| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/03599/И |
| Дугаар | 184/ШШ2022/00210 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2022/00210
| 2022 оны өдөр | 01 сар 13 р 184/ШШ2022/00210 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт М.М /РД: /. Хаяг: Төв аймаг, Баянжаргалан сум, дүгээр баг , Жаргалант
Хариуцагч: “С” ХХК //, захирал Б.Б. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, өөрийн байр
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярсайханы хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.М нь ”С” ХХК-ийн хашааны гадна өөрийн чингэлгээ байршуулан хуучин сэлбэгийн худалдаа эрхэлж, талбайн түрээс 250,000 төгрөгийг сар бүр “С” ХХК-нд төлдөг байсан. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “С” ХХК-тай чингэлэг худалдах, худалдан гэрээ байгуулж, хашаан дотор орсноор сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг болж нэмэгдсэн.
Мөн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдагч тал чингэлэгт худалдаа, үйлчилгээ явуулах давуу эрхийг эзэмшинэ. Уг давуу эрхэнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэн гэрээ байгуулах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэтэл 2021 оны 9 дүгээр сард хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч буюу 20 тонн контейнер түрээслэгчдийн орчин, нөхцөлийг сайжруулах нэрийдлээр дотор зах зээл рүү нүүж орохыг шаардсан. Хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч миний бие дотор зах зээл рүү нүүн орох боломжгүй бөгөөд орсон тохиолдолд талбайн түрээс болон агуулахын төлбөр нэмэгдэх юм. Энэхүү асуудлаар “С” ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад манайх гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд гэрээ сунгах эсэх нь таны эрхийн асуудал гэх тайлбар өгсөн. Энэ байдлаас харахад “С” ХХК нь зориуд миний 5,000,000 төгрөгийн үнэ бүхий чингэлгийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлж хямд үнээр чингэлгийг худалдан авсан байна. Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байх тул “С” ХХК-тай байгуулсан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээгээр шилжүүлсэн чингэлгийг буцаан гаргуулж өгнө үү.
Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс нэхэмжлэгч М.М-н гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
М.М нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “С” ХХК-тай 20 тоннын контейнер /чингэлэг/ худалдахаар Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцөлийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу тохиролцож, Х.Г нь 1,200,000 төгрөгөөр худалдан борлуулахаар санал болгосныг худалдан авагч “С” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч талууд сайн дурын үндсэн дээр бусдын дарамт шахалт болон бусад нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд дурдсанаар манай компани 5,000,000 төгрөгийн үнэ бүхий чингэлгийг зах зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож, худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Түрээсийн төлбөрөөс .... чөлөөлнө гэж заасны дагуу “С” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг нийт 5 сарын хугацаанд талбайн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөөс чөлөөлж худалдан авсан чингэлгийнхээ үнийг бүрэн төлсөн. Гэрээний 2.3.1-д “Тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах давуу эрх эдэлнэ гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгчтэй 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан.
“С” ХХК-ийн зүгээс чингэлгийн үнийг бүрэн төлж барагдуулсан төдийгүй гэрээгээр хүлээсэн бусад үүргээ шударгаар бүрэн биелүүлж ажилласан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ... “С” ХХК нь худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хуурч мэхэлсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна ... “ гэжээ. Бид захын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг түрээслэгч нарынхаа дунд явуулсан бөгөөд тус судалгаанд 20 тонн чингэлгийн түрээслэгч нар чингэлэгт ус ороод байна, замаа засуулмаар байна, орчин нөхцөлөө сайжруулах гэсэн санал гаргасан. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу энэ саналыг хүргүүлэхэд нэхэмжлэгч М.М нь татгалзаж, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээгээ цуцлах тухай хүсэлтээ ирүүлсний дагуу гэрээг нь хуулийн дагуу цуцалж, барьцаа төлбөрийг нь гэрээнд заасны дагуу буцаан олгосон. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Г нь тус гэрээгээр олгогдсон эрхээ сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсэн явдал бөгөөд чингэлэг худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй үйлдэл болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “С” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Чингэлэг худалдах худалдан авах гэрээ” байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн TTNU 174486 серийн дугаартай, улаан өнгөтэй, №231 дугаартай 20 тоннын чингэлгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч чингэлгийн үнэ 1,200,000 төгрөгийг 5 сар түрээсийн төлбөрөөс чөлөөлөх замаар төлөхөөр тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Чингэлэг худалдах худалдан авах гэрээ”, нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 21, 22/
Талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч хөрөнгийг хүлээн авч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээсэн байдлаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ чингэлгийг зах зээлийн үнээс хэт бага үнээр худалдаж авсан, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж, хариуцагч гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр байгуулсан, энэхүү гэрээний дараа нэхэмжлэгчтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, уг гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр цуцалсан гэж тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Дээр дурдсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохигч талууд бүрэн биелүүлсэн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой маргаангүй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон.
Мөн зохигчид 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 1 жилийн хугацаатай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл түрээсийн үйл ажиллагаа явуулсан, мөн түүний санаачилгаар гэрээ цуцлагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 201 дугаартай “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, барьцаа мөнгө буцаан олгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт, буцаан олгосон баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн15, 24, 26, /
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хариуцагч хууран мэхэлсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь гэрээ хэлцэл хийх зорилгоор бодит нөхцөл байдлыг гуйвуулах болон ирээдүйд биелэх боломжгүй амлалт өгөх зэрэг нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулах аливаа үйлдэл /эс үйлдэхүй/ хийсэн болох нь тогтоогдоогүй, мөн энэхүү гэрээний дараа талууд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, тухайн гэрээ зохих ёсоор хэрэгжсэн байна.
Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцох замаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч М.М-н хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-н хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ