| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00511/И |
| Дугаар | 103/ШШ2022/00031 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2022/00031
| 2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2022/00031 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Байдлагийн 8 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Боржигин овгийн Галсанжамцын Майнбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Тогос уулын 5 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Бэрсүүд овгийн Магсарын Төмөрчөдөрт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Майнбаяр,
Хариуцагч М.Төмөрчөдөр,
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Майнбаяр нь М.Төмөрчөдөрт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Нэхэмжлэгч Г.Майнбаяр миний бие 2010 онд М.Төмөрчөдөртэй танилцаж хамтран амьдрах болсон. 2011 оны 11 дүгээр сарын 06-нд охин Т.Энхзул, 2016 оны 9 дүгээр сарын 21-нд хүү М.Энх-Эрдэнэ нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд хамт амьдрах боломжгүй болж 2019 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд 2 хүүхэд маань миний асрамжид амьдарч өсөн торниж байна. Том охин 10 настай, бага хүү маань 5 настай. Би том хүүхдээ аав дээрээ оч гэж хэлдэг. Охин маань аав дээрээ очиж ирчихээд дахиж аав дээрээ очмооргүй байна гэж хэлсэн. Хүүхэд маань өөрөө аав дээрээ очихгүй гээд байна. Энэ миний сонголт биш шүү дээ. Хүү Энх-Эрдэнэ мөн жил гарангийн өмнө аав дээрээ очсон юм. Тэр үед энэ хүн архи уугаад айлаар авч яваад байсан. Хүү маань тэр үед хөхнөөсөө гараагүй байсан. Тэгээд би хүүхдээ авах гээд хойноос нь очиход Осорбатынд архи уугаад сууж байсан. Би хүүгээ өмнө нь хавар хачиганд идүүлээд эмнэлгээр явж авахуулж байсан юм. Тэрний сорвийг энэ хүн харчихаад шинэ нөхөртэйгөө нийлчихээд хүүхдийг маань зодлоо гээд байсан. Надад нөхөр байхгүй. Би охиндоо чи эмэгтэй хүүхэд учраас аавынхаа дэргэд очиж, аавыгаа асарвал яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд би явахгүй, таны дэргэд байна гээд байгаа, ийм л зүйл яриад байгаа хүүхдийг би яалтай билээ. Тийм учраас энэ хүнээс би хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хүн гол нь хүүхдүүддээ анхаарал хандуулаад, 2 хүүхдээ хайрлаад байсан бол би ийм шийдвэр гаргахгүй байсан гэв.
Хариуцагч М.Төмөрчөдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Өмнөговь аймаг руу явж ажил хийдэг, тэнд гэрээгээр ажилладаг, 12 дугаар сарын 15-16-ны үеээр яваад нийт 22 хоноод өчигдөр ирсэн. Би тухайн үед Хэнтий аймгийн Биндэр суманд явж байсан. Би энэ хүнээс чи дансны дугаараа өгөөч, би хүүхдүүддээ мөнгө төгрөг өгье гэж зөндөө хэлсэн. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Майнбаярын хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2019 оноос хойш тусдаа амьдрах болж хоёр хүүхэд маань миний асрамжинд амьдарч байгаа. Бид эргэж хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ тодорхойлсон байна.
Хариуцагч нь 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Учир нь: Нэхэмжлэгч Г.Майнбаяр, хариуцагч М.Төмөрчөдөр нар нь 2010 онд танилцаж 2019 оныг хүртэл хамт амьдарсан, 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Т.Энхзул, 2016 оны дүгээр сарын 21-ний өдөр хүү М.Энх-Эрдэнэ нар төрсөн бөгөөд охин Т.Энхзулыг эцэг М.Төмөрчөдөрөөр овоглон захиргааны журмаар эцэг тогтоож, хүү М.Энх-Эрдэнийг эх Г.Майнбаяраар овоглон гэрчилгээг олгосон байна.
Зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа түүнээс хойш охин Т.Энхзул, хүү М.Энх-Эрдэнэ нар нь ээж М.Төмөрчөдөрийн асрамжид амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн 219992389674 дугаартай лавлагаа, №1101000492 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Энх өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7,9,11-р хуудас/
Хариуцагч нь Т.Энхзул, М.Энх-Эрдэнэ нарыг өөрийн хүүхдүүд мөн эсэхэд маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг сар бүр тэтгэлэг гаргуулж охин Т.Энхзул, М.Энх-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргана гэж удаа дараа шүүгчийн туслахад тайлбарлаж байсан хэдий ч шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд ямар нэгэн санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хүүхдийн асрамжтай холбоотой асуудлыг шүүх хэлэлцэх боломжгүй бөгөөд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Майнбаярт олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Бэрсүд овгийн Төмөрчөдөрийн Энхзул, 2016 ны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Боржигин овгийн Майнбаярын Энх-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Бэрсүүд овгийн Магсарын Төмөрчөдөрөөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Төмөрчөдөрөөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Майнбаярт даалгасугай.
4. Хариуцагч М.Төмөрчөдөр нь хүүхдийн асрамжийн асуудлаа жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА