Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/207

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024            3           14                                      2024/ШЦТ/207

 

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

иргэдийн төлөөлөгч Ч.Мөнхцацрал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар сарын 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар сарын 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус шүүгдэгч ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305032762045 дугаартай, 4 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, охины хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, **** ***дугаар гудамж, *** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

**** дугаар регистртэй, *** овогт ***гийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

 

Шүүгдэгч *** нь 2021 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн гудамжны орчимд хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутга хэрэглэж, онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэрэгт,

 

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний гэдэс хэсэгт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт,

 

2023 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоот хашаанд хадам эцэг болох хохирогч ***ийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт,

 

2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 34 дүгээр гудамжны 49 тоот хашаанд хадам эцэг болох хохирогч ***ийн зүүн гарын шуу хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт,

 

2023 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, *** дугаар гудамж, 411 тоот гэртээ байсан хохирогч ***ийн эрүүл мэндэд халдаж, түүний биед баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

 

урьд “хүчиндэх” гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсон байхдаа 2023 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, *** дугаар гудамж, 411 тоот гэртээ байсан хохирогч ***ийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт,

 

“хүчиндэх” гэмт хэргийг үйлдэх явцдаа 2023 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 411 тоот гэртээ байсан хохирогч ***ийн эзэмшлийн “Самсунг А-14” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэж дээрэмдэж, түүнд 519.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ын эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдэж, түүнд 1.975.000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.494.920 төгрөгийн хохирол учруулж “дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

 

2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах нийтийн байрны 11 тоотод нэвтэрч, хохирогч ****ийн эзэмшлийн “Айфон 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт,

 

2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, **** тоотод нэвтэрч, хохирогч ****ийн эзэмшлийн “Самсунг А 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт,

 

2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06:00-07:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1791 тоотод нэвтэрч, хохирогч Т.Цэнгэлсүрэнгийн эзэмшлийн “Айфон Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 625.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт,

 

2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-88 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн Магнай” ХХК-ийн барилгад нэвтэрч, цохилттой цахилгаан дрилл 2 ширхэг, гар цахилгаанаар ажилладаг тастагч 1 ширхэг, гагнуурын аппарат 3 ширхэг, 380 хүчдэлтэй цахилгаан тог баригч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхбаярт 661.200 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт,

 

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-1894 тоотод нэвтэрч, хохирогч Б.Амартүвшиний эзэмшлийн “Айфоне 8”, “Айфоне 7” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.591.200 төгрөгийн хохирол учруулан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн уулзалт, мэдүүлгийн 08 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Зоригтсайханд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохицуулагч ажилтай Д.Ганболд, С.Сэр-Од нарыг албаны нохойгоор хөл орчимдоо хазуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж,

 

мөн тухайн өдөртөө гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Дэлгэрсайхан нь түүнийг зодож, зүүн гарын шууг нь хугалсан гэж зориуд худал мэдүүлсэн буюу “гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. Гэхдээ намайг буруутгаж байгаа хэргүүдээс алийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд манай эхнэр 2021 оны 8 дугаар сард 4 сартай жирэмсэн, эхнэрийн  8-15 насны 4 дүүтэй бид нар хамт байдаг байсан юм. Хадам аав, ээж болохоор Улаанчулуутын хогийн цэг рүү гарчихдаг, бид нар тусдаа байдаг байсан. Би шоронгоос гарч ирээд удаагүй байсан. Гэтэл 34 дүгээр гудамжны ах нар гэх хэсэг хүмүүс манай гадна Соната-6 билүү 7 билүү маркийн машин, бас цагаан өнгийн Портертой ирснээ танай гэрт ороод ганц юм ууя гэж намайг өдсөн. Манай гэр хашаагүй задгайд, уруу жалганы хажууд байдаг, эхнэр жирэмсэн байсан болохоор би үгүй гэж татгалзсан чинь гадаа орилж хашгиралдаад байсан. Намайг энэ айлд шинээр хүргэн орсон байсан болохоор яадаг арьс вэ, гараад ир гээд чулуу шидээд байхаар нь яах гээд байгаа юм бэ Батаа ахаа, Ганаа ахаа больцгоо гэж би хэлсэн. Тэгэхлээр нь би өөрийнхөө ээж, дүүг дуудсан. Гэр рүү чулуу шидээд байхаар нь зөрүүлээд машин руу нь би чулуу шидсэн чинь машинаа асаагаад доошоо чигээрээ уруудсан. Тэгээд машинаа асаагаад дээшээ доошоо уруудаад гараад ир ална гээд орилоод байсан. Манай гэрийн гадаа хадаастай палк мод байхаар нь би авч хойноос нь хөөж байгаад Ган-Эрдэнийг барьж авсан чинь өөдөөс Батаа гэх ах согтуу бөөнөөрөө дайрахаар нь унахдаа хадаастай палкаараа нуруу болон гэдсэнд нь цохисон. Эхнэр хүүхэд маань гэртээ байхад Портер машин нь гэр рүү орчих гээд байхаар нь би урд 2 дугуйг нь хагалаад блок тавьсан. Удалгүй манай ээж болон эгч ирж салгасан. Өглөө үүрээр машинаа ирж авсан байсан. 3 хоногийн дараа дүүрэг дээр дуудаад эргүүлийн ахмад цолтой цагдаа ирээд намайг авч явсан. Тухайн өдрийн асуудлын талаар асуухаар нь  манай гэрт ирээд дүү нар эхнэр байхад архи ууя гээд зодож нүдэх гээд байхаар нь эхнэр маань өөдөөс нь цохисон. Тэгээд жирэмсэн эхнэрийг маань зөрүүлээд өшиглөчих байх гэж бодоод эхнэрээ өмөөрсөн. Гэтэл харилцан зодоон байна гээд 26 дугаар хорооны Аргамжаа гэдэг дэслэгч дээр аваачиж өгөөд тэгж байгаад дуудна гээд энэ хэргийг хаасан байсан. Намайг эрэн сурвалжилж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл тавиагүй.

Батбаатар гэдэг хүнтэй уулзаад ахаа би нохой тэжээдэг юм чинь таны хоёр дугуйны оронд нь гөлөг өгье гэхэд зүгээрээ тэгж байгаад болно биз, ахын чинь буруу байсан байна лээ гээд манай гэрт ирээд хадам аав, ээжийн маань хажууд хэлж байсан. Би Гантулга руу хутга барьж дайрсан асуудал байхгүй, хадаастай мод л барьсан.

Хохирогч Отгонболдын хувьд би Баянзүрх дүүрэг рүү эхнэр, хүүхэдтэйгээ нохойгоо нийллэгт авч явах гээд орос овчарка авч явахдаа урд өдөр нь жаахан архи уусан байсан. Тэнд Дарь эхийн ах нар явж байна, ганц нэг татчих уу гэсэн чинь эхнэр маань өөрөө мэд, нөгөө хүмүүс чинь одоо ирнэ шүү гэсэн. Тэгээд ганц татаад байж байтал юун нохой вэ гээд нохой өшиглөөд мөн Ганбаа гэх хүн нь миний охин руу аягаа архиар дүүргэж байгаад цацахаар нь архины шил хагалаад гэдэс рүү нь зоосон. Нөгөө хүнийг нь бас нэг удаа шилээрээ зоосон. Тухайн үед би ямар ч хутга биедээ авч яваагүй. Цагдаа ирээд нь нохойг маань буудлагад өгчих байх, хүний нохой юм чинь гэж бодоод аваад явсан. Гэтэл эхнэрийг маань Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс рүү авч очсон байсан.

Хадам аав Ганхөлөгийн асуудлын хувьд тэрээр миний салсан эхнэрийн аав юм. Манай хадмынх архины хамааралтай, гэрээр нь янз бүрийн хүмүүс орж гардаг болохоор би охиноо өөр дээрээ авья гэж очсон. Нэг удаа гэрт нь очсон чинь охин маань бөөлжсөн, эхнэрийн аав, ээж нь согтуу, эхнэр гэртээ байхгүй байсан. Орой эхнэр гэртээ ирэхэд нь чи хайчдаг юм бэ, хүүхэд яагаад хаяж яваад байгаа юм, янз бүрийн зүйл болбол яах юм бэ гэсэн чинь хадам аав намайг чи зайл шоронгийн ялтан минь гэхээр нь би охиноо тэвэрч үнсээд ширээний шургуулгаас нь хутга аваад түүний мөрөнд нь зоосон. Түүнээс өмнө 6 дугаар сард хүүхэд аваад явчих юм яаж байгаа юм бэ гэхэд хадам аав гараад уулзъя гээд гарсан чинь хадам аав эхэлж цохихоор нь би түүнийг 1-2 удаа цохиж өшиглөж байсан.

Хохирогч Энхцэцэгтэй хэргийн талаар ярья. Баянгол дүүргийн хорооллын усан сангийн тэнд байдаг байхад хашааны хаалга нүдэхэд нэг бүдүүн ах хүүхэдтэйгээ гарч ирээд юу нь хүүхэд вэ гэхээр нь юм асуух гэсэн юм гэхэд чи хулгай хийсэн хүүхэд мөн байна ш дээ гэхээр нь би биш ээ ахаа хүн асуух гэсэн юм, манайх энд саяхан нүүж ирсэн гэсэн чинь 102 дуудчих гээд 102-ын цагдаад өгч явуулаад Баянгол дүүргийн 10 дугаар хорооны И-мартын ард байдаг хэлтсийн хорооны цагдаад намайг хүлээлгэж өгсөн. 102-ын цагдаагаас энэ яасан хүн бэ гэж асуухад нөгөө цагдаа нь үнэртүүлсэн байна. Танд хүлээлгэж өгөх гэсэн юм, танай хорооны хүн юм шиг байна гэж ярьсан. Намайг хүлээж аваад надаас яасан юм бэ гээд асууж тодруулахаар нь би Болороо гэдэг охиныг асуусан юм гэсэн чинь Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэс рүү явна гээд хорооны байцаагч авч яваад эрүүгийн мөрдөгч нарын өрөө рүү ороход Молор гэдэг дэслэгчид хүлээлгэж өгсөн. Тэр Молор гэдэг байцаагч нь намайг байж бай чиний хэлний зураг болон биеийн чинь зургийг авъя гэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь регистрийн дугаараа хэл гэхээр нь регистрийн дугаараа хэлсэн. Тэнд байж байхад гарааш руу оруулаад 4-5 хүн нийлж намайг зодсон. Гараашаас нь буцаж орж ирээд байж байсан чинь наад цонхоо арчаадах гэхээр нь цонх арчих гэж байгаад би 3 давхраас унасан. Намайг 29-ний өдөр Гэмтлийн эмнэлэг дээр аваачиж өгөөд 30-ны өдөр гаргасан. Тэр хугацаанд манай ээж намайг сахиж байсан. Тэнд чи хүн хүчиндэж дээрэмдсэн юм уу гэж надаас асууж байсан. Би тийм хүн биш би хөмсөг дээрээ 8 одтой содон шивээтэй, та нар 10 хурууны хээ авах болон таниулах ажиллагаа хийж, миний хувцас эд нарыг шинжлээд үз би өмнө нь алдаж байсан хүн гэж хэлсэн чинь наадах чинь магадгүй юм шиг байна дахиад жаахан шалгаадах гээд өглөөнөөс хойш өдөр болтол суулгаад байсан. Тэгээд тэр үед цонх арчиж байгаад унаад ухаангүй байдалтай намайг эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би ходоодны шархлаа өвчтэй учир миний хэл угаасаа ийм өнгөтэй, түүнээс биш миний хэлийг Энхцэцэг гэх хүн хазаагүй.

Хохирогч Энхболд гэх хүний хэргийн талаар би огт мэдэхгүй. Манай бэрийн дугаар руу ярьсан гэсэн байсан. Би бэртэйгээ яриагүй. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хохирогч Мөнх-Эрдэнийн хэргийн тухайд би Дарь-Эхийн хоёр ахтай муудалцаж баригдаад Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд орсны дараа энэ хэргийн талаар 27 дугаар хорооны эрүүгийн төлөөлөгч Хүслэн гэх бүдүүн дэслэгч чи мөн үү гэхээр нь та харьцуулаад хараач гэсэн чинь энэ арай биш юм шиг байна гэж хэлсэн. Би миний гар шивээстэй содон тэмдэгтэй, та хувцас эд зүйлсийг маань харьцуулаад тулгаад үз гэхэд манай ээжид бичлэг харуулаад энэ биш байна гэж хэлээд намайг батлан даалтад өгөөд, тэгж байгаад дуудна гээд явуулсан. Өчигдөр өмгөөлөгч ирээд танилцуулахад нь наад хэргийн чинь талаар надаас болон манай эхнэр, ээжээс асууж байсан гэж хэлсэн. Манай эгч болон надад камерын бичлэгийг харуулаад чи мөн үү, энэ хүнийг таних уу гэж байсан. Энэ хавьд ямар хүмүүс мөнгөтэй явж байна гэж мөн надаас асууж байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүн нь манай аавтай нийлж архи уудаг хүн байна лээ. Тиймээс энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хохирогч Мөнхбаярын үйлдлийн хувьд урд өдөр нь манай ээж, охин хоёр дүүгийн гэрт хоносон байсан. Зайсан 2-ын тэнд байдаг ахаас ахаа би оройтчихлоо манайх 1 дүгээр хороололд байдаг гэсэн чинь хоночих гэхээр нь тэнд хоноод өглөө 11 цагийн үед гэрээс нь гарч яваад дүүгийндээ очиход гагнуурын аппарат эд нар байсан. Тухайн өвөөгийн гэрээс гараад явж байхдаа Бааска гэдэг найзтайгаа таарсан. Өмнө нь хамт хорих ангид ял эдэлж байсан. Тэр хоёр утас аваад явж байсан. Тааруу хувцастай явж байхаар нь юу байна гэсэн чинь тайван тайван гэсэн. Юу хийж байна гээд надаас асуухаар нь ээж болон хүүхэд дээрээ очих гээд явж байна гэхэд энэ утсыг ломбардад тавиад өгөөч гэж хэлсэн. 32-ын буудал дээр таараад дүүгийнхээ гэр рүү ороод ойрхон ломбард байна уу, энийг ломбардад тавимаар байна гэсэн чинь онгорхой ломбард байгаа юм бол уу, хамт явах уу гэхээр нь гадаа манай найз байгаа, яахын гээд найзтайгаа тэндээс гараад ломбард орсон. Гагнуурын аппаратыг авсан бол камерын бичлэг байгаа. Хэрвээ би тэдгээр зүйлийг авсан бол бүх зүйл нь байх байсан. Цагдаа чи дүүгийндээ авчирч тавьсан гэж таксины жолооч хэлсэн гэж байсан. Гэтэл таксины жолооч өдөр нь 2 цаг өнгөрч байхад цагдаа нартай орж ирээд цагдаа аль нь вэ гэсэн чинь манай дүүгийн найзыг заахад дүүгийн найз нь зугтсан. Бид хоёрын аль нь бэ гээд жолоочоос асуусан чинь аль нь билээ гэсэн чинь манай дүү над руу заахаар нь юу яриад байгаа юм бэ гэхэд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан.

Намайг анх замын цагдаа нар барьж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэж өгөхөд тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн цагдаа руу өгч эрүүлжүүлэх байранд нь хонуулсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Дэлгэрсайхан гэх цагдаа хоёр энгийн хувцастай цагдаагийн хамт гарааш дотор намайг нохойгоор хазуулсан. Мөн хар зузаан зүйлээр миний гар руу цохиж, миний гарыг хугалсан. Гэтэл үүнийг Чингэлтэй дүүргийн замын цагдаа гэж хэрэг дотор бичсэн байна лээ. Би Чингэлтэй дүүрэг гэж хэлээгүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хүлээж авсан л гэж мэдүүлсэн. Дэлгэрсайхан гэдэг цагдаа намайг нохойгоор уруулж, миний шууг хугалсан. Намайг 461 дүгээр ангид камерын бичлэгтэй хүлээж аваагүй. Жижүүр эмч нь хугарсан гартай хүнийг аваад хэрэг байна уу даа гэж хэлж байсан. Манай хадам аав, хадмын талынхан надтай өстэй болохоор намайг гүтгэж байна.

Би хийгээгүй хэргүүдийнхээ төлөө ингэж ял авна гэхэд гомдолтой байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, “урьд хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсны дараа хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан”, “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, “Дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж ялласан байна.

 

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргүүдтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад:

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь:

Нэг: хохирогч **** “... *** гартаа хутга барьчихсан, Баттөмөрийн эзэмшлийн Портер маркийн машины урд хоёр дугуйг хагалсан. Тэгээд бид хоёр машинаасаа буусан бөгөөд Баттөмөр нь тэнд байсан үл таних эмэгтэйтэй маргалдаж байхад нь би Баттөмөрийн төрсөн эгч Сарантуяаг дуудсан. Сарантуяа эгч нь дүүгээ аваад гэр рүүгээ орсон. Намайг *** хөөсөн ба миний бие бага зэргийн архи уусан байсан учир түүнд баригдсан. Гэтэл *** миний дээр гарч суучихаад хутгаар миний биед хэд хэдэн удаагийн гэмтэл учруулсан. Тэнд байсан нэг эгч салгаад, одоо болно гээд явуулсан. Нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй. Миний биед үүссэн гэмтэл эдгэрсэн. Миний гар утасны дэлгэц эвдэрч 150.000 төгрөгийн хохирол учирсан” /1-р хх-н 163-164/ гэсэн мэдүүлэг,

гэрч *** “... тухайн өдөр ***, түүний эгч нартай маргалдаад хэрэлдэж байтал тэрээр Гантулгыг түлхэж унагаад, түүний дээр гараад суучихсан. Тэгээд хутгаар зүсэж байсан. Би дайраад байхаар нь эгчийнхээ гэр рүү орсон” /1-р хх-н 167-168/ гэсэн мэдүүлэг,

гэрч **** “... би гэртээ байж байтал миний төрсөн дүү Баттөмөр гэрийн хаалга нүдээд, би хаалгаа тайлтал доод айлын Отгоо гэх залуу хутга бариад манай дүүгийн араас ирсэн. Би дүүгээ гэртээ оруулчихаад цагдаад дуудлага өгсөн” /1-р хх-н 173-174/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Ц**** гэмтэлтэй холбоотой “... Ц.Гантулгын биед зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр, зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7329 дугаартай дүгнэлт /1-р хх-н 180-181/,

 

Хоёр: хохирогч **** “... 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэрийг нь сайн мэдэхгүй, “Шоовой” гэх хочтой залуу хүүхэдтэй эмэгтэйтэй цуг, бас нэг нохой дагуулсан ирээд 1 шил архи хувааж уусан. “Шоовой” миний хажууд сууж байгаад “дахиад нэг хийгээд өгчих, шартаад байна” гэхлээр нь архи хийж өгөөд сууж байтал гэнэт миний гэдэсний ойролцоо халуун оргихоор нь гайхаад харсан чинь цус гарч байсан. Тэгээд би “яаж байна аа” гээд зүүн гараа өргөсөн чинь “Шоовой” дахиад миний зүүн гар руу нэг нарийн үзүүртэй зүйлээр хатгачихаад гараад зугтаагаад явсан” /3-р хх-н 65/ гэсэн мэдүүлэг,

гэрч *** “... тэгээд нэг харсан чинь манай нөхөр *** нэг эрэгтэйтэй муудалцаад, бие биетэйгээ барьцалдаад зогсож байсан. Манай нөхөр орос овчарка нохойтой явж байсан болохоор нохойг буудчих байх гэж бодоод цагдаа хараад зугтаачихсан. Намайг алаг тэрэгтэй цагдаа нар барьж аваад цагдаагийн хэлтэс дээр аваад ирлээ. Миний цүнхэнд хар өнгийн жижиг хутга байсан. Манай нөхөр миний хутгыг алив аваад ир гээд авсан” /3-р хх-н 67/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч ***ын гэмтэлтэй холбоотой “... ***ын биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6853 дугаартай дүгнэлт /3-р хх-н 70-71/,

 

Гурав: хохирогч ***ийн “... миний дунд охин Халиун нь нөхөр ***ыгаа зодсон гээд 01 нас 05 сартай охин Учралыг дагуулаад манайд ирээд 10 гаруй хонож байсан юм. 2023 оны 6 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед би хүүхдүүдийнхээ хамт хоолоо идчихээд хөзөр тоглоод, гэртээ байж байтал манай охин Халиуны хадам ээж Лянхуа залгаад танайх руу очиж байна гэж хэлсэн. Ирэхдээ ***ын хамт ирсэн. Тэр үед *** нь согтуу байсан. Ирснээ охин Учралыгаа авч явна гээд Учралын хөлөөс татаад Халиуныг хоёулаа охиноо хуваагаад авчихъя гээд байхаар нь би болиулсан. *** нь “аав аа, хоёулаа гадаа гарч юм ярья” гэхээр нь би дагуулаад гадаа гартал намайг шууд хавсарч унагаад нүүр болон цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд, хашаанаас гараад зугтаагаад явсан. Би ***ыг зодож цохисон зүйл байхгүй” /2-р хх-н 50/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч ***ийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7858 дугаартай дүгнэлт /2-р хх-н 53-54/,

 

Дөрөв: хохирогч ***ийн “... өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ зурагт үзээд байж байтал манай охин Халиуны салсан нөхөр болох *** манайд ирсэн. *** нь өөрийн охин Учралтай уулзах гэж манайд хааяа ирдэг. Тэгээд өнөөдөр ирээд Халиун руу чи намайг хуурсан, би чамд гомдож явдаг, чамаас хөөрхөн охинтой үерхэж байгаа гэх зэрэг сонин сонин юм яриад байхаар нь би за чи одоо гар, чамайг харахаас дургүй хүрч байна гэж хэлээд үүдний амбаар руу гаргах үед миний гар руу нэг юмаар цохих шиг болоод халуун оргиод эхлэхээр нь гар руугаа хартал цус гоожиж байсан. Тэгээд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Би гэр рүүгээ буцаж ороод гурилын элдүүр мод аваад *** руу ойртоод очиход миний өөдөөс хутга далайгаад байсан ба манай эхнэр амбаарын цаанаас тойроод гараад ирэх үед *** зугтаад яваад өгсөн” /2-р хх-н 86-87/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч ***ийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12290 дугаартай дүгнэлт /2-р хх-н 89-90/,

Тав: хохирогч Төмөрхуягийн Энхцэцэгийн “... би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-411 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд манайх газарт орсон тул би ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Өнөөдөр өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. ... Ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гарт байсан А 14 S загварын утсыг аваад зугтаагаад явсан. Манайхаас гараад зүүн талд байх төв зам руу нийлдэг засмал зам руу гүйгээд явсан.

Тэгээд би утасгүй байсан тул дуудлага өгч чадалгүй явсаар байгаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авхуулж боолт хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч миний баруун мөрийг мултарсан байна гэж хэлсэн” /1-р хх-н 15-16/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч ***ийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11014 дугаартай дүгнэлт /1-р хх-н 45-46/ гэсэн нотлох баримтуудаар,

 

Хүчиндэх” гэмт хэрэг нь:

хохирогч **** “... би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-411 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд манайх газарт орсон тул би ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Өнөөдөр өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. Тэр эрэгтэй надад би шоронгоос гарч ирээд удаагүй байгаа, таныг хүчиндэнэ, надад айх юм байхгүй гэж хэлсэн. 20 гаруй минут ноцолдохдоо миний хувцсыг урж, тастсан. ... Хүйтэн царайтай залуу байсан. Би тухайн эрэгтэйг харвал танина” /1-н хх-н 15-16/ гэсэн мэдүүлэг,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-н 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4-5/, гэр зургийн үзүүлэлт /1-р хх-н 6-11/, хохирогч ***ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-н 71-72, 73/, сэжигтэн ***ын хэлийг хазсан гэх гэрэл зураг /1-р хх-н 74/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 75, 76, 77 үүнд: “... холбогдогчийн биед үзлэг хийж хэл хэсгийг харахад хазсан ором бүхий хөхрөлттэй, бэлэг эрхтэнд цагираг бүхий тоног байсныг тэмдэглэл болгон бичив” гэсэн нотлох баримтуудаар,

 

Дээрэмдэх” гэмт хэрэг нь:

Нэг: хохирогч ****ийн “... би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-411 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд манайх газарт орсон тул би ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Өнөөдөр өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. Тэр эрэгтэй надад би шоронгоос гарч ирээд удаагүй байгаа, таныг хүчиндэнэ, надад айх юм байхгүй гэж хэлсэн. 20 гаруй минут ноцолдохдоо миний хувцсыг урж, тастсан.

Ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гарт байсан А 14 S загварын утсыг аваад зугтаагаад явсан. Манайхаас гараад зүүн талд байх төв зам руу нийлдэг засмал зам руу гүйгээд явсан. Тэгээд утасгүй байсан тул дуудлага өгч чадалгүй явсаар байгаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авхуулж боолт хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч миний баруун мөрийг мултарсан байна гэж хэлсэн.

Миний гар утас “Samsung Galaxy A 14 S” загварын номин ногоон өнгийн, гадуураа өнгөгүй тунгалаг кейстэй утас байсан. 2023 оны 5 дугаар сард Мобиком-оос лизингээр авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураасгүй гар утас байсан. Би гар утсаа 840.000 төгрөгөөр лизингдэж авсан. Хайрцаг сав нь байгаа, Гэхдээ одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” /1-р хх-н 15-16/ гэсэн мэдүүлэг,

 

“Самсунг А-14” загварын гар утсанд үнэлгээ хийсэн “Damno” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх-н 38-39/ гэсэн нотлох баримтуудаар,

 

Хоёр: хохирогч **** “... 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20:00 цагийн үед Дэнжийн 1000-с уруудаад явж байтал 20-25 орчим насны, 165 см орчим өндөртэй, туранхайвтар, сульдаа маягийн удаан ярьдаг, боровтор царайтай, халимаг үстэй, цагаан цайвар хавар намрын нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй залуу ганцаараа гараа өргөхөөр нь би зогсоод хаашаа явах юм бэ гэсэн чинь “Их наран” явна гээд явсан. Их наранд уулын орой дээр шахуу, задгай, үүдэндээ ногоон дээвэртэй амбаартай, монгол гэртэй нэг айлд очоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд дотогш ороод 5-10 минут болоод авгайтайгаа хэрэлдчихлээ гэж хэлээд их уурласан гарч ирсэн. Эхнэрийгээ өмнөх өдөр нь ой, найман сартай хүүхдээ орхиод архи уусан байна гэж ярьж байсан. Тэгээд буцаад ирсэн замаараа яваад Дэнжийн 1000 ороод Дарь-Эхийн дунд буудал орно гээд автобусны буудлын хойгуур, уул тал руугаа эргээд хэд хэдэн гудамж руу ороод энэ биш байна гээд 2-3 гурван гудамж руу орсон. Нэг айлын гадаа очоод “би орж чадахгүй байна, та надад данс аа үлдээчих, би маргааш шилжүүлчихье" гэхээр нь “би чамд итгэхгүй байна, тэр айл руу чинь хамт оръё” гэсэн чинь “манай эгч жаахан ууртай хүн байдаг юм, цуг орж болохгүй” гэж хэлсэн. Яг хаашаа орох гэж байсныг нь би мэдэхгүй байна. Манай энэ эгч л мөнгө шилжүүлэх ёстой гээд та залгаад бай гээд надаар юнителийн 88-тай дугаар руу нилээд олон удаа залгуулсан боловч утсаа аваагүй. Эхлээд би гартаа утсаа барьж байгаад залгаж өгч байгаад сүүлдээ тэр залуу миний утсыг барьж байгаад нөгөө хүн рүүгээ залгасан. Тэгээд хоёулаа машин руу явъя гэхээр нь би түрүүлээд машиныхаа зүг эргээд доош уруудах гээд машины дугуйгаар хийсэн шатны уруу алхаж байтал намайг хойноос түлхээд шууд хутга гаргаад ирсэн. Хаанаасаа гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Хутга нь тонгорог биш нэлээн урт, гал тогооны хутга шиг байсан. Тэгэхээр нь би газраас том чулуу шүүрч аваад “чи утас өгөөдөх яаж байна” гэхэд “чи зайл” гэж хэлчихээд цаашаа хараад явахаар нь би хойноос нь дагаад утас аа авъя гэсэн чинь ална шүү гээд хутгаараа хэд хэдэн удаа далайгаад савчаад байсан. Мөн газраас том чулуу аваад над руу шидсэн. Гэхдээ намайг оноогүй. Тэгээд тэр гудамжаар жаахан өгсөж байгаад буцаж гүйгээд дээшээ уул тал руугаа явчихаар нь би нэлээн харанхуй гудамж байсан учраас хойноос дагалгүйгээр үлдээд ойролцоо байсан айлын хаалгыг цохиод цагдаа дуудуулсан” /2-р хх-н 191/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр *** тухайн дугаараас залгаад хүний утсаар ярьж байна, би Дарь-Эхэд байна, манай ээж танайд байгаа юу?, би одоо өөрийнхөө охиныг авах гэж байна гэх мэтчилэн байн байн залгаад байсан. Тэгэхээр нь би 2-3 удаа яриад гар утсаа унтраасан. ... тийм ээ, *** биедээ байнга хутга авч явдаг. Гэхдээ манайд бол хутгатай ирдэггүй байсан” /2-р хх-н 200-202/ гэсэн мэдүүлэг,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 184, 185/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 186/, гэр зургийн үзүүлэлт /2-р хх-н 187-188/, хохирогч С.Энхболдоос гаргаж өгсөн гар утсаар холбогдож ярьсан ярианы билл /2-р хх-н 194-195/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хх-н 203, 204/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургууд /2-р хх-н205/, “Damno” ХХК-иас хийсэн хөрөнгийн үнэлгээ “... Айфон 12 про макс загварын гар утсыг 1.975.000 төгрөгөөр үнэлнэ” /2-р хх-н 207-208/ гэсэн нотлох баримтуудаар,

 

Хулгайлах” гэмт хэрэг нь:

Нэг: хохирогч ***ын “... 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-88 тоотод баригдаж байгаа барилгын гражаас 3 ширхэг гагнуурын аппарат, 1 том тастагч, 380 вольтын шит, 2 ширхэг цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдсан. Тухайн эд зүйлсээс 3 гагнуурын аппаратыг 5.000.000 төгрөгөөр, 380 вольтын шитийг 350.000 төгрөгөөр, 2 цохилттой дриллыг нэгийг нь 170.000 төгрөгөөр, тастагчийг 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн эд зүйлсийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна” /2-р хх-н 143-144/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би гэрээс гараад өчигдөр шөнө манай барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг харах зорилготойгоор 07:00 цаг өнгөрч байхад гарч харахад манай багаж хадгалдаг граж хагас онгорхой байхаар нь орж үзэхэд өчигдөр шөнө байсан 4 ширхэг гагнуурын аппарат, дрилл, тастагч зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь би цагдаа дуудсан” /2-р хх-н 146-147/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан байх аа, манай эхнэрийн дүү болох Бямбаахүүгийн *** нь тухайн орой 23 цагийн орчимд гэрт ирээд би жаахан архи уусан байна, дүү нь ажил хийж байгаа, жаахан амарч байгаа юм, би танд нэг зүйл хэлэх гэсэн юм, хэдэн сар ажилласан цалингаа огт авч чадахгүй байна. Тэгэхээр нь оронд нь өөрийн хэрэглэж байсан багаж, төхөөрөмжөөс нь барьцаанд аваад хүрээд ирлээ. Танд түр хадгалуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ оруулах гэж байснаа сэжиг төрөөд өөрийн Приус-30 маркийн машины ард хийсэн. *** нь надад 3 ширхэг гагнуурын аппарат болон цахилгааны пускатель, нэг гар тастагчийн хамтаар өгсөн. Одоо тэр эд зүйлс нь миний машинд байгаа” /2-р хх-н 150/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ын “... тэгээд би гэртээ хэсэг байж байгаад 05:00 цагийн орчимд уруудаад явж байтал 32-н тойргийн хажуу талын Акума гэх газрын хажууд нэг үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь зам дагуу гэж бодоод суулгаад хөдөлсөн. Тэр залуу бага зэрэг архи үнэртүүлсэн байсан. Тэгээд намайг хаашаа явах вэ гэж асуухад Дэнжийн 1000 орно, хоёулаа эхлээд манай ажлаас миний багажийг авна гэж надад хэлсэн. Тэгээд би түүний заасан газар буюу 57 дугаар сургуулийн хажуу гудамжаар ороод баригдаж байгаа барилгын хажууд ирээд зогссон. Тэгтэл тэр залуу энэ манай ажил гээд 2 давхар барилгын доор байх гражнаас нь 4 ширхэг гагнуурын аппарат, нэг ширхэг гар тастагч зэргийг аваад миний барьж байсан машины арын суудал дээр тавиад, тэгээд тэр бид хоёр цаашаа хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Дэнжийн 1000-н Хүчит шонхор захын замын урд байдаг 2 ширхэг тоосгон барилгатай гудамжны үзүүрт байх нэг айлд хүргэж өгсөн. Тэгээд би төлбөрөө бэлнээр 4000 төгрөг авсан. Тэгээд би тэндээс яваад машины эзэнд нь машиныг нь өгсөн. Би тухайн залууг анх удаа харсан. Гэхдээ одоо зургийг нь харвал танина. Содон шинж тэмдгийг нь санаж байна. Тэр залуу нүүрнийхээ зүүн талын хөмсөгний дээд талд нэг шивээстэй байсан” /2-р хх-н 152-153/ гэсэн мэдүүлэг,

 

“Damno” хөрөнгийн үнэлгээний тайлан “... алдагдсан эд зүйлсийг нийт 661.200 төгрөгөөр үнэлнэ” /2-р хх-н 159-160/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр: хохирогч ***гийн “... 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дарь-Эхийн 3-1894 тоот гэртээ байсан. Өглөө 07 цагт би утсан дээрээ сэрүүлэг тавьсан байсан ба сэрүүлгээ 07 цагт сэрж унтраачихаад буцаад унтсан. 07 цаг 15 минутын үед би сэрээд гэрлээ асаатал манай гэрийн хаалга онгорхой, миний Айфон 8, хүүхдийн айфон 7 загварын гар утаснууд алдагдсан байсан. Би босоод гар утасны байршлыг хайтал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны байрны орчим зааж байсан ба тухайн газарт 2 цагдаагийн алба хаагчтай очсон. Тэгтэл эзэнгүй байшинд, гэр оронгүй архины хамааралтай хүмүүс амьдардаг байсан ба үл таних 2 эрэгтэй хүн байсан. Тэгээд гар утсаа хайсан боловч олдоогүй. Ойролцоогоор 30 орчим минутын дараа гар утасныхаа байршлыг хайтал миний гар утас Дэнжийн 1000 орчим зааж байсан ба тухайн газарт нь би очиход 3 жаахан хүүхэд, “Шоовой” гэх залуу болон насанд хүрсэн 3 хүн байсан. Тэгээд би ярилцахад “Шоовой” нь би гар утас яахаараа авдаг юм гэх мэт зүйл яриад байсан ба “Шоовой” нь чи наашаа хүрээд ир гээд өөр байшин руу дагуулаад орох гээд байсан. Тэгтэл Шоовойгийн дүү нь гэх хүн над дээр ирээд ах аа, таны гар утсыг ломбардад тавьсан байх, өглөө Шоовой нь Дарь-Эхээс ирлээ гэж хэлээд архи аваад хүрээд ирсэн.

Тэгээд намайг дагуулаад Дэнжийн 1000-д байх дэлгүүр рүү дагуулаад орсон. Дэлгүүрийн худалдагчид 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Дэлгүүрийн худалдагч нь “Шоовой” орж ирээд надаас ломбард асуухаар нь зааж өгөөд гаргасан гэж хэлсэн ба би цагдаагийн байгууллагад хандлаа гэж хэлтэл дэлгүүрийн худалдагч нь “заа байж бай хөгшөөн, чиний гар утаснууд байгаа” гэж хэлээд миний хоёр гар утсыг надад гаргаж өгсөн” /2-хх-230/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай гэр болох Чингэлтэй дүүрэг, Нуурын 381 А тоотод 00:00 цагийн орчим манай нөхрийн төрсөн ах *** орж ирсэн. Тэгээд удалгүй *** гарч яваад өглөө 08:00 цагийн орчим гэрт орж ирсэн санаж байна. Орж ирэхдээ Айфон 7, 8 маркийн 2 ширхэг гар утастай орж ирсэн. Орж ирэхдээ энэ гар утсыг Дарь-Эхээс ганцаараа айл руу ороод хулгайлсан гэж хэлэхээр нь би уурлаад хулгайн юм гэрт оруулж ирлээ, чи манай гэрээс зайл гээд ***ыг хөөгөөд гаргасан. Удалгүй *** нь архи ундаа, хоол, хүнсний эд зүйл аваад ороод ирсэн. *** тухайн хулгайлсан гар утсаа ломбардад тавьсан гээд авчирсан архиа уух гэж байтал тухайн гар утасны эзэн бололтой нэг залуу орж ирээд хэрүүл маргаан болсон. Би тухайн хүмүүсийг гэрээсээ хөөгөөд гаргасан” /2-р хх-н 233-234/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн үед баруун талын хөмсөг дээрээ олон оёдол шивүүлсэн, нэг туранхай залуу орж ирээд айфон 7, 8 маркийн гар утсыг барьцаанд тавих гэсэн юм, надад яаралтай мөнгөний хэрэг гарсан, тухайн гар утаснууд манай эхнэрийн гар утас байгаа юм гэсэн. Тэгээд би тухайн залуугаас хэдэн төгрөгөөр тавих гэсэн юм гэж асуутал 150.000 төгрөг хэрэгтэй байна, хоёр хоногийн дараа 170.000 төгрөг болгоод өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр утсыг нь аваад 150.000 төгрөг өгөөд гаргасан. Удалгүй тухайн утасны эзэн миний гар утсыг өнөөдөр хулгайлсан, гар утсаа авна гэхээр нь тухайн хоёр утсыг гаргаж өгсөн. Тэгээд би тухайн хохирогч гэх залуугаар гэрийг нь заалгаад ороход ээж нь бололтой настай эмэгтэй надад 150.000 төгрөг өгсөн. Над дээр утсаа тавьсан залууг *** гэдэг гэсэн. Би тухайн хүнийг харвал танина, содон шивээстэй залуу байсан” /2-р хх-н 237-239/ гэсэн мэдүүлэг,

 

“Damno” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ “... нийт 550.000 төгрөгөөр үнэлнэ” /2-р хх-н 241-243/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 246-248/,

 

Гурав: хохирогч ****гийн “... 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34-1791 тоот хашаанд байх байшиндаа унтаж байгаад сэрсэн чинь ээж гаднаас орж ирээд хашаанаас хүн гараад явж байна, юм хулгайлсан байж магадгүй, эд зүйлээ шалга гэж хэлсэн. Тэгээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тухайн эрэгтэй хүн гудамж руу ороод алга болсон. Цагаан фудволктой, хар цамцаа бэлхүүсээрээ ороосон байсан. Тэгээд манай дээд талын хашаанд байдаг эгч манайх руу орсон *** гэх хүн манай хашаанд орж ирээд хулгай хийх гэж байхаар нь би хөөгөөд гаргасан гэж хэлэхээр нь би ямар хувцастай хүн байсан бэ гэж асуутал цагаан фудволктой, хар өнгийн өмдтэй хүн байсан гэж яриад байсан” /3-р хх-н 17, 23-24/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ы “... 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 05:00 цагийн үед өөрийн нөхөр болох Түвшинбаярыг автобус бааз дээр ажилд нь хүргэж өгсөн. Тэгээд 06 цагийн орчим хашаа руугаа орох гээд машинтайгаа явж байтал үл таних 1 эрэгтэй хүн гэрээс гарч ирсэн. Тэгээд би айгаад манай гэрт хэн ороод ирэв гээд гэртээ ортол манай охин Цэнгэлсүрэн хүүхэдтэйгээ орон дээр унтаж байсан. Тэгээд би сэрээгээд гэрээс хүн гарч зугтаалаа, гэрээс эд зүйл алдагдсан байна уу гэж охиноосоо асуутал охин Цэнгэлсүрэн миний Айфоне Икс Эс маркийн гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би болон охинтойгоо араас нь машинтайгаа хөөтөл гудамж тойроод алга болсон байсан. Манай гэрийн хажууд байдаг дэлгүүрт ороод болсон асуудлаа хэлээд камер шүүх гэтэл манай камер болохгүй байгаа, өглөө *** гэх хүн манай дэлгүүрийн хажууд байрлах айлд ороод гэрийн эзэнд нь хөөгдөөд гарсан. Туранхай, цагаан фудволктой, бэлхүүсээрээ хар өнгийн цамц ороосон, хар өнгийн өмдтэй залуу байсан. Нүүрэндээ буюу хөмсөг дээрээ шивээстэй, хүзүүгээрээ шивээстэй хүн байсан, би харвал танина гэж хэлсэн” /3-р хх-н 27-28/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ын “... Цэнгэлсүрэн нь 08 цагт орж ирээд гэрээсээ гар утсаа алдсан, камер шүүгээд өгөөч гэсэн. Тэгээд би шүүх гэтэл камер шүүдэг хүмүүс байгаагүй. Тэгээд гарсан. Удалгүй манай гудамжны Төгсөө гэх эмэгтэй юм авахаар орж ирээд Төгсөө нь сая манай гэрт *** орж ирээд юм хулгай хийх гэж байгаа юм шиг байхаар нь хөөгөөд гаргасан гэж ярьсан. Тэгээд Төгсөөгөөс танай гэрт Отгонбаяр хэдэн цагт орсон бэ гэж асуутал үүрээр 06-07 орчим гэсэн. Тэгэхээр нь би Цэнгэлсүрэнгийн утсыг *** авсан байна гэж бодоод Цэнгэлсүрэнд хэлсэн. Цэнгэлсүрэн Төгсөөгөөс ямар хувцастай байсан талаар асуутал тэр хоёр яг таарч байсан” /3-р хх-н 30-31/ гэсэн мэдүүлэг,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-38-40/,

“Damno” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ “... Айфон Икс Эс загварын гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлнэ” /3-р хх-н 33-35/ гэсэн нотлох баримтуудаар,

 

Дөрөв: хохирогч ***ий “... би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 07:50 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 45 дугаар гудамж, 2225 тоот хашааны нийтийн байрны 11 тоот гэртээ байхдаа сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд байрны хяналтын камерыг шүүгээд үзсэн чинь 06:50 минутын үед 25 орчим насны, эрэгтэй хүн манай өрөөний хаалгыг онгойлгоод ороод гарч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна” /3-р хх-н 91/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 45 дугаар гудамж, 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол *** мөн байна. Учир нь, түүний өмсөж байгаа хувцас, алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой, хар өнгийн өмдтэй явж байсан юм” /3-р хх-н 99-101/ гэсэн мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 94-96/, “Damno” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ “... Айфон 11 про макс загварын гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлнэ” /3-р хх-н 105-107/ гэсэн нотлох баримтуудаар,

 

Тав: хохирогч *** “... би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06:31 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 40-2024 тоот хашаанд байх монгол гэртээ унтаж байгаад сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хажуу айлын манай хашаа руу харсан хяналтын камерыг шүүж үзтэл 06:31 минутын үед эрэгтэй хүн манай хашаа руу орж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна” /3-р хх-н 127/ гэсэн мэдүүлэг,

гэрч *** “... би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 45 дугаар гудамж, 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол *** мөн байна. Учир нь, түүний өмсөж байгаа хувцас алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой, хар өнгийн өмдтэй явж байсан юм” /3-р хх-н 158-160/ гэсэн мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 130-131/,

“Damno” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ “... Самсунг А 52 загварын гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн нотлох баримтуудаар,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэх” гэмт хэрэг нь:

Нэг: хохирогч *** “... 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Далан давхрын зам дээр албан үүргээ зохицуулагч-офицер Ганболдын хамт хяналт шалгалтын ажилтай байсан. Бид хоёр дээр танихгүй эрэгтэй хүн ирээд нэг машины зураг үзүүлэхээр нь яасан, юу болсон талаар асуухад тэр эрэгтэй эд зүйлээ гадаа гражийн үүдэн дээр ил тавьсан байсныг энэ машинтай хүн ирээд ачаад хулгай хийгээд явсан байна. Энэ машиныг олоод өгөх боломж байна уу гэж асуусан. Ганболд бид хоёр юмаа алдсан гэх хэргийн газрын хяналтын камерыг шүүж шалгахад эд зүйл аваад явж байгаа машины улсын дугаарыг олж аваад шүүж үзэхэд “Ауква” маркийн автомашин гарч ирсэн. Бид нар уг машины жолоочийг олж тогтоогоод гэрт нь очиход тэр машины жолооч миний машинаар танихгүй эрэгтэй хүн урьд шөнө ачаа ачиж гэртээ буулгуулсан гэж мэдүүлсэн.

Тэгээд тухайн жолоочоор ачаа буулгасан газрыг заалгасан. Тэр ах би тэр залууг харах юм бол танина, нүүрэн дээрээ шивээстэй залуу байсан гэж хэлсэн. Тэгээд 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 381 А тоот хашаа руу ороход тэр хашаанд маш олон нохойтой айл байсан. Бид хоёр ороход ээж гэх эмэгтэй нь хараад хашааныхаа хаалгыг хаасан ба бас хоёр залуу байсан. Тэр хоёр залуу цагдаа хараад хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж /***ыг/ авсан. Ганболд харин дүүг нь барьж авсан. Гэтэл *** нь гүйж очоод хашаандаа уяатай байсан хар өнгийн, пит үйлдэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойндоо хөлөө уруулсан. Тэр нохой нь ***ын зүүн хөлийг хазсан.

Тэгээд ***ыг авч явах гэтэл таталт өгч унасан ба тэр нь жүжиглэж байсан. Тэгэхээр нь бид хоёр ***т хулгай хийсэн юмаа хаана хийсэн бэ, гаргаад өгөх юм бол зүгээр явуулъя гэхэд *** зүгээр босоод ирсэн. Тэгээд хулгай хийсэн юмаа хаана байгааг зааж өгье гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд ***ыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст хүргэж өгсөн.

Бид нар албан үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед ***ын биеийн байдал зүгээр байсан, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан. Бид нар гэрт нь очиход нохойгоо сул тавих гэж *** нь оролдсон. Тэгээд түүнийг бариад авахаар худал таталт өгч унасан. Би ***ыг албаны нохойгоор уруулсан зүйл байхгүй. Би ямар ч нохойгүй явж байсан. Би гомдолтой байна. *** намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна” /4-р хх-н 33-35/ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: хохирогч ***ын “... би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 381 А тоот хашаан дээр ирэхэд энэ айлд буулгасан гэж зааж өгсөн. Тэгээд Сэр-Од цагдаагийн хамт ороход хашаанд маш олон нохой байсан. Бид хоёрыг ороход ээж гэх эмэгтэй нь хараад хашааныхаа хаалгыг хаасан. Уг хашаанд хоёр залуу байсан ба тэр хоёр хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж авсан, Сэр-Од ***ыг барьж авсан. *** хашаандаа уяатай байсан хар өнгийн, пит үйлдэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойдоо уруулсан. Тэр нохой нь ***ын зүүн хөлийг хазсан.

Тэгээд ***ыг авч явах гэтэл таталт өгч унасан. Тэр нь жүжиглэж байсан юм билээ. Бид нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед ***ын биеийн байдал зүгээр, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан байсан. ***ыг албаны нохойгоор уруулсан зүйл огт байхгүй. Бид нар нохойгүй явж байсан. Би гомдолтой байна, *** намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна” /4-р хх-н 39-41/ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: хохирогч ***ны “... би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгч ажилтай. Би эрүүгийн **** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсан ба *** нь зүс таних *** гэх хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгаар нуруу, цээжийг нь зүсэж биед нь хохирол учруулсан гэсэн хэрэг байсан.

Харин 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч О.Билгүүн нь ***ыг олж тогтоож баривчилсан талаараа надад мэдэгдэж ирж авах талаар холбогдсон. Ингээд би ***ыг албаны 1462 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр цагдаа жолооч ***, шууданч цагдаа ***, сонсогч Дөлгөөн нарын хамтаар очиж хүлээж авсан. *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр прокурорт ***т холбогдох түдгэлзүүлэх хэргийг сэргээх санал гаргасан ба прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн. Ингээд улсын өмгөөлөгч Ө.Энхтүвшинг оролцуулан ***аас яллагдагчаар мэдүүлэг авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорт хүргүүлсэн. ***ыг тухайн өдөр нь 1 сарын хугацаатай цагдан хорих захирамж гарсан. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тогтоолыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

Гэтэл ***ыг хорьсны дараагаар удалгүй АТГ-с танд холбогдуулан гомдол гаргасан, ирж мэдүүлэг өгөх талаар холбогдсон. ... Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Билгүүнээс хүлээн авсан ба ямар нэг байдлаар албаны нохой ашиглаагүй бөгөөд миний бие албаны нохой ашиглах эрхгүй. Би цагдаагийн байгууллагын “АСАП” санд оргодлоор зарласан байх үед нь ***ыг Чингэлтэй дүүргийн цагдаагаас очиж авсан. Би дүүгийнх нь гэр хаана байдаг талаар огт мэдэхгүй. Нохойд уруулах үедээ бол өөрөө дүүгийнх нь нохой урсан талаар өөрөө надад хэлсэн.

***ын гар хугарсан талаар хэлэхэд тухайн үед 461 дүгээр ангийн жижүүр эмч болон ээлжийн ахлах нар нь үзлэг хийж хүлээж авсан ба *** нь тэр үед ямар нэг гар хугарсан талаар огт яриагүй. Харин нохойд уруулсан шарх байгаагаа хэлэхэд түүнийг нь 461 дүгээр ангийн ажилтан энгэрийн камераар баталгаажуулж хүлээн авсан. Би гомдолтой байна” /4-р хх-н 27-29/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***н ***ын “... би ШШГЕГ-н харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид эмч ажилтай. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ***ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр зүүн гарын шуу янгинаж өвдөнө, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдад цохиулж гараа хугалсан гэж байсан. Зүүн гарын шуу хэсэгт үзлэг хийхэд илэрхий хаван хавдар, хөхрөл няцрал байсан. Богтос хэсгийн 3/1 хэсэгт бага зэргийн овойсон тэмтэрч үзэхэд хатуу байсан. Тэгээд би үзлэг хийж картад тэмдэглэл үйлдсэн” /3-р хх-н 216-217/ гэсэн мэдүүлэг,

гэрч *** “... 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний хариуцдаг хэсэгт *** орж ирсэн. *** нь хүнд зодуулсан хавирга, толгой, гар хэсэгт гэмтэлтэй гэж хэлсэн. Анх үзлэг хийхэд зүүн гарын шуу хэсэгт хугаралтай юм шиг санагдсан. Тэмтэрч үзэхэд овойсон байсан. Ингээд байгууллагын удирдлагад танилцуулаад хорих ангийн рентгенд ***ын зүүн гарыг харсан. Тэгэхэд зүүн гарын шуу хэсэгт хуучин хугаралтай бороолж эдгэж байгаа шинжтэй байсан. Яг тэр өдрөө гэмтлийн эмнэлгээс зөвлөгөө авахаар зохих зөвшөөрлүүдийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү ***ыг би өөрөө дагуулж явсан. Гэмтлийн эмч нар үзээд зөрсөн юм байхгүй, бороололт эхэлсэн, хуучин хугарал байна, мэс засал хийх шаардлага байхгүй гэж хэлсэн. Ингээд гибс хийлгэсэн” /3-р хх-н 220-221/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ий “... 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ***ыг хүлээж авсан. Би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. *** нь нохойд хазуулсан, зүүн хөл янгинаж өвдөнө, зүүн хөл боолттой гэж хэлсэн. Тэгээд хэзээ нохойд хазуулсан талаар нь асуухад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нохойд хазуулсан, эрүүлжүүлэх байранд нэг хоноод ирсэн гэж хэлсэн. Гэмтлийн эмчид үзүүлсэн, вакцинд хамрагдсан бичигтэй ирсэн. Толгой өвдөж байна гэж хэлж байсан. Өөр зовуурь хэлээгүй. Хувцсыг нь тайлаад нүцгэн биеийн үзлэг хийсэн. Зүүн хөлийн шилбэний урд хэсэг нохойд хазуулсан шархтай, боолттой байсан. Баруун гарын алганы дотор тал эрхий хурууны харалдаа шалбарсан байсан. Зүүн мөр орчим жижиг шалбарсан байсан. Тав тогтож байгаа шархтай байсан. Хүзүү хоёр гарын бугалгад өнгөт шивээстэй, артерийн даралт болон амин үзүүлэлт хэвийн байсан. *** нь тухайн үед гар хугарсан гэж огт хэлээгүй, гар хугарсан талаар ямар ч зовуурь надад хэлээгүй. Би нохойд хазуулсан гэхээр нь нэлээн сайн үзэж авсан.

***ын гарын хөдөлгөөн хэвийн байсан. Өмсөж явсан хувцсаа өөрөө тайлж байсан, мөн хөлийн боолтоо өөрөө хоёр гараараа тайлж үзүүлээд буцаагаад өөрөө хөлийн боолтоо боосон. Гарын хөдөлгөөн хэвийн байсан. Гар овойсон эмзэглэлтэй зүйл огт ажиглагдаагүй. Хугарсан гартай байсан бол тийм хөдөлгөөн хийж чадахгүй, зовуурьтай байх байсан. Дараа нь гэмтэлд үзүүлэхэд хуучин хугаралтай байна гэж байсан” /3-р хх-н 223-224/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14667 дугаартай дүгнэлт “... ***ын биед зүүн шилбэнд шарх, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /3-р хх-н 238-239/,

 

шинжээч эмч ***ийн ***ийн “... би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтдээ ***ын зүүн гарын шуунд бороололт бүрэн үүссэн, зөрүүгүй ташуу сэлтэрсэн хуучин хугарал нь эдгэрэлт явагдсан, тухайн хэрэгтэй шалтгаант холбоогүй байсан учраас тухайн дүгнэлтээ тусгаагүй юм. ***ын зүүн шилбэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Мөрөнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /3-р хх-н 246-248/ гэсэн мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /4-р хх-н 1-4/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч ***д хохирол учруулахдаа онц харгис хэрцгийгээр[1] үйлдсэн, хохирогч ***т хохирол учруулахдаа үргэлжилсэн[2] үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж[3] үйлдсэн, харин бусад хохирогч болох ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн байна гэж дүгнээд хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан аль хүнд зүйл хэсгээр нь гэм буруутайд,

шүүгдэгч *** нь “Хүчиндэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх тул түүнийг “урьд нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн буюу “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж дүгнэлээ.

 

Харин прокуророос шүүгдэгч ***ыг “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, “Дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж түүнд холбогдох хэргүүдийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгүүдийн хүндрүүлэх шинжээр яллаж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хууль дахь хүндрүүлэх шинж буюу “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг шинж нь тодорхой хугацаа шаардаж, давтамжтайгаар үйлдэгдсэн байхыг, нөгөөтэйгүүр гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгийг амьжиргааны эх үүсвэр болгохоос гадна олсон мөнгө төгрөгийг дахин гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэлдээ зарцуулсан байхыг тухайлбал, таксины унааны мөнгө бий болгох, мөнгө санхүүгийн зээл төлбөрт оруулж тооцуулах, бусдыг гэмт хэрэгт уруу татахад ашиглаж хэрэглэх зэрэгт чиглэсэн байдаг.

 

Шүүгдэгч *** нь 5 удаагийн “хулгайлах” гэмт хэрэгт буруутгагдаж байгаа боловч түүний 3 удаагийн үйлдэл нь нэг өдөр, нэг цаг хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өглөө хохирогч ***, хохирогч ***, хохирогч *** нарын “орон байр”-нд нэвтэрч үйлдэгдсэнийг “үргэлжилсэн” үйлдэл гэж үзэхээс гадна, хохирогч ***ын эд зүйлсийг хулгайлахдаа “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн “Дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн тухайд Эрүүгийн хууль дахь тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинж нь 3-аас дээш удаагийн үйлдлээр, тодорхой хугацааны давтамжтайгаар үйлдэгдсэн байхыг шаарддаг.

 

Гэтэл шүүгдэгч *** нь “дээрэмдэх” гэмт хэргийн 2 удаагийн үйлдэлтэй /үүнд: хохирогч ***, хохирогч ***/ байх бөгөөд түүний урьд өмнө “дээрэмдэх” гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж байсныг хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж болохгүй.

 

Иймд прокуророос шүүгдэгч ***ыг “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, “Дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, “хулгайлах” гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Түүнчлэн шүүгдэгч ***ын үйлдсэн, *** хохирогчтой “дээрэмдэх” гэмт хэргийн хувьд хохирогчийн гар утсыг нь авахдаа хүч хэрэглэсэн гэх байдал нь эргэлзээтэй байна гэж үзээд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Учир нь, хохирогч ***ийн мэдүүлгээс үзвэл ... *** нь хохирогч ***ийг хүчиндэхээр түүнтэй ноцолдсон, улмаар түүний хүсэл зоригоос үл хамаарч “хүчиндэх” гэмт хэрэг төгсөөгүй байх бөгөөд тэрээр гарахдаа хохирогчийн гар утсыг нь авч явжээ.

Хохирогч *** “... ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гарт байсан А 14 S загварын утсыг аваад зугтаагаад явсан” гэж мэдүүлсэн нь дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн гэх ямар нэгэн шинжгүй байхаас гадна, “хүчиндэх” гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүйн улмаас хохирогчийн гар утсыг авсан гэж үзэхээр байна.

 

Хэдийгээр *** хохирогчтой “дээрэмдэх” гэмт хэргийн зүйлчлэл хөнгөрч байгаа боловч *** хохирогчтой “дээрэмдэх” гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэж шүүх дүгнэсэн тул хэргийн зүйлчлэл хөнгөрснөөр шүүгдэгчид оногдуулах ялд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн эсэх, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө нь шүүхээс 3 удаа ял шийтгэл хүлээж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилсан.

Гэвч шүүгдэгч ***т холбогдох хэргүүдийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэхээс илүүтэйгүүр түүний үйлдсэн хэргүүд нь өөр хоорондоо харилцан хамааралтай, нэг хэрэг нь нөгөө хэргээ нотлохоор, орон зай, цаг хугацааны хувьд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч ***ын ойр дотны хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс нь түүний эрх зүйн байдлыг дордуулж мэдүүлэг өгсөн гэж үзэхээргүй байна.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-н 18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 168-169/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-н 209-234/, автотээврийн хэрэгсэл эзэмшил, өмчлөх эрхийн лавлагаа /3-р хх-н 142/,  үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3-р хх-н 143/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3-р хх-н 148/, төрсний бүртгэлийн лавлагаа /3-р хх-н 149/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 150/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хохирогч нар болох хохирогч ***, ***, ***, *** нар нь өөрсдийн эрүүл мэндийн эмчилгээ, хохиролтой холбоотой хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байна.

“хулгайлах” гэмт хэргийн хохирогч *** нь хулгайд алдсан 2 ширхэг гар утсаа буцааж авсан /2-р хх-н 230/, хохирогч ***ын хулгайд алдагдсан эд зүйлс түүнд буцаан олгогджээ. /2-р хх-н 159-160/

 

“Худал мэдүүлэх” гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон цагдаагийн байгууллагын ажилтан ***** нар нь “... гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, “хүчиндэх” гэмт хэргийн хохирогч *** “... нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Харин бусад гэмт хэргийн хохирол болох “дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч ***ийн гар утасны төлбөрт 519.920 төгрөг /1-р хх-н 38-40/, хохирогч С.Энхболдын гар утасны төлбөрт 1.975.000 төгрөг /2-р хх-н 207-208/,

хулгайлах” гэмт хэргийн хохирогч ***гийн гар утасны төлбөрт 625.000 төгрөг /3-р хх-н 33-35/, хохирогч ***ийн гар утасны төлбөрт 1.375.000 төгрөг /3-р хх-н 105-107/, хохирогч ***ийн гар утасны төлбөрт 380.000 төгрөг /3-р хх-н 153-154/ нийт 4.874.920 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 142 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн 7 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Ч.Мөнхцацрал нь “... шүүгдэгч ***ыг гэм буруутай байна” гэсэн дүгнэлт хэлснийг,

улсын яллагч Г.Онон шүүгдэгч ***т нийт 19 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай санал гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг шүүгдэгч ***ын холбогдсон “хүчиндэх” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах тухай, прокуророос “хулгайлах”, “дээрэмдэх” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэнийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг тус тус дардах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудыг үнэлж, “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг …, шүүгдэгч, …- д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Гэм буруугүйд тооцох зарчмыг баримтласан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу “дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хохирогч ***т хүч хэрэглэж, түүний эд хөрөнгийг дээрэмдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

“урьд нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

“хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

“бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн буюу “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт эдлэх ялын хугацааг 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 /арван нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийт 11 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хохирогч нар болох хохирогч ***, ***, ***, *** нар нь өөрсдийн эрүүл мэндийн эмчилгээ, хохиролтой холбоотой хохирлын баримтыг гаргаж өгөөгүйг,

“хулгайлах” гэмт хэргийн хохирогч *** нь хулгайд алдсан 2 ширхэг гар утсаа буцааж авсныг, хохирогч ***ын хулгайд алдагдсан эд зүйлс түүнд буцаан олгогдсоныг,

“худал мэдүүлэх” гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон цагдаагийн байгууллагын ажилтан **** нар нь “... гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйлгүй” гэснийг,

“хүчиндэх” гэмт хэргийн хохирогч *** “... нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 4.874.920 төгрөг гаргуулж:

хохирогч ***т 519.920 төгрөг, хохирогч ***од 1.975.000 төгрөг, хохирогч ***д 625.000 төгрөг, хохирогч ***д 1.375.000 төгрөг, хохирогч ***т 380.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн 7 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ

           

                                      ШҮҮГЧ                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                          Л.ОДОНЧИМЭГ