Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч М.Ганболд,

шүүгдэгч Д.Баатаржав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Хархираа овогт Дээшингийн Баатаржавт холбогдох эрүүгийн 2017 2601 0298 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хархираа овгийн Дээшингийн Баатаржав Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа автомашин засварладаг,  ам бүл 6, эхнэр, 0-15 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 24-р гудамжны 46 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй. (РД:ОЮ82022511)

 

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татсан тогтоолд/:

Шүүгдэгч Д.Баатаржав нь 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвийн гаднах “Хаан” банкны АТМ-ээс иргэн М.Ганболдын эзэмшлийн “Хаан” банкны виза картаар 10,000 төгрөг авч картыг нь өгөхдөө иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн ашиглагдахгүй “Хаан” банкны виза картаар сольж, М.Ганболдын эзэмшлийн картыг ашиглан бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 780,000 төгрөгийг олж авсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баатаржав мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цагийн үед “Өгөөмөр” захын ойролцоо машин эвдэрчихлээ, үзээд янзлаад өгөөч гэж хүмүүс намайг яаралтай дуудсан. Тэгээд эвдэрсэн гэх машиныг очиж үзчихээд, эргээд 2750 УНЛ улсын дугаартай машинтайгаа шөнийн 23 цаг 50 минутын үед явж байх үед хохирогч Ганболд “Барс” захын уулзвар дээрээс гараа өргөхөөр нь би зогсож авсан. Би Ганболд ахыг “хаашаа явах бэ” гэж асуухад “5 шар очино” гэсэн ба нүдэнд дулаахан хүн байна гэж бодоод машиндаа суулгаад аваад явсан. Замд явж байхад хохирогч Ганболд ах “даралт ихсээд байна, 100 грамм архи аваад өгөөч, мөнгийг нь таксины хөлстэй хамт өгье” гэхээр нь би дэлгүүр орж 100 гр архи авч өгсөн. Тэгээд дахиад замдаа “архи аваад өг” гэхээр нь би авч өгөөгүй Драгон дээр ирсэн. Драгоны “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч Ганболд мөнгө авна гэсэн. Та ороод мөнгөө аваад ир гэхэд хоёулаа хамт АТМ оръё, үүдэнд нь хүмүүс байна гэсэн. Эхлээд Ганболд гуай буусан боловч намайг хамт оръё гээд би бас машинаасаа бууж, бид хоёр хамт бэлэн мөнгөний машин орсон. Тэгээд Драгоны “Хаан” банкны бэлэн мөнгөний машины хажууд зогсоод мөнгөө ороод авчих гэж би Ганболд ахад хэлсэн. Тэгээд бэлэн мөнгөний машинаас эхний үйлдлээр Ганболд ах өөрөө картаа машинд хийж, би бэлэн мөнгөний машины цэсэн дээр нь дарж, сонгож өгсөн. Тэгээд 10.000 төгрөг авсныхаа дараа Ганболд ах “чи миний дансны үлдэгдлийг хар, намайг мөнгөгүй гэж бодоод байна уу” гэж хэлсэн. Ганболд ах дэлгэцээр дансныхаа үлдэгдлийг надад харуулсан. Бэлэн мөнгөний машин ороод эхний хэдэн үйлдлийг Ганболд ах өөрөө хийсэн, би картных нь нууц дугаар хийх, үндсэн цэс рүү орох үйлдлийг нь хийсэн. Би бэлэн мөнгөний машины үүдэнд 10.000 төгрөгийг, карттай нь Ганболд ахад буцаагаад өгсөн. Энэ банкны камерийн бичлэгт тодорхой бичигдсэн байгаа. Би картыг нь баруун гараараа өгсөн. Драгоноос баар хүртэл километр хүрэхгүй зайтай. Ганболд ах баар хараад энд зогсчих гэж хэлсэн. Баар руу ороход 2-3 ширээ хүнтэй байсан. Би баар руу мөнгө задлуулах гэж орсон. Хохирогч Ганболд бааранд ороогүй гэж мэдүүлсэн. Тэгсэн байцаагч шууд баар руу очъё гээд шалгахаар очиход баарны хүмүүс Ганболд ахыг орж ирсэн гэж хэлсэн. Мөрдөн байцаагч хэт нэг талыг анхнаасаа барьсан. Би байцаагчид баарны бичлэгийг авчих гэж хэлэхэд авсан байгаа гэж хэлсэн. Мөрдөн байцаагч надад чамайг заавал суулгана гэж хэлж байсан. Намайг очиход чи яасан их бичлэг хийдэг юм бэ гээд миний утсыг авч шалгуулж байсан. Би байцаагчтай эхнээсээ буруу харьцсан юм шиг байна лээ. Хэнэггүй царайлаад дуудахад нь очоогүй. Анх байцаагч дээр ороход “чи орлого ихтэй баяжиж байна уу” гэж хэлсэн. Би “та юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи аятайхан бай мөнгийг нь өгчихвөл чамайг явууллаа” гэж хэлж байсан. Би дуудсан цагт нь ганц хоёр очихгүй байсан зүйл байгаа, сүүлдээ байнга очсон.  Тухайн өдөр хар саарал өмд, хар гутал өмсөж явсан. Би ороолт малгай хэрэглэдэггүй. Би хохирогч Ганболдын картан дахь мөнгийг аваагүй учраас хохирлыг төлөөгүй. Би өөрийн зүгээс хохирогчийн хохирол болох 780,000 төгрөгийг төлж барагдуулъя. Манай эхнэр ажил хийдэггүй учраас надад найдаж амьдардаг учраас хэрэгт холбогдсоноо гэр бүлийнхэндээ би хэлээгүй. Шүүхээс хүсэхэд нэрэндээ сэв суулгамааргүй байна. Би удам судартаа сэв суулгах зүйл хийхгүй гэж үздэг гэв.  

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ганболд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргэн Далайбаярын гэрт 200 гр архи уусан байх, тэгээд гэрээс нь буюу Алтай хотхоноос 23 цаг 20 минутын үед гараад Нарны гүүр давж алхаад явган хүний шатаар буугаад “Барс” захын гэрлэн дохиотой уулзвараас 23 цаг 50 минутын орчим гар өргөж  Баатаржавын автомашинд суусан. Би Баатаржавын машинд суухдаа утасныхаа цагийг харсан, цаг харахад 00 цаг болж байсан. Яагаад би цаг харсан гэхээр одоо дэлгүүр хаачихсан болов уу, ах нь 100 грамм архи уучихмаар байна гэж Баатаржавт хэлсэн. Тэгээд Баатаржав Вокзалын Жаст-Ойл шатахуун түгээх газрын эсрэг талын “Зоос” гэх нэртэй дэлгүүр рүү орсон. Би Баатаржавт ахад нь бэлэн мөнгө байхгүй байна. Драгоны бэлэн мөнгөний машин ороод таксины мөнгөтэй чинь цуг өгье гэж хэлсэн. Баатаржав дэлгүүрээс 100 грамм архи авчирч надад өгсөн. Би Драгоны бэлэн мөнгөний машин хүртэл 100 грамм архины талыг нь уусан, бэлэн мөнгөний машин дээр ирээд Баатаржавт 10.000 төгрөг авчих гээд банкны картаа өгөөд, нууц кодоо 1010 гэж хэлж өгсөн. Баатаржав бэлэн мөнгөний машин дээр очсон. Би бэлэн мөнгөний машин байдаг хэсэг рүү нь ороогүй, цаад талд нь зогсож байсан. Би үлдсэн архиа бэлэн мөнгөний машины хажууд ууж дуусгасан. Тэгээд Баатаржав надад карт өгөхөөр нь халаасандаа авч хийсэн.  Би тухайн үед согтуу байсан, гэхдээ үйлдлээ мэдэхгүй хэмжээний их согтуу байгаагүй. Би картаа харалгүй аваад өмднийхөө халаасанд хийсэн. Баатаржав намайг баарны үүдэнд өндөр хүнтэй таарсан, таньдаг хүн нь гэж хэлсэн гэсэн байдаг. Тийм асуудал ерөөсөө болоогүй. Баарны хүмүүс мэдэж байгаа. Би “Намуун” гэх нэртэй бааранд Баатаржавтай хамт орсон. Тухайн баар хаах гэж байна гээд хүнгүй байсан, би баруун талын буйдан дээр суусан. Баатаржав надад 100 грамм архи, цэвэр ус авчирч өгөөд яваад өгсөн. Би баарнаас гараад гэр рүүгээ явж байхдаа хажууд ойрхон байдаг хуучин ажиллаж байсан байгууллага дээрээ очсон. Тэгээд ороход галын дуудлагаар явсан байсан. Харин салаан дарга Мөнхдэлхий гэх офицер “та халамцуу байна, би таныг хүүхдээр хүргүүлээд өгье” гээд, би хүргүүлсэн.  Тэгээд гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь дэлгүүр орж тамхи авах гээд картаа уншуулахад таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь картаа үзэхэд өөр хүний карт байсан. Мөнх-Эрдэнэ гэж хүнийг би танихгүй, ийм нэртэй хүний карт надад байх үндэслэл байхгүй.

 Миний картны нууц кодыг гэр бүлийнхэн л мэднэ. Өөр мэдэх хүн байхгүй. Баатаржаваар бэлэн мөнгөний машинаас мөнгө авахуулахдаа дансны үлдэгдэл үз гэж хэлээгүй. Баатаржавт итгэж картаа өгсөн. Би бааранд болон ажиллаж байсан газрын хүмүүсийн хэн нэгэнд картаа өгөөгүй. Би худлаа хэлж үзээгүй. Баатаржавын машинд суугаад явж байхад их л яриа хөөрөөтэй залуу байсан. Би хар буруу санаагүй, Баатаржавт итгээд л картаа өгсөн. Би Баатаржаваас өөрийнхөө картыг авсан гэж ойлгоод өгсөн картыг нь халаасандаа хийсэн, ногоон өнгөтэй карт өгсөн. Баатаржаваас банкны картаа буцааж авахдаа нэрийг нь хараагүй. Баатаржав миний итгэлийг алдсан. Миний эд зүйл болох түлхүүр гэх мэт зүйлүүд байсан. Ганцхан банкны карт байхгүй байсан.

Би тэр өдөр тэтгэвэрээ 2 сарын хугацаагаар зээлж авсан байсан. Би тэтгэвэрийн мөнгөөрөө цагаан сар хийх гэж өмнөх тэтгэвэрийн зээл дээрээ нэмж 850,000 төгрөгийн зээл авсан боловч мөнгөө алдсан учир дахин хүүхдээрээ цалингийн зээл авахуулж 800,000 төгрөгийг нь авч цагаан сараа хийсэн. Иймд миний тэтгэвэрийн зээлийн гурван сарын хүү 90,000 төгрөг, хүүгээрээ авахуулсан цалингийн зээлээс авсан 800,000 төгрөгийн гурван сарын хүү 125,000 төгрөг, хэрэг бүртгэлтийн шатанд дахин дахин дуудагдаж очиход хэрэглэсэн 40 литр шатахууны зардал 65,000 төгрөг, алдсан 780,000 төгрөг, нийт 1,060,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Мөн эрүүгийн 2017 2601 0298 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

 

3.Хохирогч М.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цаг 20 минутын үед хүргэн Далайбуянгийн гэр “Алтай” хотхоноос гарч Нарны гүүрээр явган алхаад “Барс” захын харалдаа зам дээрээс цагаан өнгийн суудлын машинд гар өргөн суугаад утасныхаа цагийг харахад 23 цаг 54 минут болж байсан. Уг машины жолоочид хандан одоо дэлгүүр хааж байгаа юм байна даа, ах нь бие эвгүйрээд даралт ихсээд байх шиг байна, зуун грамм уучихмаар байна гэхэд нөгөө жолооч залуу одоо нэрийг нь мэдсэнээр Баатаржав нь өө энд нэг дэлгүүр онгорхой байна гэхээр нь ахад нь бэлэн мөнгө алга, Драгон дээр очоод таксины мөнгөтэй хамт өгчихье, чи мөнгийг нь төлөөд аваад ир гэхэд Баатаржав за гэж зөвшөөрөөд Вокзал орчмын дэлгүүр дээр зогсож ороод зуун грамын шилтэй Ерөөл архи нэгийг авчирч өгсөн. Үүнийгээ би замдаа уучихсан. Би хүргэнийхээсээ гарахдаа 200 гр Хараа архи уугаад гарсан. Драгон ороод Баатаржавт ахтайгаа буугаад АТМ-ээс мөнгө аваад өг гэж хэлээд түүнд өөрийнхөө ногоон өнгийн “Хаан” банкны картаа өгөөд нууц дугаараа 1010 гэж хэлээд хамт машинаас буугаад АТМ-ын бүхээгт ороод би хажууд нь зогсоод Баатаржав миний картыг уншуулж 10,000 төгрөг аваад бид машиндаа суусан. Би арын суудалд суусан байсан. Тэр жолооныхоо ард суугаад эргэж харан надад картыг маань мөнгөтэй нь өгсөн. Тухайн үедээ би картаа шалгаагүй шууд өмднийхөө баруун халаасанд хийсэн. Драгон дээр би мөнгө авч машинд сууснаас хойш нэг хэсэг тасарсан юм шиг байна. Намуун бааранд орсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд хуучин ажиллаж байсан Онцгой байдлын газартаа оччихсон дэслэгч Мөнхдэлхийтэй юм ярьж байсанаа санаж байна. Маргааш нь тамхи авах гэж гараад гэрийнхээ ойролцоо хүнсний дэлгүүрт орж картаа уншуулж авах гэтэл уг дэлгүүрийн худалдагч таны үлдэгдэл хүрэхгүй байна гээд картыг маань өгсөн. Картаа аваад хартал Д.Мөнх-Эрдэнэ гэсэн өөр нэртэй карт байсан. Ингээд би урд шөнийн үйл явдлаа санахад Баатаржав гэх жолооч намайг хүргэж өгөөд согтууг минь далимдуулж картыг минь сольж өгсөн байна гэж үзээд цагдаад хандсан. Баатаржавт би өөрийн “Хаан“ банкны картаа өгч нууц дугаараа хэлээд мөнгө авахуулсан. Тэр надад картыг маань буцааж өгөхдөө сольж өгсөн.  Энэ үйлдлүүдийг би сайн санаж байна. Гэтэл Баатаржав нь би таны картанд гар хүрээгүй гэж худлаа яриад байгаа. Драгон төвийн АТМ-ын бичлэгийг би очиж үзэхэд  АТМ-ын бүхэгт хаалганы хажууд зогсоод Баатаржав миний картаар хоёр ч удаагийн үйлдэл хийж байсан нь харагдсан. Би дотроо бодохдоо эхлээд миний хэлсэн 10,000 төгрөгийг уншуулж авчихаад дараа нь миний дансны үлдэгдлийг шалгасан юм шиг байна лээ. Тэгээд намайг “Намуун” бааранд оруулж орхичихоод миний картыг халааснаас хулгайлан авч картнаас шууд нэг удаагийн үйлдлээр 780.000 төгрөг авсан байсан. Баатаржав өмнө нь миний үлдэгдлийг шалгаад мэдчихсэн тул шууд мөнгөн дүнг хэлж уншуулсан байх гэж сэжиглэж байна. Тэгээд 20-иод минутын зайтай уг мөнгийг авсан байсан. Би банкнаас хуулгаа авахад 780.000 төгрөгийг 04 цаг 50 минутанд уншуулсан гэсэн цаг гарч ирсэн. Мөн 10,000 төгрөгийг ч гэсэн 04 цаг 59 минутанд уншуулсан гэж гарч ирсэн нь хуулга дээрх АТМ-ын цаг буруу байсан. Үүнийг банкны хүнээс асуухад АТМ-ын цаг худлаа гарч болно гэж хэлсэн. 10,000 төгрөгийг уншуулаад бид цаашаа нилээд хэдэн минут болсон байх учиртай. Тэгтэл нэг минутын зайтай мөнгө гарсан байсан нь эргэлзээтэй байна. Миний бодлоор Баатаржав намайг Намуун бааранд 00 цаг 10 минутын үед буулгасан. Тэгээд удалгүй картыг маань 1-р хорооллын 34-р байрны арын дэнж дээр байдаг Эмо дэлгүүрийн гадаа байрлах АТМ-д уншуулсан байна лээ. Анх би тайлбар өгч байхад дансны хуулга дээр болохоор яг ямар АТМ нь тодорхойгүй 017 гэсэн кодтой байхаар нь хаанахын АТМ болохыг асуухад Хархорин, 32-ын орчимын АТМ гэж банкны ажилтан хэлж байсан учир би анхны тайлбарт 32-ын хаан банкны АТМ гэж андуурч хэлсэн байна лээ. Хэрэв өөр хүн авсан гэж бодоход миний нууц дугаарыг мэдэхгүй тул авах боломжгүй. Тэгэхэд нэг удаа шууд мөнгөн дүн оруулсан байсан. Мөн тэр надад карт сольж өгсөнийг би тухайн үед шалгаагүй боловч тэр сольж өгсөнийг би өөрийн биеэр нотолж хэлж байна. Согтууг далимдуулж миний картыг аваад зөрүүлж өөр карт өгсөн. Мөн миний картыг авч АТМ-ээс мөнгө авч өгчихөөд би картанд нь ойртоогүй гэж худлаа яриад байгаад гомдолтой байна. Баатаржав ханцуй нь саарал оруулгатай цээжээрээ хар оруулгатай ноосон цамц ч юм шиг, куртик ч юм шиг хувцастай, доогуураа саарал өмдтэй байсан. Түүний машины дугаар маркийг би тухайн үедээ мэдэхгүй байсан. Цагаан өнгийн суудлын жижиг тэрэг байсан. Одоо бол мэддэг болсон. 27-50 УНЛ дугаартай “Мазда фамилия” маркийн машин байна лээ. Тэр машин миний сууж явсан машин мөн байна лээ. Би мөнгөө алдсан 25-ны өдөр тэтгэврийн зээлээ хоёр сараар бодуулж аваад 850.000 төгрөг дансанд орсон байсан. Тэр мөнгөнөөс 50,000 төгрөг авч өөрөө хэрэглэсэн. 800,000 төгрөгнөөс Баатаржаваар 10,000 төгрөг авахуулаад 790,000 төгрөг үлдсэний 780.000 төгрөгийг Баатаржав авсан. Үлдэгдэл 9,984 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг маргааш нь буюу мөнгөө алдсаны дараа би өөрөө авсан. Би Баатаржаваас 780,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг [1],

 

4.Гэрч Т.Энхтуяагийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой 00 цаг 10 минутын үед би зөөгчтэйгөө хоёулаа баараа хүнгүй болгочихоод хаахаар байж байхад гаднаас дээрийн над дээр дагуулж ирдэг одоо нэрийг нь мэдсэнээр Ганболд гэх хүн халамцуудуу өөр нэг залуугийн хамт хоёулаа орж ирсэн. Залуу нь бол эрүүл байсан. Манайх хааж байна шүү гэхэд тэр өвгөн ганц зуун грамм уугаад гаръя гэсэн. Би зөвшөөрөөд уг өвгөнийг ил кабинд оруулж суулгасан. Хамт ирсэн залуу нь манай ахыг суулгаж бай, би машинаа зогсоол руу тавиад ирнэ гээд гарсан. Энэ залуу ингэж гарахаасаа өмнө нөгөө өвгөнд зуун грамм архи, 1 жижиг цэвэр ус авч өгөөд 4,000 төгрөг бэлнээр төлөөд гарч яваад буцаж орж ирээгүй. Уг өвгөн үлдээд манайд нөгөө архиа уугаад нөгөө залуугаа жаахан хүлээж байгаад гараад явсан. Тэр өвгөн дахин ямар нэгэн юмаар үйлчлүүлээгүй, манайх ойрхон гэж хэлээд гараад явсан. Манайх камертай боловч 3 хоногийн бичлэг хадгалагдаад устдаг. Таныг дээр манайд ирэхэд камерын бичлэг устадсан гэдгийг бид хэлсэн шүү дээ. Тэр хоёр хүний хэн хэн нь виза картаар үйлчлүүлээгүй. Ганболдыг хүргэж ирсэн залуу бэлэн 4,000 төгрөг өгөөд гарсан. Ганболдыг дагуулж орж ирдэг залууг зүс хараад таних байх. Манайх баарныхаа хүмүүсийг бүгдийг нь гаргаад хааж байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

5.Гэрч Д.Сүх-Очирын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Энэ өдөр би Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн баруун зүгт байрлах Алтан тариа ХК-ны урд байрлах онцгой байдлын 26-р ангидаа жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж хоносон. Энэ өдөр 00 цаг 30 минутын орчим байхаа, би сайн санахгүй байна. Намайг ангийн байрандаа байж байхад манайд хуучин ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ганболд гуай нилээд согтуу ганцаараа орж ирсэн. Тэр орж ирээд ах нь жаахан юм уучихсан, одоо гэр рүүгээ харилаа гэх мэт юм яриад байж байтал гаднаас Салаан дарга ахлах дэслэгч Мөнхдэлхий дуудлаганаас буцаж ирсэн. Ганболд ахтай юм ярьж байгаад намайг Ганболд ах согтуу байна, гэрт нь хүргээд өг гэхээр нь би түүнийг 01 цагийн үед явган явж хүргэж өгөөд байрны гадаа орцонд оруулж өгөөд явсан. Ганболд ах нэг тамхи татаад гэртээ орно, чи яв гэсэн. Ганболд ах манай ажил дээр нэг их удаагүй, 20-иод минут болсон байх. Тэр хэнтэй явсныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

6.Гэрч Л.Мөнхдэлхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“…Энэ өдөр би Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн баруун зүгт Алтан тариа ХК-ны урд байрлах онцгой байдлын 26-р ангидаа ажилтай байсан. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27-р байрны орцонд утаа саагаад байна гэсэн дуудлагыг 00.17 цагт аваад тэр дуудлагандаа яваад 00.44 цагт анги дээрээ ирсэн. Дуудлаганаас ирэхэд манайд хуучин ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ганболд гуай ангийн байранд нилээд согтуу байдалтай байсан. Хажууд нь галын машины жолооч Сүх-Очир байсан. Ганболдын гэр ойрхон тул ангийн байранд согтуу хүн байж болохгүй тул бушуухан гэр рүү нь хүргүүлэхээр Сүх-Очирыг хамт явуулсан. Сүх-Очир хүргэж өгчихөөд ирлээ гэж байсан. Ангийн үүдэнд камер байхгүй, талбайн камер гэж байгаа боловч эвдэрчихсэн, ажиллаагүй удаж байна. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

7.Гэрч Д.Мөнхчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“…Манайхаас явуулсан дээрх дээрх бичлэгүүд “Эмо” хүнсний дэлгүүрийн гадна байрлалтай манай банкны АТМ-с 00:24 цагт 780,000 төгрөг авсан байна. Харин Драгон төвийн гаднах АТМ-с 00:05 цагт 10,000 төгрөг уншигдсан. Ингэж уншуулахдаа 2 удаагийн үйлдлээр буюу эхлээд 10,000 төгрөг уншуулж, дараа нь үлдэгдэл шалгах үйлдэл хийгдсэн байна. АТМ-үүд өдөр шөнийн баазтай байдаг. Энэ бичлэг шөнийн бичлэг учир хуулган дээрээ бодит цаг нь харагдахгүй. Харин манайхаас авсан камерын бичлэгийн цаг минут бодит зөв юм. Иймд 780,000 төгрөгийг 00:24 цагт АТМ-с авсан нь зөв юм. “Эмо” хүнсний дэлгүүрийн АТМ-ын камерын дүрс тодрох боломжгүй. Драгон төвийн АТМ-ын камерын дүрс тодорхой харагдаж байгаа. Ер нь энэ хоёр бичлэг дээрх хүний доогуураа өмссөн өмд, гутал төстэй харагдаж байна. Гадна дотно нэг нэг камертай. Д.Мөнх-Эрдэнэ гэх хүний 9496-1881-2386-9278 картын дугаар өөрчлөгдөн сүүлийн дугаар 2970 болсон байна. Хаясан тохиолдолд картын дугаар өөрчлөгддөг. Дансны хуулгыг харахад энэ хүний данс  нь хэвээрээ одоогоор ашиглагдаж байна. Дансны хуулгыг нь 2017 оны 01 дүгээр сарын 26-наас 2017 оны 03 дугаар сарын 15-ны байдлаар гаргаад өгч болно....” гэх мэдүүлэг [5] ,

 

8.Гэрч Д.Мөнх-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“…Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түрийвчтэй бичиг баримтаа нэг таксинд орхиж буугаад одоогоор цахим үнэмлэхээ шинээр авч чадаагүй байна. Харин Фромон ХХК-ны ажлын үнэмлэх дээр зурагтайгаа нэр ус маань байгаа, үүнийг үзүүлж болно. 9496188123869278 дугаартай ногоон өнгийн Хаан банкны виза карт миний карт мөн байна. Би дээр хэлсэнээр түрийвчээ таксинд хаясан. Хаягдсан түрийвчин дотор миний энэ карт, цахим үнэмлэх, мөн ажлын үнэмлэх зэрэг байснаа хамт алдсан. Би ажлын үнэмлэхээ тэр даруй шинээр хийлгэж авсан. 2016 оны 12 дугаар сарын 19-нд Хаан банкны картаа сэргээлгэж авсан. Одоо өөр 9496188127702970 дугаартай карт ашиглаж байгаа. Хаясан картаа солиулахад картан дээрх дугаар солигддог юм билээ. ...Би түрийвчээ цагаан өнгийн суудлын жижиг машинд хаясан. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Дуудлагаар хорооллын эцэст айлд очиж өрхийн интернэт тавих гээд яарч явсан. Хорооллын эцсийн буудлын орчим тэр машинаас буухдаа таксины мөнгө өгчихөөд халаасандаа хийлээ гэж бодсон чинь хажуугаар нь хальт хийсэн юм уу, тэр машинд унагасан байсан. Би цагдаад энэ талаар хандаагүй, картанд мөнгө байхгүй, түрийвчинд мөнгө байхгүй байсан тул тоогоогүй орхисон. Уг машины дугаар, серийг санахгүй байна. Одоо эргээд санахад уг машины жолооч жижгэвтэр биетэй залуу байсан. Одоо харвал би танихгүй байх. Энэ зурганд байгаа залууг мөн гэж хэлж мэдэхгүй байна. Жолоочийн ард сууж явсан учир би царайг нь хараагүй, араас нь харсан. Гэхдээ иймэрхүү жижгэвтэр биетэй залуу байсан. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

9.Д.Баатаржавын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би 27-50 УНЛ дугаарын “Мазда фамили” маркийн цагаан өнгийн автомашинтайгаа халтуур хийж явж байгаад орой 23 цаг 50 минутын орчимд “Барс” захын уулзвар дээр одоо нэрийг нь мэддэг болсоноор Ганболд гэх гомдол гаргагч гар өргөхөөр нь би зогссон. Тэгтэл таван шар хүртэл 5000 төгрөгөөр явах уу гэхээр нь тэгнэ гээд суулгахад, очоод мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Ганболд ахынх нь даралт ихсээд байна, замдаа дэлгүүр таарвал зуун грам архи аваад өгчих, очоод мөнгийг нь төлье гэсэн. Тэгэхээр нь би Вокзалын орчим нэг дэлгүүр онгорхой байхаар нь орж зуун грам Ерөөл архи авч ахад өгөхөд тэр замдаа уусан. Тэгээд Саппорогийн орчим явж байхад дахин зуун грам аваад өгөөч гэхээр нь би одоо үгүй гэхэд тэр ах чи намайг мөнгөгүй гэж бодож байна уу, ах нь АТМ ороод өгчихнө шүү дээ гээд байсан. Драгон ороод АТМ-ын гадаа очоод машинаас буугаад Ганболд чи надтай хамт буугаад мөнгө авалцаад өг, үүдэнд нь согтуу хүмүүс байна гэхээр нь би чадахгүй гэхэд тэр ах намайг татах шахам болж байж би бууж хамт АТМ орсон. АТМ дээр очоод намайг түлхэх шахам бүхээг рүү оруулаад өөрөө хамт зогсоод картаа гаргаад машин руу хийгээд би Монгол гэдэг цэсийг сонгож өгсөн. Бусдыг нь тэр өөрөө хийгээд 10,000 төгрөг авсан. Картаа өөрөө сугалж авсан. Тэгээд тэндээс хөдлөөд зам дагуу замаараа хоёр дэлгүүрээр орно гээд хаалттай байсан учир ороогүй. Таван шарын “Намуун” гэдэг баарны гадаа зогс, ийшээ ороод зуу татна гээд тэр баар руу орсон. Би таксиныхаа мөнгийг авахаар түүнийг дагаж ороход үүдэнд нь Ганболд ах нэг өндөр, хар царайтай залуутай тааралдаад юм ярьж байснаа намайг очиход нөгөө залуу үүдэнд үлдээд би Ганболдтой дотогшоо ороод түүний 10,000 төгрөгнөөс 3000 төгрөгөөр нь зуун грам архи авч өгөөд таксины төлбөрт гарсан 7000 төгрөгийг өөрт нь хэлээд авсан. Мөн түүнд би өөрийнхөө мөнгөөр нэг ус нэмж авч өгөөд би явлаа гэж хэлээд явсан. Ганболд намайг үнсээд үлдсэн. Ганболдод гарахдаа би та наад архиа наанаа суугаад уу, гадаа согтуу хүмүүс байна шүү гэж хэлээд гарсан. Би гараад гэр рүүгээ шууд харьсан. Би тэр хүний картанд гар хүрээгүй, зөвхөн түүнийг картаа хийсний дараа Монгол гэдэг цэсийг сонгож өгсөн. Би цээжээрээ хар оруулгатай, ханцуй нь саарал өнгөтэй куртиктэй явж байсан. Драгоноос Намуун баар хоёрын хооронд 1 минут яваад очно. Тэр согтоогүй, эрүүл шахуу харин ч нүд ам нь сэргэчихсэн онгорхой дэлгүүр байна уу гээд хараад архи авч уух гээд байсан.  Тэр баар нилээд их хүнтэй байсан. 10-аад хүн байсан байх. Тэгээд Ганболдыг хүнгүй ширээнд суулгасан. Ганболд шууд текэн дээр уух гэхээр нь та ядаж сууж байгаад уу гээд суулгасан. Намуун бааранд 00 цаг 10 минутын орчим орсон байх. ...” гэх мэдүүлэг [7],

-Яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би 27-50 УНЛ дугаарын “Мазда фамили” маркийн цагаан өнгийн автомашинтайгаа халтуур хийж явахад 23 цаг 50 минутын орчимд Барс захын уулзвар дээр Ганболд гар өргөхөөр нь зогсоход Таван шар 5000 төгрөгөөр явах уу, буухдаа мөнгийг нь өгнө гээд суусан. Замдаа ахынх нь даралт ихсээд байна, онгорхой дэлгүүр байвал зуун грам архи аваад өгчих, очоод мөнгийг нь өгнө гэсэн. Тэгэхээр нь би Вокзалын орчим нэг дэлгүүр онгорхой байхаар нь орж зуун граммын Ерөөл архи авч ахад өгсөнийг тэр замдаа уусан. Тэгээд Саппорогийн орчим явж байхад дахин архи авахуулах гээд байхаар нь би зөвшөөрөөгүй цаашаа Драгон ороод АТМ-ын гадаа очоод Ганболд чи надтай хамт буугаад мөнгө авалцаад өг, үүдэнд нь согтуу хүмүүс байна гэхээр би чадахгүй гэхэд тэр ах намайг татах шахам болж байж би бууж хамт АТМ орсон. АТМ дээр очоод намайг түлхэх шахам бүхээг рүү оруулаад өөрөө хамт зогсоод картаа гаргаад машин руу хийхээр нь Монгол гэдэг цэсийг нь сонгож өгсөн. Бусдыг нь тэр өөрөө хийгээд 10,000 төгрөг, картаа өөрөө сугалж авсан. Тэгээд тэндээс хөдлөөд зам дагуу хоёр дэлгүүрээр орно гээд хаалттай байсан учир ороогүй. Таван шарын “Намуун” гэдэг баарны гадаа зогс, ийшээ ороод зуу татна гээд тэр баар руу орсон. Би таксиныхаа мөнгийг авахаар түүнийг дагаж ороход үүдэнд нь Ганболд ах нэг өндөр, хар царайтай залуутай тааралдаад юм ярьж байснаа намайг очиход нөгөө залуу үүдэнд үлдээд би Ганболдтой дотогшоо ороод түүний 10,000 төгрөгнөөс 3000 төгрөгөөр нь зуун грам архи авч өгөөд таксины төлбөрт гарсан 7000 төгрөгийг өөрт нь хэлээд авсан. Мөн түүнд би өөрийнхөө мөнгөөр нэг ус нэмж авч өгөөд би явлаа гэж хэлээд явсан. Би гараад гэр рүүгээ шууд харьсан. Би энэ хүний картанд гар хүрээгүй, зөвхөн түүнийг картаа хийсний дараа Монгол гэдэг цэсийг сонгож өгсөн. Тэр согтоогүй, эрүүл шахуу харин ч нүд ам нь сэргэчихсэн онгорхой дэлгүүр байна уу гээд хараад архи авч уух гээд байсан. ...” гэх мэдүүлэг [8],

 

10. 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэрэгт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэг,

-Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг,

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэг бүхий 3 ширхэг си ди-г хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан тухай тогтоол  [9],

 

11.2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр:

-Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ камерийн бичлэг,

-Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг,

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэг бүхий 3 ширхэг сидинд тус бүр үзлэгийг хийж, 14.00 цагт эхэлсэн.

            Үзлэгээр:

            -Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгийг нээхэд 20170126-223724 1/26/2017 10:40 РМ гэсэн бичиглэлтэй байх бөгөөд 23:50:44 цагт бичлэг эхлэхэд цагаан өнгийн суудлын жижиг тэрэг “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогсоод дотроос нь хэрэгт шалгагдаж байгаа Д.Баатаржав нь буугаад дэлгүүр рүү орж 100 граммын шилтэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхэгийг аваад 23:52:29 цагт гарч байгаагаар бичлэг дуусав.

            -2 дахь бичлэг болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэгийг нээхэд 2017-01-26-00-00-00-00-05-00, 2017-01-26 00-00-00-00-10-00 гэсэн бичлэгт АТМ-ын гадаах бүхээг харагдах бөгөөд хэргийн хохирогч М.Ганболд, холбогдогч Д.Баатаржав нар АТМ-ын бүхээгт ирж зогсоод Баатаржав нь Ганболдоос картыг авч АТМ-ын машинд хийж хоёр удаагийн үйлдэл хийж байхад хажууд нь Ганболд зогсоно. Баатаржав үйлдлээ хийгээд карт гарч ирмэгц баруун гараараа аваад Ганболдод өгөх үед Ганболд нь картыг авалгүй, доош тонгойн халаасаа уудлаад картаа авах үед карт Баатаржавын зүүн гарт шилжигдэн очсон байх бөгөөд зүүн гараас нь Ганболд картаа авна. Баатаржав картыг өгөөд баруун гараараа АТМ-ээс гарч ирсэн мөнгийг аваад Ганболдод өгөөд тэр хоёр цааш явсаар бичлэг дуусав. Энэ бичлэг дээр Баатаржав нь дээгүүрээ ханцуй нь саарал өнгөтэй, цээжин хэсэг нь хар оруулагатай куртик шиг хувцастай, доогуураа саарал өмд, хар гуталтай харагдсан.

            -Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэгийг нээхэд 1590 гэсэн файл байх бөгөөд дотогш нэвтэрч ороход 16 ширхэг зураг, 1 бичлэг байсныг 2017-01-26, 00-20-03-00-25-01 бичлэгийг нээхэд АТМ-ын хүнгүй бүхээг харагдах бөгөөд 03:29 цагийн үед зүс царай нь харагдахгүй, амаа ороолтоор тал ороож тагласан, дээгүүрээ бараан саарал ноосон цамцтай, доогуураа саарал өмд, хар гуталтай залуу АТМ-д үйлдэл хийгээд байгаагаар бичлэг дуусна.

            Дээрх хоёр АТМ-ын бичлэгүүдээс харж байхад хэрэгт сэжиглэж шалгагдаж байгаа Д.Баатаржавын өмсөж явсан доогуурх хувцас тохирч байгааг тэмдэглэл болгон нэмж бичив ...” гэсэн тэмдэглэлийг 15 цаг 20 минутад дуусгасан тухай тэмдэглэл [10] ,

 

12. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах Хаан банкны АТМ дээр Д.Баатаржавыг хэрэг болсон гэх өдөр өмсөж явсан гэх дээгүүрээ бараан саарал цээжин хэсэгт хар оруулагтай, доогуураа саарал өмд, хар гуталтай явсан зэргийн дээгүүрх хувцасыг нь дотроор нь эргүүлэн өмсгөж, уг АТМ рүү оруулж, туршилт хийсэн гэх тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [11],

 

13. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын гадаа очиж мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай ажиллагааг буулгасан камерийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тухай тогтоол [12], тус бичлэгт мөн өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл [13] ,

 

14. Д.Баатаржавын 2017 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийхэд “цээжээрээ куртикийг модон оруулгатай, хоёр ханцуй хэсэг нь саарал өнгөтэй, куртикний дотор нь нилэнхүйдээ саарал, куртикний цахилгаантай хэсэг, хоёр ханцуйн үзүүрийн хэсэг хар нарийн оруулгатай ..., саарал сул загвары өмд, өмдний урд хэсэгт цагаан өнгийн толбонуудтай, зөөлөн үсэрхэг материалтай, хар өнгийн ботинк хэлбэрийн гутал зэрэг байв...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [14],

 

15.Эд зүйлийн үнэлгээ [15],

16.М.Ганболд, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Баатаржав нарын “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулгууд [16] ,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд.

 

17. Гэрч Б.Баярбилэгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Баатаржав манай ээжийн төрсөн дүүгийн том охинтой нь суусан, хүргэн юм. Нэг их ойр дотно холбоотой биш, гэхдээ хамаатан болсон хойно хааяа уулздаг. Архи уучихаараа жаахан овилгоггүй, онгироо сагсуу зантай гэж ахаасаа би сонссон. Эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ гэр хороололд хувийн хашаа байшинд амьдардаг. Баатаржав няравын ажил “Номин” агуулахын тэнд хийдэг гэсэн. Одоогоор ажиллаагүй, өвөл болохоор ажил нь зогсдог гэсэн. Эхнэр нь ажилгүй, хүүхдээ хараад байдаг. 1 наснаас 15 насны хүүхдүүдтэй, ганцаараа ажил хийдэг. Баатаржав 27-50 УНЛ маркийн “мазда фамилия” маркийн машиныг 2016 оны 10 сард Шижирдэлгэр гэх хүнээс худалдан аваад 11 дүгээр сарын 20-ны үеэр Баатаржав “105 марк-2” гэдэг нэртэй машинаар сольсон. Шижирдэлгэрээс авсан машин нь торгуулийн 340.000 төгрөгийн асуудал байсныг Баатаржав бид хоёр хувааж төлнө гэж тохироод өнөөдрийн байдлаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дансанд 100.000 шилжүүлсэн байсан. Одоо ямар нэгэн өр шир байхгүй дууссан гэхэд болно. Харин машиныг нэр дээр шилжүүлэх ажил үлдсэн байгаа. Баатаржав зардаг машинаараа халтуур хийдэггүй байсан. Баатаржавт зарахдаа машинаа би цэвэрлэж, урд хойд хайрцагаа хоослоод өгсөн. Ямар нэгэн банкны карт үлдээгүй. Машинаа зарснаас хойш 10-аад хоногийн дараа буюу 12 сарын эхээр очиход машины хроп эвдэрсэн гэж байсан. Хэд хоногийн дараа байх, тэр машинтайгаа зам дээр зөрсөн. Би “энэ одоо надад өгөх мөнгөө өгч чадахгүй байсан мөртлөө машинаа яагаад ийм хурдан засчихав” гэж дотроо бодоод өнгөрсөн. Хроп шинээр авч тавихад 350.000 төгрөг байдаг, засварын хөлс 100,000 төгрөг, дээр нь тос авч хийхэд 100.000 төгрөг болдог. Хропыг засварлахад шинэ хропны үнийн талаар буюу 150-200 мянган төгрөгөөр засварладаг байх. ...” гэх мэдүүлэг [17],

 

18.Д.Баатаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа [18], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [19] зэрэг баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн хохирогч, гэрч нарыг, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцааж мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Баатаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, тогтоолыг баталж ирүүлсэн байх ба уг тогтоолд шүүгдэгч Д.Баатаржавыг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 780,000 төгрөгийг олж авсаны улмаас залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт ялалжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Баатаржав нь 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 27-50 УНЛ улсын дугаартай “мазда фамилия” загварын автомашиныг жолоодон явахдаа “Баянгол дүүргийн “Барс” худалдааны төвийн орчмоос гар өргөсөн хохирогч М.Ганболдыг  машиндаа суулгасан байна. Хохирогч М.Ганболд нь гэртээ хүргүүлэх зорилгоо хэлж, түүнд таксины үйлчилгээний мөнгийг “Драгон” төв дээр очоод төлөх талаар тохиролцсон байх бөгөөд шүүгдэгч Д.Баатаржав, хохирогч М.Ганболд нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Драгон” төвийн гадна очиж буугаад “Хаан” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машин дээр очиж 10,000 төгрөг авсан байна. Ингэхдээ М.Ганболд нь “Хаан” банкинд эзэмшдэг дансны картынхаа нууц дугаар буюу кодыг Д.Баатаржавт хэлж, түүнд 10,000 төгрөг авахуулах зорилгоор 800,334 төгрөгтэй картаа итгэмжлэн шилжүүлж өгсөн байх бөгөөд Д.Баатаржав нь М.Ганболдын эзэмшлийн картыг бэлэн мөнгөний машинд хийж уншуулж, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 00:05 цагт 10,000 төгрөг авах, дансны үлдэгдлийг шалгах зэрэг үйлдлийг хийжээ.

Үүний дараа хохирогч М.Ганболдод бэлэн мөнгөний машинаас авсан бэлэн 10,000 төгрөгийг өгөх үедээ М.Ганболдын эзэмшлийн картыг Д.Мөнх-Эрдэнэ гэсэн нэртэй Хаан банкны адил өнгийн картаар сольж өгсөн, улмаар М.Ганболдын 790.334 төгрөгтэй банкны картыг өөрийн эзэмшилд шилжүүлж 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 00:24 цагт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” дэлгүүрт байрлах “Хаан” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 780,000 төгрөгийг нэг удаагийн үйлдэл хийж, нэг удаагийн үйлдлээр авч, итгэмжлэн өгсөн картыг ашиглаж, 780,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн байна. Тус гэмт хэрэг нь хэрэг бүртгэлтэд:

-хохирогч М.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Драгон ороод Баатаржавт ахтайгаа буугаад АТМ-ээс мөнгө аваад өг гэж хэлээд түүнд өөрийнхөө ногоон өнгийн “Хаан” банкны картаа өгөөд, нууц дугаараа 1010 гэж хэлээд хамт машинаас буугаад АТМ-ын бүхээгт орсон. Би хажууд нь зогсоод Баатаржав миний картыг уншуулж 10,000 төгрөг аваад бид машиндаа суусан. ...Тэр жолооныхоо ард суугаад эргэж харан надад картыг маань мөнгөтэй нь өгсөн. Тухайн үедээ би картаа шалгаагүй шууд өмднийхөө баруун халаасанд хийсэн. ...Маргааш нь тамхи авах гэж гараад гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрт орж картаа уншуулж авах гэтэл уг дэлгүүрийн худалдагч таны үлдэгдэл хүрэхгүй байна гээд картыг маань өгсөн. Картаа аваад хартал Д.Мөнх-Эрдэнэ гэсэн өөр нэртэй карт байсан. Ингээд би урд шөнийн үйл явдлаа санахад Баатаржав гэх жолооч намайг хүргэж өгөөд согтууг минь далимдуулж картыг минь сольж өгсөн байна гэж үзээд цагдаад хандсан. Баатаржавт би өөрийн Хаан банкны картаа өгч нууц дугаараа хэлээд мөнгө авахуулсан. Тэр надад картыг маань буцааж өгөхдөө сольж өгсөн.  ...Баатаржав миний картаар хоёр ч удаагийн үйлдэл хийж байсан нь харагдсан. ...Миний картыг авч АТМ-с мөнгө авч өгчихөөд би картанд ойртоогүй гэж худлаа яриад байгаа. ...” гэх мэдүүлэг [20], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Д.Мөнхчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “…”Эмо” хүнсний дэлгүүрийн гадна байрлалтай манай банкны АТМ-с 00:24 цагт 780,000 төгрөг авсан байна. Харин Драгон төвийн гаднах АТМ-с 00:05 цагт 10,000 төгрөг уншигдсан. Ингэж уншуулахдаа 2 удаагийн үйлдлээр буюу эхлээд 10,000 төгрөг уншуулж, дараа нь үлдэгдэл шалгах үйлдэл хийгдсэн байна. ...манайхаас авсан камерын бичлэгийн цаг минут бодит зөв юм. Иймд 780,000 төгрөгийг 00:24 цагт АТМ-с авсан нь зөв юм. ...” гэх мэдүүлэг [21],

-гэрч Д.Мөнх-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “…Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түрийвчтэй бичиг баримтаа нэг таксинд орхиж буугаад одоогоор цахим үнэмлэхээ шинээр авч чадаагүй байна. ...9496188123869278 дугаартай ногоон өнгийн Хаан банкны виза карт миний карт мөн байна. Би дээр хэлсэнээр түрийвчээ таксинд хаясан. Хаягдсан түрийвчин дотор миний энэ карт, цахим үнэмлэх, мөн ажлын үнэмлэх зэрэг байснаа хамт алдсан. ...Би түрийвчээ цагаан өнгийн суудлын жижиг машинд хаясан. ...” гэх мэдүүлэг [22] ,

-Д.Баатаржавын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр [23] , яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлгүүд [24] ,

-2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэрэгт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэг,

-Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг,

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэг бүхий 3 ширхэг Си ди-г хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан тухай тогтоол  [25], хяналтын камерийн бичлэгүүд,

 

-2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэгийг нээхэд ...дээгүүрээ бараан саарал ноосон цамцтай, доогуураа саарал өмд, хар гуталтай залуу АТМ-д үйлдэл хийгээд байгаагаар бичлэг дуусна. ...” гэсэн тэмдэглэл [26] ,

-Д.Баатаржавын 2017 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийхэд “цээжээрээ куртикийг модон оруулгатай, хоёр ханцуй хэсэг нь саарал өнгөтэй, куртикний дотор нь нилэнхүйдээ саарал, куртикний цахилгаантай хэсэг, хоёр ханцуйн үзүүрийн хэсэг хар нарийн оруулагатай ..., саарал сул загварын өмд, өмдний урд хэсэгт цагаан өнгийн толбонуудтай, зөөлөн үсэрхэг материалтэй, хар өнгийн ботинк хэлбэрийн гутал зэрэг байв...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [27],

-Хохирогч М.Ганболдын “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга [28] /780,000 төгрөгийн зарлага гарсан тухай/, Эд зүйлийн үнэлгээ [29] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Баатаржаваас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “...хохирогч М.Ганболд өөрөө картаа гаргаад машин руу хийхээр нь Монгол гэдэг цэсийг сонгож өгсөн, бусдыг тэр өөрөө хийгээд 10,000 төгрөг, картаа сугалж авсан, би энэ хүний картанд хүрээгүй зөвхөн цэсийг нь сонгож өгсөн. ...” гэж мэдүүлсэн,

- харин  шүүхийн хэлэлцүүлэгт “...Ганболд ах өөрөө картаа машинд хийж би картных нь нууц дугаар хийх, үндсэн цэс рүү орох үйлдлийг хийсэн, бэлэн мөнгөний машины үүдэнд 10,000 төгрөгийг карттай нь Ганболд ахад буцаагаад өгсөн. Энэ нь камерийн бичлэгт байгаа ...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд хохирогчийн 780,000 төгрөгийг аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл хохирогч М.Ганболдоос хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргасан мэдүүлэг нь тогтвортой, өөрөөр хэлбэл хохирогч М.Ганболд нь “...Хаан банкинд эзэмшдэг дансныхаа бэлэн мөнгөний картыг шүүгдэгч Д.Баатаржавт шилжүүлсэн талаар, түүнчлэн нууц кодыг хэлж өгсөн, Д.Баатаржав миний картыг бэлэн мөнгөний машинд уншуулж 10,000 төгрөг аваад, карт, мөнгийг хамт өгсөн бөгөөд картыг өгөхдөө Д.Мөнх-Эрдэнэ гэдэг нэртэй хүний Хаан банкны картаар сольж өгсөн, бэлэн мөнгөний машин байдаг хэсэг рүү нь би ороогүй, хажууд нь зогсож байсан, тэгээд Д.Баатаржав ногоон өнгөтэй карт өгөхөөр нь халаасандаа аваад хийсэн. Би өөрийнхөө картыг авсан л гэж ойлгоод халаасандаа хийсэн, нэрийг нь хараагүй юм...” гэж тогтвортой мэдүүлдэг.

Харин Д.Баатаржав нь сэжигтэн, яллагдагчаар хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ “... хохирогч М.Ганболдод бэлэн мөнгөний машины цэсийг л би сонгож өгсөн, би түүний картанд огт хүрээгүй гэж мэдүүлж байсан боловч хэрэг бүртгэлтэд “Хаан” банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерийн бичлэгүүдийг үзсэн тухайгаа шүүх хуралдаанд дурдаж, түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь өөрчлөгдсөн байх буюу би түүнд картыг нь баруун гараараа өгсөн нь бичлэг дээр байгаа гэх зэргээр мэдүүлсэн.

Шүүгдэгч Д.Баатаржав нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй,

-16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт болон бусад баримтаар тогтоогдоно гэж заасан.

Шүүгдэгч Д.Баатаржавын хохирогч М.Ганболдын Хаан” банкны эзэмшлийн картад огт хүрээгүй, зөвхөн цэсийг сонгож өгсөн, М.Ганболд өөрөө бүх үйлдлийг хийсэн гэсэн нь 

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэрэгт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болох “...хохирогч М.Ганболд, холбогдогч Д.Баатаржав нар АТМ-ын бүхээгт ирж зогсоод Баатаржав нь Ганболдоос картыг авч АТМ-ын машинд хийж хоёр удаагийн үйлдэл хийж байхад хажууд нь Ганболд зогсоно. Баатаржав үйлдлээ хийгээд карт гарч ирмэгц баруун гараараа аваад Ганболдод өгөх үед Ганболд нь картыг авалгүй, доош тонгойн халаасаа уудлаад картаа авах үед карт Баатаржавын зүүн гарт шилжигдэн очсон байх бөгөөд зүүн гараас нь Ганболд картаа авна. Баатаржав картыг өгөөд баруун гараараа АТМ-ээс гарч ирсэн мөнгийг аваад Ганболдод өгөөд тэр хоёр цааш явсан ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, хяналтын камерийн бичлэг зэргээр үгүйсгэгдэж, Д.Баатаржавын мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй.

 Мөн тус бичлэгийг шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан. Энэхүү хяналтын камерийн бичлэгээр шүүгдэгч Д.Баатаржавт Хаан банкны картаа шилжүүлсэн болох нь, түүнд картын нууц дугаарыг хэлж өгсөн тухай хохирогч М.Ганболдын мэдүүлгийн эх сурвалж давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Баатаржав нь хохирогч М.Ганболдын картыг “Хаан” банкны өөр картаар сольж өгсөний дараа 19 минутын дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 00:24 цагт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ээс буюу бэлэн мөнгөний машинаас 780,000 төгрөгийг авч, завшсан болох нь мөн хяналтын камерийн бичлэгээр тогтоогдсон байна.

   Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчээс хөрөнгийг шилжүүлж авахдаа худал хэлэх, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдүүлэх, гэрээгээр халхавчлах гэх зэрэг аргуудаар үйлдэгддэг.

   Энэ хэргийн тухайд хохирогч М.Ганболд өөрийн санаачлага, хүсэлт, гуйлтаар  “Хаан” банкинд эзэмшдэг данснаасаа 10,000 төгрөг авахуулах зорилгоор шүүгдэгч Д.Баатаржавт банкны картыг сайн дураараа түр шилжүүлж өгсөн нь итгэмжлэн өгсөн эд хөрөнгө гэж үзэхээр байна. Тус итгэмжлэн өгсөн банкны картыг шүүгдэгч Д.Баатаржав нь хохирогчид 10,000 төгрөгийг авч өгсөний дараа картын дансны үлдэгдлийг шалгасанаар түүнд 780,000 төгрөгийг авч завших санаа, сэдэлт төрсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тус гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, объектив тал нь итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших идэвхитэй үйлдэл юм.

Энэхүү  идэвхитэй үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын камерийн бичлэгт “бэлэн мөнгөний машинд карт уншуулж байгаа этгээд нь нэг удаагийн үйлдлээр буюу нууц дугаарыг нэг удаа шууд хийж мөнгийг гарган авч байгаа нөхцөл байдал нь, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “тус бэлэн мөнгөний машинаас хохирогч М.Ганболдын картнаас бэлэн мөнгө авч байгаа этгээдийн өмсөж явсан өмд, гутал нь ...Д.Баатаржавын өмсөж явсан доогуурх хувцастай тохирч байгааг тэмдэглэл болгон бичсэн хэсэг [30], Д.Баатаржавын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өмсөж байсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Баатаржавын үйлдсэн гэмт хэрэг нь бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс өмгөөлөлийн үгэндээ санал болгосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатаржавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Баатаржавт Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ирүүлсэн тогтоолтой хэргийг мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, Д.Баатаржавыг бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ангилалын хөнгөн гэмт хэрэгт тус тус хамаарч байх тул шүүхээс хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

 

Мөрдөн байцаалтын явцад 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины гадаа очиж мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай ажиллагааг буулгасан камерийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тухай тогтоол [31] үйлдэхдээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн гадаа байрлах Хаан банкны АТМ-ын гадаа очсон бичлэг гэж бичиж техникийн алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Эд зүйлийн үнэлгээ тогтоох комисоос хохирогч М.Ганболдын “Виза карт”-ыг 3,000 төгрөг, бэлэн 780,000 төгрөг, нийт 783,000 төгрөг гэж үнийг тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь дээрх төлбөрөөс гадна 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр авсан тэтгэвэрийн зээлийн гурван сарын хүү 90,000 төгрөг, цагаан сар хийх гэж зээлээр авсан 780,000 төгрөгөө алдаж, дахин хүү Г.Төрмөнхөөр цалингийн зээл авахуулсан 800,000 төгрөгийн зээлийн гурван сарын хүү 125,000 төгрөг, хэрэг бүртгэлтэд дуудагдаж очиход хэрэглэсэн 40 литр шатахууны зардал 65,000 төгрөг зэргийг нэхэмжилнэ гэж мэдүүлж, бүгд 1,060,000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд тэтгэврийн зээлийн гэрээ, хавсралт, цалингийн зээлийн гэрээ, тодорхойлолт зэрэг баримтыг хэрэгт шинээр нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүх хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргасан баримтуудыг үзэхэд хохирогчийн тэтгэвэрийн зээлийн гэрээний үнийн дүн нь 3,570,543 төгрөг гэсэн байх ба хохирогчоос 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэмж 850,000 төгрөгийн зээл аваад дээрх дүнтэй болсон гэж мэдүүлэх бөгөөд түүний нэмж авсан гэх 850,000 төгрөгийн зээлийн хүүнд хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхой бус, энэ талаар төлсөн гэх баримтгүй байна.

Мөн хохирогч М.Ганболдын хүү Г.Төрмөнхийн цалингийн зээлийн гэрээг үзэхэд 4,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байх бөгөөд үүнээс хохирогч М.Ганболд нь 800,000 төгрөгийг авсан гэх боловч энэ талаар баримтгүй, мөн 800,000 төгрөгийн 3 сарын хүү 125,000 төгрөг төлсөн гэх баримтгүй байна.

            Түүнчлэн шатахууны зардал 65,000 төгрөгийн баримтгүй байна.

            Иймд хохирогч М.Ганболдод баримтаар тогтоогдсон 783,000 төгрөгийг шүүгдэгч Д.Баатаржаваас гаргуулж, бусад шууд бус хохирол буюу хүүнд нэхэмжилсэн 90,000 төгрөг, 125,000 төгрөг, шатахууны зардал 65,000 төгрөг нийт 280,000 төгрөгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Баатаржавын оршин суух хаягийн харьяа шүүхэд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч Д.Баатаржав урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай 2017 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Баатаржавт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Баатаржав нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүхэд шилжүүлсэн иргэний бичиг баримтгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй зэргийг тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн 9496-1881-2386-9278 дугаартай Хаан банкны эзэмшлийн ногоон өнгөтэй виза картыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Хаан банкинд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргах,

-мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны бэлэн мөнгөний машины камерийн бичлэг, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний камерийн бичлэг бүхий 3 ширхэг Си Ди,

-2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын гадаа очиж мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай ажиллагааг буулгасан камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Си Ди, бүгд 4 ширхэг бичлэг бүхий Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хархираа овогт Дээшингийн Баатаржавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Хархираа овогт Дээшингийн Баатаржавыг бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар Дээшингийн Баатаржавыг 1 (нэг) сар 5 (тав) хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатаржавт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Д.Баатаржав нь цагдан хоригдсон хоног үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатаржаваас 783,000 (долоон зуун наян гурван мянга) төгрөгийг  гаргуулж хохирогч М.Ганболдод олгосугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ганболд нь шууд бус гэм хорын хохиролд зээлийн хүүнд нэхэмжилсэн 215,000 төгрөг, шатахууны зардал 65,000 төгрөг, нийт 280,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн 9496-1881-2386-9278 дугаартай Хаан банкны эзэмшлийн ногоон өнгөтэй виза картыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Хаан банкинд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргах,

-мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн “Хаан” банкны бэлэн мөнгөний машины камерийн бичлэг, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зоос” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний камерийн бичлэг бүхий 3 ширхэг Си Ди,

-2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмо” хүнсний дэлгүүрийн гадаа байрлах “Хаан” банкны АТМ-ын гадаа очиж мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай ажиллагааг буулгасан камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Си Ди, бүгд 4 ширхэг бичлэг бүхий Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Баатаржавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Баатаржавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 70-73 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 80- 81 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 42, 45 -47, 60 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 14-16 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 80- 81 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.