Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/972

 

                 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаярыг байлцуулан, улсын яллагч Н.Халиунаа (томилолтоор), шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1094 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн М.Г, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Г нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** хамтран амьдрагч М.О-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн М.Г нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод хамтран амьдрагч М.О-г “юу ч болоогүй байхад уурлалаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодод нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.О-ын “...2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод нөхөр М.Г, хүү А, нөхрийн төрсөн дүү Ар нарын хамт байж байхдаа би нөхөр Г-оос юм асуухад огт дугарахгүй байсан. Тэгээд дүүгээ юм асуухаар хариулаад байхаар нь “намайг анхаарчхаж болохгүй юу” гэсэн чинь хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь би хаалгаар гарах гэж байхдаа гэрийн шаахай аваад хөргөгч рүү шидсэн. Тэгтэл нөхөр босож ирээд миний зүүн талын хацар хэсэг рүү цохиод, биеийн бусад хэсэг рүү гараараа цохисон. Мөн намайг хэл амаар доромжлоод сандал авч дайраад байсан. Манай хүү уйлаад байхаар нь би очоод хүүгээ авсан чинь ирээд хүү бид хоёрыг хамт цохисон. Би “одоо больчхооч ээ” гэсэн чинь баруун талын чих рүү цохиод толгой руу маш олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Шүүх  шинжилгээний ерөнхий газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8786 дугаартай “...М.О-ын биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 42-43 дахь тал), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 33-41 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Г нь яллагдагчаар “...гэртээ эхнэр О, хүү болон манай дүү нар байсан. 15 цагийн орчимд О надаас юм асуухад нь би гар утсаа оролдож байгаад сонсоогүй, хариулаагүй. Дараа нь манай дүү юм асуухад нь хариулчихсан. Тэгтэл эхнэр уурласан. Тэгэхээр нь би юу ч болоогүй байхад юундаа уурлаад байгаа п** вэ гэсэн. Тэгтэл эхнэр гэрээс гарах гэж байхдаа үүдэнд байсан гэрийн шаахай аваад шидэхээр нь би буцаагаад шидсэн. Эхнэр ирээд цохихоор нь би буцаагаад нүүрэн тус газар нь цохичихсон. Манай дүү ирээд бид хоёрыг салгаад байж байтал эхнэр дахиж ирээд намайг цохихоор нь би баруун талын шанаа хэсэг нь гараараа цохисон...” (хавтаст хэргийн 71-72 дахь тал) гэж хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

           Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8786 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.

Шүүгдэгч М.Г, хохирогч М.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн хуульчилсан тул шүүгдэгч М.Г“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хүндрүүлэх шинжийг хуульчилсан тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.         Хохирол, хор уршиг

Хохирогч М.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн гэм хорыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Г-ийг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дахь тал), тээврийн  хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 47-52 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхээс улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу зэрэгт тохирно гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Г-ийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, сарын орлогын хэмжээг харгалзан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА