрээгүй хохирогч Ч.Дтой маргалдах явцдаа биедээ авч явсан хутгаар насанд хүрээгүй хохирогчийн хэвлий хэсэг рүү нь 1 удаа, гуя хэсэг рүү нь 2 удаа хутгалж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд нь хэвлий орчимд нэвтэрсэн шарх, баруун гуянд шарх бүхий хохирол учруулсан нөхцөл байдал дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаартай насанд хүрээгүй хохирогч Х.Дын өвчний түүх (хавтаст хэргийн 23-36 дахь тал),
-Насанд хүрээгүй хохирогч Х.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Эой хэрэлдэхээр нь тэр хоёрыг салгасны дараа тонгорог /дэлгэдэг хутга/ урт нь 15-20 см орчим гаргаж ирээд над руу дайрч миний хэвлий рүү 1 удаа, дараа нь баруун гуяны дээд талд, дахиад баруун гуяны тахимын ард 1 удаа, нийт 3 удаа хутгалсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....У нь миний хүүг хутгалснаас болж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, гэдэс тус газарт нь 1 гуянд нь 2 тусдаа газарт оёдол тавьсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
-Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Х.Д хутгалуулчихлаа гээд гарч байхад манай гэрийн эд зүйлс эвдэрч хэмхэрсэн зүйлгүй, тухайн хүүхдүүдийн сууж байсан газарт байсан ширээ л наашаагаа бага зэрэг хөдөлсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
-Гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэг мэдэхэд л Г.У нь хаалганы үүд хэсэгт зогсож байсан ба үүд хэсэгт ойрхон сууж байсан хүүхдүүдтэй хэрүүл маргаан гаргаж байгаад л Дыг хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
-Гэрч М.Бйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би түүнийг гаргаад байшин руу оруулаад хувцасыг нь дээшээ сөхөөд үзэхэд хүйсний хавьцаа газраас нь бага зэрэг цус гараад зүсэгдсэн мэт байдалтай байсан тул би өөрөө сандраад түүний гэдсийг нь нэг алчуураар ороож боогоод өөрийн пургон машинд суулгаад сумын эмнэлэгт авч ирсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч С.Энийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин Г.У нь Х.Дыг хутгалсны дараа хэн нэгэн хүн татаад гаргаад явсан. Тухайн үед би айж сандарсан байсан тул түүнийг хэн татаж гаргаж явсныг ч анзаараагүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч Д. ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэр дотор байхад бол Г.Уын гарт нь байсан хутгыг хэн нэгэн аваагүй. Гартаа барьсан байдалтай байхад нь От гэх ах түүний араас нь татаад гэрээс гаргаад явахад хутгаа гартаа барьсан байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд А.Д гэх хүүхэд хутгалуулсан байна гэж ярьцгааж шуугиж байсан. Тэгээд л бид нар гэр гэртээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
-Насанд хурээгүй гэрч Г.Энын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Уын гаргаж ирсэн хутга нь жижиг эвхэгддэг хутга байсан ба хүрэн юм уу, бор өнгийн иштэй хутга байсан. Уг хутгыг Г.У халааснаасаа гаргаад ирэх шиг болсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75 дахь тал),
-Гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Дын хүйсний дээд хэсэгт хутгалагдсан шарх нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх байсан. Учир нь бид нэвтэрсэн шархыг багажаар шалгаж үзсэн бөгөөд үүний үр дүнд ЭХО оношилгоо болон хэвлийн хөндийн компьютер томографи хийлгэсэн юм. Тэгээд дотор эрхтэнд ямар нэгэн гэмтэл учраагүй тул 2 оёдол тавьсан. “336.71 Хэвлийн хөндийн олон эрхтний гэмтэл, хэвлийн хөндийд нэвт” гэдэг нь Х.Дын анх яаралтай тусламжийн төвд ирэх үеийн онош байгаа юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 168 дахь тал),
-Шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 667 дугаартай “...Х.Дын биед хэвлий орчимд нэвтэрсэн оёдолтой шарх, баруун гуянд оёдолтой шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-д зааснаар амь тэнссэн байдал гэмтлийн хүнд зэргийн тогтоох шалгуурын 3.1.11 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85-86 дахь тал),
-Шинжээч, цагдаагийн хошууч Д.Тогтох, цагдаагийн ахмад Б.Цэндхүү нарын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай “1. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Еын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 667 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Х.Дын биед хэвлийн хэсэгт нэвтэрсэн шарх, баруун гуя хэсгийн шархнууд гэмтэл тогтоогдлоо. Х.Дын биед учирсан хэвлий хэсгийн нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Х.Дын биед учирсан баруун гуя хэсгийн шархнууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Елын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 667 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 4. Х.Дын гэх №393 тоот өвчний түүхэнд дурдагдсан онош нь шинжээч эмч Х.Ерболын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №667 дугаартай дүгнэлттэй тохирч байна. 5. Х.Дын гэх эмнэлгийн холбогдох баримт бичигт дурдагдсан шарх гэмтлүүд, шинжээч эмч С.Еын гаргасан №667 дугаартай дүгнэлтэд дурдагдсан шарх гэмтэл нь хоорондоо ялгаа байхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 181-185 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Ч.Дын хэвлий хэсэг рүү нь тонгорог буюу эвхэгддэг хутгаар 1 удаа, гуя хэсэг рүү нь 2 удаа хутгалсны улмаас хохирогчийн биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хэвлий хэсгийн нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун гуя хэсгийн шархнууд гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарсан, хэрэг, учрал болох үед шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.2 Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон шүүгдэгч Г.Уын насанд хүрээгүй хохирогч Ч.Дыг хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэм аюултай үйлдэл юм.
4.2 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.
4.3 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.
4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж хууль тогтоогчоос аутентик тайлбар хийжээ.
4.5. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2 дахь заалтад “гэмтлийн хүнд зэрэг”-т гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл” гэж, 3.1.11 дэх заалтад “цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна.” гэж зааснаас үзэхэд цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх нь дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул хэрэг, учрал болсон үеийн хүчин төгөлдөр журмын хүрээнд насанд хүрээгүй хохирогчийн биед үүссэн гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан шинжээчийн 2 удаагийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 181-185 дахь тал) үндэслэлтэй гэж үзэж, насанд хүрээгүй хохирогч Х.Дын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.6.Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Г.У нь биедээ авч явсан тонгорог буюу эвхэгддэг хутгаар насанд хүрээгүй хохирогч Х.Дыг хутаглаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь нотлогдсон учраас шүүгдэгчийг зэвсэг хэрэглэж, насанд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.7. Хэрэгт цугларсан шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Уын цуснаас 1,0 хувь промилли этилийн спирт илэрсэн, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хэрэг, учрал болох үед архидан согтуурсан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
4.8. Шүүгдэгч Г.Уын насанд хүрээгүй хохирогч Х.Дын биед хутга хэрэглэн халдсан идэвхтэй үйлдэл болон насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой, шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Г.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал нь нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.
4.10. Шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн “зэвсэг хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
4.11. Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.12. Гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч нь согтуу буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1 Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.Дын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан учраас гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Уаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2 Шүүгдэгч нь насанд хохирогч Ч.Дд учирсан хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардалд нийт 4400000 төгрөгийг төлж барагдуулсан нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөгч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Г.Уыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь хувийн байдлын хувьд 25 настай, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт мал маллаж амьдардаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50-58 дахь тал),
2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Уыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгуулах саналтай.” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс шүүгдэгч Г.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлсэн, мөн түүний дээрх хувийн байдал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршиг буюу 4400000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
2.8. Шүүгдэгч Г.Ут оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Г.У нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 4400000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Х ургийн овгийн Гагын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Гантулгын Уыг 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.У нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. 2313000000336 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хт 4400000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д
ШҮҮГЧ Х.Т