Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 51

 

Ш.О-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ш.О,

Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.О-д холбогдох 2028000000104 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух,

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед тоотод Э.П-г нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ш.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Ш.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000  төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 276100 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П-д олгохоор шийдвэрлэж, хохирогч Э.П-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1005000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн Ш.О давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Э.П-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна гээд тус ээмгийг худалдан авсан үнийн тал хувь буюу өрөөсөн ээмэгний үнэ 190000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь бодит байдалд нийцнэ гэж үзсэн.

Би энэ ээмгийг аваагүй тул 190000 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргасан боловч тухайн хэргийн нөхцөлд алга болсон гэх үйл баримт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч ээмгийг авсан эсэхээс үл хамааран шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэн тухайн хэргийн нөхцөлд алга болсон ээмэгний үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно гэж шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь  хэргийн хүрээнд Э.П-г ээмэгтэй байсан эсэх, чих нь сэтэрч ээмэг нь алга болсон гэдгийг түүний мэдүүлгээс өөр нотолсон баримт байдаггүй бөгөөд хохирогч өөрийнхөө гэрт алга болгосон гэх ээмэгний үнийн дүнг надаас гаргуулж миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Иймээс би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надаас гаргуулж шийдвэрлэсэн ээмэгний үнэ болох 190000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа хохирогчийг алга болгосон гэх ээмгээ зүүгээд явж байсныг харсан талаараа түүний найз хүүхэн надад хэлсэн бөгөөд хохирогч өөрийнхөө Facebook хаягтаа сүүлд тавьсан зурган дээрээ нөгөө ээмгээ зүүчихсэн байсан нь тус ээмгийг намайг авсан гэж гүтгэсний нотолгоо гэж үзэж байна. Зураг хавсаргав. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно” гэжээ.

Хохирогч Э.П давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байхад худал шалтаг гарган санаатайгаар Ганчимэгтэй ярилцан тохиролцож зодчихоод ямар ч гэрчгүй өөрийнх нь хэлснээр шүүх шийдвэр гаргалаа гэж ямар нүүрээрээ хэлж байгаа хүн бэ? Өрөөсөн ээмгээ олчихсон байна гэж худлаа ярьж байна. Миний зурган дор ха ха хаа, хэ хэ хээ 0.33-аа авъя гэх мэтээр намайг доромжилж, уг үйлдлээрээ дээрэлхэж доог тохуу хийж  байгаа нь буруугаа хүлээх нь байтугай ямар нэгэн аргаар ээмгийг нь төлөхгүй гэсэн санаатай байгаа нь илэрхий байна. Ээмэг гэрт унагасан, үсэрсэн аль нь ч бай олдох ёстой. Гэтэл олдохгүй байна. Ш.О-ыг л авсан гэж бодож байна. Би фээсбүүкт ээмэгтэй байсан үеийн зургаа тавьсан. Миний хувьд үнэнээ л бичлээ” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогч Э.П нь Ш.О-д зодуулахдаа зүүж байсан ээмэгний өрөөсөн нь алга болсон. Энэ өрөөсөн ээмэгний 190.000 төгрөгийг хохирлыг Ш.О-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Хохирогч Э.П нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ш.О-ыг ирэхээс өмнө ээмгийг зүүж байсан. Харин Ш.О ирээд намайг зодчихоод явсны дараа чихнээс мултраад алга болсон байсан гэж мэдүүлдэг. Хохирогч бол үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Энэ үүргийнх нь дагуу хуулийг сануулж мэдүүлэг авсан. Чих сэтрээгүй гэдгээ хохирогч өөрөө мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нь энэ ээмгийг Ш.О авсан эсэхийг мэдэхгүй байна. Ш.О ирээд намайг зодчихоод гараад явсны дараа миний ээмэг алга байсан гэж мэдүүлдэг. Иймээс Ш.О-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан. Энэ хохирлыг шүүгдэгч Ш.О-аас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчид энэ ээмгийг худалдаж авсан баримт байхгүй талаараа хэлдэг. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг. Шүүгдэгчийн мэдүүлгээс илүү хохирогчийн мэдүүлгийг үнэлж үзэх хуульд заасан журамтай. Иймээс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан 93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Э.П-ийн хэлсэн үгнүүд нь бүгд худлаа. Өрөөсөн ээмгээ надаар төлүүлж мөнгийг нь авна гэсэн. Тэр ээмэг нь Э.П-д өөрт нь хосоороо байгаа талаар надад хүн хэлсэн. Намайг ээмэг авсан гэж өрөөсөн ээмэгний төлбөрийг төлүүлэх гээд байгаад гомдолтой байна. Би тэр ээмгийг нь төлмөөргүй байна. Өөрөө ээмгээ зүүгээд явж байгаа. Хэрэгт авагдсан зураг байгаа” гэв.

Өмгөөлөгч Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Тухайн хэргийн газарт ээмэг нь байсан эсэх талаар тодруулсан зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт байгаа өрөөсөн ээмэгний зураг л байдаг. Хохирогч Э.П Ш.О нь миний чихийг сэтлээд ээмэг аваад явсан гэж гомдолдоо болон анхан шатны шүүх хурал дээр хэлсэн байдаг. Гэхдээ хохирогч Э.П-ийн чих нь ямар нэгэн байдлаар сэтэрсэн зүйл огт байдаггүй. Биед хийсэн үзлэгээр хөнгөн гэмтэл тогтоогдсон. Харин чих сэтэрсэн талаар байдаггүй. Тиймээс анхнаасаа ээмэг нь байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Мөн энэ ээмэгний үнэ төлбөрийн асуудал дээр хохирогч Э.П нь энэ ээмгийг би Мөнгөнзавъяагаас 380 000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлдэг. Харин хавтаст хэрэгт тэр ээмгийг Мөнгөнзавъяагаас хэдэн төгрөгөөр авсан эсэх талаар нотлох баримт авагдаагүй. Анхан шатны шүүхээс нотлох баримтаа гаргаж өгөөч ээ гэсэн боловч гаргаж өгөөгүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр л энэ хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Э.П-д 190.000 төгрөг гаруулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ы 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ. 

“Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Э.П-г нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолдоо ...Ш.О-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хх-1/ байх бөгөөд харин бусдын эд хөрөнгийг авсан эсэх талаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэн Э.П нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө Ш.О нь хэл амаар доромжилсон, эрүүл мэндэд нь халдаж зодсон талаар гомдолтой байгаа талаар бичсэн /хх-4/, хохирогч Э.П-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэгт “...тухайн үед миний үснээс зулгаагаад дугтарч зодож байхад нь миний зүүн чихний монетон ээмэг алга болсон байсан /хх-14/ гэх мэдүүлгийг харьцуулан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааг бусдын эд хөрөнгө алга болсонтой холбогдуулан явуулаагүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “276100” гэснийг “86100” гэж, “1005000” гэснийг “1195000” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ