Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/02642

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                      2021          12          02

            182/ШШ2021/02642

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: НӨАУГ

 

Хариуцагч: “АД” ХХК

 

59,354,112 төгрөг гаргуулж, байрнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,274,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн төлөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АД” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах Нийслэлийн өмчийн “УЦҮТ”-ийн 6-р корпусын 2 давхарт 316,24 м.кв талбай бүхий 18 өрөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 15-ны өдрийн 65 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний дагуу 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж ирсэн. Уг компанид 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 4/345 албан бичгээр гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй талаар мэдэгдэж 2020 оны 03 сарын 23-ны дотор Нийслэлийн өмчийн байр талбайг чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл Нийслэлийн өмчийн байр талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж, чөлөөлж өгөх асуудлыг хүлээн авахгүй төрийн ажлыг хүндрүүлж байна.

          Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэг, түрээсийн гэрээний 4.7, 4.8-д тус тус заасны дагуу 2020 оны 01  сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 6.548,360 төгрөг, алданги 3,274,180 төгрөг, нийт 9,822,540 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу гаргуулах, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 сарын 31-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд нийслэлийг өмчийг эзэмшиж, ашигласны төлбөрт сарын 2,751,754 төгрөгөөр тооцож нийт 49,531,572 төгрөг, бүгд 59,354,112 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу “АД” ХХК-ийг “УЦҮТ”-ийн байрнаас албадан гаргуулж өгнө үү.

          Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд эс зөвшөөрч байна. “АД” ХХК нь 2000 оноос Нийслэлийн өмчийн “УЦ худалдааны төв”-ийн 6 дугаар корпусын 2 давхрын 316 м.кв талбайг 2019 оныг дуустал түрээсийн гэрээний дагуу ашиглаж ирсэн. 2020 оноос түрээсийн гэрээ, зөвшөөрөлгүйгээр тус байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болно. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2020 оны 02 сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг цаашид сунгах боломжгүй талаар мэдэгдэж, талбайг чөлөөлж өгөх тухай мэдэгдсэн боловч “АД” ХХК нь өнөөдрийг хүртэл байр чөлөөлж өгөхгүй, эзэмшиж ашигласны төлбөр төлөөгүй, талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад “АД” ХХК нь нийслэлийн өмчийг дур мэдэн ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай 010226 дугаар Түрээсийн гэрээг байгуулж, гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар харилцан тохиролцож протокол үйлдэж баталгаажуулахаар заасан. Манай компанийн зүгээс түрээсийн гэрээний хугацаа дууссан тул 2020 оны түрээсийн гэрээг байгуулах талаар амаар болон бичгээр мэдэгдэж, түрээсийн гэрээг дүгнэж, цаашид сунгах, өөрчлөлт оруулах зэрэг эсэхийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан. Ийнхүү, бидний мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй тул түрээсийн гэрээг өмнө жилүүдэд байгуулдагтай адил байгуулна гэж найдсаны үндсэн дээр 2020 оны 01 сарын түрээсийн гэрээний төлбөр гэж 3,274,180 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

          Гэтэл 2020 оны 02 сарын 21-ний өдөр албан тоотоор гэрээг шинээр дахин байгуулахгүй болохоо баталгаажуулсан. Ийнхүү 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш түрээстэй холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, бидний хооронд гэрээний харилцаа огт үүсээгүй бөгөөд дээрх хугацаанд компани түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр шилжүүлсэн 3,274,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, түрээсийн гэрээ, мэдэгдэх хуудас, “АД” ХХК-ийн түрээсийн төлбөрийн тооцоо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-өөс “УЦХХ” ТББ-д ирүүлсэн албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч НӨАУГнь хариуцагч “АД” ХХК-д холбогдуулан түрээслэсэн өрөө тасалгааны 2020 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 6,548,360 төгрөг, түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангид 3,274,180 төгрөг, түрээсийн гэрээ дууссанаас хойш түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй, эзэмшиж ашиглаж байгаа тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж төгрөг, нийт 59,354,112 төгрөгийг гаргуулж, байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч “АД” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй тул 2020 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 3,274,180 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч НӨАУГхариуцагч “АД” ХХК-тай 2019 оны 01 сарын 24-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулж, “АД” ХХК “УЦҮТ”-ийн 6-р корпус, 2 давхарт байрлах 316,24 м.кв талбайг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж ашиглаж байсан талаар талууд маргаагүй.

 

2019 оны 12 сарын 31-ний өдөр талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан байх боловч түрээсийн талбайг түрээслэгч “АД” ХХК үргэлжлүүлэн ашигласаар байсан бөгөөд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас татгалзаагүй болох нь талуудын тайлбараас тогтоогдож байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар түрээсийн гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэтэл 2020 оны 02 сарын 19-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндэслэлээр “УЦҮТ”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамж гарах хүртэл талуудын хэн аль нь энэ түрээсийн гэрээг цуцлах нөхцөл байдал бий болох талаар мэдээгүй явсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрийн дагуу НӨАУГ 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 4/378 албан бичгээр 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс “УЦҮТ”-ийн үйл ажиллагааг зогсоох болсон талаар мөн 2020 оны 03 сарын 23-ны дотор талбайг чөлөөлж өгөхийг хариуцагч “АД” ХХК-д мэдэгдсэнээр НӨАУГболон “АД” ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацааг 2020 оны 03 сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудаас үл хамаарах шалтгаанаар түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч “АД” ХХК-аас 3 сарын 23-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө гэрээний дагуу шаардах эрхтэй байна. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2020 оны 03 сарын 23-ны өдөр дуусгавар болсон тул уг гэрээний заалтын дагуу алданги тооцох үндэслэлгүй юм.

 

2020 оны 04 сараас түрээсийн талбайг хариуцагч “АД” ХХК нь ашиглаж, үр шим хүртсэн байдал тогтоогдохгүй байх бөгөөд 2020 оны 02 сарын 19-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон “УЦҮТ”-ийн үйл ажиллагааг зогсоосон, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс түрээслэж байсан өрөө тасалгааны одоогийн фото зургийг шүүхэд ирүүлсэн зэргээс үзэхэд дээрх өрөө тасалгааг хариуцагч эзэмшиж ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд АД ХХК нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргад холбогдох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “УЦ” ахуйн үйлчилгээний төвийг хувьчлах тухай 11/65 тоот тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг даалгах, “УЦ” ахуйн үйлчилгээний төвийг буулгахаар шийдвэрлэсэн Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа нь зохигчийн тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байна. Иймд талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж буй “АД” ХХК болон 8 компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр түрээсийн төлбөрт шилжүүлсэн 3,274,180 төгрөгийг буцаан нэхэмжилсэн ба шүүх түрээсийн гэрээг 2020 оны 03 сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон гэж дүгнэж буй тул энэ хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөгдөх ёстой, түрээсийн төлбөрт төлсөн 3,274,180 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд “АД” ХХК-аас түрээсийн гэрээний төлбөрт 6,548,360 төгрөг гаргуулж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт олгож, нэхэмжлэгчийн байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,  нэхэмжлэгчийн үлдсэн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “АД” ХХК-аас 6,548,360 төгрөгийг гаргуулж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт олгож, нэхэмжлэгчийн 52,734,272 төгрөг нэхэмжилсэн шаардлага болон хариуцагчийн 3,274,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас байр албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 67,400 төрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 139,501 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БУД