Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талын өмчлөгчөөр бүртгэхийг даалгах.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...2006 оны 0******* сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. “Худалдан авах гэрээ” байгуулахдаа Н******* дүүргийн шүүхийн 2006 оны 02-р сарын 16-ны өдрийн 27 тоот шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан болно. Худалдагч тал гэрээ байгуулж төлбөрөө аваад байраа суллаад явсан ба худалдан авсан тал болох бид гэрээ болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлэх гээд өнөөдрийг хүртэл бүртгүүлж чадахгүй 12 жил боллоо.

Бидэнд эд хөрөнгөө худалдсан хүмүүсийн зарим нь гадаадад зарим нь Өмнөговьд ажиллаж байгаа гэж сураг сонсогдсон боловч одоо болтол хэнтэй нь ч уулзалдаагүй байна. Миний хувьд одоо 3 жил өнгөрвөл иргэний хуулийн 104-р зүйлд заагдсаны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлж болох боловч өөрийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулж барьцаалах болон бусад эрхээ эдэлж чадахгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Бүртгэл хийгдлээ гэхэд “өнөөдрийн байдлаар бүртгэлийг буруу хийлээ гэх үл хөдлөх хөрөнгөө буцаан шаардах эрх бүхий этгээдийн хувьд” иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1, 75.2.2-д заагдсан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа учир бүртгэл хийлгэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Нөгөө талаар худалдагч талыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж оллоо ч гэсэн гадаадад болон орон нутагт байгаа хүмүүсээр бүртгэл хийлгэхийг даалгах боломж нь хуулиараа байхгүй байна. Иймд худалдан авсан эд хөрөнгөө 12 жилийн турш амьдарч байгаа Л.Бнамайг Н******* дүүргийн ******* хороо Д******* ******* тоот хаяг бүхий ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Иргэн Л.Б нь бүртгэлийн байгууллагад 2006 оноос хойш 4 удаа хандсан бөгөөд ингэхдээ Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* гудамжны ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү___ дугаартай 160м.кв талбайтай 2 давхар “З.Х, Ш.Н, Х.М, Х.Б, Х.Х, Х.Х, Х.Гнарын 7 хүний өмч хувийн сууцыг 2006.02.16-ны өдрийн Н******* дүүргийн шүүхийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн 2006.03.30-ны өдөр иргэн З.Х, Х.Б, Х.Х нараас иргэн Л.Б худалдан авсан “худалдах, худалдан авах гэрээ”- ний дагуу өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэлт гаргасан байдаг.

Бүртгэлийн хэлтэс нь иргэн Л.Бы дээрх хүсэлтийг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулж болохгүй дараах зөрчлүүд байна. Үүнд: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна.”

2. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг “Шүүх арбитрын шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг тусгаагүй байвал ерөнхий бүртгэгч тухайн байдлыг тодруулж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Учир нь худалдах, худалдан авах гэрээнд өмчлөгчдийн гарын үсэг зурагдаагүй, насанд хүрээгүй өмчлөгч нарыг хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн нэр тус бүрийн өмнөөс хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

 Х.Бы худалдах, худалдан авах гэрээний үндэслэл болгосон шүүхийн шийдвэр нь худалдагч нарын гэрлэлтийг цуцалж, дундын өмчийг шийдвэрлэсэн ба аль дүүрэгт хаана байршилтай ямар эд хөрөнгийг худалдагч нарт олгосон нь тодорхойгүй, дэлгэрэнгүй бичигдээгүй. Дээрх шүүхийн шийдвэрт нэг өмчлөгч болох Х.Мд ногдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурьдаагүй. Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-“...нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу татгалзсан болно. Иймд шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсны дараа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчилж бүртгэх боломжтой байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Л.Бы нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Б тус шүүхэд хандаж “...худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө 12 жилийн турш эзэмшин амьдарч байгаа намайг Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* тоот хаягт байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж худалдан авсан,...12 дахь жилдээ уг орон сууцанд амьдарч байгаа гэрээний талаар ямар ч маргаангүй байхад удаа дараа үндэслэлгүй хариу өгч бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн бүртгүүлэхээр хүсэлт болгож байгаа Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* гудамжны ******* тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 160 м2 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн З.Х, Ш.Н, Х.М, Х.Б, Х.Х, Х.Х, Х.Гнарын 7 хүний өмчлөлд бүртгэгдсэн, Н******* дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр иргэн З.Х Ш.Н нарын гэрлэлтийг цуцалж тэдний дундын өмч болох орон сууцыг З.Х болон түүний хүүхдүүд болох Х.Б, Х.Х нарын өмчлөлд үлдээсэн, энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.

Түүнчлэн З.Х нь 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн Ү-___ дугаарт бүртгэлтэй, Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* гудамжны ******* тоотын 160 м2 талбайтай амины орон сууцыг 2 сая төгрөгөөр үнэлэн иргэн Л.Бд худалдахаар гэрээ байгуулсан, уг гэрээнд 12 настай Х.Б, 8 настай Х.Х нарыг төлөөлж эцэг З.Х гарын үсгээ зурж гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, энэ гэрээний талаар ямар нэгэн маргаан үүсээгүй.

Ийнхүү гэрээ байгуулснаар нэхэмжлэгч Л.Б 2006 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Н******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж гэрээний дагуу өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг хариуцагч захиргааны байгууллагаас “татварын албаны даргын гарын үсэгтэй албан бичиг хавсаргах, шүүхийн шийдвэрийн эх хувийг ГХГЗЗГ-ын бичиг хэрэгт хүлээлгэж өгөх” гэсэн нөхцөлөөр буцаасан, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин мэдүүлэг гаргахад “шүүхийн шийдвэрээ үндэслэн хамтран өмчлөгч Нг хасуулах, давж заалдсан эсэхийг тодруулах, дараа нь гэрээ хийх” гэсэн нөхцөлөөр буцаасан, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг гаргахад “өмнөх үндэслэл арилаагүй байна, Н******* дүүргийн цагдаагийн хэлтсээс 2007 онд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон” гэсэн үндэслэлээр, 2008 оны 8 дугаар сарын 19-нд “шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдсөний дараа үйлчилгээ хийгдэнэ, шүүхийн шийдвэр болон давж заалдаагүй тухай тодорхойлолтыг эх хувиар нь бичиг хэрэгт өгөх” гэсэн нөхцлөөр буюу нийт 4 удаа бүртгэхээс татгалзсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж, 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, 7.4-д Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл Л.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч З.Хтой худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа уг үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр З.Х болон түүний 2 хүүхдийн өмчлөлд үлдсэн талаар мэдэж байсан, түүнчлэн гэрээний талууд харилцан зөвшөөрч улмаар худалдан авагч Л.Баас бүртгэлийн байгууллагад хандаж мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д заасан баримт бичгүүдийг тухай бүрд нь хавсарган мэдүүлгээ гаргаж байсан нь хуулийн 7.2-т заасан “...тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” болон Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасантай тус тус нийцжээ.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхойлсон ба  хариуцагч захиргааны байгууллагаас “татварын албаны даргын гарын үсэгтэй албан бичиг хавсаргах, шүүхийн шийдвэрийн эх хувийг ГХГЗЗГ-ын бичиг хэрэгт хүлээлгэж өгөх...шүүхийн шийдвэрээ үндэслэн хамтран өмчлөгч н.Нг хасуулах, давж заалдсан эсэхийг тодруулах, дараа нь гэрээ хийх...шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдсөний дараа үйлчилгээ хийгдэнэ, шүүхийн шийдвэр болон давж заалдаагүй тухай тодорхойлолтыг эх хувиар нь бичиг хэрэгт өгөх” гэсэн үндэслэлүүдийг дурдаж буцаасан нь хуулийн  14.1.1-14.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Л.Баас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь  хуулийн ******* дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй нь тогтоогдсон нөхцөлд хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар  “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн” үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэгтэй.

Иймд хариуцагч захиргааны байгууллагаас Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* тоот хаягт байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Быг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байх тул Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Быг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, ******* дугаар зүйлийн *******.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Бы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Н******* дүүргийн 3 дугаар хороо, Д******* ******* тоот хаягт байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Быг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагч Н******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН