| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0903/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/615 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/615
2024 09 05 2024/ШЦТ/615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,
Улсын яллагч: О.Нандинцэцэг /томилолтоор/,
Шүүгдэгч: С.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нид холбогдох эрүүгийн 2211 00000 ****дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, С.Н, 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, Халх, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн ********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:/********/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ********тоотод оршин суух иргэн Б.Мгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 58 инчийн “Ротензо” загварын смарт лед зурагт, “Панасоник” загварын тоос сорогчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,279,920 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ********тоотод оршин суух иргэн Б.Мгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 58 инчийн "Ротензо" загварын смарт лет зурагт, "Панасоник" загварын тоос сорогчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,279,920 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Нэмж ярих зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ******** тоот хаягт түр оршин сууж байхдаа хажуу хөрш айлынхаа гэрийн хаалганы цоожийг эвдэлж гэрт байсан зурагт, тоос сорогчийг нь авч Баянхошуу гэх газарт очиж ломбарданд 800.000 төгрөгөөр тавьсан юм. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй мөнгөний хэрэг гараад байсан учраас би тухайн айлын хаалганы цоожийг эвдэлж гэрт дотроос эд зүйлийг нь авч ломбарданд тавьсан юм. Би тухайн үед хүнээс мөнгө зээлсэн өглөгтэй байсан учраас 500.000 төгрөгийг нь өрөндөө өгсөн. Үлдэгдэл 300.000 төгрөгийг ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн юм..” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 62-63/,
Хохирогч Б.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 03 дугаар сараас эхлээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ******** тоотод айлын хашаанд сарын 50.000 төгрөг төлөөд байдаг юм. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 24-ны өглөө ажилдаа явчхаад орой 21 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч ороод зурагт, 2 ширхэг удирдлага, тоос сорогч алга болсон байсан. Манай гэрээс алдагдсан зурагт Rotenzo гэсэн бичиглэлтэй 58 инчийн Smart led sypart байсан би зурагтаа 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Некст электрониксоос 1.299.900 төгрөгөөр авч байсан хар өнгөтэй зурагт байсан, тоос сорогч нь болохоор Панасоник брэндийн хар өнгөтэй тоос сорогч байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр BSB-c 319.900 төгрөгөөр худалдаж авч байсан.." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 8-11/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 сарын 04-ний өдрийн ЧД2/22-739 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/, Электрон" барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 46/, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 47-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч С.Н нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ********тоотод оршин суух хохирогчийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 58 инчийн "Ротензо" загварын смарт лед зурагт, "Панасоник" загварын тоос сорогчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “..Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрснийг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Шүүгдэгч С.Н нь хохирогч Б.Мгийн 1,279,920 төгрөгийн үнэлгээ бүхий 58 инчийн “Ротензо” загварын смарт лед зурагт, “Панасоник” загварын тоос сорогчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Нийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн бүрэн барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мгийн эзэмшлийн 58 инчийн “Ротензо” загварын смарт лед зурагт, “Панасоник” загварын тоос сорогч бүхий нийт 1,279,920 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эдгээр эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 47-53 дугаар талд авагдсан эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч С.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал өмнө нь хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй байхаар тооцож шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Нид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 21 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Нид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийн цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР