Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Рийн С /РД:/-гийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.С;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.С ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болно. Одоогоор миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт болон хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 6 жил, 5 сар, 27 хоногийн хугацаагаар үхэрчин буюу малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаартай албан бичиг /хх-3/, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 479 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-4/, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Зын бичсэн ...Р.Стай 1980-1992 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт /хх-8/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/ болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-12/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.Уын бичсэн ...1980-1992 оныг хүртэл Р.Стай хамт ажилладаг байсан учир ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна. гэх тодорхойлолт /хх-13/, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-16/ болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ц.З, Ш.У нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Р.С нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь .... болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн гэрч Ц.З, Ш.У нарын хэрэгт авхуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-12, 14-16/ зэрэг баримтуудаар Р.Стай хамт ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба Ц.Зын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн ...1984 оноос эхлээд буюу 17 настай залуу орж ирж байсан тэгээд нэгдэл тартал /1990 он хүртэл/ нэгдлийн үхэрчин байсан. гэх, Ш.Уын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн ...1984 онд сургуулиа төгсөөд малчин болсон. Ер нь багаасаа аав, ээж дээрээ мал маллаж өссөн хүүхэд. 1992 онд нэгдэл хувьчлалд ороод л малаа аваад хувиараа маллаж эхэлсэн. гэх мэдүүлэг нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага дахь хугацаанд ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.С нь нэхэмжлэлдээ ... гэх тодорхойлолтуудаар үнэн болох нь тогтоогдож байна.

Иймд Р.Сг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Р.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Уяач овогт Рийн С /РД:*/-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл-д 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА