Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024           3           04                                     2024/ШЦТ/172

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Н.Энхтөр

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 05-нд Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,*** аймгийн *** сум, 2 дугаар баг, Ангирт гэсэн хаягийн бүртгэлтэй, ***-ийн Эдийн засгийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, *** дүүргийн** дугаар хороо, **** тоотод түр оршин суух, ял эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 В байрны 73 тоотод хохирогч ***тай үл ялих зүйлээр буюу “айл голоод байгаа юм уу” гээд гэрээсээ гаргахгүй байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар 3 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дух, баруун дээд, доод зовхи, зүүн хацар, уруулын салст, хүзүүнд цус хуралт, баруун зовхи, 2 хацар, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгосон. Хохирогчид бэлнээр 200.000 төгрөг өгсөн гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13 В байрны 73 тоот буюу манай гэрт 08:00 цагийн үед очсон. Манайд очоод UB Hero гэсэн бичигтэй 6 том пиво уусан. Тэгээд би тасраад шалан дээр унтсан. Нэг жаахан ухаан ороход Баатархуяг миний баруун нүд рүү цохиж байсан. Миний санахаар 2-3 удаа цохисон байх, би сайн санахгүй байна, ухаан орж гараад ямартай ч Баатархуяг цохиж байсныг бол санаж байгаа” /хх-н 35/ гэж,

гэрч ***“... Хаш-Ундралынд 5-6-уулаа очсон. Тэгээд ууж байгаад би зүүрмэглээд унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь Хашаа, Баатараа /Баатархуяг/ бид 3 байсан. Хашаагийн хамарнаас нь цус гарсан, Баатараа руу заагаад энэ намайг зодчихлоо гэж хэлсэн” /хх-н 45/ гэж,

гэрч *** “... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр над руу хөрш айлаас залгаад танай байранд зодоон болоод байх шиг байна гэж хэлсэн. Би байран дээрээ очиход Хаш-Ундрал согтуу, хүнд зодуулчихсан байдалтай ганцаараа байсан. Тэгээд намайг цагдаа дуудаад өгөөч, би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн” /хх-н 46/ гэж,

гэрч ***“... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө ажлаас /хорооллын Wen S way баар/ буугаад 06:00 цагийн орчимд 7, 8-уулаа явсан. Эхлээд Бат-Эрдэнийн гэрт очиж бид нар уусан. Бид нар баарнаас таллаж үлдсэн архи, виски, бас өөрсдөө пиво авч уусан. Би архи, вискинээс уугаагүй пиво уусан. Уух юм дуусчихаад байж байхад Баатархуяг бид хоёрыг пиво аваад ир гэж хэлсэн. Тэгээд Хаш-Ундралын гэрт очоод худалдаж авсан UB херо гэдэг том пиво-г уусан. 5-6 ширхэг байсан. Тэгээд ууж сууж байгаад Сүхбат ажилтай гээд гараад явсан. Мөнхтөр, Банзрагч, Бат-Эрдэнэ 3 унтсан байсан. Бат-Эрдэнийн найз гээд бас нэг залуу байсан. Хаш-Ундрал, Баатархуяг, Мөнхөө, Бат-Эрдэнийн найз бид нар пиво ууж байсан. Тэгээд Мөнхөө, Баатархуяг бид гурав гарах гэтэл Хаш-Ундрал та нар айл голоод байгаа юм уу гээд гаргахгүй байсан. Мөнхөө бид хоёр шууд гарсан. Араас Баатархуяг гарч ирсэн. Би ууттай хувцсаа мартсанаа санаад буцаад ороход Хаш-Ундрал намайг зодчихлоо гээд уйлаад байж байсан. Хажууд нь Банзрагч байж байсан. Би тэгээд хувцсаа аваад гараад явсан” /хх-н 40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө ажлаа тараад өөрийн хамт ажилладаг найзуудын хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын орчимд очиж 2 ширхэг 2.5 литрийн савалгаатай Сэнгүр пиво Мөнхтөр, Мөнхбаатар, Сүхбат, Банзрагч, Бат-Эрдэнэ, Эрдэнэжаргал нарын хамтаар хувааж уусан. Тухайн үед Хаш-Ундрал манай гэрт очъё гээд манайх руу явъя гээд аваад явсан. Би уг нь очих дургуй байсан чинь манай гэрийг голоод байгаа юм уу, эзнийг нь голоод байгаа юм уу гээд байхаар бид нар бөөндөө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13B-73 тоотод ирсэн. Тэгээд бид нар UB-HERO нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво 5 ширхэгийг хувааж уусан. Пивоо ууж дуусгаад Мөнхбаатар, Эрдэнэжаргал бид гурав явах гээд гараад явах үедээ би гар утсаа үлдээчихсэн байсан болохоор би буцаж ороод утсаа авъя гэхэд намайг явуулахгүй гээд гэртээ ч оруулахгүй байхаар би уурлаад орж юмаа авах гээд байна гэхэд чи явж яах гээд байгаа юм гээд миний баруун гарнаас зуураад байхаар нь гараа авах үедээ Хаш-Ундралыг санаандгүй нүүр хэсэгт нь гарын ар хэсгээрээ цохьчих шиг болсон. Тухайн үед бид хоёрын хажууд Банзрагч зогсож байсан. Тэгээд би гар утсаа ч авахгүй шууд гараад явчихсан. Бат-Эрдэнэ Мөнхтөр хоёр унтаад үлдсэн байх би гарч яваад буцаж ороогүй шууд гэртээ харьсан” /хх-н 18-19/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын зүүн дээд 2-р шүдний сулрал, дух, баруун дээд доод зовхи, зүүн хацар, уруулын салст, хүзүүнд цус хуралт, баруун зовхи, хоёр хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн 1605 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26-27/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч ***ийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, эрүүл мэндийн даатгалын лавлагаа /хх-н 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 58/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 59/, нийгмийн даатгалын лавлагаа /хх-н 60/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 61/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч *** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргажээ. /хх-н 76/

 

хохирогч *** “... ***т холбогдуулан нээсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзал байхгүй” гэх хүсэлтийг мөн гаргасан байна. /хх-н 77/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***т оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** “... *** нь миний гомдол саналыг барагдуулсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 77/ гэжээ.

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ