Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.Уянгамаа,

шүүгдэгч Ө.Зоригтбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0234/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Олхонууд овгийн Өлзийн Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 2017 2601 0025 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн  авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Олхонууд овгийн Өлзийн Зоригтбаатар Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа ажил хийдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 30 дугаар гудамжны 271-А тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

1.Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 3808 дугаартай тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийг өршөөн хасч, 1 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон ба, 2009 оны 08 дугаар сарын 17-н өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тус хорих ялаас эдэлсэн 3 жил 9 сар 16 хоногийг нь хасч, үлдэх 1 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байх ба,

 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн  1 жил 5 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж суллагдсан. (РД:ХП88010316).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь өөрийгөө дуудлагын жолооч гэж танилцуулан 2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Б.Уянгамаагийн 67-83 УБП улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн машиныг жолоодож гэрт нь хүргэж өгөх зам зуураа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34 дүгээр байрны арын гүүрний орчимд Б.Уянгамаагийн цүнхнээс 80,000 төгрөг, 150 юань, машины тамхины асаагуурт байсан  МF-3 тоглуулагч, Эм-Ай 300 маркийн гар утас зэргийг хулгайлж 583,884 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Зоригтбаатар мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө “Дурсамж” нэртэй бааранд машинаасаа хүн буулгасан. Тэгээд машинтай явах гэх үед Амгаланбат тааралдаад 5 минут орчим ярьж зогссон. Тэгээд зогсож байхад хохирогч энэ эмэгтэй 2 найзтайгаа “Дурсамж” баарнаас гарч ирээд “дуудлагын жолооч дуудсан байгаа, хаана байна” гэж хэлсэн. Тэгтэл Амгаланбат “манай энэ дүүг аваад явчих” гэж хэлсэн. Хохирогч намайг “дуудлагын жолооч юм уу” гэж асуухад би “үгүй, хувиараа таксинд явдаг” гэж хэлсэн. Тэгсэн надаас даатгалтай юу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд хохирогч “дуудлагын жолооч цагийн 10,000 төгрөг байдаг, би чамд 10,000 төгрөг өгье, чи явах юм уу” гэхээр нь би машинаа байрлуулчихаад явъя” гэж хэлсэн. Би өөрийнхөө машиныг байрлуулж тавьчихаад буцаж ирээд хохирогчийн машинд суугаад машиныг нь жолоодож явсан. Машинд хохирогч, 2 найзтайгаа суусан. Замдаа модны хоёрын дунд замд байрлах 12 давхар цэнхэр өнгийн байрны гадаа нэг эгчийг нь буулгасан. Нөгөө эгчийг нь “Гранд плаза”-гийн уулзвар дээр буулгасан. Тэгээд хохирогч эгч Хархорины 34-б байрны тийшээ яв гэж хэлсэн. Би 34-б байрны 1 дүгээр орцны зогсоол дээр очоод ирчихлээ гэж хэлэхэд хохирогч эгч сэрэхгүй, унтаад нилээд удсан. Тэгж байгаад сэрээд “манайх энд биш ээ 34-а байр гэж хэлсэн. Би буцаж 1 дүгээр хорооллын арын замаар тойрч яваад 34-а байрны 1 дүгээр орцны үүдэнд зогссон. Хохирогч унтаад  сэрэхгүй байж байгаад дахин сэрээд “чи ямар сонин хүүхэд вэ, манайх 34-б байр гэж хэлсэн. Би буцаж яваад зам дээр очоод “эгчээ яг аль байр юм бэ, тодорхой заагаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд хохирогч согтуу хүний ааш гаргаад байсан. Би 34-б байрны зогсоол дээр камерийн өмнө очиж зогссон. Би хохирогчийг сэрээх гэж хэсэг зогссон. Би сэрээгээд мөнгөө нэхсэн. Тэгсэн хохирогч эгч урдаас “чамд нэг ч төгрөг өгөхгүй, мөнгө өгч чадахгүй” гэж хэлээд сандлаа налаад хэвтээд өгсөн. Би тамхи татаж сууж байгаад машины урд талын салон дээр байсан мэдрэгчтэй, “MI” гэсэн бичигтэй утсыг аваад, хохирогч эгчийг надтай холбоо бариад утсаа аваарай” гэж хэлээд утасны дугаараа цаасан дээр бичиж үлдээсэн. Урд талын хоёр сандалын завсар 20,000 төгрөг унасан байхаар нь би тэр мөнгийг авсан. Хохирогч машиныхаа хаалгыг онгойлгоод бөөлжөөд байсан. Би машиныг нь унтраагаад явлаа гэж хэлсэн. Машины “МF” тоглуулагч, бэлэн 80,000 төгрөг, 150 юанийг нь байсан гэдгийг би мэдэхгүй. Маргааш орой нь “Дурсамж” бааранд очиход “өчигдөрийн чиний авч явсан эгч хэл ам хийгээд байна, чи эд зүйлийг нь авчихсан юм  биш үү” гэж хэлэхээр нь би утасны дугаар, гэрийн хаяг, овог нэрээ хэлээд, зураг авна гэхээр нь зургаа авахуулаад тэр эгчийг дахин яривал над руу ярь гэж хэлээрэй гээд явсан. Би найзынхаа “МF” тоглуулагчийг хохирогчид өгсөн. Мөн надад байсан гар утасыг нь буцааж  2017 оны 1-р сард хохирогчид өгсөн. Би хохирлын төлбөрт байцаагчид 123,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Байцаагч “чи хохирлыг нь төлчих, тэгвэл хэргийг чинь аргалъя” гэсэн. Би барьцааны журмаар гар утсыг нь авсан. Надад хулгай хийх санаа байгаагүй. 20,000 төгрөгийг өөрийнхөө үйлчилгээний хөлсөнд авсан. Би бэлэн 80,000 төгрөг, 150 юанийг нь аваагүй гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уянгамаа мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө “Дурсамж” бааранд 20 цагийн үед орсон. Хөдөөнөөс нэг найз маань ирсэн гээд манай хоёр найз тухайн бааранд орсон гэж ярихаар нь би очсон юм. Би машинаа зогсоолд тавиад бааранд орсон. Бид уулзаагүй удсан байсан болохоор нилээд ярьж суусан. Ингэхдээ вино, вейлес зэргийг авч уусан. Бааранд явах үед 270,000 төгрөгийн тооцоо гарсан байсныг би картаа өгч төлсөн. Баарны бие засах газар “дуудлагын жолооч” гэсэн утаснууд байсан. Би коридороор гарч явахдаа дуудлагын жолоочийн утас байсан даа гээд утас олж ярих гээд явж байх үед баарны хамгаалагч нь “манайх дуудлагын жолоочтой” гэсэн. Тэгэхээр нь би өө танайх яасан аятайхан үйлчилгээтэй юм, “танай жолооч хаана байна” гэхэд буйдан дээр сууж байсан 2 залууг заасан ба, нэг нь одоо энэ шүүгдэгч залуу байсан юм. Би “дуудлагын жолооч цагийн 10,000 төгрөг байдаг, би хоёр найзыгаа хүргэж өгөөд 1 дүгээр хороолол явна “ гэж хэлээд энэ шүүгдэгч залууг аваад явсан. Баарны гадаа гарахад шүүгдэгч залуу би өөрийнхөө машиныг байрлуулчихаад ирье” гээд явсан. Тэгээд эргэж ирээд бид миний машинд суусан. Би машинд суухдаа “чи даатгалтай юу” гэж асуухад даатгалгүй гэсэн. Би жолооч талын хажуу талын сандал дээр, манай хоёр найз арын сандалд суусан. Модны хоёрт нэг найзыгаа хүргэж өгсөн. Тэр үед манай нөхөр миний гар утас руу залгахаар нь “би дуудлагын жолоочтой явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Энэ үед ярихдаа би гар утасаа цүнхнээсээ гаргасан юм. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд 34 дүгээр байрны ар талын гүүрээр гараад граш дунд машиндаа байсан. Би бодохдоо жолоочид гүүрээр гарна гэж хэлээд гэрээ зааж өгч чадаагүй юм байх даа гэж өөрийгөө бодсон. Тэгээд гар утсаа аваад залгах гэтэл утас байхгүй байсан. Ингээд машинаа бариад гэр рүүгээ явж байхад манай нөхөр намайг ирэхгүй удаад байна гээд урдаас алхаж ирж таарсан. Тэгээд манай нөхөр “чи чинь яасан бэ” гэж хэлсэн. Би гэрээ зааж өгөөгүй юм байлгүй, утас байдаггүй, хэн авсаныг мэдэхгүй байна” гэж хэлээд бид гэртээ очсон. Ингээд би тухайн өдрийн 16 цагт БНХАУ-руу явах байсан. Миний гар утсан дээр БНХАУ-д очиж хийх гэрээ, бүх зүйл байсан. Тийм учраас миний утас хэрэгтэй, гар утсаа олох хэрэгтэй байсан тул би явах хугацаагаа хойшлуулсан. Ингээд өмнөх өдрөө орсон “Дурсамж” баарны цагийн хувиарийг асуухад 16 цагаас хойш нээгддэг гэсэн. Би бааранд орохдоо 100,000 төгрөгтэй орсон. Үүдэнд нь 20,000 төгрөг таксанд төлсөн.  Миний цүнхэнд 80,000 төгрөг үлдсэн. Баарны тооцоо 270,000 төгрөг болсон тул картаар тооцоо хийсэн. Тэгээд “Дурсамж” бааранд очиж танай авч явсан хүн миний хамаг эд зүйлийг авчихлаа гэж хэлэхэд баарныхан тийм юм байхгүй гээд байсан. Би хамгаалагч, өлгүүрийн хүн хоёрыг хараад таньсан. Тэр хүмүүсээс та нар манай жолооч гэж хэлсэн биз дээ гэж хэлэхэд үгүй үгүй гээд л байсан. Тэгээд сүүлдээ хүлээсэн. Би миний эд зүйлийг олж өгөөрэй гэж хэлээд утасны дугаараа үлдээгээд, орой нь урагшаа явсан. Тэгээд урдаас ирээд 12 дугаар сарын 13, 14-ний үед баарны зохион байгуулагч руу нь ярихад “нөгөө жолооч чинь ирсэн, та нарыг хүргэж өгөөгүй гэж байна лээ, зургийг нь авсан байгаа, та хараад таних уу гэсэн. Би явж очоод зургийг нь харахад намайг  хүргэсэн таксины жолооч мөн байсан, би хараад л таньсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй байсан. Миний гар утсан дээр миний ажлын чухал мэдээлэл байсан учраас сүүлдээ би эд зүйлээ алдчихлаа олоод өгөөч гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгсөний дараа шүүгдэгч энэ залуу өөрөө над руу ярьсан. Маргааш нь цагдаа ярьж гар утсыг чинь өгье гэсэн. Шүүгдэгч надад сая ярьсан зүйлээ ярьж байсан боловч харин 20,000 төгрөг суудлын дунд байсан гэж яриагүй. Бас би 34 дүгээр байрны зогсоолд байгаагүй, тус байрны ар талын гүүр гараад граж дунд байсан. Манай гэр гүүр гараад байдаг юм. Надад нэг МF тоглуулагч өгсөн, тэр нь минийх биш байна гэж хэлэхэд найзаасаа гуйгаад авчихлаа, байцаагчид бас мөнгө өгсөн байгаа гэж хэлж байсан. Байцаагч та өөрийнхөө алга болсон эд зүйлийг хэлээд өгчих гэхээр нь хэлсэн. Миний гар утас, 80,000 төгрөг, 150 юань, МF тоглуулагч зэрэг байхгүй, бусад эд зүйл байсан. Автомашины суудлын дунд 20,000 төгрөг байх ёсгүй. Миний 80,000 төгрөг цүнхэнд байсан.  Би гар утас, МF тоглуулагч хоёрыг авсан. Байцаагч 123,000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Бусад эд зүйлийн төлбөр болох мөнгийг байцаагчид шүүгдэгч өгсөн гэсэн тул байцаагчаас мөнгөө авна гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0025 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

 

3.Хохирогч Б.Уянгамаагийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би найз Батханд, Отгонцэцэг нарын хамт хорооллын “Номин” их дэлгүүрийн хойно байрлах “Дурсамж” нэртэй бааранд орцгоосон. Бааранд 1 шил вейлес 2 шил вино авч ууцгааж бүжиглэж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад уг баарнаас гарахдаа үүдэнд нь зогсож байгаад дуудлагын жолооч дуудъя гээд утсаа гаргаж иртэл тус баарны хамгаалагч дуудлагын жолооч байгаа гэсэн. Би ямар аятайхан газар юм жолооч нь байж байдаг юм уу, гэтэл хамгаалагч дуудлагын жолооч энэ байна гээд сууж байсан залуу руу заахад нөгөө залуу босоод ирсэн. Тэгээд уг залууг дагуулж гараад би өөрийн 83-97 УБП улсын дугаартай “Тоёота пробокс” маркын машинаа уг залуугаар бариулаад Отгонцэцгийг модны 2-т буулгаад баруун 4-н замын хавьд Батхандыг буулгаад 1-р хороолол 34-р гүүрний тийш явна гэж хэлээд явах замдаа миний нойр хүрээд унтсан байсан. Нэг сэрэхэд 34-н гүүрний хойд талын гражуудын дунд би машиныхаа урд талын сандал дээр унтаж байгаад даараад сэрсэн. Дуудлагын жолооч байхгүй болсон байхаар нь утсаа гаргаж ярих гэтэл утас байхгүй, цүнхээ үзтэл цүнхний арын кармаанд байсан 80.000 төгрөг, 150 юань, машины тамхины асаагуурт зоолттой байсан МF тоглуулагч байхгүй болсон байсан. Тэгээд би маргааш нь дурсамж бааранд очиж зохион байгуулагчтай нь уулзаж хамгаалагч нараас асуухад бид нар дуудлагын жолооч байгаа гэж хэлээгүй гээд байсан. Тэгэхээр нь би танайхаас жолооч байгаа гээд би авч яваад юмаа алдсан болохоор танай байгууллагад гомдолтой гэж хэлэхэд уг баарны өлгүүрт ажиллаж байсан эгч намайг хараад хамгаалагч нарыг та нар жолооч байгаа гээд сууж байсан залууг явуулсан шүү дээ гэж хэлсэн. Өлгүүрийн эгч манайхаас хүн аваад байдаг залуу гэж хэлж байсан. Тэгэхээр нь танайд ирдэг юм байна, ирэхээр нь надад хэлээрэй гээд би өөрийн утасны дугаараа үлдээгээд явсан. Би урагшаа явчихаад ирээд уг баар руу ярихад нөгөө хүнийг чинь олчихсон гэхээр нь би яваад очтол баарны хамгаалагч нь зохион байгуулагчынхаа дэвтэр дээрээс хүний овог нэр регистрийн дугаар бичсэн цаас үзүүлээд зургийг авчихсан байсан. Би зургийг нь хараад шууд таньсан. Тэгэхээр нь би хамгаалагчид нь ирэх юм бол над руу яриулаарай гэж хэлээд 2 хоног хүлээгээд ярихгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Тэр жолоочийг баарнаас гарахад өлгүүрийн өрөө гэрэлтэй байсан. Тэнд хувцсаа өмсөхдөө сайн харсан байсан. Би хаягаа 34-н гүүрний хойшоо гэж хэлж өгсөн. Яг гэрээ зааж өгөх боломж байхгүй байсан. Гүүр дээр очоод зааж өгнө гэж бодож байсан. Намайг сэрээгээгүй би өөрөө даараад сэрсэн. Би бааранд 2 шил вино хувааж уусан байсан. Гэхдээ өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан, би огт бөөлжөөгүй. Би гэрээс гарахдаа 100,000 төгрөгтэй гарсан. Бааранд орохдоо цүнхнээсээ 20.000 төгрөг гаргаж ирээд такс төлөх гэтэл задлахгүй гээд манай найз миний таксын мөнгийг өгчихсөн. Тэгээд би 20,000 төгрөгөө курткиныхаа халаасанд хийсэн байсан. Намайг дуудаж сэрээж мөнгө асуугаагүй, би огт хуц солиор гэж хэлэхгүй тийм ааш ч гаргахгүй. Уг жолоочийг аваад явж байхад манай найз дуудлагын жолооч нарыг машин дагаж явдаг биз дээ гэж асууж байсан. Тэгэхэд жолооч дуугарахгүй байсан. Би машинд явж байхдаа 04 цаг 07 минутанд нөхөртэйгээ утсаар ярьж дуудлагын жолооч аваад очиж байна гэж ярьсанаа сайн санаж байна. Тэгээд унтахдаа гартаа бариад унтсан байх. Мөнгө цүнхний арын халаасанд, 2 сандлын дунд байсан. Би гар утас MF тоглуулагчаа хүлээгээд авчихсан, одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

-Мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...Би анх цагдаад өргөдөл гаргахдаа болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ машиныхаа дугаарыг 83-97 УБП гэж андуурч ярьсан байна. Би хэрэг гардаг өдөр 67-83 УБП дугаартай Тоёота Пробокс маркийн машинтай явж байсан. 83-97 УБП дугаартай машин бол миний хуучин машин байгаа юм. Тиймээс би андуураад хэлчихсэн байна. 67-83 УБП дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин манай нөхөр Мөнхчулууны Очбадрахын нэр дээр байдаг болохоос би өөрөө унадаг миний машин байгаа юм. ...” гэх мэдүүлэг [2],

4.Гэрч Г.Шүрийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “VIР сеntег”-н 2 давхарт “Дурсамж ретро” нэртэй шөнийн цэнгээний газрыг ажиллуулдаг байсан. ...2016 оны 12 дугаар сарын 09-ний орой намайг ажил дээр байхад урьд өдөр нь үйлчлүүлээд гарсан гэх танихгүй эмэгтэй ирж “би танайхаас гарахдаа дуудлагын жолооч автал тэр хүн миний эд зүйлийг авчихлаа” гэж гомдол гаргасан. Би ажилчид болох үйлчлэгч Өлзийхүү, хамгаалагч Батсайхан нараас асуухад манайхаас олон такси явдаг болохоор яг ямар жолооч тэр эмэгтэйг авч явсаныг мэдэхгүй байсан. Тэгтэл үйлчлэгч Өлзийхүү нээрээ манай урд талын Парис баарнаас хүн авч явдаг жижиг залуу байсан. Тэр би явъя гээд явж байсан гэсэн. Тэр үед манай баарны үүдний болон гадаах камер ажиллахгүй эвдэрсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө таксины жолооч залуу манай бааранд ирэхээр нь би цээж зургийг нь гар утсаараа аваад машины бичиг баримт жолооны үнэмлэхийг нь бичиж аван “чи яагаад манайхаас авсан хүнийг дээрэмдсэн юм бэ, урьд манайхаас хүн авч явсан таксины жолооч ийм асуудал гаргаж байгаагүй” гэж асуухад “би тэр хүнийг мэдэхгүй, би 13-р хороолол руу өөр хүн авч явсан, миний явсан бичлэг замын камерт бичигдсэн байгаа” гэж хэлчихээд явсан. Тэгээд нөгөө гомдол гаргасан эмэгтэйг ирэхэд тэр жолоочийн зураг, бичиж авсан зүйлээ өгсөн.

Тэр таксины жолооч хааяа манайхаас хүн зөөгөөд ирж байдаг зүс харсан хүн байсан. Гэхдээ яг овог нэр гар утас, ямар машинтай гэдгийг нь сайн мэдэхгүй байсан. Амгаланбат гэдэг хүн манайд хамгаалалт хариуцсан ажилтнаар ажилладаг байсан. Одоо баар хаагдсан байгаа болохоор ажиллахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг [3],

 

5.Гэрч С.Батсайханы 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 08-ны орой би “Дурсамж” клубт хамгаалагч хийж байхад 12 дугаар сарын 09-ний шөнө баар хаахад үйлчлүүлж байсан хоёр байна уу, гурван эмэгтэй дуудлагын жолооч асууж байсан. Тэгэхэд урьд нь манайхнаас хүн зөөж харагдаж байсан шиг залуу байсан. Би дуудлагын жолооч байна гэж хэлж байх шиг байсан. Тэгээд харсан чинь тэр залуу жолооч асууж байсан эмэгтэйчүүдийг дагуулаад гарч харагдах шиг болсон. Дараа нь тэр залуу манай ажил дээр ирсэн. Тэр үед захирал Шүрээ нэрийг нь асууж тэмдэглэж авсан. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

6. Ө.Зоригтбаатарын сэжигтнээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Хэзээ гэдгээ санахгүй, 2016 оны 12 дугаар сар гарчихсан байсан. Би найзынхаа машинаар халтуур хийж яваад шөнө 02 цагийн үед Өргөө кино театрын хойно байдаг баарны гадаа очоод хүн гарч ирвэл явах гээд зогсож байсан. Тэгтэл өмнө нь надтай цуг шоронд байсан Амгаланбат таараад баар руу орж бид хоёр юм яриад зогсож байхад 3-н эгч гарч ирээд дуудлагын жолооч дуудсан байгаа, хаачсан юм бэ гээд жолооч хайгаад байхаар нь би эгчээ дуудлагын жолооч биш, таксинд явдаг, гэхдээ яахав би яваад өгвөл өгъе гэсэн. Тэгэхэд чи даатгалтай юм уу гээд асуухаар нь би байхгүй дуудлагын жолоочийн үнээр нь явъя, та хэд мөнгөө өгөх юм байгаа биз дээ гэхэд өгнө гээд би тэр 3 эгчтэй гараад баарны гадаа зогсоолд байсан цагаан өнгийн “Рговох” машинтай төстэй суудлын машиныг бариад нэг эгчийг нь модны хоёрын дунд замд байх өндөр байрны гадаа буулгасан. Нөгөө эгчийг “Гранд плаза” төвийн харалдаа зам дээр буулгасан. Жолооч эмэгтэй тэр эмэгтэйгээ “чи энд буугаад такси бариад яв, чамайг хүргэж өгч чадахгүй” гэж хэлж байсан. Тэгээд би жолооч эгчээс хаашаа явахыг асуухад Хархорины 34-б-р байранд очно гэхээр нь би заасан газар нь ирэхэд Б биш 34-а байр гэсэн. Тэгээд 34-а байрны гадаа очиход манай байр биш гээд жаахан согтуурхаад суугаад байсан. Тэнд би хэсэг харж суусан яг хаана юм бэ гэхэд буцаад 34-б байр дээр оч гээд явж байхад манайх 34-а нь гээд байхаар нь би зам дээр зогсоод яг байр чинь аль юм гээд асуухад жаахан байж байснаа манайх 34-б гэж хэлсэн. Тэгээд би машинаа 34-б байрны 1-р орц жаахан өнгөрөөд зогсоод би хүргээд ирчихлээ та надад дуудлагын жолоочийн тарифаар мөнгө өгнө гэсэн тэрийгээ мэдэж байгаа биз дээ. Таныг аваад би 2 цаг гаруй явчихлаа гэхэд над руу харсанаа юу яриад хуцаад байгаа юм, би чамд мөнгө өгөх албагүй пизда минь гэхээр нь би дуудлагын жолоочоор явна гэж тохирсон биз дээ гэхэд нөгөө эгч би чамд нэг ширхэг төгрөг ч өгөхгүй гээд агсамнаад байхаар нь ингэх байсан юм бол яах гэж дуудлагын жолооч авсан юм гэхэд нөгөө эгч машиныхаа хаалгыг онгойлгож байгаад бөөлжсөнөө суудлаа хэвтүүлээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би машины урд салон дээр тавьсан байсан гар утсыг нь авсан. Цаашаа бөөлжихдөө халааснаасаа гараа гаргахдаа 20.000 төгрөг унагасан. Тэрийг нь аваад дахиад нөгөө эгчийг сэрээрэй би явлаа хамаагүй унтаж байгаад хөлдөөд үхчихэв гэж хэлэхэд сэргээд өндийгөөд ирэхээр нь би машинаас буугаад 34а, 34б байрны голоор гарах гээд явж байхад ард машины хаалга дуугарахаар нь эргээд хартал нөгөө эгч дахиад машиныхаа хаалгыг онгойлгочихсон бөөлжиж байсан. Би жаахан сэргэчихсэн юм чинь гайгүй байлгүйдээ гэж бодоод тэр чигтээ явсан. Анх удаагаа тэр баарны гадаа очиход цуг хоригдож байсан Амгаланбаттай таараад уг бааранд орсон. Амгаланбат уг бааранд хамгаалагч хийж байсан. Би өмнө нь хүн авч байгаагүй. Би машины МF тоглуулагч, иргэн Б.Уянгамаагийн цүнх дотроос бэлэн 80,000 төгрөг, 150 юань зэрэг зүйлсийг аваагүй. Уг эмэгтэй суудлаа арагшаа хэвтүүлэхдээ арын суудал дээр тавьчихсан байсан, Гранд плазагийн харалдаа сүүлд буусан эмэгтэйг буусны дараа суудлаа хойшлуулаад хэвтсэн. Тэгэхэд цүнх нь хойно сандал дээр тавьсан байсан. Тэрнээс өмнө цүнхээ урдаа бариад явж байсан. Би цүнхэнд нь огт гар хүрээгүй. Гадуурх хувцасны халааснаас нь 20,000 төгрөг суудлын хажуугаар нь уначихсан. Би тэрийг нь аваад тэр мөнгөөрөө таксидаад машин дээрээ очсон, Mi гэсэн бичигтэй хүрэн шаргалдуу өнгийн дөрвөлжин Хятад гар утас байсан. Би тэр утсыг нь дэнжийн 1000 дээр явж байгаад танихгүй хүнд 20,000 төгрөгөнд зарчихсан. ...” гэх мэдүүлэг [5],

-яллагдагчаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө би найз Энхтулгын “Верна” маркийн машинаар халтуур хийж яваад 3, 4-р хороололд байдаг “Дурсамж” баарны урд нэг хүнийг буулгасан. Хүнээ буулгачихаад хөдлөөд явах гэтэл хуучин хамт ял эдэлж байсан Амгаланбаатар таарч бид хоёр дотор баарны үүдэнд юм ярьж суусан. Тэгээд байж байхад баарнаас 3 эгч гарч ирээд дуудлагын жолооч дуудсан байгаа хаана байна гэхэд Амгаланбаатар надад хандан чи энэ гурван эмэгтэйг хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэндээс явахаас өмнө машины эзэн нь надаас даатгал байгаа юу, 1 цаг нь 10,000 төгрөг байдаг биз дээ гэхэд нь би та яг тэр мөнгөрөө явна биз дээ, мөнгө өгнө биз дээ, гэхэд хэдэн цаг явсан ч би мөнгийг нь өгчихнө гэсэн. Тэгээд би тэр эгчийн маркийг нь мэдэхгүй цагаан өнгийн машиныг нь жолоодоод баарнаас модны хоёрын дунд зам орж нэг эгчийг нь тэнд буулгаж цааш яваад Гранд плазагийн урд нөгөө эгчийг буулгасан. Тэгээд тэндээс шууд 1-р хорооллын 34б байр яв гэж зааж өгөөд явсан. 34б байрны гадаа ирэхэд тэр эгч машиндаа унтаж байсан. Сэрээгээд ирчихлээ гэсэн чинь би 34-б байранд байдаггүй, 34-а байранд байдаг манайх энд байдаггүй гэхээр нь 34-а байранд ирээд ирчихлээ аль орц вэ гэхэд манайх 34-а байр бишээ гэсэн. Тэгээд би тодорхой сайн асуухад хэлэхгүй байж байснаа 34-б байр руу оч гэсэн. Би 34-б байрны 1-р орцны урд ирээд зогсож сэрээх гэхэд сэрэхгүй нилээн удсан. Та сэрээчээ явмаар байна бараг 3 цаг болчихлоо 30,000 төгрөг авъя гэсэн чинь сэрэнгүүтээ урдаас агсарч чамд нэг ч төгрөг өгөхгүй гэж хараалын үг урсгаж байгаад буцаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би машины урд салон дээр байсан гар утсыг нь аваад цаашаа харж бөөлжихөд нь хаанаас унасаныг мэдэхгүй 20,000 төгрөг байхаар нь аваад та босоорой гадаа сэрүүхэн байна, машиныг чинь унтраагаад түлхүүрийг нь зоолттой орхичихлоо гэж хэлээд явсан. Тэгэхэд тэр эгч намайг чи яв гэж хэлээд хаалгаа онгойлгон бөөлжөөд үлдсэн. Би машины MF-З, мөнгө аваагүй. Надад мөнгөө өгөхгүй болохоор нь барьцаа болгож гар утас, 20,000 төгрөгийг нь авсан. Би урьд өмнө “Дурсамж” бааранд очиж байгаагүй. Тэр үед анх удаа очсон. ...” гэх мэдүүлэг [6],

 

7.Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 204 тоот дүгнэлтийн:

“...1.Ө.Зоригтбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ө.Зоригтбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ө.Зоригтбаатар нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Ө.Зоригтбаатар нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Ө.Зоригтбаатар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Зоригтбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. /комиссын дарга тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, гишүүд ахлах зэрэгтэй эмч Н.Наранцэцэг, илтгэгч их эмч  Я.Ганхүү/ гэсэн дүгнэлт [7],

8.Эд зүйлийн үнэлгээ [8],

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд.

 

9.Гэрч Г.Мөрөнбаатарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Зоригтбаатар 1988 онд төрсөн, эхээс хоёулаа, айлын том хүүхэд. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 12 настайдаа сургуульд орж 8-р анги төгссөн.  Зоригтбаатар одоо ээж дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 30-271-а тоотод амьдардаг. Ээж Өлзий нь зүрхний өвчтэй хэвтэрт байдаг. Дүү Содончимэг нь 7-р ангийн сурагч юм. Зоригтбаатар гэрээсээ ганцаараа ажил хийж ээж дүү нараа тэжээдэг. Эрхэлсэн тодорхой ажилгүй найз нөхдийнхөө машинаар таксинд явж халтуур хийдэг. Би Зоригтбаатартай нэг хашаанд амьдардаг, надаас өөр ах дүү нар гэх хүн байхгүй. Зоригтбаатар нь уян зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу, илэн далангүй, нээлттэй нийтэч байдаг, хүний үг сайн сонсдог дуулгавартай, төлөв даруу зантай, ээж дүү нартаа их халамжтай, надад болон бусад ах дүү нартаа тусалж дэмжиж байдаг, сайхан сэтгэлтэй, элдэв муу зан авиргүй, хүн яаж хандана аль болох аргыг нь олоод харьцдаг, архи согтууруулах ундаа уудаггүй, элдэв муу зуршилгүй хүн. ...” гэх мэдүүлэг  [9],

 

10.Гэрч О.Өлзийгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Зоригтбаатар бол миний том хүүхэд бөгөөд эхээс хоёулаа эмэгтэй дүүтэй. Аав Бадамханд нь бага балчир байхад нь нас барж бага насаа миний гар дээр өнгөрүүлж өдий хүрсэн. Зоригтбаатар сургуульд суралцаж 8-р анги төгсөөд хувиараа ундаа тамхи зарж наймаа хийдэг байсан. Одоо Зоригтбаатар найз нөхдийнхөө машиныг гуйж хувиараа таксинд явж ар гэрээ тэжээж байгаа. Би бие муутай тархины нарийсал өвчтэй, дүү нь 7-р ангийн сурагч болохоор манайд Зоригтбаатараас өөр ажил хийдэг хүн байдаггүй. Миний хүү Зоригтбаатар хүний үгээр, гэнэн цайлган, даруухан, элдэв муу зуршилгүй, ажилсаг тусч, хүний төлөө гэсэн сзтгэлтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн. ...” гэх мэдүүлэг [10],

 

11.Шүүгдэгч Ө.Зоригтбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа [11], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [12], Ө.Зоригтбаатарын зан байдлын тодорхойлолтууд [13] ,

 

12.Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3808 дугаар тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тухай тодорхойлолт,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 509 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтууд  [14] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ө.Зоригтбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

 

Нэг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь өөрийгөө дуудлагын жолооч гэж танилцуулан 2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Б.Уянгамаагийн 67-83 УБП улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн машиныг жолоодож гэрт нь хүргэж өгөх зам зуураа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34 дүгээр байрны арын гүүрний орчимд Б.Уянгамаагийн цүнхнээс 80,000 төгрөг, 150 юань, машины тамхины асаагуурт байсан  МF-3 тоглуулагч, Эм-Ай 300 маркийн гар утас зэргийг хулгайлж 583,884 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Мөрдөн байцаалтад:

-хохирогч Б.Уянгамаагийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би найз Батханд, Отгонцэцэг нарын хамт ...“Дурсамж” нэртэй бааранд орцгоосон. Бааранд 1 шил вейлес 2 шил вино авч ууцгааж бүжиглэж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад уг баарнаас гарсан. ...дуудлагын жолооч дуудъя гээд утсаа гаргаж иртэл тус баарны хамгаалагч дуудлагын жолооч байгаа гэсэн. ... энэ байна гээд сууж байсан залуу руу заахад нөгөө залуу босоод ирсэн. Тэгээд уг залууг дагуулж гараад би өөрийн 83-97 УБП улсын дугаартай “Тоёота пробокс” маркын машинаа уг залуугаар бариулсан. ...Нэг сэрэхэд 34-н гүүрний хойд талын гражуудын дунд би машиныхаа урд талын сандал дээр унтаж байгаад даараад сэрсэн. Дуудлагын жолооч байхгүй болсон байхаар нь утсаа гаргаж ярих гэтэл утас байхгүй, цүнхээ үзтэл цүнхний арын кармаанд байсан 80.000 төгрөг, 150 юань, машины тамхины асаагуурт зоолттой байсан МF тоглуулагч байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг [15] , түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-Ө.Зоригтбаатарын сэжигтнээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, яллагдагчаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн  мэдүүлэг [16],

-гэрч Г.Шүрийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 09-ний орой намайг ажил дээр байхад урд өдөр нь үйлчлүүлээд гарсан гэх танихгүй эмэгтэй ирж “би танайхаас гарахдаа дуудлагын жолооч автал тэр хүн миний эд зүйлийг авчихлаа” гэж гомдол гаргасан. ...2 хоногийн дараа нөгөө таксины жолооч залуу манай бааранд ирэхээр нь би цээж зургийг нь гар утсаараа аваад машины бичиг баримт жолооны үнэмлэхийг нь бичиж аван ...гомдол гаргасан эмэгтэйг ирэхэд тэр жолоочийн зураг, бичиж авсан зүйлээ өгсөн. ...” гэх мэдүүлэг [17],

-гэрч С.Батсайханы 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны орой би “Дурсамж” клубт хамгаалагч хийж байхад 12 дугаар сарын 09-ний шөнө баар хаахад үйлчлүүлж байсан хоёр байна уу, гурван эмэгтэй дуудлагын жолооч асууж байсан. Тэгэхэд урьд нь манайхнаас хүн зөөж харагдаж байсан шиг залуу би дуудлагын жолооч байна гэж хэлж байх шиг байсан. ...тэр залууг жолооч асууж байсан эмэгтэйчүүдийг дагуулаад гарч харагдах шиг болсон. ...” гэх мэдүүлэг [18] , эд зүйлийн үнэлгээ [19] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь бэлэн 60,000 төгрөг, машины MF тоглуулагч, 150 юань зэргийг аваагүй, хохирогч үйлчилгээний хөлсөө төлөөгүй тул барьцаанд түр гар утасыг нь авсан, хулгай хийх санаа зорилго байгаагүй гэж маргасан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг тогтоож чадаагүй, хохирлын хэмжээг зөв тогтоогоогүй, гар утасыг хохирогчийн хэлснээр тогтоосон, машиныг өөр хүн барьсан байх боломжтой гэж мэтгэлцэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргасан.

 

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, сэм аргаар авах замаар үйлдэгддэг бөгөөд хөрөнгийг нь зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч захиран зарцуулах, шунахайн сэдэлт, зорилгоор авахыг хэлнэ. Нөгөө талаас согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан зэрэг тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг нь авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь хохирогч Б.Уянгамаагийн согтуурсан үедээ унтаж байсныг далимдуулан түүний гар утас, бэлэн мөнгө, юань, машины MF тоглуулагч зэрэг эд зүйлийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлджээ.

Хохирогч Б.Уянгамаагаас мэдүүлэхдээ “тухайн өдөр миний цүнхэнд 80,000 төгрөг байсан, сандалын завсар 20,000 төгрөг байх үндэслэлгүй, машины тоглуулагч байсан, мөн хэтэвчиндээ байнга хадгалдаг 150 юань” зэргийг авсан байсан гэж мэдүүлэх ба, хохирогчийн автомашинд ил 20,000 төгрөг байгаагүй, харин хохирогчийн цүнхнээс бэлэн мөнгийг нь авсан гэж үзэх үндэслэл бий болж байна.

Хохирогч мөрдөн байцаалтад өөрийн гар утасыг худалдан авсан үнийг хэлсэн, түүний гар утасны зах зээлийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээ тогтоох комисс тогтоосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Б.Уянгамаагийн машиныг Ө.Зоригтбаатараас өөр хүн жолоодсон гэх баримт хэрэгт байхгүй болно.

Шүүгдэгч Ө.Зоригбаатарын хохирогчийн 60,000 төгрөг, 150 юань, машины MF тоглуулагч зэргийг аваагүй гэх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай санал үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болдог.

Хэдийгээр хохирогч Б.Уянгамаад бага бус хэмжээний хохирол учруулсан боловч  давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Зоригтбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, Ө.Зоригтбаатарыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүх хуралдаанд хохирогч Б.Уянгамаа нь бэлэн 80,000 төгрөг, 150 юань, Mi-300 маркийн гар утас, машины MP-3 тоглуулагч алдагдсан гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос 80,000 төгрөг, 150 юань монгол мөнгөөр 53,884 төгрөг, Mi-300 маркийн гар утас 400,000 төгрөг, машины MP-3 тоглуулагч 50,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон, эдгээрийн нийт үнэ 583,884 төгрөг байна.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уянгамаа нь хулгайд алдагдсан Mi-300 маркийн гар утас, машины MP-3 тоглуулагчаа буцаагаад биетээр нь хүлээн авсан байх ба, хэрэг бүртгэлтэд байцаагч хохирлын 123,000 төгрөгийг шүүгдэгч өгсөн талаар хэлж байсан боловч надад өгөөгүй, тус хохирлын мөнгийг байцаагчаас авна гэж мэдүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Зоригтбаатараас хэрэг бүртгэлтэд н.Нармандах байцаагчид 123,000 төгрөгийг хохирлын төлбөрт миний ахаас хүлээлгэж өгсөн гэж мөн мэдүүлсэн боловч хохирлын мөнгө хүлээн авсан, өгсөн талаар хэрэгт үйлдсэн баримтгүй байна.

Иймд шүүгдэгч Ө.Зоригтбаатараас бэлэн 80,000 төгрөг, 150 юань буюу 53,884 төгрөг, нийт 133,884 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уянгамаад олгох үндэстэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс “хэрэг бүртгэгч хохирлын мөнгө хүлээн авсан атлаа хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Хохирогч хохирлын мөнгө хүлээн авсан гэх баримт алга. Иймд хохирол төлөгдсөн эсэх нь ойлгомжгүй байна гэж тайлбарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр төлөгдсөн эсэхийг тодруулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах санал гаргасан ба энэ үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй юм. Харин хэрэг бүртгэгч н.Нармандах  хохирлын төлбөрийг хүлээн авсан атлаа хохирогчид хүлээлгэн өгөөгүй эсэх тухай асуудлаа холбогдох байгууллагад нь гаргаж шийдвэрүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь 2 удаагийн ял шийтгэлтэй ба, сүүлд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тус хорих ялаас эдэлсэн 3 жил 9 сар 16 хоногийг нь хасч, үлдэх 1 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байх ба,

 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн  1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болох талаар заасан ба шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь ялтай хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдсэн байна

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоол гарсан дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялын бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан тул шүүгдэгч Ө.Зоригтбаатарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялын заримыг нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг тогтоох үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ө.Зоригтбаатар урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дөрөв.Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Зоригтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч, хохирогч нараас хэргийн материалтай танилцаагүй гэж шүүх хуралдаанд мэдүүлэх боловч тэд хавтаст хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан тухай баримт хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд авагдсан байх тул уг баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаар танилцаагүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Олхонууд овгийн Өлзийн Зоригтбаатарыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Өлзийн Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Зоригтбаатарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Зоригтбаатарын биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Зоригтбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Зоригтбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Зоригтбаатараас 133,884 (нэг зуун гучин гурван мянга найман зуун наян дөрөв)  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уянгамаад олгосугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Зоригтбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ө.Зоригтбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 35 дугаар тал. 

[4] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 57-58 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 46 дугаар хуудасны ар талд. 53 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 44-52, 54-55 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 35 дугаар тал. 

[18] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.