| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
2024 3 15 2024/ШЦТ209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн
улсын яллагч Г.Намжил
шүүгдэгч ***
хохирогч ***
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 18-нд Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, ахын хамт *** аймаг, *** сум, *** баг, 17 дугаар гудамж, 7 А тоотод оршин суух,
ял шийтгэл:
Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
**** дугаарын регистртэй, *** овогт ***ын ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны орчимд бусдын тээврийн хэрэгсэл дотор хохирогч ***тай архидан согтуурч байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө түүний эзэмшлийн ХААН банкны *** дугаарын данс бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2.431.200 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Надад нэмж ярих зүйл алга байна, бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Хохирогчийн картыг авч яваад АТМ-ээс мөнгө авсан. Согтуу байсан, гэхээд ямар ч байсан картных нь кодыг би мэдэж байсан. *** бид хоёр багаасаа бие биеэ таньдаг, багын найзууд, нэг ангийн хүүхдүүд юм. Хохирлыг яаж ийгээд, ажил хйиж төлнө. Надад ажил олдохгүй байна.
Миний өвчний талаарх баримт байхгүй. 4 жилийн өмнө цэрэг татлагын комиссоор ороход цээжний хоргүй хавдар юм шиг байна, үзүүлээрэй гэж эмч нь хэлж байсан.
Би ажилд ороод аль болох хурдан хугацаанд хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн үед машин дотор *** бид хоёроос гадна бас нэг хүн байсан юм. Гэхдээ тэр хүн ***ийг ирсний дараа яваад өгсөн. Тэгээд бид хоёр архи уугаад, өглөө нь сэртэл *** явлаа гэхээр нь би таксинд суулгаж өгөөд гэр рүүгээ орсон. Өдөр над руу хүн залгаад, мөнгө шилжүүлэх ёстой байсан болохоор данс руугаа ортол миний дансан дахь мөнгө алаг болсон байсан. Тэгээд ХААН банк руу очиж хэлээд камер шүүлгэсэн. ***той холбогдож асуухад миний мөнгийг аваагүй ч гэж хэлээгүй. Түүнээс хойш таг алга болсон. Өнгөрсөн оны намар нэг удаа холбогдоход мөнгийг чинь өгнө өө гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Гомдолтой гэхэд хаашаа юм, ямар ч байсан мөнгөө авмаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө найз болох ***той шөнө 04:00 цагийн орчимд манай гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Болор” хотхоны хажууд уулзсан. Нэг шил “Едэн” нэртэй архи уусан. Миний нойр хүрээд байхаар нь түрүүлээд унтсан. Өглөө 09:00 цагийн үед сэрэхэд Чинзориг явлаа гээд салаад, би гэртээ ороод унтсан. Өдөр нь хүнд мөнгө шилжүүлэх гээд данс руугаа орсон чинь 800.000 төгрөгөөр 3 удаа гүйлгээ хийсэн байсан. Чинзоригтой холбоо барих гээд залгахад утсаа аваагүй. Чат бичсэн чинь намайг блок хийсэн байсан” /хх-н 19-21/ гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... би машин дотор байхдаа ***ын ХААН банкны картыг авсан. ***аас салаад “Лавай” худалдааны төв ороод ***ын картаар нь шөнө тамхи авахаар явж байхад нууц дугаараа хэлж байсан нь санаанд ороод тэнд байсан АТМ дээр хийтэл болж байсан тул дансны үлдэгдэл хараад нийт гурван удаа 800.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 2.400.000 төгрөг авсан” /хх-н 54-55/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт хохирогч ***ын эзэмшдэг ХААН банк дахь дансны хуулга /хх-н 22-23/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-н 24-25/, шүүгдэгч ***, хохирогч *** нарын өөр хоорондоо харилцсан фейсбүүкийн захидал /хх-н 30-45/ гэсэн баримтууд авагдсан байгаа нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ын ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 79/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 80/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 81/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 88-92/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ хохирол төлбөр төлөгдсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө 2014, 2017 онуудад “өмчлөх эрхийн эсрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт 2 удаа шүүхээс ял шийтгүүлж, хуульд заасан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч ***оос 2.431.200 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7-3 дугаар байр, *** тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, *** овогт **** олгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт **** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 2.431.200 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, 59 тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, ***т олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ