Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/00216

 

 

 

 

 

 

 

       2022          01            13                                               184/ШШ2022/00216

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Г.Г /регистрийн дугаар:1111111/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Х /регистрийн дугаар:2222222/-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд анх Д.Хтэй танилцаж, улмаар 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Мтөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж, 2010 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү маань ээжийнхээ асрамжид өсч торнисон. Би одоо өөр хүнтэй гэр бүл болж хоёр хүүхдүүдтэй болсон. Тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.М ээжийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Бид анх 2003 онд танилцсан. Улмаар 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Мтөрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2010 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Гэр бүлийн маргаан их гардаг байсан учраас салсан. Тэрнээс хойш би өөр хүнтэй хамтын амьдралтай болж хүүхэдтэй болсон. Бид тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт эвлэрч амьдрах боломжгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүү Г.Мби өөрийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийн хувьд бид өөрсдөө тохирч шийдсэн зүйл байгаа. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: охин Б.А эрүүл  бойжиж байгаа тухай “Энэх Ази” ӨЭМТөвийн эмчийн тодорхойлолт, Оюуны Тулга дунд  сургуульд суралцаж буй тухай сургалтын менежерийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн болон төрсний бүртгэлийн,иргэний үнэмлэхийн лавлагаа  зэргийг нотлох баримтаар ирүүлжээ

Зохигчид шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэгийн талаар эвлэрсэн эвлэрлийн гэрээнд:нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Х нар хүүхдийн тэтгэлэгийг дараах байдлаар тохиролцов. Хүүхдийн тэтгэлэг нийт 6,000,000 төгрөг байна. Хариуцагч Г.Г нь 6,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 857,142,8 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлнө. Тэтгэлэгийн мөнгийг хариуцагч Д.Хийн ХААН банкны 1111тоот дансанд төлнө гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Хт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбар,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэсний бүртгэлийн болон төрсний бүртгэлийн лавлагаар:

гэрлэгч Г.Г, Д.Х нар нь 2004 онд танилцаж, 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Мтөрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. төрүүлсэн ба хүүхэд эрүүл өсөн бойжиж, сургуульд суралцаж  байгаа  болох нь “Энэх Ази” ӨЭМТөвийн эмчийн болон Оюуны Тулга дунд  сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна /хх-1, 4, 7, 15, 23/

Тэрээр нэхэмжлэгч  Г.Г, хариуцагч  Д.Х нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нөхөр Г.Г Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ./хх-8/

Түүнчлэн гэрлэгч нар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэн аль өөр хүнтэй хамт амьдарч, хүүхэд төрүүлсэн байгаа, гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч маргаагүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа авах хүсэлт гаргаагүй, цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар талууд хүү Г.Мэх Д.Хийн асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон тул хүүхдийг эхийн асрамжид  үлдээв.

          Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийнх  асрамжид  хэвээр үлдээж байгаа боловч  энэ нь Г.Гын эцэг байх эрхийг хязгаарласан биш харин хүүхэд эхтэйгээ байнга оршин суух, амьдрах газрыг нь тодорхойлж байгаа бөгөөд эцэг нь хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор эх Д.Х , түүний ар гэр хангах үүрэгтэй юм.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь түүний ар гэр саад учруулахгүй байхыг даалгав.

  Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

             Талууд  хүүхдийн тэтгэлэг талаар шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээнд: Хүүхдийн тэтгэлэг нийт 6,000,000 төгрөг байна. Хариуцагч Г.Г нь 6,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 857,142,8 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлнө. Тэтгэлэгийн мөнгийг хариуцагч Д.Хийн ХААН 111 тоот дансанд төлөхөөр тохиролцсон ба  гэрлэгч нар эд хөрөнгийн талаар маргаагүй  болохыг дурдав.

             Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Г.Гын гэрлэлт цуцлуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г /регистрийн дугаар:11111/, Д.Х /регистрийн дугаар:1111111/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар  2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.М/регистрийн дугаар:111111111/-г эх Д.Хийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

3.Гэрлэгч нар хүүхдийн тэтгэлэгийн талаар  харилцан тохиролцон эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нийт 6,000,000 төгрөг байхаар,  хариуцагч Г.Г нь 6,000,000 төгрөгийг  2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 857,142,8 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Д.Хийн ХААН банкны 1111111111тоот дансанд төлөхөөр тохиролцсон  ба  гэрлэгч нар эд хөрөнгийн талаар маргаагүй  болохыг  дурдсугай.  

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх Д.Х, эцэг Г.Г нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь  эх  Д.Х  болон түүний ар гэр саад учруулахгүй байхыг даалгасугай.

           5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Г.Год олгосугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ