Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2021/00457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн Э /рд:/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Д-ийн Э/РД: /-д  холбогдох,

 

7,000,000 төгрөг гаргуулах тухай 132/2021/00398/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Д.Э нхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа  нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Д.Э нь 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор надад итгэмжлэл олгон 2018 оны 07 сард бичиг баримтаа өгсөн. Би холбогдох материалыг бүрдүүлэн хариуцагчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор Банязүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгоход будаа татагч, будаа няцлагч хийж байсан хүн орохгүй гэсэн. Намайг Замын цагдаагийн газраас бичиг олж ир гэж хэлсэн. 2018 оны 09 сарын 11-ний өдөр шүүх хуралдаан болж Д.Э нхгэрэлийг 1981 оноос 1992 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн “Ар хуст”-ын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оны 06 сарын 31-ний өдрөөс 1994 оныг дуустал “Ноён шанд” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоосон. Шүүхийн шийдвэрийг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Гэтэл будаа татагчаар ажиллаж байсан хүнийг тракторын жолоочоор ажиллаж байсан гэж тогтоосон гээд буцаасан. Тэгээд би Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан. Гэтэл бид нар уг асуудлыг хуралдаж шийдвэрлэх тул холбогдох баримтаа үлдээх шаардлагатай гээд бичиг баримтыг аваад үлдсэн. 5 сарын дараа надад хариу өгсөн ба уг шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт орох боломжтой гэж хэлсэн. Би дахин Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шүүхийн шийдвэрийг өгсөн. Ингээд Д.Э нхгэрэлийн өндөр насны тэтгэврийг тогтоолгосон. Би 692 хүнийг өндөр насны тэтгэврийг тогтоолгож өгсөн. Энэ хүн надад тохирсон мөнгө буюу ажлын хөлсөө өгөөгүй. Би энэ хүнээс цалин, бусад зардлаа аваагүй.

 

...Иймд хариуцагчаас ажлын хөлс 3,500,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад ломбардаас зээлсэн 3,000,000 төгрөг, Булган аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох зардал  500,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2018 оны 07 сард миний тэтгэврийг тогтоолгохоор ярьж,  ажлын хөлсийг 1,000,000 төгрөг байхаар тогтоож, 350,000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр тохиролцсон. Би энэ хүнийг бусдын өмнөөс итгэмжлэлээр ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгодог гэж мэдээгүй. Хүнээр зуучлуулж мэдсэн. Ажлын хөлсийг 3,500,000 төгрөг ерөөсөө яриагүй. Надад итгэмжлэлийн 1 хувийг өгөөгүй. Миний иргэний үнэмлэхийг авсан. Энэ хүн итгэмжлэл хийлгэсний дараа 5 сар алга болсон. Утсаа ч авахгүй байсан. Надад иргэний үнэмлэх маань хэрэг болоод залгасан чинь "таниар 3 жилийн тэтгэврийн зээл авахуулна" гэсэн. Би тэр үед 3 жилийн дараа тэтгэвэртээ гарах тул болъё гэж хэлсэн.

 

Тэгсэн чинь "би Архангай аймагт шүүх хуралдаанд орж байна. Хөөцөлдөж байгаа би шантраагүй байхад зүгээр сууж байгаа та шантраад байхдаа яадаг юм" гэж хэлээд дахиад л алга болсон. 2019 оны 02 сард би энэ хүний гэрт нь очсон боловч хүнгүй байсан. Тэгээд би энэ асуудлыг орхисон байсан. Гэтэл гэнэт 1 өдөр над руу залгаад 3 жилийн тэтгэврийн зээл авахуулна таны тэтгэврийн материалыг хөөцөлдөөд мөнгө их орж байна гэсэн. Би анх 1,000,000 төгрөг өгнө гэж тохирсон гээд 250,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 03 сард Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс над руу утасдаад таны тэтгэвэр тогтоогдсон гэж хэлсэн. Гэтэл энэ хүн надтай ярьсан уурандаа бүх материалыг маань ураад хаясан байсан.

 

Тэгээд би энэ хүнээс иргэний үнэмлэхээ авъя гээд залгатал утсаа авахгүй байсан. Ингээд би иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн гэж зарлуулан шинээр авсан. 2019 оны 06 сараас эхлэн миний тэтгэврийн мөнгө орж эхэлсэн. Тэтгэврийн дансанд 9 сарын тэтгэврийн мөнгө орсон байсан. Би энэ мөнгийг Ц.Эг ав гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ хүн тийм юм байхгүй. Би таниар 3 жилийн тэтгэврийн зээл авахуулна гэж загнасан. Энэ хүний толгой дотор 3 жилийн тэтгэврийн зээл л бодогдож байсан.

 

Тэгэхээр нь би больсон. Нийгмийн даатгалын байцаагч таны тэтгэвэр тогтоогдсон тул 2 баримт авч ир гэж хэлсэн. Тухайн үед хөл хориотой байсан тул Баянзүрх дүүргийн шүүхийн ажилтантай холбогдож шүүхийн шийдвэрийг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү цахимаар явуулсан. 2 сарын дараа Нийгмийн даатгалын ерөнхий газраас холбогдох материалыг эх хувиар нь авч өгсөн. Би нийгмийн даатгалын байцаагчтай хувилдаагүй. Нэхэмжлэлд тийм зүйл бичсэн байна. Энэ хүн утсаар ярихдаа маш их загнаж ярьдаг. Та нэг насаараа тэтгэврийн мөнгө авна гэж загнасан. Итгэмжлэлд 3,500,000 төгрөгийн ажлын хөлс өгнө гэж бичсэн эсэхийг би мэдэхгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас анх тохиролцсон 1,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 750,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Д.Э нхгэрэлд холбогдуулан, 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хөлсөөр ажилласны төлбөр болох 3,500,000 төгрөг, хариуцагчийн тэтгэврийг тогтоолгоход ломбарднаас зээл авч зарцуулсан 3,000,000 төгрөг, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 500,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч Д.Э нь анх тохиролцсон үнийн үлдэх хэсэг 750,000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дугаар зүйлд заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Э рдэнэтуяад олгосон хариуцагчийн итгэмжлэлээр тогтоогдож байна.

Дээрх хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Хариуцагч Д.Э нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгоход төлөөлсөн зардлын хөлсийг төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.Э 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.Э нхгэрэлээс  750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  6,250,000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 126,950 нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд  олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ