Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

    2024           02           20                                   2024/ШЦТ/129

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч М.***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 21-нд Дорнод аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо, *** дугаар хороолол, ** дүгээр байр ** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ЖЙ01322109 дугаарын регистртэй,

*** овогт ***гийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.*** нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны орчимд хохирогч ***тай “гэр рүүгээ явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, гэдсэн тус газар хөлөөр өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.*** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа. Хохиролд нийт 600.000 төгрөгийг бэлнээр болон дансаар дамжуулж өгсөн гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... би өчигдөр найз Зулаагийн ажил болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дээр 19 цагийн үед очсон. Манай Зулаа хумс янзалдаг юм. Зулаагийн ажлаас гараад Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 34 дүгээр байр болох ***гийн түрээсэлж амьдардаг байранд орж Зулаа, *** бид гурав Сөжүтэй пиво хольж ууцгааж байгаад гэрээс нь гараад ойрхон караокед орж дуулж пиво ууцгааж байгаад кароакеноос гараад гэр рүүгээ явах гэсэн чинь *** нь явуулахгүй гэхээр нь би явна гэх байдлаас болж *** миний нүүр рүү 3-4 удаа цохиход би хойшоо савж унасан. Би ямар нэгэн байдлаар зөрүүлж цохиогүй. Би 7 сартай жирэмсэн уг маргаанаас болж миний гэдэс хатуурч зангираад байгаа” /хх-н 7-8/ гэж,

гэрч ***“... 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн орчим Баясгалан залгаад юу байна, шоудъя гэхээр нь би жоохон дурамчхан байхад манай ажил болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяагийн баруун талд байрлах Мэрси гэх гоо сайханы газар Баясгалан хүрээд ирсэн. Тэгээд манай ажил дээр байж байгаад Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 34 дүгээр байранд манай багийн найз Маралаагийнд очсон. Баясгалан бид хоёр Маралаагийнд орохдоо 6 шилтэй Сэнгүр ойр зуурын идэх юм авч орсон ороод авсан пивонуудаа бид гурав 2 шил, 2 шилээр хувааж уугаад байж байхад Баясгалан хэсэг хугацааны дараа гарч нэг хүнтэй уулзчихаад орж ирээд гарч караокед оръё гээд байхаар нь унтаж байсан Маралааг сэрээгээд Маралаагийн гэрийн урд байрлах Модны 2-т нэг караокед орсон. Тухайн газраа 1 цаг караоке авчихаад дуулаад байж байтал Баясгалан явлаа гээд дахиад гараад явсан. Караокены цаг дуусаад Маралаа бид хоёр Маралаагийнд ороод амрах гээд явж байтал Баясгалан машинтай бид хоёрыг дуудаад байхаар нь уулзтал Баясаа харилаа гээд байхаар нь хар шөнөөр харьж яах гээд байгаа юм, Маралаагийнд орж амаръя гэхэд орохгүй шоудъя гээд байсан. Маралаа Баясааг чи одоо жирэмсэн юм байж яах гээд байгаан гэхэд Баясаа нь Маралааг чи над шиг жирэмсэн болохгүй юу гэх байдлаар манай хоёр найз Баясаа, Маралаа нар нь хоорондоо хэрэлдээд байсан. Маралаа орлоо гээд гэр рүүгээ алхтал Баясаа Маралааг чи над шиг жирэмсэн болохгүй юу, гичий янхан гэх мэтээр хэлтэл Маралаа буцаж ирээд баруун гараараа нэг удаа Баясаагийн нүүр рүү цохиход Баясаагийн хамраас цус гараад доошоо болоход Маралаа дахиад нэг өшиглөх шиг болсон. Хаашаа өшиглөснийг нь хараагүй тэгээд би салгаад бид түргэн дуудаж Баясааг үзүүлээд эмнэлгээр явсан” /хх-16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ***гийн *** “... 2024 оны 01 дүгээр сарын 05-нд би гэртээ байж байхад найз Эрдэнэзул, Баясгалан нар нь манай гэрт ирсэн. Ирэхдээ дэлгүүрээс пиво авч орж ирсэн байсныг бид 3 хүний хоёр шил ууж дуусгаад гарч ойрхон караокенд орж нэг цаг захиалж мөн хүний хоёр, хоёр шил пиво ууж байгаад цагаа дуусгаж гарч ирсэн. Гэрийн гадаа ирчихээд Баясгалан, Эрдэнэзул нар хоорондоо юм яриад манайд хононо гэж байснаа гэрт орохгүй явна гэхээр нь чи энэ харанхуй шөнө хаачдаг юм гэж Баясгаланд хэлэхэд баар орж шоудна гэхээр нь жирэмсэн юм байж тэнэг юм гээд гэр рүүгээ явж байтал араас хэлэх хэлэхгүйгээр доромжлоод байхаар нь би Баясгаланг нэг удаа нүүр рүү цохиод, өшиглөхөд гэдсийг нь онох шиг болсон. Тэгээд хамраас нь цус гарсан. Баясгалан нь жирэмсэн байсан учраас өвдөөд байна гэхээр түргэн дуудаж үзүүлэхэд эмч харьяа эмнэлэг болох Баянзүрх дүүргийн Амгалан амарчихад хүргэж өгсөн” /хх-н 36-37/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед хамар ясны далд хугарал зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн 1695 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 19-20/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч М.***гийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***гийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.***гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, нийгмийн даатгалын лавлагаа /хх-н 41-42/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 43/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 44/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 45/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч М.*** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргажээ. /хх-н 49/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч М.***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** “... надад ямар нэг гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” /хх-н 46, 48/ гэсэн байна.

 

Шүүгдэгч М.*** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.*** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***гийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.*** 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.*** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ

АНЧИВНЯМБУУ