Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч М.Н,

улсын яллагч  М.Па,

хохирогч С.С,

хохирогчийн өмгөөлөгч А.С,

иргэний хариуцагч Н.С,

шүүгдэгч С.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т ургийн овогтой Сн Ед холбогдох 2413001830205 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баян- Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Төлек ургийн овогтой Сн Е, регистрийн дугаар:Б..

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Е нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 7200 БӨН улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1. Хохирогч С.С мэдүүлэхдээ: “Өнөөдрийг хүртэлх эмчилгээний зардлыг төлж өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Нүүрэн дэх соривоо эмчлүүлнэ.” гэв.

1.2. Шүүгдэгч С.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье” гэв.

2. 2413001830205 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-09 дэх тал),

2.3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын гаргасан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 396 дугаартай “...1. С.Сийн биед тархины доргилт, их тархины бор цагаан бодисын ялгарал алдагдсан, хавантай, хамрын таславч муруйлттай, зүүн талд хамрын яс цөмрөөгүй хугарал, зүүн хацарт, хаван хавдартай, зүүн хөмсөг, духны голд, баруун хөмсөгний дээд хэсэгт, баруун дээд зовхи, хамрын нурууны зүүн талд, зүүн чамархай орчим тус тус оёдолтой шархтай, зүүн чихний урд хэсэгт зулгаралттай, баруун мөрөнд шалбарсан шарх, баруун шагайн урд хэсэгт шалбарсан шарх, 2 талын нүдний алимын салстад цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

2.4. Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 18-ны орой найзынхаа байшингийн шил хагарсан гэхээр тэрийг нь сольж өгөөд 23 цагийн үед гэр рүүгээ буцсан. Тухайн өдөр би төрсөн дүү С.Жийн нэр дээр бүртгэлтэй 6535 БӨЗ улсын дугаартай, ногоон өнгийн “Даюун-150” загварын мотоциклоор гэр рүүгээ явж байх замдаа Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай сум руу явах замаар төв рүү явж байхад урдаас цагаан өнгийн том жийп машин урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгээд би хөл тоормос нэг гишгээд тэгээд зогсоож чадахгүй шууд чигээрээ яваад нөгөө машины баруун хойд талын хаалгыг мөргөсөн. Тэгээд газарт унаж ухаан алдсан. Тэрээр өнөөдөр өглөө надад 2,500,000 төгрөг өгсөн ахиад 2,500,000 төгрөг өгнө гэж хэлсэн хэзээ өгөхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

2.5. Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “...Жолооч С.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 12.3 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

2.6. Иргэний нэхэмжлэгч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн ах С.С нь миний 6535 БӨЗ улсын дугаартай “Даюун” загварын мотоциклтой явж байгаад осолд орсон. Мотоцикл нь хэвийн байсан бөгөөд ослын улмаас эвдэрсэн эд зүйлсийг төлж барагдуулж өгөхийг хүсэж байна. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

           2.7. Иргэний хариуцагч Н.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулахгүй. Тэр мөнгөө засварт нэмэрлэсэн нь дээр байх. Хүүгээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдолгүй болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

2.8. Мөрдөгчөөс дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 156 дахь тал),

2.9. Яллагдагч С.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед аав Н.Сн 7200 БӨН улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслээр гэр рүүгээ харьж явах замдаа Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай сум явах засмал замаар уруудаад аймгийн төв рүү явж байх замдаа  гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдаас нэг мотоцикл гараад ирсэн. Тэгээд сандраад жолооны хүрдийг зүүн тийшээ дарж машины баруун талыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэр үед цагдаа, түргэнд мэдэгдсэн. Би эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг төлсөн, цаашид баримттай хохирол байвал төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

2.10. Шинжээч, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн инженер Е.Ж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10, 11 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 56-62 дахь тал),

2.11.  Жолоочийн лавлагаа  (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

2.12. Хохирогч С.Сийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлсэн талаарх 218 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 29-44 дэх тал),

2.13.  Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хайратын гаргасан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай “С.Сийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн С.Сийн биеэс авсан гэх цусанд спирт илрээгүй...гэх дүгнэлт” (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.14. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-09 дэх тал),

-шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын гаргасан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 396 дугаартай “...1. С.Сийн биед тархины доргилт, их тархины бор цагаан бодисын ялгарал алдагдсан, хавантай, хамрын таславч муруйлттай, зүүн талд хамрын яс цөмрөөгүй хугарал, зүүн хацарт, хаван хавдартай, зүүн хөмсөг, духны голд, баруун хөмсөгний дээд хэсэгт, баруун дээд зовхи, хамрын нурууны зүүн талд, зүүн чамархай орчим тус тус оёдолтой шархтай, зүүн чихний урд хэсэгт зулгаралттай, баруун мөрөнд шалбарсан шарх, баруун шагайн урд хэсэгт шалбарсан шарх, 2 талын нүдний алимын салстад цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ... 4. Дээрх гэмтлүүд нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

-Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би төрсөн дүү С.Жийн нэр дээр бүртгэлтэй 6535 БӨЗ улсын дугаартай, ногоон өнгийн “Даюун-150” загварын мотоциклоор гэр рүүгээ явж байх замдаа Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай сум руу явах замаар төв рүү явж байхад урдаас цагаан өнгийн том жийп машин урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгээд би хөл тоормос нэг гишгээд тэгээд зогсоож чадахгүй шууд чигээрээ яваад нөгөө машины баруун хойд талын хаалгыг мөргөсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

өрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн ах С.С нь миний 6535 БӨЗ улсын дугаартай “Даюун” загварын мотоциклтой явж байгаад осолд орсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

-Мөрдөгчөөс дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 156 дахь тал),

-Яллагдагч С.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед аав Н.Сн 7200 БӨН улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслээр гэр рүүгээ харьж явах замдаа Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай сум явах засмал замаар уруудаад аймгийн төв рүү явж байх замдаа  гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдаас нэг мотоцикл гараад ирсэн. Тэгээд сандраад жолооны хүрдийг зүүн тийшээ дарж машины баруун талыг мөргөж зам тээврийн осол гаргасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч С.Е нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт аавынхаа өмчлөлийн буюу иргэн Н.Сн нэр дээр бүртгэлтэй, 7200 БӨН улсын дугаартай, “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас “Дауюн” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч С.С нь шүүгдэгчийн жолоодож явсан “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийн хойд талаас нь  мөргөсөн, зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед тархины доргилт, их тархины бор цагаан бодисын ялгарал алдагдсан, хавантай, хамрын таславч муруйлттай, зүүн талд хамрын яс цөмрөөгүй хугарал, зүүн хацарт, хаван хавдартай, зүүн хөмсөг, духны голд, баруун хөмсөгний дээд хэсэгт, баруун дээд зовхи, хамрын нурууны зүүн талд, зүүн чамархай орчим тус тус оёдолтой шархтай, зүүн чихний урд хэсэгт зулгаралттай, баруун мөрөнд шалбарсан шарх, баруун шагайн урд хэсэгт шалбарсан шарх, 2 талын нүдний алимын салстад цус хуралттай гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан, шүүгдэгч нь В ангиллын жолоочийн үнэмлэхтэй, химийн шинжилгээний дүгнэлтээр жолоочийн цуснаас спирт илрээгүй, шинжээчийн техникийн хяналтын дүгнэлтээр түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, эвдрэл гэмтэл тогтоогдоогүй  зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс “улсын яллагчийн гэм буруутайд тооцох дүгнэлт үндэслэлтэй шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэсэн санал гаргаж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч С.Еы замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан  “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн  шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл юм.

          4.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг хөдөлгөөнд оролцож буй иргэнд үүрэг болгожээ.

          4.3. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оруулахгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул, саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

          4.4. Шүүгдэгч С.Е нь  7200БӨН улсын дугаартай “Тоёота Ландкруйзер 200” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 12.3 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан болох нь зам тээврийн ослын акт, мөрдөгчийн магадалгаа, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          4.5. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биеийн нүүр хэсэгт учирсан дээрх гэмтлүүд нь  гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь  тогтоогдсон тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзлээ.

          4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч С.Е нь замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон  бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцсэн байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

          4.7. Шүүгдэгч С.Еы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэх шинжийг  бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.8. Иймд шүүгдэгч С.Еыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид  олгож шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгч С.Е нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Сэд 2500000 төгрөг, шүүх хуралдааны явцад 2500000 төгрөг, нийт эмчилгээний зардалд нийт 5000000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч С.Жийн нэхэмжилсэн мотоциклын гэмтсэн эд ангийн үнэ буюу учирсан хохиролд 550000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Е төлж өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Жийн бичсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.  (хавтаст хэргийн 149 дэх тал),

 

5.3. Шүүх хуралдааны үед хохирогч С.С нь гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 98340000 төгрөг нэхэмжилж, иргэний нэхэмжлэл гаргажээ.

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан бол мөн хуулийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эртэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээд мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй талаар хуульчилжээ.

5.5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байх ба уг хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн тогтоох хүснэгтийн 5 дугаар зэрэглэлд хамааруулсан байна. 

5.6. Хохирогчийн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн баяр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудах зэрэг нь сэтгэцэд учирсан хор уршигт хамаарах бөгөөд хохирогч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “нүүр маань сорвитой болсон, нүүхийнхээ сорвийг арилгах эмчилгээ хийлгэнэ, шөнө унтаж чаддаггүй болсон” гэх мэдүүлэг, хэрэгт цугларсан өвчний түүх, шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, эмчилгээ хийлгэсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн гэмтлээс үүдэлтэй үлдэц  болон биеийн нүүрний хөдөлгөөн хязгаарлагдмал болох гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.    

5.7. Шүүгдэгч С.Еы үйлдсэн гэмт хэрэг нь  дээрх журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 5 дугаар зэрэгт хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөг/ 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30360000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

5.8. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-аар тогтоосон 5 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохдоо хохирогч С.Сийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, түүний биеийн нүүр хэсэгт гэмтэл учирсан байдал, шүүгдэгч С.Еы гэм буруу буюу болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, эмчилгээний зардлыг төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, аавыгаа дагаж тээвэрт явдаг зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй. 

          5.9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1. “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж, мөн зүйлийн 514.2. “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.” гэж тус тус хуульчилсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг хөдөлгөөнд оролцож буй иргэнд үүрэг болгожээ.

          5.10. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь аюул, саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой бөгөөд жоллоч С.С нь “тоормос дарсан” гэж мэдүүлсэн боловч тэрээр үүргээ биелүүлж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авсан эсэх нь хэрэгт цугларсан зам тээврийн ослын акт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгч С.Е нь аав, ээжийнхээ хамт амьдардаг, гэрлээгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй, аав Н.С нь хөдөлмөрийн чадвараа 60% алдсан, санамсар, болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т заасныг тус тус баримтлан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 30360000 төгийг хоёр дахин багасгаж, 15180000 төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн  497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан  хохирогчид олгож, хохирогч нь цаашид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

          5.11. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3. “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж, мөн зүйлийн 499.4. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

          5.12. Хэрэгт цугларсан тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний хариуцагч Н.Сн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч С.Еы гэмт хэрэг үйлдэх үед жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь түүний эцэг нь буюу иргэний хариуцагч Н.Сн нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч нь  аавынхаа тээврийн  хэрэгслийг байнга жолооддог нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэж, өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг өөрөө хариуцан арилах  насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгчээс хор уршгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж,  улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын иргэний хариуцагчаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Еыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Е нь хувийн байдлын хувьд 22 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эх, эгч нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарал, болгоомжгүйгээс зам тээврийн осол гаргасан,  түргэн тусламж дуудаж, хохирогчид тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2. “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Еы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоох, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалах саналтай” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт шүүгдэгчийн хувийн байдалтай тохирно” гэсэн,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.Санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй. Өмнөх учирсан хохирлыг төлж барагдуулсан. Аав нь хүнд хагалгаанд орсон. 2 том машин нь Хятад улс, Орос улсад байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял санал болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргаж талууд мэтгэлцсэн болно.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Еы анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3-т заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.  

2.7. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлсөн боловч шүүхээс тогтоосон сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр 15180000 төгрөгийг төлж, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Шүүгдэгч С.Еы Өлгий суманд амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулав.

          2.9.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хасах ял оногдуулсан үеээс эхлэн тоолохоор тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.Е нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Е нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хохирогч С.Сэд 5000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Жэд 550000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СD дискийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 35.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогтой Сн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Еы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд шүүгдэгч С.Ед эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Ед сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ед оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Еаас 15180000 (арван таван сая нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулан хохирогч С.Сэд олгож, цаашид хохирогч нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч С.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

          8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Е нь хохирогч С.Сэд 5000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Жэд 550000 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД  дискийг хэргийн хамт хадгалсугай.

          10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Ед оногдуулсан эрх хасах ял, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.Б