| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2022/04495/И |
| Дугаар | 001/ХТ2025/00079 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2025/00079
М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05079 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00236 дугаар магадлалтай,
М-ын нэхэмжлэлтэй
“С” ХХК-д холбогдох
..., үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөг гаргуулах, ... дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн өмгөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ..., үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөг гаргуулах, ... дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05079 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан гаргасан “орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах” болон “Т”-ийн ... дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэгч Мын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэхь “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 863,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00236 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 102,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т”-ийн ... дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “70,200” гэснийг “738,150” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах шаардлага үүссэн гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17 дахь заалт, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдолд дараах зүйлийг заана” гээд үүнд гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа, гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа, шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа, гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт” зэргийг дурдсан байхаар заасан байх ба гомдол гаргасан гэх Зын гомдол нь энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа тухай хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг давж заалдах шатны шүүхээс “Давж заалдах гомдолд З гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд давж заалдах гомдол гаргасан гэж үзнэ” гэж тайлбарлан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс З гэдэг хүн гарын үсэг зураагүй, итгэмжлэл байхгүй гэдэг хүсэлт гаргаагүй, гагцхүү давж заалдах гомдолд байвал зохих хуульд заасан шаардлага хангаагүй тухай хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ хэрэгт иргэн З гэдэг бие даасан хэргийн оролцогч, зохигч байхгүй ба магадгүй тэрээр “нэхэмжлэгчийн төлөөлөгч ...тоот хаягт оршин суух Батын Золжаргал” гэж гаргасан гомдлоо дурдсан бол хуульд заасан шаардлага хангагдах байсан.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхээр өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг нэхэмжлэлд хангуулдагтай адилаар давж заалдах гомдолд мөн хуулийн 162 дугаар зүйлийг хангуулдаг байх шаардлагатай эсэх талаар Улсын дээд шүүхээр дүгнүүлэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзэж байна.
4.2. “С” ХХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сард ажилд орсон нэхэмжлэгч Мыг 7 сарын дараа буюу 2019 оны 09 сард “олон жил манай компанид ажиллаарай, хамт олонтойгоо он удаан жил хамтдаа, хичээн зүтгээрэй” гэдэг болзол, шаардлагаа бодитоор илэрхийлж, энэ тохиолдолд орон сууцаар шагнахаа илэрхийлсэн ба энэ нь хөдөлмөрийн харилцаатай салшгүй холбоотой байсан болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.
Хэргийн бодит нөхцөл байдлын тухайд, нэхэмжлэгчийн оршин байсан газар нь ажлын байрнаас хол, зайтай байсантай холбоотойгоор хариуцагчийн зүгээс шагнахаар төлөвлөсөн байранд бус, харин нэхэмжлэлд дурдсан байранд нэхэмжлэгчийг түр хугацаанд амьдруулахаар шийдвэрлэснийг тухайн орон сууцыг бэлэглэсэн мэтээр нэхэмжлэлд дурдаж, улмаар тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор анх шаардсан. Үл хөдлөх эд хөрөнгө гэдэг төрлийн шинжээр тодорхойлогддог хөрөнгө биш тул үл хөдлөх эд хөрөнгө бүр улсын бүртгэлийн “Ү-...” дугаараар баталгаажиж, улмаар өмчлөлийг шилжүүлэх аливаа гэрээ, хэлцэл хуульд заасан хэлбэрээр хийгддэг. Магадгүй урт удаан хугацаанд ажиллуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөөр шагнаж урамшуулахаар илэрхийлсэн байлаа гэхэд хариуцагчийн өмчлөлийн ямар ч хамаагүй, эсхүл өөрийг нь түр хугацаанд амьдруулсан орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардсаныг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцэхгүй байна.
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө өөрөө хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг тул аливаа хэлбэрээр /худалдах, бэлэглэх, бэлэглэхээр амлах, шагнаж урамшуулах зэргээр/ өмчлөл шилжүүлэхдээ гэрээ, хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлдэг ба талуудын хооронд тухайн хөрөнгийг тухайлан бэлэглэх, эсхүл шагнаж урамшуулахаар илэрхийлсэн гэрээ хэлцэл, амлалт байхгүй. Аливаа шаардах эрх хууль болон гэрээ хэлцлээр үүсдэг.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх, гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг субсумц хийх аргаар нэг бүрчлэн шалгаж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалт, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 болон 276.4 дэх хэсгүүдийг баримтлан талуудын хооронд тухайн орон сууцыг бэлэглэх, бэлэглэхээр амласан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 276.2 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцыг бэлэглэхээр эзэмшилд нь шилжүүлсэн гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн 276.3 дахь хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалт буюу хуульд хэлбэрийн шаардлага хангаагүй болохыг анхан шатны шүүхтэй адил дүгнэсэн хэрнээ энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй гэж утга агуулгын зөрүүтэй байдлаар зөрчилтэй дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь шүүхийн аливаа шийдвэр ойлгомжтой, тодорхой байх шинжийг хангасангүй /Үндэслэх хэсгийн 5.1 дэх хэсэг/.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлийг тодорхой тайлбаргүйгээр магадлалд дурдсан нь улам ойлгомжгүй байдлыг бий болголоо. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох” асуудлыг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.
4.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан орон сууцыг бэлэглэсэн гэх шаардлагыг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, гэрээний дагуу тухайн орон сууцыг шаардах эрх үүсээгүй гэж үндэслэл бүхий дүгнэсэнтэй холбогдуулан хариуцагчаас орон сууцны үнэ гэх 102,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан орон сууцны үнэ гэх 102,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчид аливаа нэг орон сууцыг бусдад худалдсан үнийг буюу 102,000,000 төгрөг бэлэглэх тухай ямарваа нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй. Гагцхүү нэхэмжлэлд дурдсан орон сууцыг бэлэглэсэн мэтээр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууцыг бусдад худалдсантай холбогдуулан тухайн орон сууцны үнэ болох 102,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 276.1 дэх хэсэг, 106 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагчаас шаардсаныг давж заалдах шатны шүүхээс уг хуулийн зүйл, заалтыг баримтлан мөнгөн хөрөнгө бэлэглэсэн мэтээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний зөрүү гаргасан гэж үзэж байна.
Иймд хэргийн оролцогч, зохигч нарын хооронд мөнгөн хөрөнгө бэлэглэсэн, бэлэглэхээр амласан гэх ямарваа нэгэн үйл баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс мөнгөн хөрөнгө бэлэглэсэн мэтээр ойлгомжгүй байдлаар зөрүүтэй тайлбарлаж, Иргэний хуулийн 106, 276 дугаар зүйлийг баримтлан хариуцагчаас 102,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг хяналтын шатны шүүхээс арилгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтыг удирдлага болгон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч С-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.03.27-ны өдрийн 001/ШХТ2025/00352 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч М нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ..., үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөг гаргуулах, ... дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Мыг тус компанид ажиллаж байх хугацаанд хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж Шилдэг ажилтнаар тодруулан батламж олгож, 3 өрөө байраар урамшуулан шагнаж, улмаар компаниас нэхэмжлэгчийн эзэмшилд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2021.01.15-ны өдөр шилжүүлэн өгч, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтаар тус орон сууцанд амьдарч ирсэн. Гэтэл М эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2022.08.28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа компанийн зүгээс Мд шагнал болгож өгсөн орон сууцыг суллаж, тус компанид буцаан шилжүүлж өгөхийг шаардаж, 2022.11.10-ны өдөр орон сууцны хаалганы цоожны голыг сольж, нэхэмжлэгчийг орох боломжгүй болгож, улмаар тухайн орон сууцыг 102,000,000 төгрөгөөр худалдаж, бусдын өмчлөлд шилжүүлсэн тул орон сууцыг буцаан гаргуулах боломжгүй, иймд дээрх орон сууцны үнийг нэхэмжилж байна.
...Мыг 2019 онд ажилд орох үед ажил олгогчоос дипломын эх хувь шаардсаны дагуу эх хувиар нь өгсөн боловч ажлаас гарах үед буцааж өгөөгүй. Мөн “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах шаардлага гаргасан бөгөөд уг байгууллагын бүртгэлээс мэдээлэл хасагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн өөр бусад байгууллагын бүртгэлээр мэдээлэл дахин оруулах боломжгүй сөрөг үр дагавар үүсгэж байгаа. ...иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тодорхойлсон,
Хариуцагч хариу тайлбартаа: “...М нь манай компанид ерөнхий инженерийн албан тушаалд 2019 оноос ажилласан бөгөөд ажилтныхаа ажил хөдөлмөр эрхлэх тавтай, тухтай нөхцөлийг ажил олгогчоос бүрдүүлэхийн тулд нэхэмжлэлд дурдсан компанийн мэдлийн орон сууцыг зохих ёсоор ашиглах буюу түүнд гэр бүлийнхээ хамт амьдрахыг 2021 онд зөвшөөрсөн. ...Орон сууцыг тухайн ажилтан нь 5 жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй шилжүүлсэн. Батламж өгч байгаа үйл баримт нь баяр ёслолын арга хэмжээ байсан. ...Мын тухайн үеийн нөхцөл байдал сайнгүй байсан. Ажилдаа ирэхэд хүндрэлтэй байсан гэх хүсэлтийг тавьж байсан, энэ асуудлыг шийдвэрлэж үр бүтээлтэй ажиллуулахын тулд орон сууц шилжүүлсэн.
...Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь амьдрах орон сууцаар хангаж, ашиглуулж буй нь нэг талаас ажилтнаа бодсон, хөдөлмөрийн илүү таатай нөхцөлөөр хангах гэсэн ажил олгогчийн санаачилга мөн боловч нөгөө талаас энэ нь ажилтнаа удаан хугацаанд тогтвортой ажиллуулах гэсэн ажил олгогчийн хүсэл, сонирхолтой шууд холбоотой.
Аливаа ажилтан нь өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан бол ажил олгогчтой төлбөр тооцоогоо нийлж, компаниас ашиглуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгсэл, орон сууц болон аливаа бусад эд хөрөнгийг ашиглахаа зогсоож, биет байдлаар нь буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул бид өөрсдөө суллаж авсан.
...Иргэний хуулийн 276 дугаар зүйлд хуулиар тогтоосон хэлбэр заасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсдэг. Хэлцэл хийсэн гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар байгуулсан гэж тооцдог. Батламж гэдэг асуудлыг хэлцэл мэтээр тайлбарлаад шаардах эрх үүссэн мэтээр тайлбарлах үндэслэлгүй.
М нь ажилд орохдоо бичиг баримтаа зөвхөн зургаар өгч байсан тул бакалаврын дипломыг эх хувиар нь аваагүй, мөн “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулах эрх манай компанид байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх: “...маргааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө байх ба Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д ... тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Иймд зохигчийн хооронд хүчин төгөлдөр Бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой байх тул зохигчийн хооронд хийгдсэн хэлцлийн агуулгыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбон тайлбарласан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. ...Нэхэмжлэгч нь “Т”-ийн ... дугаартай бакалаврын дипломыг эх хувиар өгсөн талаарх үйл баримтыг нотлоогүй тул уг шаардлага үндэслэлгүй. Харин “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах тухай шаардлага үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. ...Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, ...Хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэлээр нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл болон 110 дугаар зүйлд заасныг үндэслэн тэдний хооронд үүссэн гэрээний үүргийг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй. ...Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч нь маргааны зүйл болох дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс буцаан авч, бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсан /1хх 72-73/ байх тул нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний үүргийг тухайн мөнгөн дүнгээр хариуцагчаас шаардсаныг буруутгахгүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч уг шаардлагын үндэслэлийг баримтаар үгүйсгээгүй. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Харин уг шаардлагад хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлаагүйг зөвтгөж, нэмнэ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 102,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
10. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Мын гаргасан барилгын инженерийн бакалаврын дипломыг эх хувиар нь буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.
11. Харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үүргийг үнэлж бэлэглэсэн 3 өрөө орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хангаж, хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэлд тодорхойлсноор: хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчийн ажил хөдөлмөрийг үнэлж, 3 өрөө орон сууцаар шагнаж, бэлэглэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр тус орон сууцыг буцаан хурааж авсан, улмаар бусдад худалдаж гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул орон сууцыг биет байдлаар буцаан гаргуулах боломжгүй, иймд үнийг буюу бусдад худалдсан 102,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
12. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сард “С” ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон, 2019 оны 09 дүгээр сард ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж, 2019 оны Шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар урамшуулан шагнах Батламж олгож, 2021 оны 01 дүгээр сард ... хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байсан, 2022 оны 09 дүгээр сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2022 оны 11 сард хариуцагч нь тус байрны хаалганы голыг сольж, нэхэмжлэгчийг байранд орох боломжгүй болгож, улмаар бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсанаар орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх зохигчийн хооронд Бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж адил дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүх тус бэлэглэлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэжээ.
Дээрх Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээ нь нөхцөл заасан гэж үзэх эсэх нь маргааны зүйл болсон байна.
Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч нь “...түүний ажил хөдөлмөртөө гаргасан амжилтыг үнэлж шагнаж, бэлэглэсэн...” гэж тайлбарладаг бол, хариуцагч нь “...ажилтны тогтвортой ажиллах нөхцлийг нь хангах зорилгоор орон сууцыг эзэмшүүлсэн, 5 жил ажилласан бол орон сууцны өмчлөгч болох байсан...” гэж маргасан.
13. Зохигчийн хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, харин маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийгдсэнээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, тодорхой эд хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 276.3, 276.4-т тус тус зохицуулсан.
Хариуцагч орон сууцыг бэлэглэхээр амласан, батламж гардуулсан үйл баримт нь гэрээ бичгээр үйлдэгдсэн гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийн эзэмшилд тус орон сууцыг шилжүүлсэн нь гэрээ байгуулагдсан гэх, нэгэнт бэлэг хүлээн авагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлж буй бэлэглэгчийн үйлдэл түүний амлалтын үүргийг нотариатаар гэрчлүүлснээс илүүтэй баталгаажуулж буй үйл баримтаар нотлогдсон гэж үзэхээр байх тул зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэл болж байна.
14. Харин энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны хувьд зохигчийн хооронд тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээг тодорхойлсон байх бөгөөд хуульд зааснаар ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно гэжээ.
Ажил олгогч буюу хариуцагч “С” ХХК нь ажилтан буюу нэхэмжлэгч Мыг тухайн үед ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан сайн ажилласан, цаашид үргэлжлүүлэн үр бүтээлтэй, тогтвортой ажиллах нөхцлөөр орон сууц бэлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
15. Иймд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар ажилтан тухайн компанид тодорхой хугацаанд ажилласан тохиолдолд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Талууд тогтвортой ажиллах хугацааг хэрхэн тооцох талаар маргаж байна.
Ажилтан цаашид тогтвортой ажиллах талаар харилцан тохиролцоогүй гэсэн бол, ажил олгогч ажилтныг 5 жил тогтвортой ажилласан бол орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж маргах боловч тэрээр тайлбараа баримтаар нотлоогүй.
16. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хүсэл зоригоо илэрхийлэгч нь өөрийн хүсэл зоригийг нөгөө талд мэдэгдэж ойлгогдохоор тодорхой үйлдэл хийх, нөгөө тал тус хүсэл зоригийг ойлгож, зөвшөөрч хүлээн авснаар сая хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болно гэж ойлгоно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 5 жил тогтвортой ажилласан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх талаар өөрийн хүсэл зоригийг ямар байдлаар хэрхэн илэрхийлсэн болохоо нотлоогүй тул хариуцагчийн дээрх хүсэл зоригийг нэхэмжлэгч нь ойлгож, хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.
Хэрэгт гэрчээр мэдүүлсэн Х, Б гэх хоёр ажилтан “...нэхэмжлэгч нь 5 жил ажиллаж байж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаа мэдэж байсан...” гэж мэдүүлсэн нь ажилтан тодорхой хугацаагаар ажилласнаар орон сууцыг өмчлөх эрхтэй болно гэдгийг нотлох боловч тухайлан 5 жил ажиллах талаар компанийн дотоод дүрэмд тусгагдаагүй, орон сууц бэлэглэх журмыг нотлох боломжгүй, түүнчлэн хариуцагч нь энэ талаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч тусгаагүй байна.
Иймд ажилтан 5 жил биш боловч ердийн боломжит, тодорхой хугацаагаар компанид тогтвортой ажилласан бол түүнд орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
17. Нэхэмжлэгч нь тус компанид 2019 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл 3 жил 7 сар ажилласан, хариуцагчийн маргасан 5 жилтэй харьцуулахад нэхэмжлэгч нь харьцангуй тодорхой хугацаанд тогтвортой ажилласан гэж үзэхээр байна, иймд ажил олгогчийн шаардсан тодорхой хугацаанд тогтвортой ажиллах болзол хангасан тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ үндэслэлээр маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч өмчлөх эрхтэй болсон байна.
Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч тэрээр нэхэмжлэгчид эзэмшүүлж байсан орон сууцыг буцаан авч бусдад худалдсан байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзнэ.
18. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул гэрээний зүйлийн үнийг хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах боломжгүй.
Хариуцагч нь орон сууцыг бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримттай зохигч маргаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг орон сууцны үнээр тодорхойлж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
19. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00236 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05079 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1, 219 дүгэр зүйлийн 219.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 102,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, “М” ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т”-ийн D201118946 дугаартай бакалаврын дипломын эх хувийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...70,200...” гэснийг “...738,150...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч С-с 2025.03.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД