| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/03561/И |
| Дугаар | 184/ШШ2022/00300 |
| Огноо | 2022-01-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2022/00300
2022 01 20 184/ШШ2022/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Л.Л /регистрийн дугаар:11111111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.П /регистрийн дугаар:222222/-д холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л, хариуцагч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л миний бие 2018 онд С.П танилцаж хамтран амьдрах болсон. Миний бие 2020 оны 12 сарын 23-нд амаржиж хүүтэй болсон. Хамтран амьдрах хугацаанд 2020 оны 3 дугаар сард жирэмсэн болсоноо мэдэж баяртай хүлээн авсан боловч, жирэмсний 6-н сартайгаас хойш С.П нь өөр хүнтэй болж одоог хүртэл ямар ч холбоо сураггүй болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Тэр үеэс хойш 4-н сарын дараа хүү Гминь мэндэлж миний асрамжинд өсөж торниж байна. Бид гэрлэлтээ бүртгүүлээгуй байсан тул хүү минь эхийн нэрээр овоглосон. Иймд С.П хүү Г эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч С.П шүүх хуралдаад гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд Л.Лтой танилцаж байсан. 2017 оноос бид үерхсэн. 2019 оны 2 сард ковид гараад постон дээр орж гарч буй хүний бүртгэл хийдэг байсан. Хүүхэдтэй болсноо мэдээд баярласан боловч нэхэмжлэгчийн чатыг харахад өөр хүнтэй харилцсан байсан болохоор өөр хүний хүүхэд байх гэж эргэлзсэн. Одоо шинжээчийн дүгнэлт гарсан тул хариуцлагаа хүлээнэ. Одоо өөр хүнтэй амьдрахгүй байгаа. Одоо Л.Гал-Эрдэнийг өөрийн хүүхэд мөн гэдэгт итгэж байгаа.Яагаад гэвэл дүгнэлтээр тэгж гарсан тул хариуцлагаа хүлээгээд хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгч Л.Л шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү Л.Г эрүүл бойжиж байгаа тухай “Энх өрх ” ӨЭМТөвийн эмчийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн,иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлжээ.
4.Хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон дүгнэлт хэргийн 13-15, 17-20-р талд авагдсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч С.Пид холбогдуулан “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар: нэхэмжлэгч Л.Л, хариуцагч С.П нар нь 2019 онд танилцсан ба 2020 оны 12 дугаар сарын 23-нд хүү Л.Г төрүүлсэн болох нь 111111111 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Түүнчлэн Л.Л, С.П нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй тул хүү Л.Гал-Эрдэнийг эх Л.Лоор овоглож төрсний гэрчилгээг авсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хүү Л.Гбиологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2021/12264 дугаар захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4978 дугаар дүгнэлтээр С.П нь Л.Г биологийн эцэг байх боломжтой байна.Биологийн эцэг байх магадлал 99,99 хувь байна гэж гарсан үүнд хариуцагч С.Поос маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.
Иймд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Л.Гэцэг нь хариуцагч С.П мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан байх тул хариуцагч С.Поос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт ”Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
энэ 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.
Иймд эцэг, эх тусдаа амьдарч байгаа хэдий ч эцэг С.Пийг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад эх Л.Л болон түүний ар гэрээс саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-Т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 108,065 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Л.Г /регистрийн дугаар:У00000000/ төрсөн эцэг нь С.П /регистрийн дугаар:11111/ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Л.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.П/регистрийн дугаар:111111/-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Поос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг С.П, эх Л.Л нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хүүхэдтэйгээ уулзахад Л.Л,түүний ар гэрээс нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Поос улсын тэмдэгтийн хураамжид 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Лд олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ