| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 182/2024/03246/И |
| Дугаар | 001/ХТ2025/00076 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2025/00076
Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/00131 дүгээр магадлалтай,
Эийн нэхэмжлэлтэй
Шд холбогдох
Хохирол 10,395,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Шд холбогдуулан хохирол 10,395,522 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хариуцагч Шөөс 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,395,522 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Эийн тэмдэгтийн хураамжид төлсөн 181,279 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шөөс 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/00131 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “...хариуцагч Ш нь нэхэмжлэгч Эийн тэтгэмжийн мөнгийг тухайн үед нь бүрэн буюу 160,380,000 /97,200,000 төг+63,180,000 төг/ төгрөгийг олгосон байсан бол нэхэмжлэгч Э нь мөнгөө банканд хадгалуулж, хүүгийн орлого олох боломжтой байсан гэж үзэх ба энэхүү олох байсан орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарч байна гэж дүгнэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх буюу үүрэг гүйцэтгэгч нь амласан үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээх хариуцлагад хамаарах хохирлыг нөхөн төлөх зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзжээ.
Тодруулбал, хариуцагч Ш нь нэхэмжлэгч Эийн тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон үйлдэлдээ гэм буруутай болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.22-ны өдрийн 883 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.29-ний өдрийн 144 дүгээр магадлалаар нэгэнт тогтоогдсон, энэхүү буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э нь 40,000,000 төгрөгөө банканд хадгалж 7,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдаж, хохирсон гэж үзэхээр байх ба, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул хариуцагч Ш нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хохирлыг нэхэмжлэгч Эт хариуцан төлөх үүрэгтэй” гэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон тул Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, Шийн даргын 2022.07.21-ний өдрийн 165 дугаар тушаалаар Эт нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөгийг олгосон. Э нь 36 сарын тэтгэмж олгосон 2022.07.21-ний өдрөөс хойш 2022.12.26-ны өдөр буюу 5 сарын дараа шүүхэд хандсан. Нэхэмжлэгч 2022.12.26-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир энэ хугацааг орлого олох байсан хугацаанд оруулах үндэслэлгүй, энэ хугацаагаар нэхэмжлэлийн хэмжээ нэмэгдсэн нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоогүй байх тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс хариуцагч Шийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э нь хувийн сууц, газар худалдан авахад зориулж 21,130,000 төгрөгийн болон нэмэлт 14 удаагийн тэтгэврийн зээлийг авч, хүүд 3,395,522 төгрөг төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.04.03-ны өдрийн 001/ШХТ2025/00386 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Шд холбогдуулан хохирол 10,395,522 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ: “...2022.07.21-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах үед Ш 36 сарын тэтгэмжийг олгохдоо 63,180,000 төгрөгийг дутуу олгосон. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2024.04.17-ны өдөр үлдэгдэл 63,180,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Тэтгэвэрт гарсны дараа орон сууц худалдан авахдаа банкнаас нэг жилийн хугацаатай 21 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч хүүд нь 3,395,522 төгрөгийн хүү төлсөн. Хэрэв Ш тэтгэмжийн мөнгийг бүрэн өгсөн бол дутуу олгосон 63 сая төгрөгийн 21 сая төгрөгийг байрны төлбөрт төлж, үлдэгдэл 40 сая төгрөгийг Хаан банкинд хадгалуулсан бол хүүд нь дунджаар 7 сая төгрөгийн орлого олох байсан. Иймд зээлийн хүүд төлсөн төлбөр болон олох байсан орлогод нийт 10,395,522 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарснаас хойш 8 сарын дараа банкнаас зээл авсан, мөн хувийн сууц авахад мөнгө дутаж банкнаас зээл авахад хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй, түүнчлэн тэтгэмжийн мөнгөнөөс хадгаламж үүсгэх байсныг нотлох баримтгүй тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх “...хариуцагчаас нэхэмжлэгчийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон, нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарсны дараа үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа банкнаас нэг жилийн хугацаатай 21,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, хүүд төлсөн төлбөрийг хохиролд нэхэмжилсэн боловч тэрээр 21 сая төгрөгийн зээлэн дээр нэмэлтээр 14 удаагийн зээлийг тухайн нөхцөлөөр авч, хүүд нь 4,256,264 төгрөгийг төлсөн байна, иймд 3,395,522 төгрөгийн шаардлага ойлгомжгүй, энэ шаардлагаа нотлоогүй, түүнчлэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, харин дутуу олгосон 63 сая төгрөгийг хугацаанд нь олгосон байсан бол орон сууцны төлбөрт 21 сая төгрөгийг зарцуулж, үлдэх 40 сая төгрөгийг банканд хадгалуулж, 2022.07.21-нээс 2024.04.16-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,000,000 төгрөгийн орлого олох байсан гэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, ...үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул хариуцагч Ш Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцан төлөх үүрэгтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянахдаа: “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалт нь төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах талаар зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, харин гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтаар хариуцагч гэм хорыг хариуцахаар байна, ...түүнчлэн хохирлыг гаргуулахдаа олох байсан орлого нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд хамаарна гэж дүгнэсэн нь буруу тул хууль хэрэглээний алдааг залруулна...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх ижил шийдэл гаргасан боловч эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
10. Хоёр шатны шүүхийн дүгнэснээр дараах үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Э нь шүүгчээр ажиллаж байгаад 2022.07.05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарахад хариуцагч Шийн даргын 2022.07.21-ний өдрийн №165 дугаар тушаалаар 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөгийг олгосон, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч нь олгох ёстой тэтгэмжээс 63,180,000 төгрөгийг дутуу олгосон хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдсон, улмаар дээрх шийдвэрийг үндэслэн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг 2024.04.16-ны өдөр нэхэмжлэгчид олгосон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан 10,395,522 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр хохирлыг арилгуулахаар 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Шүүхийн тухай хуульд зааснаар Ш нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг төрийн байгууллага байх бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэмжийг бүрэн олгоогүй хууль бус эс үйлдэхүйд байгууллагыг буруутай болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн үйлдлээс бусдад гэм хор учруулсан хохирлыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцах зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар эрх зүйн харилцааг тодорхойлж, нэхэмжлэлийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, өөрчилсөн нь зөв болжээ.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хэрэгт байгаа баримтаар хариуцагчийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдсон, нэхэмжлэгчид гэм хор учирсан нь нотлогдсон, гэвч хариуцагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд хариуцагчид гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
Хариуцагч Шийн нэхэмжлэгчид тэтгэмжийг бүрэн олгоогүй эс үйлдэхүй хууль бус болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчид учирсан гэм хор нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг шаардана.
13. Нэхэмжлэлийн эхний шаардлага нь “...тэтгэвэрт гарсны дараа орон сууц худалдаж авахад мөнгө дутсан тул Хаан банкнаас нэг жилийн хугацаатай 21 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч, нэг жилийн хугацаандаа төлж дуусгахад хүүд нь 3,395,522 төгрөгийг төлсөн. Хэрэв хариуцагч тэтгэмжийг бүрэн олгосон бол зээл авах шаардлагагүй байсан тул зээлийн хүү төлж хохирохгүй байсан тул 3,395,522 төгрөгийн хохирлыг гаргуулна...” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь 2023.03.28-ны өдөр Хаан банктай тэтгэврийн цахим зээлийн гэрээ байгуулж, 21,130,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 15.60 хувийн хүүтэй зээлж авсан, эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний хугацаанд хүүд 1,558,151 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанд 14 удаагийн нэмэлтээр, дээрх нөхцөлөөр зээл авч, 2024.03.12-ны өдөр зээлийг төлж дуусгахдаа хүүд нийт 4,256,264 төгрөгийг төлсөн байхад хохиролд 3,395,522 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй гэсэн нь буруу биш боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг зээл авах үед хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байсан тул нэхэмжлэгчид учирсан хохирол, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байхад давж заалдах шатны шүүх уг алдааг залруулалгүй хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ үйлдсэн үеэс нэхэмжлэгчид гэм хор учирсан хугацаа тоологдох учиртай.
Нөгөөтэйгүүр, хариуцагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-г хожим тогтоосон нь нэхэмжлэгчид хохирол учирсан хугацаанд нөлөөлөхгүй.
Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь зээл авсны дараа тогтоогдсон боловч хэрэгт цугларсан баримтаар үйлдэл /эс үйлдэхүй/ болон нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой болохыг нэхэмжлэгч нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
14. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь “...тэтгэмжийг бүрэн олгосон бол 40,000,000 төгрөгийг банкинд хадгалуулж, зөрүүг нөхөж олгосон 20 сарын хугацаанд олох байсан орлого болох хадгаламжийн хүү 7,000,000 төгрөгийг гаргуулна...” гэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа ... олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үүрэг бүхий этгээд нь олох ёстой байсан буюу зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцож нөхөн төлөх үүрэг үүснэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэтгэмжийн мөнгийг бүрэн олгосон бол 40,000,000 төгрөгийг Хаан банкинд хадгалуулж, хадгаламжийн хүүнээс орлого олох байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар тэрээр 40,000,000 төгрөгийг банкинд хадгалуулах байсан гэх бодит үндэслэл тогтоогдоогүй, үүний улмаас хадгаламжийн хүү буюу 7,000,000 төгрөгийг зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04501 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/00131 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Эийн хариуцагч Шд холбогдуулан гаргасан хохиролд 10,395,522 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД