Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/02641

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Б.Цолмон, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МОТ” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 16 550 000   төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, хариуцагч “МОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, иргэдийн төлөөлөгч Г.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.                                                                                          

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “МОТ” ХХК-д холбогдуулан 16 550 000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2144 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 174 дугаартай тогтоолоор “Хурх гол” ХХК-иас “Г” ХХК болон “Баян Дулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д 1 105 750 431 төгрөг гаргуулах тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч “Хурх гол” ХХК-ийн өмчлөлийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, “Хурх тосгон” хаягт байрлалтай аж ахуйн цогцолбор, үр тарианы үтрэмийн цогцолбор, 2000 га газар тариалангийн зориулалттай эзэмшил газрын хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилох тухай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай тогтоол гарч, хөрөнгийн үнэлгээг “МОТ” ХХК-иар хийлгэхээр болсон. Тус компанийн хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Э , туслах үнэлгээчин Б.М  нарын хөрөнгийн үнэлгээний тайлан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 27 дугаартай гарсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хүсэлт гаргасан тал үнэлгээний зардлыг хариуцахаар заасны дагуу үйлчилгээний хөлсийг “Г ” ХХК-иас “МОТ” ХХК-ийн нэхэмжлэхээр төлсөн бөгөөд баримтыг хэрэгт хавсаргасан.

Ингээд ”МОТ” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй учраас төлбөр төлөгч “Хурх гол” ХХК, төлбөр авагч “Г ” ХХК нар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1881 дугаартай шийдвэрээр  хэргийг шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон.

“МОТ” ХХК-ийн үнэлгээтэй холбоотойгоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд бодит бус хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан ба Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор тус компанийн захирал, хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Э-ыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээчний ёс зүйн дүрмийг зөрчиж,  зах зээлийн хандлагаар хийх бололцоог бүрэн ашиглаагүй, зөвхөн өртгийн хандлагыг дангаар сонгосон, бодитой бус хийсэн гэж дүгнэж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ авсан байдаг.

“МОТ” ХХК-ийн ажил үйлчилгээний дутагдлын улмаас “Г ” ХХК нь хөрөнгийн үнэлгээний төлбөрт төлсөн 6 550 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг, нийт 16 550 000 төгрөгөөр хохирсон. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 512 дугаар зүйлийн 512.4.-т “ажил үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу  болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг зөрчиж үнэлгээ гаргасан тул хариуцагч “МОТ” ХХК-иас учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу хийсэн шинжилгээг санаатай, болгоомжгүй, буруу гаргасан талаар бид нарыг гомдол гаргах эрхгүй, санаатай болон болгоомжгүйгээр буруу гаргаж болох мэтээр ярьж байна.

“МОТ”  ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон шийдвэрүүд  эрх бүхий байгууллагаас хангалттай гарч нэгэнт батлагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тайлбарлаж байна. Тус компани нь  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээг хийх шинжээчээр томилогдсон, шийдвэр гүйцэтгэх байгууллагатай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байсан. Магадгүй хөрөнгийн үнэлгээ  нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу үнэн зөв гарсан бол энэ зардал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд орно. Гэтэл энэ хөрөнгийн үнэлгээ өөрөө хүчингүй болсон нь мэргэжлийн зөвлөл, шүүх зэрэг байгууллагаас тогтоогдсон. Дээр нь энэ хүнийг буруу үнэлгээ хийсэн учраас Сангийн яамнаас 3 сарын хугацаатай эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Баримт байхгүй боловч хариуцагч маргаагүй. Энэ буруутай тохиолдолд үнэлгээний хөлсийг хэн, яаж төлөх талаар ажил гүйцэтгэх гэрээ болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан. Мөн хариуцагч  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтыг ярьж байна. Уг нь хөрөнгийн үнэлгээ хийж байгаа шинжээч энэ хуульд захирагдаж, аргачлалын дагуу хийдэг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т “Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх”, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд “гүйцэтгэгчийн хийсэн үнэлгээ нь шүүх дээр гүйцэтгэгчээс шалтгаалсан нөхцөлөөр хүчингүй болсон тохиолдолд тухайн үнэлгээтэй холбогдсон төлбөрийн хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчээс буцаан гаргуулах үүрэгтэй” гэсэн байна.

Тэгэхээр үнэлгээг буруу хийсэн учир үнэлгээний хөлсийг “МОТ” ХХК гаргах нь хууль болон гэрээний зохицуулалтаараа хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагч, манай нэхэмжлэгчтэй гэрээний болон ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, бид төлөх албагүй, ямар нэгэн хохирогчоор тогтоосон зүйл байхгүй гэдэг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзвэл буцаагаад төлбөр төлөгчөөс гаргуулах хуулийн зохицуулалт байдаг. Хэрвээ хөрөнгийн үнэлгээ нь өөрөө хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй байсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд орж төлбөр төлөгч буюу “Хурх гол” ХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа манай компанид орох зардал байсан. Гэтэл хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсон, дээр нь өөрсдийнх нь буруутай үйлдлээс хүчингүй болсон бол өөрөө хариуцна гэсэн хуулийн зохицуулалтын дагуу төлөх үүрэгтэй. Бид төлбөр төлөгчөөс уг мөнгийг авах боломжгүй шалтгаан нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хурх гол” ХХК, “Г ” ХХК нь хамтран  хоёулаа нэхэмжлэл гаргаж хүчингүй болгуулсан. Өөрөөр хэлбэл, хүчингүй болгосон хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсийг “Хурх гол” ХХК-иас манайд олгох ойлголт байхгүй. Хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс буцаан хуваарилж сүүлд нь гаргуулахаар зохицуулсан.

Төлбөр төлөгч нь “Хурх гол” ХХК байгаа. “Хурх гол” ХХК өөрөө нэхэмжлэл гаргаж хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон тэр үйлчилгээний хөлсийг манайд төлөх эрх зүйн үндэслэлгүй. Тийм учраас “Мөнх оргил трейд” ХХК өөрөө хохирлыг бүрэн хариуцах этгээд байгаа.

Дараагийн нэг үндэслэл бол, тухайн үед “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ний данснаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Мөнх оргил трейд” ХХК-ийн данс руу энэ төлбөрийг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхийн өмнө “МОТ” ХХК-ийн захирал Б.Э  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Э.Билгүүний “[email protected]” гэсэн хаягт нэхэмжлэх явуулсан, үүний дагуу “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн  ХААН банкны данснаас “Г” ХХК-ийн үйлчилгээний хөлс гэсэн гүйлгээний утгатайгаар 6 550 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас “МОТ” ХХК-д төлөгдөөгүй. Иймд энэ мөнгө бол шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрсөн төлбөр биш, шууд нэхэмжлэхийн дагуу шилжүүлсэн. Энэ мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцож буцааж авах гэхээр буцаах боломжгүй байна. Учир нь “Хурх гол” ХХК буюу төлбөр төлөгчөөс ажиллагаатай холбоотой зардлыг буцаан гаргуулдаг хуулийн зохицуулалт байгаа боловч төлбөр төлөгч нь өөрийнхөө хүчингүй болгуулсан үнэлгээний үйлчилгээний хөлсийг буцааж өгнө гэдэг үндэслэл байхгүй байна. Тийм учраас “МОТ” ХХК-иас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг заасан бөгөөд 8.1.5.-д “гэрээ хэлцэл байхгүй байж болно, гэхдээ гэм хорын  хохирол” гэж заасан. Бид энэ үндэслэлээр нэхэмжилж байгаа. Манайхаас гэрээний дагуу төлөх ёстой гэдэг шаардлага гаргаагүй, хуульд заасан шаардлагын дагуу үнэлгээгээ гаргаагүй буюу ажлаа дутагдалтай хийсний улмаас хохирол учирсан гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг мөнгийг авахаар хандахад “манайхаар дамжаагүй мөнгө, танайх өөрсдөө төлсөн  зардал, үнэлгээн дээр дахин шинжээч томилж байгаа учраас манайхаас гарах зардал биш” гэдэг тайлбар өгдөг учир  бид Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5., 512 дугаар зүйлйин 512.4.-т заасан ажил үйлчилгээний дутагдлын улмаас хохирсон тал нь хохирлоо нэхэмжилж байна. Хариуцагч тал өмгөөлөгчийн зардалд төлсөн 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан зардал учраас энэ хохирлын нэг хэсэг гэж үзнэ. Ер нь бол 16 550 000 төгрөг байтугай хохирол нэхэмжлэгчид учирсан. Гэхдээ бид бодит хохирлоо нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “МОТ” ХХК-иас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийг нэхэмжлэлд дурдсан дээрх газар, объектод хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг хийж, зохих үнэлгээний хөлсийг тус газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжилсэн. Нэхэмжлэхийн дагуу шинжээчийн хөлс 6 550 000 төгрөг төлөгдсөн, ингэснээр үнэлгээний тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн. Манай компаниас 6 550 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай компани нь “Г ” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн  харилцаанд ороогүй, гэрээ байхгүй. Манай байгууллага Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэгх газартай гэрээтэй ажилладаг. Гэрээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээчийн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжилсэн. Гэрээний дагуу тус байгууллага төлөх үүрэгтэй тул төлсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар  шинжээчийн бие даасан хараат бус байх, шинжээчид нөлөөлөхгүй байх зохицуулалттай. Энэ утгаараа “Г ” ХХК нь “МОТ” ХХК-тай харилцах боломжгүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т “Шинжээчээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг шүүхийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно”, 118 дугаар зүйлийн 118.3.-т “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, “Г ” ХХК шууд утгаараа шинжээчийн дансанд мөнгө шилжүүлэх эрх зүйн боломж байхгүй буюу 6 550 000 төгрөгийг “Г ” ХХК шинжээчээс нэхэмжлэх эрхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусмагц тухайн ажиллагаатай холбоотой зардлыг хэрхэн, яаж хуваарилах, хэнд нөхөн олгох талаар хуульд зохицуулсан. Гэтэл “Г ” ХХК хөндлөнгөөс орж ирээд шууд шинжээчээс мөнгө нэхэмжлээд байгаа нь шинжээчийн эрхэд шууд халдаж байна гэж үзэхээр байна. Шинжээчийн үнэлгээ хүчингүй болсон байж болно, санаатай, санаандгүй, мэргэжлийн гээд өөрөө олон янзын шалтгаантай. Гэм буруугийн холбоотой асуудлыг тусгайлсан хуулиар шийдвэрлэдэг байхад “МОТ” ХХК-ийг шууд буруу гэж дүгнэж шүүх боломжгүй юм. “Г ” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нөхцөл байдал байхгүй, гэтэл өөрийн үзэмжээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж тооцож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ утгаараа “Г ” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас энэ нэхэмжлэлийн хүрээнд хэрэг маргааныг  шийдвэрлэх хууль эрх зүйн үндэс байхгүй. 

Манай компани болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.7-т “Гүйцэтгэгчийн хийсэн үнэлгээ нь шүүх дээр гүйцэтгэгчээс шалтгаалах үндэслэлээр хүчингүй болсон тохиолдолд тухайн үнэлгээтэй холбогдон төлөгдсөн ажлын хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчээс буцаан гаргуулах эрхтэй” гэж заасан. Энэ гэрээнд захиалагч шийдвэр гүйцэтгэх байгууллага, гүйцэтгэгч нь “МОТ” ХХК байна. Гэтэл захиалагчаас шинжээчийн ажлын хөлстэй холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Иймд манай компаниас шинжээчийн ажлын хөлсийг шууд нэхэмжлэх үндэслэлгүй.

Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 10 000 000 төгрөг төлөх боломжгүй. Энэ нь “Г” ХХК-ийн өөрийнх нь сонголт, өөрийнх нь шийдвэрээр хийгдсэн ажил учраас гэм хорын хохирол гэж үзэхгүй байна. Өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж үйлчилгээ авсан төлбөрийг бусад этгээдээс хохирол гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа, ямар ажиллагаанд хэдэн цаг зарцуулсан, шүүх хуралдаанд оролцсон эсэх гэдгээ тодруулаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Буянхишигээс гаргасан дүгнэлтдээ: “Г” ХХК-иас “ОТ” ХХК-д холбогдуулан хөрөнгийн үнэлгээнд  төлсөн 6 550 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 10 000 000 төгрөг нийт 16 550 000 төгрөгийг нэхэмжилж байна. “МОТ” ХХК нь үнэлгээ хийхдээ хууль зөрчиж буруу үнэлгээ хийсэн нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн зөвлөлөөс болон Сангийн яамнаас буруу гэж дүгнэсэн байна. Тийм учраас “Г” ХХК-д нэхэмжилж байгаа 16 550 000 төгрөгийг төлөх нь зөв гэж үзэж байна. Учир нь ажлын хариуцлага алдаж буруу үнэлгээ гаргасан, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулахгүйгээр шууд компанитай харьцаж төлбөрийг шилжүүлэн авсан нь буруу гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г т” ХХК нь хариуцагч “МОТ” ХХК-д холбогдуулан, гэм хорын хохиролд шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 6 550 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг, нийт 16 550 000  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, манай компани нь “Г ” ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаа байхгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-тэй ажилладаг, уг гэрээний дагуу үнэлгээ хүчингүй болсон тохиолдолд захиалагч нь төлөгдсөн ажлын хөлсийг буцааж авах ёстой, шинжээчийн ажлын хөлс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд ордог, манай компаниас 6 550 000 төгрөгийг шууд нэхэмжлэх үндэслэлгүй, өөрийн сонголт, шийдвэрээр хүсэл сонирхлоо илэрхийлж үйлчилгээ авсан 10 000 000 төгрөгийн төлбөрийг бусад этгээдээс хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас 16 550 000 төгрөгийн хохирол учруулсан, энэ нь үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон тус компанийн үнэлгээчин Б.Э-ын хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн нь нотлогдсон тул  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3., Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5., 498 дугаар зүйлийн 498.1., 512 дугаар зүйлийн 512.4.-т зааснаар хариуцах үндэслэлтэй  гэж тодорхойлон, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1881 дугаартай шийдвэр, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоол, “МОТ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 7-28/, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Э.Б-ний  эзэмшлийн ХААН банкны ,,,,,,,,,, тоот дансны хуулга,  2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Э.Б  болон “Г ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх-ийн 31-32/, “Гацуурт”  ХХК-ийн кассын тэмдэгтэй 2020 оны 05 дугаар сарын 06,  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдийн тус бүр 5 000 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 48/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах аштны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 174 дугаартай тогтоолоор “Хурх гол” ХХК-иас “Г ” ХХК болон “Баян Дулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д  1 105 750 431 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Энэ ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 104 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор хариуцагч “МОТ” ХХК-ийг шинжээчээр томилсоны дагуу шинжээч нь төлбөр төлөгч болох “Хурхын гол” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, “Хурх тосгон” хаягт байрлах, аж ауйн цогцолбор, үр тарианы үтрэмийн цогцолбор, газар тариалангийн зориулалттай, 2000 га эзэмшлийн газрыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 10 607 359 300 төгрөгөөр үнэлэн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ.

Хариуцагч “МОт” ХХК-ийн гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрч, төлбөр төлөгч “Хурхын гол” ХХК, төлбөр авагч “Г ” ХХК нь шүүхэд гомдол гаргаснаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1881 дугаартай шийдвэрээр “...шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөнөөс гадна шинжээч томилсон тогтоолдоо “зах зээлийн үнэлгээ” тогтоогоогүй нь буруу байна...” гэж дүгнэн  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.7.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтууд нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1881 дугаартай шийдвэр, “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

3.Хэрэгт, “Хурх гол” ХХК-иас “Г ” ХХК болон “Баян Дулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д  1 105 750 431 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд авагдаагүй ч  энэ талаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1881 дугаартай шийдвэрт дүгнэгдсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

4.Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас гаргасан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Э.Б-ний  эзэмшлийн ХААН банкны /интернэт банк/ 500000000 тоот дансны хуулганд  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 550 000 төгрөгийг ямар дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй байх боловч уг дүн бүхий зарлагын гүйлгээний утгыг “Г”  ХХК, үнэлгээний хөлс” гэж тэмдэглэсэн, мөн хариуцагч тал нь  6 550 000 төгрөгийг  шинжээчийн ажлын хөлсөнд Э.Б-ний  дансаар дамжуулан хүлээн авсан үйл баримтын талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.-т “Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно” гэж, 118 дугаар зүйлийн 118.2.-т “Дараахь зардал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна: ...118.2.3. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс...” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагаас “Г” ХХК, үнэлгээний хөлс” гэж тодорхойлон шилжүүлсэн 6 550 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч “МОт” ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардалд хамаарч байна.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ” гэж, 118.4.-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно” гэж, 118.6.-д “Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна” гэж  тус тус заасан байна.

Дээрхээс үзэхэд,  “Хурх гол” ХХК-иас “Г ” ХХК болон “Баян Дулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д 1 105 750 431 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр авагч нар болох  “Г ” ХХК болон “Баян Дулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-иас  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох шинжээчийн ажлын хөлсийг хуваан гаргуулаагүй, эдгээр төлбөр авагч нар нь шинжээчийн ажлын хөлсийг төлбөр авагч “Г ” ХХК-иар бүхэлд нь төлүүлэхээр тохиролцсон талаар баримтгүйн дээр түүнчлэн төлбөр авагчаас гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг буюу шинжээчийн ажлын хөлс 6 550 000 төгрөгийг  шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэгч нь уг дансанд дээрх зардлыг төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээсэн байх  боловч төлбөр авагч “Г ” ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 6 550 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж төвлөрүүлэлгүйгээр шууд шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-д шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч нь уг зардлыг төлбөр авагчаас гаргуулан авч өөрийн байгуллагын дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байгаад “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн дагуу төлбөр төлөгч “Хурхын гол” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг гарган хүргүүлсэн “МОТ” ХХК-ийг буруутгах боломжгүй юм.

7.Хэргийн 43-47 дахь талд авагдсан, хариуцагч талаас гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ба “МОТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2019/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.7-д “Гүйцэтгэгчийн хийсэн үнэлгээ шүүх дээр гүйцэтгэгчээс шалтгаалах үндэслэлээр хүчингүй болсон тохиолдолд тухайн үнэлгээтэй холбогдон төлөгдсөн ажлын хөлсийг захиалагч нь гүйцэтгэгчээс буцаан гаргуулах эрхтэй” гэж заасан байх бөгөөд үүний дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бол өмнө нь төлөгдсөн шинжээчийн ажлын хөлсийг захиалагч болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэгч болох шинжээчээс буцаан авахаар тохиролцсон байна.

8.Хэрэгт авагдсан, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоолд “...үнэлгээчин Б.Э  нь үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ үнэлгээчний Ёс зүйн дүрмийн 3.2  “Мэргэжлийн ур чадвартай байх” үнэлгээчний ёс зүйн зарчим, хэм хэмжээг мөрдөөгүй нь тогтоогдсон тул Ёс зүйн дүрмийн 8.1-ийн Б-д заасны дагуу “хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх” саналыг Монгол Улсын Сангийн сайдад хүргүүлсүгэй...” гэж заасан байх бөгөөд уг тогтоолын дагуу үнэлгээчин Б.Э-т   арга хэмжээ авч, хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг түдгэлзүүлсэн талаарх Сангийн сайдын шийдвэр хэрэгт авагдаагүй боловч хариуцагч “МОТ” ХХК-ийн захирал Б.Э  Сангийн сайдын тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг нь түдгэлзүүлсэн талаар хүлээн зөвшөөрч тайлбарласан, энэ талаар маргаагүй байна.

9.Хэдийгээр нэхэмжлэгчээс  6 550 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч “МОТ ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, мэргэжлийн байгууллагын санал, эрх бүхий этгээдийн шийдвэрээр тус компанийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээ хийх эрх түдгэлзсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байх боловч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  зардалд төлсөн шинжээчийн ажлын хөлсийг шинжээч “МОТ” ХХК-иас нэхэмжлэгч байгууллага буцаан нэхэмжлэх эрхийг бий болгохгүй юм.

Тодруулбал, тусгайлсан хуулиар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалтуудаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үүссэн зардал, түүнийг хуваарилах, нөхөн төлүүлэх журмыг тодорхойлсон, түүнчлэн  “МОТ” ХХК нь эрх бүхий этгээдээс томилогдон, шинжээчийн дүгнэлт гаргасныг ажил үйлчилгээний дутагдал гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Хэрэгт авагдсан, “Хурхын гол” ХХК болон “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1881 дугаартай шийдвэрээс үзэхэд, тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б  оролцоогүй байх бөгөөд “Г ” ХХК-ийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчийн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай  байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2019/05 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн үнэлгээний тайлан хүчингүй болсон үйл явдалтай шалтгаант холбоотой үүссэн гэм хорын хохиролд  тооцох үндэслэлгүй тул хариуцагч байгууллагаас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй байна.

11.Иймд, хуульд заасан эдгээр үндэслэлүүдээр хариуцагч байгууллагын “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шинжээчийн ажлын хөлсөнд төлөгдсөн 6 550 000 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 512 дугаар зүйлийн 512.4.-т заасан гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Г ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 16 550 000 төгрөгийг хариуцагч “МОТ” ХХК төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч “МОТ” ХХК нь нэхэмжлэгч “Г ” ХХК-д гэм хорын хохирол учруулсан гэх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 512 дугаар зүйлийн 512.1., 512.4.-т заасан үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасны дагуу төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 6 550 000 төгрөг, өөрийн өмгөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зарцуулсан өмгөөллийн хөлс болох 10 000 000 төгрөг зэрэг нь  хариуцагч “МОт” ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн 16 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118.-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1., 512 дугаар зүйлийн 512.4.-т заасныг баримтлан хариуцагч “МОТ” ХХК-иас гэм хорын хохиролд 16 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

                      

 

                        ДАРГАЛАГЧ                                   Ж.БАЙГАЛМАА

 

                            ШҮҮГЧИД                                   Б.ЦОЛМОН

 

                                                                                        Т.ЭНХТУЯА