Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2025/00069

 

Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэр,

 Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 224/МА2025/00003 дугаар магадлалтай,

 Нын нэхэмжлэлтэй

Уд холбогдох

 Уы даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 дугаар сарын 01-нээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,420,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Уд холбогдуулан Уы даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,420,607 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ныг Уы нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахыг хариуцагч Уд даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,648,486 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,772,121 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Уд даалгаж,

Нэхэмжлэгч Нын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Уоос улсын тэмдэгтийн хураамж 73,326 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 224/МА2025/00003 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Уы дарга Ч түүний өмгөөлөгч Л нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2023.11.09-ний өдрийн тэргүүлэгчдийн тогтоолоор зохион байгуулагчийн ажлын байранд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан талаар, энэ тухай ажил олгогчийн гаргасан тогтоол шийдвэртэй холбогдуулж маргаан үүсгээгүй. Хэрэв маргаан үүсгэж байгаа гэж үзэж байвал шат шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн тодор, 154.2.2-д энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэсэн хуулийн заалтыг дагаж, хөдөлмөр эрхлэлтийн маргааны зохицуулж шийдвэрлэх байсан.

4.1. Нтай холбогдох нөхцөл байдал үүсэн тухайд.

2023.09.25-ны өдөр Уы 11-р Бага хурал болж шинэ дарга, шинэ тэргүүлэгчид сонгогдож ажилдаа орсон. Уны даргын ажлыг хүлээж авахад манай байгууллага нь сүүлийн жилүүдэд он дамжсан нийгмийн даатгалын шимтгэлийн болон хүн амын орлогын албан татварын 5-6 сая төгрөгийн өр төлбөртэй, санхүүжилт багатай, 6-7 ажилтны гэрээт ажлын хөлс төлөх чадваргүй байгууллага байсан. Энэ асуудлыг тэргүүлэгчдийн хуралд танилцуулж бүтэц, орон тоог хасах шаардлага гарсан. 2023.11.09-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар нягтлан бодогч, сувилагч, тогооч гэсэн орон тоог хасахаар шийдвэрлэж тогтоол гаргаж баталгаажуулсан. Тухайн үед Н нь зохион байгуулагч, нягтлан бодогч, тогооч гэсэн ажлуудыг хийж байсан гэх хэдий ч аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь Уны үйл ажиллагааны санхүүжилтийг зогсоочихсон байсан. Н нь өөрөө Уны тэргүүлэгчдийн сонгуульт ажилтай хүн байсан. Өөрөө зохион байгуулагчаар ажиллаж байсан учраас тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг бичиг оролцож байсан.

Уны нягтлан бодогч, сувилагч, тогооч, үйлчлэгч гэсэн орон тоог хассан хэдий ч Нын тухайд олон жил ажиллаж байсан ажлын арга барил, мөн хувь хүнийх нь хувьд хохироохгүйгээр өөр ажилд буюу зохион байгуулагчийн үндсэн ажлын байранд шилжүүлэн, сэлгэн ажиллуулж, цалин хөлсийг нь зохион байгуулагчийн үндсэн ажлын байранд нь хөдөлмөрийн хөлсний доод жишгээр 550,000-660,000 төгрөгөөр тогтоож 2023 оны 11, 12 сар, 2024 оны 01, 02, 03 сард ажиллаж байхдаа гэрээт ажлын хөлсөө бүрэн бүтэн авч ажилласан. Энэ нь байгууллагын санхүүгийн гэрээт ажлын хөлс олгосон жагсаалтаар тогтоогдож байгаа. Энэ асуудлыг тэргүүлэгчдийн санал санаачилгаар ярилцаж тэргүүлэгчдийн тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Тэргүүлэгчид энэ асуудлыг бүгд өөрсдөө нотолж байгаа.

4.2. Нын ажлаас чөлөөлөгдсөн тухайд.

Н нь 2023.11.09-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаас хойш 2024.03.13-ны өдөр хүртэлх хугацаанд тус хорооны зохион байгуулагчийн үндсэн орон тоон дээр ажиллаж байсан. 2024.03.13-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, өөрийн биеэр танилцуулж өгсөн. Харин энэ өдрөө цаашид тус хорооны нягтлан бодогчоор ажилламаар байна гэж амаар хүсэлт гаргасан, миний бие хариуд нь өнгөрсөн 6 сарын хугацаанд хамт ажиллаж байхад удаа дараа гаргаж байсан зөрчил дутагдал, ажлын цалгардал, ажилдаа ирдэггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, харьцаа хандлагын зөрчилтэй байдлаас шалтгаалж байгааг өөрт нь хэлж танилцуулаад, зохих шаардлагыг хангаж ажиллах өөр хүн олж ажиллах саналтай байгаагаа хэлж, цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ амаар хэлж мэдэгдсэн. Энэ үед буюу 2024.03.13-ны өдөр түүнийг орон тооны болон орон тооны бус нягтлан бодогчоор томилсон ямар нэгэн тушаал шийдвэр огт гаргаагүй, орон тоог хасах үед зохион байгуулагчийн үндсэн ажлын байранд шилжүүлэн сэлгэн ажиллуулж байсан. Иймд түүнтэй санхүү мөнгөний болон цалин хөлсний ямар нэгэн хохирлын тооцоо байхгүй, гаргаагүй болно.

Н нь 2023.11.09-ний өдрөөс хойш 5 сарын хугацаанд байгууллагын цалингийн цэсэнд зохион байгуулагчийн ажлын байран дээр тушаал, шийдвэр гарч, гэрээт ажлын хөлсөө тухай бүр бүрэн бүтэн авч байсан. Энэ өдрөөс хойш түүнтэй холбоотой ямар нэгэн томилсон тушаал шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ хэлцэл хийгдээгүй, нягтлан бодогчийн орон тооны болон орон тооны бус ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй, байгууллагын бүтэц орон тоонд дахиж зохион байгуулалт хийгдээгүй байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв Н нь нягтлан бодогчийн ажлын байр, цалин хөлсний тухай асуудлыг ярих байсан бол 2023 оны 11 сард, 2024 оны 01 сард шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

4.3. Нын шүүхэд хандах болсон шалтгаан.

Н нь 2024.03.13-ны өдөр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр гаргаж өгсөн. Хүсэлтийнх нь дагуу холбогдох тушаал шийдвэрийг гаргаж, зохион байгуулагчийн ажлыг хүлээж авсан. Хамгийн гол асуудал нь Нын сэйфэнд хадгалагдаж байсан байгууллагын удирдлагын болон санхүүгийн баримт бичгийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгөх, хүлээж авах албаны харилцаа үүсгэхийн тулд орон тооны бус гэдэг үг хэллэг хэрэглэж мэдэгдэл хүргүүлж, тушаал гаргасан нь шүүхэд хандах эх үүсвэр болсон гэж үздэг. Зохион байгуулагчийн ажлыг хүлээлцэхдээ дээрх удирдлагын бичиг баримтыг өгөхгүйгээр олон хоног яваад байсан. Арга буюу тийм бичиг баримт боловсруулж хандсан нь буруу ойлголт төрүүлсэн байна. Нягтлан бодогчийн ажлын байр нь 2023 оны 11 сард, 2024 оны 01 сард бүтэц, орон тооны өөрчлөлтөд орсон. Тухайн үед Нын цаашид ажиллах санал хүсэлт, ажиллах сонирхол, хөдөлмөрлөх эрхийг нь хангаж, ашиг сонирхлыг нь дордуулахгүйгээр ажлын байрыг нь өөрчилж, зохион байгуулагчийн ажлын байранд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах шийдвэр гарган томилж, 5 сар гаруй хугацаанд хамтран ажилласан. Зохион байгуулагчийн ажлын байранд нь гэрээт ажлын хөлсийг цаг тухай бүрт нь тасалдалгүй олгож байсан, байгууллагын санхүүгийн цалингийн цэс жагсаалтад зохион байгуулагч гэсэн нэр томъёоллоор цалин хөлс олгож байсан нь цалингийн цэсээр нотолж байгаа, ингэж тодорхой баримтаар нотолж байгаа асуудлыг шат шатны шүүх нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлахгүйгээр шийдвэрлэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Нын гаргаж буй нотлох баримтын тухайд.

Нын шүүхэд гаргасан нотлох баримт гэх баримт бичгүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Тухайлбал, 2017, 2019 оны зарим нэг удирдлагын бичиг баримт нь 2023.11.09-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаас өмнө хүчинтэй байсан байж магадгүй. Энэ өдрийн хурлаас хойш дээрх бичиг баримтууд нь хүчингүй болсон гэж үзэж байна.

Хэргийн материалтай танилцахад нотлох баримтын шаардлага хангахгүй материал дээр нотариат хийсэн байх шиг, хэргийн материалын 50 гаруй хуудас материал нь ямар ч нотариатаар баталгаажуулаагүй байгаа. Дээрх нотлох баримт, материалууд нь Уны үндсэн бичиг баримтад огт хадгалагдаагүй, үндсэн эх хувиар архивлагдсан зүйл байхгүй байгаа. Уг нотлох баримт гэх материал байтугай тус хорооны 2017-2023 оны хоорондох удирдлагын баримт бичиг одоо хүртэл нэг ширхэг ч архивлагдаж хадгалагдаагүй байна. Н нь 2023 оны 11, 12, 2024 оны 01, 02 сард Уноос олон тооны бичиг баримт устгаж, шатааж байсныг сахиул-жолооч А хараад танилцуулж байсан. Эндээс харахад өөрт хэрэгтэй бичиг баримтаа авч үлдээд байгууллагын бусад бичиг баримтыг шатаасан байж магадгүй гэсэн хардлага төрж байна.

4.5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэгт хариу тайлбар хийх нь.

Уг магадлалаар Н нь 2017.10.05-ны өдөр Уд нягтлан бодогчийн ажилд орж, улмаар тогооч, зохион байгуулагч зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байгаад өөрийн хүсэлтээр 2024.03.14-ний өдрийн 01 дүгээр тушаалаар тус хорооны зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна гэсэн энэхүү шийдвэр үндэслэлгүй байна. Бүхий л нөхцөл байдлыг тайлбарлаж танилцуулаад байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үүссэн нөхцөл байдлыг шинжлэн судлахгүйгээр, ач холбогдол өгөхгүй байсныг дахин тодруулан тайлбарлаж байна.

Иргэн Н нь тус хорооны бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд албан ёсны тушаал шийдвэртэй ажиллаж байсан мэтээр, сүүлийн саруудад уг орон тоон дээр цалин хөлс авч байсан мэтээр буруу ойлголт төрүүлж нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.03.13-ны өдрийн 001/ШХТ2025/00261 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Уд холбогдуулан Уы даргын 2024.06.04-ний өдрийн 18 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2024.03.01-нээс 2024.10.10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,420,607 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Н нь 2017.10.05-ны өдрөөс хойш тус Унд нягтлан бодогчийн ажлыг эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд тогооч, зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2024.03.14-ний өдрөөс өөрийн хүсэлтээр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөж, нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Хариуцагч Уы дарга Ч удаа дараа үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан боловч өөрийн тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан 2024.06.04-ний өдрийн 18 дугаартай тушаалыг мөн өөрөө хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг тус Уны нягтлангийн ажилд ажиллуулахгүй байгаа нь хууль бус байна...” гэж тодорхойлсон.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Уы тэргүүлэгчдийн 2023.11.09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор тус хорооны бүтэц, орон тоог өөрчлөн баталсан бөгөөд нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан. Н тус хуралд өөрөө оролцож, орон тоо нь хасагдсан гэдгийг мэдсэн.

Миний хувьд байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд Нтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан алдаа гаргасан байна. Иймд өөрийн алдаагаа засварлаж, 2024.06.04-ний өдрийн 18 дугаартай тушаалаа хүчингүй болгосон. Н нь 2024.03.14-ний өдөр тус хорооны зохион байгуулагчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Иймд Н нь 2024.03.14-ний өдрөөс хойш манай байгууллагад хамааралгүй болсон хүн юм. ...Ныг байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй ажлын байранд ажиллуулах боломжгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх: “...нэхэмжлэгч нь 2017.10.05-ны өдөр Уы нягтлан бодогчийн ажлын байранд томилогдон ажилласан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ныг нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлсөн баримт байхгүй байна. ...Хариуцагч нь Уны бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч орон тоо шинэчлэн баталсан 2023.11.09-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага болохын хувьд байгууллагын бүтэц, орон тооноос нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч Нд түүний ажлын байр хасагдсан тухай мэдэгдээгүй, дээрх үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргаагүй атлаа нэхэмжлэгчийн ажлын байр тухайн байгууллагын бүтцэд байхгүй гэх үндэслэлээр нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэж үзнэ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан Уы нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэсгийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь 2024.03.01-ний өдрөөс 2024.10.10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,420,607 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 3,648,486 төгрөгийг хангаж, үлдэх 1,772,121 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хэдийгээр хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар адил дүгнэлт хийж, ижил шийдвэр гаргасан боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч Н нь 2017.10.05-ны өдрөөс Уд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн, Уны даргын 2019.02.01-ний өдрийн №04 тушаалаар нягтлан бодогч-тогоочоор, 2023.02.28-ны өдрийн №02 тушаалаар нягтлан бодогч-зохион байгуулагчаар ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, нягтлан бодогчийн ажлын байр хасагдсан тул 2024.01.05-ны өдрөөс зохион байгуулагч/нябо/ албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, 2024.03.13-ны өдөр зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн 2024.03.14-ний өдрийн №01 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж,  ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

Ажил олгогч дээрх шийдвэрээр Нын ажил үүргийг бүхэлд нь дуусгавар болгосон гэж үзсэн бол ажилтан зөвхөн зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй тул нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсан байна.

11. Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар:

11.1. У 2024.01.05-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын №05 тогтоолоор хорооны бүтцийг дарга, зохион байгуулагч, жолооч-сахиул гэсэн 3 орон тоотой байхаар баталсан, хурлын тэмдэглэлээс үзвэл нягтлан бодогчийг гэрээгээр ажиллуулах боломжтой талаар хэлэлцсэн байна.

Нэхэмжлэгч Н 2023.02.28-ны өдрийн №02 тушаалаар нягтлан бодогч-зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2024.01.05-ны өдөр №01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохион байгуулагч/нябо/ гэсэн ажлын байранд ажиллажээ.

 Тэрээр 2024.03.13-ны өдөр зохион байгуулагчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч 2024.03.14-ний өдөр №01 тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ажилтан нягтлан бодогчийн ажил үүргээс чөлөөлөгдөөгүй гэж маргасан үндэслэлээр 2024.04.03-ны өдөр №05 тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлжээ.

11.2. Нэхэмжлэгч нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг хэлэлцэх явцад тушаалд хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж зөвлөснийг хүлээн авч ажил олгогч 2024.04.26-ны өдрийн №12 тушаалаар өмнөх №05 тушаалыг хүчингүй болгосны дараа хууль хэрэглээний алдааг залруулан 2024.06.04-ний өдөр №18 тушаалаар ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан боловч нэгэнт тухайн ажлын байр байхгүй байхад урьд хууль бус тушаал гаргаж байсан байна гэх үндэслэлээр 2024.10.18-ны өдрийн №31 тушаалаар №18 тушаалыг хүчингүй болгосон гэжээ. /хариуцагчийн тайлбарласнаар/

11.3. Уы тэргүүлэгчдийн 2023.11.09-ний өдрийн №04 тогтоолоор хорооны бүтэц, орон тоог өөрчлөн баталснаар нягтлан бодогчийн орон тоо хасагдсан, нэхэмжлэгч Н Уны тэргүүлэгч гишүүн тул орон тоо цөөрч, нягтлан бодогчийн орон тоо хасагдсан үйл баримтыг мэдэж байсан, хуралдаанаар нягтлан бодогчийг гэрээгээр ажиллуулахаар хэлэлцсэн болох нь 2024.01.05-ны өдрийн Уы тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд тусгагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ажил олгогч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд зохион байгуулагч/нябо/ ажлын байранд ажиллаж байгаад зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хүсэлтийг нягтлан тодруулаагүй, улмаар цаашид нягтлан бодогчоор ажиллуулах үндэслэлгүй болохыг мэдэгдээгүй буруутай байх боловч энэ нь нэхэмжлэгчээр нягтлан бодогчийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ гэсэн ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл, ажилтныг үндсэн гүйцэтгэж байсан зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн нь түүнийг хавсран гүйцэтгэж байсан нягтлан бодогчийн ажил үүргээс нэгэн адил чөлөөлөх үндэслэл болно.

Иймд ажилтан нэгэнт орон тооны бүтцээр тухайн байгууллагад байхгүй ажлын байранд үргэлжлүүлэн ажиллахаар ажил олгогчтой маргах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй.

11.4. Анхан болон давж заалдах шатны шүүх Уд нягтлан бодогчийн ажлын байр байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ныг тус хороонд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон нь шийдвэр биелэгдэх боломжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээр дурдсанчлан Уд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.

12. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

12.1. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,420,607 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэдийгээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй боловч ажил олгогч нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаалаа өөрөө хүчингүй болгож, улмаар сахилгын хариуцлага тооцож байсан зэргээс үзэхэд Ныг нягтлан бодогчоор ажиллуулах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Иймд энэ хугацааны буюу нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн 2024 оны 04 дүгээр сараас тушаалыг хүчингүй болгосон сүүлийн тушаал гарсан 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

12.2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож, хариуцагчаас 3,648,486 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

13. Дээр дурдсанчлан, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 224/МА2025/00003 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00483 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Уоос 3,648,486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нд олгож, үлдэх 1,772,121 төгрөгт холбогдох хэсгийг болон Уд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Уоос 2025.02.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД