Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/627

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Л.************, түүний өмгөөлөгч Д.************, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410016050860 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  нэртэй дууны студи ажиллуулдаг, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ************ хороолол 2 дугаар байр, 174 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ************ хотхоны 48 дугаар байрны 85 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгэж, уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уүл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************ын ************, 

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.************ нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоот гэртээ хамтран амьдрагч Б.************г эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр нүүр рүү нь алгадах, хоолой боох, заазуураар зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.************: “...Болсон асуудлын талаар шүүхэд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ажилгүй байгаа, эхнэр маань жирэмсэн, өдөр бүр хажууд нь байх ёстой, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр өглөө гэртээ байж байтал манай салсан хамтран амьдрагч над руу залгаад хүүхэд чинь хичээлдээ явчихсан уу, уулзах хэрэг байна, ярих зүйл байна гэж залгасан. Тэгээд удалгүй гэрт орж ирээд надад мөнгөний хэрэг байна, гар утсыг чинь ломбардад тавиад удахгүй аваад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за маргааш хүүхдийн үсэглэлийн баяртай чи тавьчхаад надад 160,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлээд гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад орж ирээд гэр дотроос нь түгжиж байгаад намайг чи жирэмсэн юм байна тээ?, би чиний Солонготой бичсэн чатыг уншсан ,хэний хүүхэд юм п...а минь, чи намайг хуурсан байна гэж намайг дээрээс дарж хоёр гараас барьж хөдөлгөөнгүй болгож миний дээр сууж байгаад миний нүүр лүү алгадаж цохисон. Би чамайг одоо ингээд алчихъя гээд намайг багалзуурдаж боосон, тэгэхээр нь би чи тайвшраа ярилцъя чиний хүүхэд ш дээ, итгэхгүй байвал хамт эмнэлэг орж шинжилгээ өгье, би хүүгээ өрөвдөөд байна, чи намайг алчих юм бол миний хүү яах юм бэ гэж хэлсэн. Тэгтэл миний дээрээс босоод гал тогоо руу явж шургуулгаас заазуур бариад хүрээд ирсэн, тэгэхээр нь би өөдөөс нь тайвшир, ууртай үедээ гаргасан шийдвэр зөв юманд хүргэхгүй ээ гэж хэлээд гараа өргөтөл заазуураар өөдөөс сийчиж байгаад гар зүсчихсэн, тэгээд цагдаагаа дууд п...а минь, би арван жил авсан гарч ирээд хүүхдүүдтэй чинь хамт хоолойг чинь хэрчиж ална гэж хэлээд тэгснээ уйлаад би чамаас болж зовж байна, би чамайг юу гээл зүсэж байх юм яах гэж өөдөөс сарвалзсан юм гэж хэлсэн. Тэгээд би одоо хүүхдийн хичээл тарах цаг нь болсон, чи аваад ирэх үү гэтэл хамт явъя гэж хэлээд бид хоёр хамт манай гэрээс гараад ба хүүхдийнхээ сургууль дотор нь ороод нуугдчихсан. Тэгээд сургууль дотор нь 3 цаг болж байгаад гараад ирэхэд явчихсан байсан. ...Л.************ гэдэг 3 жил орчим ирэн очин байдаг, өмнө нь зодож цохиж байсан баривчилгаанд хүртэл 7 хоног явж байсан. ...Одоо жирэмсэн, дундаасаа хүүхэд байхгүй, гэр бүлийн баталгаа байхгүй. Би гомдол саналтай байна. Миний гар утсыг авч явсан өнөөдөр. Өмнө нь миний Тоёота Приус 30 машиныг барьцаанд тавиулж 7 сая төгрөг авч байсан...” /хавтас хэргийн 17-20 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод муудалцсан.  Тухайн үед Б.************ орон дээрээ дээшээ хараад хэвтэж байхаар нь дээр нь гарч суугаад нүүр рүү нь гурваас дөрвөн удаа алгадсан. ...Тэгээд би айлгах зорилгоор гал тогооноос хутга авахад Б.************ болио гэж хэлээд хутга булааж авах гэж байгаад баруун гарынхаа шуу хэсгийг зүсчихсэн...” /хавтас хэргийн 35-38 дахь тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5343 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.************гийн биед баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Баруун шууны зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх механизмаар бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...”/хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хавтас хэргийн 9 дэх тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-13 дахь тал/

- Шүүгдэгч Л.************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 44 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 45-99 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.************ нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 85 тоот гэртээ хамтран амьдрагч Б.************г эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр нүүр рүү нь алгадах, хоолой боох, заазуураар зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.************гийн: “...Би өглөө гэртээ байж байтал манай салсан хамтран амьдрагч над руу залгаад хүүхэд чинь хичээлдээ явчихсан уу, уулзах хэрэг, ярих зүйл байна гэсэн. Тэгээд удалгүй гэрт орж ирээд надад мөнгөний хэрэг байна, гар утсыг чинь ломбардад тавиад удахгүй аваад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за маргааш хүүхдийн үсэглэлийн баяртай чи тавьчхаад надад 160,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлээд гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад орж ирээд гэр дотроос нь түгжиж байгаад жирэмсэн юм байна тээ?, би чиний Солонготой бичсэн чатыг уншсан, хэний хүүхэд юм п...а минь, чи намайг хуурсан байна гэж намайг дээрээс дарж хоёр гараас барьж хөдөлгөөнгүй болгож миний дээр сууж байгаад миний нүүр лүү алгадаж цохисон. Би чамайг одоо ингээд алчихъя гээд намайг багалзуурдаж боосон, тэгэхээр нь би чи тайвшир, ярилцъя, чиний хүүхэд ш дээ, итгэхгүй байвал хамт эмнэлэг орж шинжилгээ өгье, би хүүгээ өрөвдөөд байна, чи намайг алчих юм бол миний хүү яах юм бэ гэж хэлсэн. Тэгтэл миний дээрээс босоод гал тогоо руу явж шургуулгаас заазуур бариад хүрээд ирсэн тэгэхээр нь би өөдөөс нь тайвшир, ууртай үедээ гаргасан шийдвэр зөв юманд хүргэхгүй ээ гэж хэлээд гараа өргөтөл заазуураар өөдөөс сийчиж байгаад гар зүсчихсэн, тэгээд цагдаагаа дууд п...а минь, би арван жил авсан гарч ирээд хүүхдүүдтэй чинь хамт хоолойг чинь хэрчиж ална гэж хэлээд тэгснээ уйлаад би чамаас болж зовж байна, би чамайг юу гэж зүсэж байх юм, яах гэж өөдөөс сарвалзсан юм гэж хэлсэн. Тэгээд би одоо хүүхдийн хичээл тарах цаг нь болчлоо, чи аваад ирэх үү гэтэл хамт явъя гэж хэлээд бид хоёр хамт манай гэрээс гараад ба хүүхдийнхээ сургууль дотор нь ороод нуугдчихсан. Тэгээд сургууль дотор нь 3 цаг болж байгаад гараад ирэхэд явчихсан байсан...” /хавтас хэргийн 17-20 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Л.************ын: “...Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод муудалцсан.  Тухайн үед Б.************ орон дээрээ дээшээ хараад хэвтэж байхаар нь дээр нь гарч суугаад нүүр рүү нь гурваас дөрвөн удаа алгадсан. ...Тэгээд би айлгах зорилгоор гал тогооноос хутга авахад Б.************ болио гэж хэлээд хутга булааж авах гэж байгаад баруун гарынхаа шуу хэсгийг зүсчихсэн...” /хавтас хэргийн 35-38 дахь тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №5343 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.************гийн биед баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун шууны зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх механизмаар бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”/хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-13 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.************гийн эрүүл мэндэд учирсан баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Л.************ түүнийг цохисон, заазуураар зүссэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  Л.************ын хохирогч Б.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2021 оноос хойш хамт амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тэдний хэн аль нь энэ талаар маргаагүй, шүүгдэгч Л.************ын өөрийн хамтран амьдрагчийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

2. Шүүгдэгч Л.************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.************гийн эрүүл мэндэд нь баруун шуунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун ташаанд цус хуралт хөнгөн хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2410016050860 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ын  ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын ************ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.************т шийтгэсэн 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.************ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн 2410016050860 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хохирогч Б.************ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР